| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2016/01036/И |
| Дугаар | 183/ШШ2016/00896 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2016/00896
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,
Нэхэмжлэгч: В сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.М-д холбогдох,
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 427,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Вива сити хотхон S-20-4-7 тоотод оршин суух Ц.М нь 2014 оны 9 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх төлбөр 420,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 427,000 төгрөгийг хариуцагч Ц.М-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: В СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ц.М холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, иргэний хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В сууц өмчлөгчдийн холбоо нь Ц.М нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 427,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М нэхэмжлэлийн шаардлага болох 427,000 төгрөгийг төлсөн, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч В сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.М-аас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал 427,000 төгрөг гаргуулахыг хүүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В сууц өмчлөгчдийн холбооноос тэмдэгтийн хураамжид төлсөн 13.550 төгрөгийн 6,730 төгрөгийг улсын орлогод үлдээж, 6,820 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 6,730 төгрөгийг хариуцагч Ц.М-аас гаргуулж, нэхэмжлэгч В сууц өмчлөгчдийн холбоонд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