Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 807

 

 

                                                           

 

 

 

   

   2019        10          23                                2019/ШЦТ/807

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэд овогт Шаравдоржийн Ариунбаатарт холбогдох эрүүгийн  1811032621051 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр охины хамтаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамжны 36-30 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Түмэд овогт Шаравдоржийн Ариунбаатар, /РД:СК82040910/,

Шүүгдэгч Ш.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.А нь 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” караокед Б.Эрдэнэбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гар болон хөлөөрөө нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын уг нуруу, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн хоншоор ясны их бие, зүүн ухархайн дотор хана хугарал, зүүн хацар, шанаа, эрүү орчмын зөөлөн эдэд хий үүсгэсэн” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Ш.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна...”, “...2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Далайгийн ажиллуулдаг “Чингис” нэртэй караокены “Ви Ай Пи” өрөөнд түүнтэй айраг уугаад шөнийн 04 цагийн орчимд хаахаар болоод сууж байсан өрөөнөөсөө гарч дээд давхарт танил Энхнарангийн төрсөн өдөр болж байна ороод гараач гэхээр нь яваад ортол 7-8 хүн баярын ширээний ард суучихсан архи, пиво ууцгааж байсан ба надад 1 шил пиво задалж өгөхөөр нь амсаад таньдаг хүмүүстэйгээ юм яриад сууж байтал тэнд сууж байсан Эрдэнэбат гэх залуу намайг гар барилдаан хийе гэхээр нь би гар барилддаг хүн биш гэхэд “өө балай өлөгчин байна ш дээ” гэхээр нь юу гээд байгаа юм бэ, чи зүгээр байгаарай гэж хэлэхэд гараад үзчих үү гээд байсан. Би бага зэрэг айраг уусан байсан болохоор хүнтэй муудалцаад яах вэ гэж бодоод тоохгүй сууж байтал намайг үгээр идээд байхаар нь буйдангийн араар тойрч очоод буйданг нь цааш түлхэж Эрдэнэбатыг нэг түлхээд цохиогүй. Тэгээд гадуур хувцасаа өмсөж байх үед Эрдэнэбат миний урдаас ирээд нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон боловч намайг оноогүй. Тэгээд ноцолдоод газар хамт унахад түүнтэй хамт явж байсан Батзориг гэх залуу миний хавирга хэсэг рүү нилээн хэдэн удаа цохисон боловч сүүлд миний хавирга хэсэгт гэмтэл учраагүй байсан. Тухайн үед би Эрдэнэбатын нүүр хэсэгт маш хүчтэй нэг удаа цохиход хамраас нь цус гараад босоод ирсэн. Тэгээд цагдаа дууд гээд байхаар нь гараад явчихсан юм...”, “...би дахиж ийм асуудал гаргахгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу...” гэх /хх-ийн 66-67х/,

Хохирогч Б.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 21:00 цагийн орчимд найз Энхнарангийн төрсөн өдрийг тэмдэглэхээр хэсэг найзуудынх нь хамтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй караоке пабд уригдаж очсон...”, “...шөнийн 03:00 цагийн орчимд танихгүй 2 залуу гаднаас орж ирээд шууд ширээн дээр суусан. Тэгсэн манай зарим нэг найз нар тэр хоёрыг таниад байх шиг байсан ба тэр дундаас хэн ч юм надад хандаж манай энэ залуутай гар барилдаж чадлаа үзээч, манай энэ хүндийн өргөлтийн тамирчин байгаа юм гэхээр нь тэр хүн зөвшөөрвөл би хамаагүй үзье гэхэд Ариунбаатар би хүнтэй чадлаа үздэггүй шууд зодолддог гэж хэлэхээр нь гайхаад би чамтай зүгээр гарын чадлаа үзье л гэсэн ш дээ гэж хэлтэл ширээний араас тойрч босч ирээд шууд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиод авахаар нь яаж байгаа юм бэ гэхэд найз нь дундуур нь ороод салгахаар нь би түүний урдаас очиход миний цамцнаас заамдаж аваад нүүр хэсэгт дахиад нилээн хэдэн удаа цохиод авахаар нь зөрүүлээд гараараа цохих гэхэд миний цохилт түүнд хүрээгүй. Тэгсэн шууд дээрээс заамдаж аваад газар унагаад нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед шоконд ороод босч ирэхэд хамраас цус гарсан байсан ба өөрөө цагдаад дуудлага өгсөн...” гэх /хх-ийн 27-29х/,

Гэрч Х.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...шөнийн 03 цагийн орчимд төрсөн өдрийн арга хэмжээ өндөрлөх гэж байх үед Ариунбаатар Энхнаранг хальт таньдаг болохоор мэнд хүргэх гээд ганцаараа орж ирээд 1 пиво ууж байгаа харагдсан. Орж ирээд удалгүй Энхнарангийн нөхөр Эрка /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/-тай юм яриад сууж байхад нь Эрдэнэбат түүнээс гар барилдах уу гэж асууж байсан. Гэтэл гэнэт хэдхэн секундын дотор Эрдэнэбат, Ариунбаатар хоёр хоорондоо барьцалдаж аваад зодоон болсон...”, “...тухайн үед Ариунбаатар, Эрдэнэбат хоёр хоорондоо зодолдсон. Зодоонд миний мэдэхээр өөр хүн оролцоогүй. Бусад хүмүүс харин салгаж байсан. Тэгэхээр Эрдэнэбатын биед Ариунбаатар гэмтэл учруулсан байж магадгүй...”, “...хэн хэн нь уучихсан согтолт ихтэй байсан...” гэх /хх-ийн 39-40х/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15-16х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13242 дугаартай дүгнэлт:

-Б.Эрдэнэбатын биед тархи доргилт, хамрын уг нуруу, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн хоншоор ясны их бие, зүүн ухархайн дотор хана хугарал, зүүн хацар, шанаа, эрүү орчмын зөөлөн эдэд хий үүсчээ.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 42х/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 86х/,

Шүүгдэгч Ш.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79х/,

Хохирогч Б.Эрдэнэбатын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 90х/,

Шүүгдэгч Ш.Аын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 91х/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 95х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Ш.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.Аыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Түмэд овогт Шаравдоржийн Ариунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аыг 500 нэгж буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД