| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 305/2025/00495/И |
| Дугаар | 215/МА2026/00004 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 215/МА2026/00004
Ж.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00811 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын ******** баг ********* *** - *** тоотод оршин суух, Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********** сумын *********** баг *** - *** - *** тоотод оршин суух, Д овгийн С.М-д холбогдох,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,489,090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч С.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,489,090 төгрөг гаргуулахаар тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие С.М-ын бариулж байсан барилга дээр ажиллаж байгаад помпны олс тасарч 2 давхар барилгаас унаж биедээ бүсэлхий нурууны 3-р нугалмын их биеийн хугарал, баруун өсгий ясны далд хугарал, зүүн шагайн гадна дотно хавчаар ясны далд хугарал, мултрал гэмтэл авсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн хөл дээрээ босоогүй байгаа. Иймд миний эмчлүүлсэн зардал болох 4,489,090 төгрөгийг С.М-аас гаргуулж өгнө үү. Одоо хөлнийхөө мэс засалд орох гээд мөнгөгүй орж чадахгүй байгаа гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт ******** компанийн барилгын ажил барьж үүрэг гүйцэтгэж байгаад оосор нь тасарч осолд ороод хүндэвтэр хохирол учирсан. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны 67 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай магадлал гарсан. Гэм хорын 4,489,090 төгрөгийг нэхэмжилсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх зарим хэсгийн хангаж зарим хэсгийн хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүх нээлттэй үлдээж хэргийг дахин иргэний журмаар хэлэлцэхээр үлдээсэн. Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүхээс хойш зардлууд гарсныг бүхэлд нь нэхэмжилж байгаа. Давж заалдах шатны шүүхээс нээлттэй үлдээсэн 4 баримтаас 2 нь тамга тэмдэг дарсан. 2 нь эмнэлэгт хэвтэж байхдаа явуулын эмийн сангаас эм аваад баримтууд авч чадаагүй учир тамга дараагүй. НӨАТ-ын баримтууд нь эмчилгээ сувилгаатай холбоотой баримтууд байгаа... 1,596,000 төгрөгийн баримт бол 4 зарлагын баримт байгаа. 2 баримт нь тамга тэмдэг дарагдаагүй гэмтэл согог судлалын төвд хэвтэж байхдаа явуулын эмийн сангаас эм авсан учраас эмийн сангийн олох боломжгүй тамга тэмдэг даруулж чадаагүй. Баримтын төлбөрөөс мөнгө гаргуулахгүй байхад татгалзах зүйл алга. НӨАТ-ын баримтуудаас хүнсний болон өөр хүний нэр дээр баримт байгаа бол хасахад татгалзах зүйл алга. Эм эмчилгээтэй холбоотой баримтууд бол хэвтэрт байгаа хүний эрүүл мэндийн асуудал олон гэмтлүүдийн нийлбэр байгаа янз янзын эмүүдийг тухайн үед хэрэглэсэн. Даралт ихсэх, бусад эмүүдийг хэрэглэх боломжтой хэвтэрт байгаа хүний хувьд ялангуяа нуруу нугасны гэмтэлтэй холбоотойгоор тухайн хүний бусад эд эрхтнүүдэд мэдрэлийн гаралтайгаар нөлөөлөх боломжтой гэжээ.
4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Б-ийг Улаанбаатар хот руу хагалгаанд орохоор явахад нь 2,250,000 төгрөг өгсөн. Мөн Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн шийдвэр гарч иргэн Ж.Б-д 4,089,691 төгрөгийг нөхөн төлсөн... Нэхэмжлэлээс 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бусад нь бол давхацсан зардал, хоол хүнсний зардал гарсан байсан. Баримтуудыг шалгахад тээврийн зардал гээд 1 зүйлийг 2 удаа давхардуулаад оруулчихсан. Нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг даралтын эм олгодог, регистрийн дугаарт олгодог хөнгөлөлттэй даралтын эм дээр баримтдаа хавсаргаад өгчихсөн байсан гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүхээс 1,100,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон байсан. Тэгээд эдгээр нотлох баримтыг өгөхдөө бүдэг канондоод өгчихсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Хавтаст хэргийн материалын 61 дүгээр хуудаснуудад Б гэж хүний регистрийн дугаартай Гальвус мет гээд нэртэй бүтээгдэхүүн юм уу, эм юм уу 101 мянган төгрөгөөр 2 удаа авсан баримт байна. Хавтаст хэргийн материалын 65-68 хуудас огт харагдахгүй, 48-54 дүгээр хуудас харагдахгүй. Ихэвчлэн одоо бүдэг. 37 дугаар хуудсанд байгаа 25,400 төгрөг гэсэн ломбоны оо материал гэсэн юм байсан. М бол хуулиар батлагдсан нотлох баримтын хүрээнд төлнө. Давхардсан хүний нэрээр авсан төлбөрийн баримт, эхоны ойлт, элэгний эмчилгээ, элэгний оношилгоо хийсэн мөнгө төгрөг нь гэмтэлтэй хамааралгүй зүйлсийг нэхсэн байгаа... Хууль зүйн дагуу бүрдсэн нотлох баримтын хүрээнд эмчилгээ сувилгааны зардлыг төлөх боломжтой. 2023 оны 06 дугаар сарын 5-ны өдөр гэмтэл авсан. 2023 оны 06 дугаар сарын 5-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 18 хүртэл шүүх хуралдаан болох зардлыг төлж барагдуулсан. Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүхээс 7 сая төгрөг гэснээс 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон бусад мөнгийг М төлж барагдуулсан байгаа. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нь 4,489,000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Баримтууд нь Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүхэд хэлэлцэж байсан. Дахиад аваад канондоод нэхэмжилсэн байгаа. Нотлох баримтын шаардлага хангахгүй бүдэг ХХ-47-48-р хуудас, ХХ-ийн 71-81-р хуудас, ХХ-ийн 28-33-р хуудас, ХХ-ийн 65-68-р хуудас харагдахгүй байгаа. ХХ-ийн 61-р хуудсанд байгаа Б гэх хүний нэртэй Гальвус мет гэсэн бүтээгдэхүүн 100 хэдэн мянган төгрөгийг 2 давхардуулж оруулж ирсэн байгаа. Тэргэнцэр, хоолны халуун сав, цайны халуун сав, ус буцалгагч мөнгөнүүдээ нэхэмжилсэн байгаа нь эмчилгээ сувилгаатай холбоогүй гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан гэм хорын хохиролд 3,565,490 /гурван сая таван зуун жаран таван мянга дөрвөн зуун ерэн/ төгрөгийг хариуцагч Д овгийн С.М-аас гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 923,600 /есөн зуун хорин гурван мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч С.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.М-аас 3,565,490 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71,998 /далан нэгэн мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, ..... шийдвэрлэжээ.
7. Хариуцагч С.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00811 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчид 3,565,490 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд хоол хүнс болон зарим нь өөр өвчинд хэрэглэсэн өөр хүний дугаартай е-баримтууд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцож анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу дахин хянаж үнэн зөвийг олж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
9. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч С.М-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,489,090 төгрөг гаргуулахаар шаарджээ.
10. Хариуцагч С.М нь “Нэхэмжлэлээс 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бусад нь бол давхацсан зардал, хоол хүнсний зардал гарсан байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.
12. Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эрүүл мэндэд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.
13. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ. Уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар зохигч маргаагүй болно.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.
15. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэжээ.
16. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлд хавсаргасан 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Сити Тори 287,000 төгрөгийн зарлагын баримт тамга тэмдэг дарагдаагүй, Ням оточ фарм гэх нэртэй 454,000 төгрөгийн зарлагын баримт тамга тэмдэг дарагдаагүй, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн огноотой П.Б гэх нэртэй 42,600 төгрөгийн баримт /хх-ийн 61 дүгээр хуудас/, 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн нан сүү гэх нэртэй 70,000 төгрөгийн баримт / хх-ийн 112 дугаар хуудас/, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн үзэмний шүүс, лапша сонгинотой туузан гоймон гэх нэртэй 16,000 төгрөгийн баримт /хх-ийн 118 дугаар хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн саван, дэвсдэг пампрес, нойтон салфетка, шар тос шүдний оо гэх нэртэй 37,400 төгрөгийн баримт /хх-ийн 130 дугаар хуудас/ зэргийг гэм хорын хохиролтой холбогдолгүй гэж үзэж, мөн е-баримт нь бүдэг учраас үнийн дүн нь гаргацгүй, бичвэр нь уншигдахгүй 14,400, 2200 төгрөгийн баримт /хх-ийн 142-143 дугаар хуудас/ нийт 923600 төгрөгний баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй гэж,
Хэрэгт байгаа бусад баримтуудыг эм, тариа авсан хугацааг амбулатори, эмнэлгийн карт, эмчилгээ /үзлэг, оношилгоо, шинжилгээ/ хийлгэсэн баримт зэрэгт тусгагдсан хугацаатай харьцуулан тохирч байгаа эсэх, эдгээр бичмэл нотлох баримт нь харилцан бие биенээ нотлон дэмжиж байгаа эсэх талаас нь үнэлж, уг зардлуудыг хариуцагч С.М-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
17. Иймд нэхэмжлэгч Ж.Б-ийн эмчилгээ, эм тарианы зардал 3,565,490 төгрөгийн зайлшгүй зардал нь баримтаар нотлогдож байх тул хариуцагч С.М-аас гаргуулах нь зүйтэй байна.
18. Нэхэмжлэлээс үлдэх 923,600 төгрөг нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбогдох зайлшгүй зардал болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
19. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,998 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00811 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,998 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ц.ОЮУН-ЭРДЭНЭ