Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 752

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

Улсын яллагч М.Энхбаатар /томилолтоор/,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овгийн Сумъяагийн Батчимэгт холбогдох эрүүгийн 1911013830854 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 68-1096 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайжууд овгийн Сумъяагийн Батчимэг /РД:УХ99071608/,

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Ойн жим” амралтын газарт иргэн Баасандуламтай маргаж, улмаар түүний хүзүү болон гарны тус газар виноны  шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн хэрэг болсон өдөр хохирогч Ш.Баасандуламтай маргалдсан нь үнэн. Гэхдээ Ш.Баасандулам миний биенд халдаж дайрсан. Би биеэ хамгаалсны үндсэн дээр Ш.Баасандуламыг түлхсэн. Би виноны шилээр зүссэн зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баасандулам бид хоёр модны 2-т миний түрээслэдэг байранд хамт байсан ба орой нь бид амраад би 2019 оны 04 дүгээр сарын 27-ны шөнийн 03 цагт сэрэхэд манай найз Баасандулам байхгүй байсан бөгөөд хэзээ гарч явсаныг нь би мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа Баасандулам над руу фейсбүүк чатаар залгаад Амраа, Одко бид нар амралтанд байна. Чамайг авч явах гэтэл чи унтаад сэрэхгүй байсан. Одоо ардаас хүрээд ирэх үү гэж хэлсэн. Би үүрийн 04 цаг өнгөрч байхад гэрээс гараад “Ойн жим” нэртэй амралтын газарт очсон. Намайг очиход нийт 6 хүн байсан ба бүгд нилээд согтолттой байсан. Мөн үүрийн 05 цаг өнгөрч байхад манай найз залуу Чойсүрэндорж ирсэн. Манай найз залуу ардаас ирэхдээ мөн нилээд согтолттой ирсэн. Бид нар бүгдээрээ юм яриад ууж идээд байж  байтал зарим нь унтсан ба Баасандулам сууж чадахгүй хажуу тийшээ унаад байхаар нь дээшээ гараад унт гэж хэлээд дагуулаад 2 давхар луу шатаар өгсөөд гарсан. Тэгээд дээр гараад Баасандулам хувцасаа тайлж шидээд байхаар нь би хувцасыг нь эвхэж тавиад унтуулах гэтэл миний өмнөөс би чамд гомддог гээд үг хаяад байхаар нь согтуу хүний үг гэж бодоод тоогоогүй юм. Би маргааш эрүүл болохоор чинь ярья гээд дээр үлдээгээд буугаад хэсэг сууж байтал хамт байсан хүмүүс дээшээ гараад унтсан ба би найз залуугийнхаа хамтаар үлдсэн. Бид 2 хоорондоо маргалдсан ба сүртэй маргаан болоогүй. Бид 2 байшингаас гараад дахин маргалдаж байтал Баасандулам гарч ирээд та 2 орохгүй юм уу гэхээр нь бид 2 байшинд ортол Баасандулам, Чойсүрэндоржтэй маргалдаад түлхээд хараагаад орилоод байхаар нь би тоогоогүй сууж байтал Баасандулам манай найз залууг байшингаас хөөж гаргаад хаалгаа дотроос нь цоожилсон. Би найз залуутайгаа хамт явлаа гэсэн чинь Баасандулам намайг байшингаас гаргахгүй байсан. Би Баасандуламд манай найз залуу надад утсаа үлдээгээд явсан одоо яаж харих юм ямар нэгэн юм болбол яах вэ гэж хэлтэл би энэ залууд чинь дургүй хачин юмны хүүхэд тээчихээд надаас дээр үзлээ гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Баасандулам бид 2 нэг нэгнийхээ хувцаснаас нь заамдаж авсан ба би Баасандуламыг түлхтэл сандалны хажуу тал руу хажуу хэсгээрээ шалан дээр унасан. Би уначихаар нь чамтай юм ярьмааргүй байна гээд дотор үлдсэн ба Баасандулам гараад явсан...”, “...Би тэр хоёр руу очтол ангийнх нь охин над руу уурлаад чи согтуу хүнийг дээрэлхээд байна гэж хэлэхээр нь би чи юу болсон талаар хараагүй байж юу яриад байгаа юм бид 2 бас найзууд Баасандуламыг эрүүл болохоор нь учраа олчихно чамд хамаагүй гэж хэлсэн. Энэ үед 2 цагдаа ирээд Баасандуламын найзтай хамт  намайг аваад явсан. Тэр цагдаа нар намайг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс дээр авч ирсэн...”гэх /хх-ийн 53-54х/,

Хохирогч Ш.Баасандулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн үед Батчимэг бид хоёр хамт нэг дор амьдардаг байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай найз болох А /99********/ дугаарын утсаар залгаад салхинд гарах уу гэхээр нь зөвшөөрч Батчимэгийг дагуулан явах гэтэл унтаад сэрэхгүй болохоор нь үлдээгээд замдаа Ариунболор болон түүний найз Хонгороо нартай тааралдаж “Ойн жим” амралтын газарт очиход Амараа 2 найзтайгаа байж байсан. Бид нар тэнд согтууруулах ундаа хэрэглээд нилээн удаан байсан. Шөнө Батчимэг рүү чатаар холбогдсон чинь намайг хаана байгаа талаар асууж араас ирэхээр болсон. Тэгээд өглөөгүүр 05 цагийн орчимд Батчимэг ирж бид нарын хамт мөн архи согтууруулах ундаа хэрэглээд байж байтал араас нь Батчимэгийн найз залуу гэх Чойсүрэндорж ирсэн бөгөөд манай эрэгтэй найз нартай танилцаж архи уусан. Тэгээд нойр хүрээд дээшээ ортой хэсэг рүү гарч унтсан. Хажууд унтаж байсан Амараа орноос унаж намайг сэрээх үед доор Батчимэг Чойсүрэндорж нар хэрэлдэж байгаа чимээ сонсогдоод байхаар нь би доошоо бууж харсан чинь тэр хоёр нилээн ширүүн хэрэлдээд байхаар нь би Чойсүрэндоржид “хар шөнө манай найзууд дээр ирчихээд санаа зовдоггүй юм уу” гээд байшингаас хөөж гаргасан. Хаалгаа дотроос нь түгжчихсэн байсан болохоор явчихсан. Энэ үед Батчимэг байшин дотор байж байсан. Чойсүрэндоржийг явсны дараа би ганцаараа гадагшаа гарч үлдсэн вискинээс уугаад сууж байтал Аагий гарч ирээд хамт сууж уусан. Удалгүй Батчимэг байшин дотроос намайг дуудаад байхаар нь яваад орсон чинь намайг “чи амьдрал салгалаа, чамайг алж байж би үхнэ” гээд виноны шил хагалаад хагархайг нь бариад над руу дайрч хүзүүн тус газар 1-2 удаа зүсэх шиг болсон. Тэр үед би биеэ хамгаалж гараараа хаах үед зүүн гаран дээр мөн хагархай шилээр 3 удаа зүссэн. Бид хоёрыг ингэж маргалдаж байх үед хэн нэгэн хүн байгаагүй...”гэх /хх-ийн 18-20х/,

Гэрч А.Ариунболор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : “...Баасандулам бид хоёрыг унтахаар дээшээ гарах үед Батчимэг найз залуугийн хамт доор үлдсэн. Амараа орноос унаж Баасандулам бид 2-ыг сэрээсэн бөгөөд доор чимээ гараад байхаар нь доошоо бууж харсан чинь 00-н хаалга дотроосоо түгжээтэй дотор нь Батчимэг, Чойсүрэндорж нар уйлаад байх чимээ сонсогдож байсан. Хаалгаа онгойлгоод гарч ирэх үед Батчимэгийн баруун гарын бугуй орчим зүсэгдсэн шархтай түүнээс нь цус гарч хатсан байсан. Тэгээд Баасандулам, Чойсүрэндоржийг хөөж явуулсан. Түүнээс хойш удалгүй Амараагаас бусад нь сэрээд доошоо буугаад ирсэн бөгөөд Батчимэг байшин дотор архи уугаад үлдэж бид нар байшингаас гарч сүүдрэвчинд сууж байтал Батчимэг, Баасандуламыг байшин дотроос дуудаад байхаар нь Баасандулам байшин руу ороод 10 орчим минутын дараа бид нарыг дуудаад байхаар нь яваад очтол хүзүү болон гарнаас нь цус гарчихсан байж байсан. Байшин руу Хонгороо эхлэж ороод араас нь би ороход Батчимэг диван дээр нилээн согтуу байдалтай хэвтэж байсан. Би Баасандуламыг аваад гадаа байж байтал  Батчимэг нь араас гарч ирээд цагдаа дууд гээд орилоод байсан...”гэх/хх-ийн 25-26х/,

