Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 771

 

 

 

 

 

    2019        10          09                                     2019/ШЦТ/771

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанчив овгийн Бүдээгийн Мөнхдалайд холбогдох эрүүгийн 1911015470963 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, эрх зүйч, зураач мэргэжилтэй, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт аж ахуйн албаны дарга ажилтай, ам бүл 4 энхэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 61-174 тоотод оршин суух хаягтай боловч иргэний үнэмлэхэд Баянгол дүүрэг, 23-р хороо, зүүн ард аюуш 25-14 гудамж, 230а тоот, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Жанчив овгийн Бүдээгийн Мөнхдалай /РД:ВС82072817/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-308 тоотод хохирогч П.Батчимэг хүргүүлээд буухдаа автомашинд гээгдүүлсэн  “Самсунг Галакси Эс-8” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 475,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 5587-УБҮ улсын дугаартай “тоёото приус-30” маркийн тээврийн хэрэгсэлээ угаалгахаар үлдээсэн бөгөөд хэсэг хугацааны дараа машинаар авахаар очиход угаагч охин та “Самсунг Галакси Эс-8” загварын гар утсаа суудал дороо унагаасан байсныг урд хайрцагт чинь хийсэн шүү гэхээр нь машиндаа ороод үзтэл дэлгэц нь хагархай гар утас байсан. Тухайн үед би гайхаад уг гар утсыг аваад явсан. Ингээд би тухайн өдрөө “монтел” гар утас засварын газарт очоод нөгөө гар утсаа үзүүлээд 20,000 төгрөгөөр янзлуулж асаагаад өөрийнхөө 88084043 дугаарын симийг хийж ашиглаж байтал Цагдаагийн байгууллагаас дуудаад гар утсыг хураан авсан. Би олсон эд зүйлээ ашиглаж болохгүй гэдгийг огт мэдээгүй учраас ашигласан. Би 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр таксинд явсан...” гэх /хх-ийн 25-26х/,

Хохирогч П.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04:17 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” нэртэй шөнийн клубын ар талын төв замаас такси бариад “Тоёото Приус-30” маркийн хар өнгийн автомашинд сууж Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-308 тоот гэртээ хүргүүлэхдээ өөрийн эзэмшлийн  “Самсунг Галакси Эс-8” маркын гар утсаа мартаж буусан байсан. Гар утсаа мартсанаа маргааш өглөө нь мэдсэн. Би гар утсаа 2019 оны 02 дугаар сард Драгоны 2 давхарт байрлах гар утас худалдааны төвөөс 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо гар утсаа уг үнээрээ үнэлж байна. Имей код нь 357753080791596 гэж байгаа...” гэх /хх-ийн 15-16х/,

Дамно ХХК-ны үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 475,000 /дөрвөн зуун далан таван мянга/-н төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 11х/,

Шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29х/,

Шүүгдэгч Б.Мгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 44х/,

Хохирогч П.Батчимэгийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 45х/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 49х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Мг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шйитгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жанчив овгийн Бүдээгийн Мөнхдалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД