| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/29399/И |
| Дугаар | 210/МА2026/00517 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00517
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/02219 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
3,126,060 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******-д холбогдуулан 2024 оны 12 дугаар сард 56 цаг илүү ажилласны нэмэгдэл хөлс 3,126,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, илүү цагийн нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Уг маргаанд хамаарах шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6, 154.8 дахь хэсэгт нийцжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалинг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад илүү цагийн нэмэгдэл хөлс олгоогүй талаар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж шийдвэрлээд тэмдэглэлийг 05 дугаар сарын 19-ний өдөр гаргажээ.
Үүний дараа нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг 06 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж шийдвэрлээд тэмдэглэлийг 07 дугаар сарын 24-ний өдөр гаргасан.
Улмаар нэхэмжлэгч 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШЗ2025/44816 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Захирамжийг нэхэмжлэгч 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гардан аваад 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан болно.
2.2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах маргааныг урьд шүүхээр шийдвэрлүүлсэн гэж маргасан боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
3. *******-ийн хөдөлгөөнт хүнд машин механизмын операторчин ****** нь 2024 оны 12 дугаар сард уртын ээлжээр 14 өдөр ажиллахдаа 1 өдөрт 12 цаг ажиллаж, 12 цаг амарсан буюу нийт 168 цаг ажилласан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
3.1. Ийнхүү нэхэмжлэгчийн уурхайд 14 хоног ажиллаад 14 хоног амардаг ажил, амралтын хуваарь нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан уртын ээлжээр ажиллуулах горимд хамаарна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 87, 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү ажилласан цагийг тооцож, нэмэгдэл хөлс олгохоор зохицуулсан.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй байхаар, 87.3 дахь хэсэгт ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ээлжийн ажлын цагийг 4 хүртэл цагаар уртасган зохион байгуулж болохоор заасан бөгөөд ингэснээр нэг ээлжийн ажлын цаг нийт 12 цаг хүртэл үргэлжилж болохоор байна.
Харин ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан тохиолдолд илүү ажилласан цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэг ажил олгогчид ногдоно.
Иймд уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд хуульд заасан ажлын цагийн хэмжээнээс илүү ажилласан тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлс авах ёстой гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
3.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэг цагийн хөлс 37,215 төгрөг байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сард 112 цаг ажиллахаас 168 цаг ажилласан буюу 56 цаг илүү ажилласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстойгоос 1-ийг буюу 2,084,040 төгрөгийг ажил олгогч олгож, 0.5 буюу 1,042,020 төгрөгийн нэмэгдэл хөлс олгогдоогүй байна.
Иймд энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцнэ. Үүнтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлснөөс 2,084,040 төгрөгийг хүлээн авсан байгааг анхааралгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж алдаа гаргасныг дээрх байдлаар залруулав.
Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт уг маргааныг шүүх шийдвэрлэхэд хамааралгүй заалтыг нэмж баримталсан байгааг хассан өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасанд нийцнэ.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/02219 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч *******-иас 1,042,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,084,040 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 64,967 гэснийг 29,558 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,967 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Т.БАДРАХ