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн найзууд болох Одбаяр, Алтансүх нарын Чингэлтэй дүүрэгт байрлах “Ойн жим” амралтын газарт 22 цагийн орчимд очиж хамгийн зүүн захын нэг байшинд амрахаар орсон. Би таньдаг найз болох Баасандуламтай холбогдож амралтын газар байна хүрээд  ирэх үү гэхэд хэсэг хугацааны дараа хоёр найзын хамт очиж болох уу гэхээр нь хүрээд ир гэсэн чинь 01 цагийн үед Баасандулам бид нар дээр ирсэн. Бид 6 хамтдаа 1-2 шил виски уугаад байж байсан чинь шөнө Баасандулам өөрийн найз гэх Батчимэгтэй утсаар холбогдож хүрээд ир гэж дуудсан. Батчимэг бид нар дээр ирсэн бөгөөд үргэлжлүүлэн виски уугаад сууж байсан чинь Батчимэгийн найз залуу гэх Чойсүрэндорж араас нь нэг их удалгүй хүрээд ирсэн...”, “...Батчимэгийг ирсэнээс хойш миний согтолт нилээд их болсон байсан учир сайн санахгүй байгаа. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 27-ны 11 цаг 30 минут орчимд сэрсэн бөгөөд энэ үед Батчимэгийн цагдаа аваад явсан гэж байсан. Баасандуламын хүзүү орчим жаахан зүсэгдсэн байсан бөгөөд Батчимэг өөрийнхөө гарыг зүсээд дараа нь миний хүзүүг зүссэн гэж ярьж байсан...”гэх /хх-ийн 27-28х/,

Гэрч А.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 09 цагийн орчимд сэрээд доошоо буухад нэг давхарт Батчимэг ганцаараа сууж байсан бөгөөд надад гараа харуулаад байхаар нь харсан чинь нэг бугуйн дээр нь бага зэрэг зүсэгдсэн, гарсан жаахан цусыг нь бугуйн дээгүүрээ тараагаад нялсан харагдаж байсан. Тэгэхээр нь би онцгүй хүн байна даа гэж бодоод гадаа гараад салхилж байтал саравчинд Баасандулам архи уугаад сууж байсан. Би хажууд нь очоод Батчимэг гараа зүсүүлсэн байдалтай байгаа талаар ярихад Баасандулам “ирсэн найз залууг нь хөөгөөд явуулсан чинь уурлаад байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд бид 2 сууж байтал араас Одбаяр, Ариунболор, Хонгорзул нар гарч ирсэн. Бид нарыг саравчинд сууж байхад Батчимэг байшин дотороос Баасандуламыг дуудаад байхаар нь Баасандулам байшин руу яваад орсон. Удалгүй Баасандулам уйлаад гарч ирсэн бөгөөд хүзүүний орчим зүсэгдсэн юм шиг харагдаж байсан .Ардаас нь Батчимэг орилж гарч ирээд энд тэнд очиж гараа үзүүлээд цагдаа дуудахгүй юм уу гээд орилоод байсан...”гэх /хх-ийн 29-30х/,

Гэрч Д.Чойсүрэндорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой найз нарын хамт хотод “PC” тоглож байгаад үүрээр 05 цаг өнгөрч байх үед би Батчимэг рүү залгаж ярихад Батчимэг “Ойн жим” амралтанд байна гэхээр нь би очиж авах санаатай очиход Батчимэг түүний найз Баасандулам болон үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн нийт 4-лээ юм яриад сууж байсан. Бид нар танилцсан бөгөөд надад 2 удаа архи хийж өгсөн. Түүнээс нь би амсаад л өгсөн. Гэхдээ би очихоосоо өмнө 2 аяга коктель уусан байсан. Тэгээд байж байгаад Батчимэг байшингаас гарахаар нь би араас нь гарсан. Гадаа байшингийн үүдэнд бид 2 ярилцаж байхад Батчимэг надад гомдсон маягтай жирэмсэн болсон талаараа яриад уйлаад байхаар нь би аргадах гэж оролдож байтал гэнэт хаанаас нь авсаныг нь мэдэхгүй хагархай шилээр өөрийнхөө гарыг өнгөцхөн зүсээд байхаар нь би болиулаад орилж байсан чинь байшин дотроос Баасандулам анх ирэх үед байсан эмэгтэй нар гараад ирсэн.  Уг танихгүй эмэгтэй Батчимэгийг дагуулан байшин руу орсон бөгөөд Баасандулам намайг байшин руу оруулахгүй гээд хөөгөөд байхаар нь уг газраас явсан...”гэх /хх-ийн 31-32х/,

Гэрч Д.Отгонтунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би Ойн жим амралтын газарт өглөө 09 цагт очиж орой 23 цаг хүртэл менежерийн үүрэг гүйцэтгэж  ажилласан. 11 цагийн орчим намайг ажлаа хийж байхад 1 дугаартай байшинд амарч байсан хижээл насны эмэгтэй ирж надтай уулзаад 8 дугаартай байшинд байгаа хүмүүс хоорондоо зодолдоод байх шиг байна. Цус гарчихсан эмэгтэй яваад байна гэсэн бөгөөд доошоо уруудаад явж байхад 8 дугаартай байшингийн орчим нэг эмэгтэй хүн хүзүүгээ цагаан футболкоор ороосон, гар нь цус болчихсон эмэгтэй тааралдахаар нь юу болсон талаар асуухад уг эмэгтэй “зүгээрээ” гээд зөрөөд явсан. Би ажилчдын байр луу алхаж явсан чинь араас нэг эмэгтэй хүн дуудаад гүйгээд ирсэн. Тэгээд уг эмэгтэй надад гараа харуулахад хоёр гарын бугуйн дотор талд цус гарч тавласан харагдаж байсан. Уг эмэгтэй “та энэ амралтын газрын жижүүр үү? Миний гарыг зүсчихлээ. Би жирэмсэн хүн. Танай байгууллага үүнийг хариуцах ёстой”  гээд байхаар нь цагдааг манай хаягаар дууд гэж хэлсэн. Энэ үед манайд байнга ирж үйлчлүүлдэг Одбаяр гэх залуу саравчинд нэг залуугийн хамт архи уугаад сууж байсан. Би Одбаяртай уулзаж “чи манайд ирж амрахдаа дандаа асуудал гаргадаг болж дээ” гэж хэлээд ярилцаад байж байхад цагдаа нар манай хашаагаар орж  ирж байгаа харагдсан. Тэр үед гарын бугуйнаас нь цус гарсан байсан эмэгтэй гүйж очоод хүзүүгээ цагаан футболкоор ороосон эмэгтэйг алгадаад орилж чарлаад байсан. Цагдаа нар уг эмэгтэйг зүгээр байхгүй болохоор нь гавлаад аваад явсан...”гэх /хх-ийн 33-34х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5209 дугаартай дүгнэлт:

-Ш.Баасандуламын биед хүзүүнд шарх, зүүн гарын долоовор, дунд хуруунд шарх, зүүн эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи хүзүүнд шарх, зүүн гарын долоовор, дунд хуруунд шарх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, зүүн эгэмний шарх зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах  тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 40х/,

Шүүгдэгч С.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55х/,

Шүүгдэгч С.Бийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 56х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60х/,

Шүүгдэгч С.Бийн Эхо оношлогооны бичиг /хх-ийн 62-64х/ болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэгт С.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг байдаг Ш.Баасандуламыг түлхэх үед бөгсөөрөө газар унасан. Ш.Баасандулам нь шөнийн цэнгээний газар бүжиглэдэг, нүүр гар нь байнгын шарх сорвитой байдаг гэсэн мэдүүлэг өгсөн байхад энэ асуудал мөрдөн шалгах ажиллагааны үед ерөөсөө шалгагдаагүй байсан. Мөн С.Б нь цагдаагийн байгууллагад ирсний дараа цагдаагаас 103 дуудаж үзүүлсэн байдаг. Гэтэл 1 дүгээр төрөх эмнэлэг рүү авч явсан байсан. С.Бт үзлэг хийсэн эмч нь шинжээч томилсон байдаг гэтэл шинжээч нь үзлэг хийсэн ганц хуудас баримтаар дүгнэлт гаргуулах гэсэн боловч шаардлага хангаагүй. Ядаж С.Бт үзлэг хийсэн эмчийг байцаах хэрэгтэй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэж заасан байдаг. Мөн 2014 оны 12 дугаар сарын Хууль зүйн Сайд, Эрүүл мэндийн Сайд нарын хамтарсан гэмтлийн зэрэг тогтоох журамд гэмтлийн хөнгөн зэрэг гэдэг нь 5-10 хувь тогтонги алдагдсан боловч нийт биеийн гадаргуугийн сорви 1 хувь гэж шинжлүүлэгчийн гарын алгатай адил хэмжээг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Ш.Баасандуламын сорив шархийн талаар тэмдэглэл байхгүй байна. Мөн дуудлагаар очсон цагдаагийн мэдүүлэгт шилээр зүсүүлсэн гэсэн боловч гүн шарх үүсээгүй өнгөц шарх үүссэн байсан гэж мэдүүлсэн байдаг мөн гэрч А ч мэдүүлсэн байдаг. Иймээс шинжээчийн дүгнэлтэд хөнгөн гэмтэл гэж гарсанд эргэлзэж байгаа. Би энийг шалгуулах хүсэлтийг прокурорт гаргасан боловч хүлээж аваагүй. Мөн хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 17 шилжих шөнө “Ойн жим” амралтын газарт очсон гэж цаг хугацаа болон хэрэг гарсан цаг хугацаа зөрүүтэй байдаг. Энэ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өөрт нь, гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох бүрдэл үүссэн гэж үзэж байгаа учраас гэм буруугүй гэж үзэж байна гэх боловч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5209 дугаартай дүгнэлт, мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Батчимэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хохирогч Ш.Баасандулам нь хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй учир шүүгдэгч С.Бийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

              1. Тайжууд овгийн Сумъяагийн Батчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД