| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 305/2025/00802/И |
| Дугаар | 215/МА2026/00005 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 215/МА2026/00005
“*************” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Намхайдорж, З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 305/ШШ2025/00798 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *********** сумын ********* баг, ********** гудамж *** - *** тоот “*************” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багт байрлах Говь-Алтай аймгийн ******* ******-т холбогдох,
Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 242,596,938.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х (цахимаар), Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 108,397,959.09 төгрөг, алданги 134,198,979.54 төгрөг, нийт 242,596,938.63 /хоёр зуун дөчин хоёр сая таван зуун ерэн зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон Дулаан үйлдвэрлэх, Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэйгөөр ********** аймгийн төвийн дулаан хэрэглэгчдийн 80 гаруй хувийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. Говь-Алтай аймгийн ******* ******-тэй “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-г 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн байгуулсан. Манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн боловч тус ******* ****** нь гэрээний 3.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй 2025 оны 3, 4, 5 дугаар сарын халаалтын төлбөр болох 268,397,959,09 төгрөгийг төлөөгүй байснаас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 200,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй 108,397,959.09 төгрөг төлөөгүй байна. Манай зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг албан бичиг болон биеэр уулзаж удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байна. Иймд ********* ***********-ээс дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг болох 108,397,959.09 төгрөг, гэрээний 4.5 дахь хэсэгт зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл алданги бодогдож 217,179,115.22 төгрөг боловч төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 134,198,979.54 төгрөгийн алданги нийт 242,596,938.63 /хоёр зуун дөчин хоёр сая таван зуун ерэн зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн тайлбар: Говь-Алтай аймгийн ********* ******-ийн 2025 оны халаалтын төлбөрийн үлдэгдэл 108.397,959.09 төгрөг, алданги 134,198,979.54 төгрөг нийт 242,596,938,63 /хоёр зуун дөчин хоёр сая таван зуун ерэн зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг “*************” ХХК нэхэмжилсэн байна. 2024 оны Төсвийн тухай хуулийн дагуу гэрэл цахилгаан, түлш халаалт, цэвэр бохир усны зардал, урсгал зардлыг орон нутгийн төсвөөс хариуцаж байна. Орон нутгийн төсвөөс 2025 оны 09 сарын байдлаар 1,397,218,400 төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд түлш халаалтын төлбөрт 951,236,676 төгрөгийг төлсөн байна. Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг нэмэгдсэн тарифаар шинэчлэн байгуулсан нь 2024 онд халаалтад төсөвлөгдсөн зардлаас 47,2 сая төгрөгөөр хэтэрсэн нь өрийг нэмэгдүүлэх шалтгаан болсон. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.2.5 төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэсэн заалтыг мөн зөрчиж байна. Орон нутгийн төсвийн орлого бүрдээгүйн улмаас манай байгууллагын тогтмол зардлын санхүүжилтийг бүрэн олгохгүй байна. Халаалтын өрийн үлдэгдлийг орон нутгийн санхүүжилтийг орж ирсэн даруйд нь төлөх боломжтой бөгөөд уг зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг учир алданги 134,198,979.54 төгрөгийг манай байгууллага төлөх боломжгүй байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн ******** *******-ээс Дулааны эрчим хүчээр хангаж, хэрэглэх тухай гэрээний үүрэгт 61,134,951.17 төгрөгийг гаргуулж “*************” ХХК-д олгож, дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 47,263,007,92 төгрөг, алданги 134,198,979.54 төгрөг нийт 181,461,987.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,370,934.69 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 61,134,951.17 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 463,625 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ****** ********-ээс гаргуулан “*************” ХХК-д олгож, ..... шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “*************” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон Дулаан үйлдвэрлэх, Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд ******** аймгийн төвийн дулаан хэрэглэгчдийн 80 гаруй хувийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг бөгөөд Говь-Алтай аймгийн ******* ******-тэй 2006 оноос хойш тасралтгүй “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” байгуулан урт хугацаанд дулааны эрчим хүчээр хангаж ирсэн, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус гэрээг шинэчлэн байгуулсан.
Хэрэглэгч байгууллага болох Говь-Алтай аймгийн ******* ****** нь дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг болох 108,397,959.09 төгрөгийг гэрээний 4.2 дахь хэсэгт заасан хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн төлбөр дээр гэрээний 4.5 дахь хэсэгт зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл алданги бодогдож 217,179,115.22 төгрөг болсон боловч төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 134.198.979.54 төгрөгийн алданги нийт 242,596,938.63 /хоёр зуун дөчин хоёр сая таван зуун ерэн зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шийдвэрлэхдээ гэрээний үүргээс 61,134,951.17 төгрөг, алданги 134.198.979.54 төгрөг нийт 181,461,987.46 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 305/ШШ2025/00798 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 болон 6 дахь хэсэгт 3.1.34. “эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар “*************” ХХК болон Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт дээрх гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “*************” ХХК нь хариуцагч Нэгдсэн эмнэлгээс дулааны төлбөр шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн атлаа гэвч “*************” ХХК нь Говь-Алтай аймгийн ******* ******тэй нэмэгдсэн тарифаар гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл “*************” ХХК болон Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай шинэчилсэн гэрээ байгуулагдаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь алдаатай болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний хувьд гэрээний үнийг өөрсдөө тодорхойлдоггүй бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна гэж хуульчилснаар 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоолоор баталж захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэн байдаг.
Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж хуульчилсан байтал түүнийг хэрэглэхгүйгээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт гэрээний үүрэг 47.236.007,92 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн байна.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсэгт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулжээ. Дээрх хуулийн зохицуулалт нь хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт биш бөгөөд Иргэний хуулийн Арван долоодугаар бүлэг Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал нэгдүгээр дэд бүлэг нийтлэг үндэслэл 219 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох 219.1. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулсан буюу хугацаа хэтрүүлснээс үүсэх хохирол шаардах эрхтэй гэж хуульчилсан байхад Иргэний хуулийн арван есдүгээр бүлэг Үүргийн гүйцэтгэлийг хангах арга 232 дугаар зүйл Анз 232.1. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон алдангийг хохирол гэж буруу тайлбарлаж хэрэглэн алданги 134,198,979.54 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 305/ШШ2025/00798 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 47,263,007.92 төгрөгийн гэрээний үүрэг, 134,198,979.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Нэхэмжлэгч “*************” ХХК нь хариуцагч Говь-Алтай аймгийн ******* *******-ээс дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 108,397,959.09 төгрөг, алданги 134,198,979.54 төгрөг, нийт 242,596,938.63 /хоёр зуун дөчин хоёр сая таван зуун ерэн зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд үүссэн маргаанд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж шийдвэрлэсэн байна.
9. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд: Нэхэмжлэгч “*************” ХХК нь Говь-Алтай аймгийн ******** ********-ийг дулааны эрчим хүчээр хангаж, хариуцагч нь төсөвт байгууллага учир орон нутгийн сангаас орж ирсэн мөнгийг тухай бүрд нь төлдөг, нийт 200 орчим сая төгрөг төлсөн, хуучин тарифаар 61 орчим сая төгрөгний үлдэгдэл байгаа, алдангийг төлөх боломжгүй гэж маргажээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
11. Анхан шатны шүүх гэрээний үүрэгт хариуцагч Говь-Алтай аймгийн ****** *******-ээс Дулааны эрчим хүчээр хангаж, хэрэглэх тухай гэрээний үүрэгт 61,134,951.17 төгрөгийг гаргуулж “*************” ХХК-д олгож, дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 47,263,007,92 төгрөг, алданги 134,198,979.54 төгрөг нийт 181,461,987,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
12. Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас харахад талуудын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан ба хүчин төгөлдөр гэрээ байна.
13. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд талууд дулаан эрчим хүчээр хангасан үйл баримтын талаар маргаагүй байна
14. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь гэрээнд заасан зүйлийг биет байдлын доголдолгүй худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
15. Нэхэмжлэлийн шаардлагаас маргааны гол зүйл болох дулааны төлбөрийг нэмэгдсэн тарифаар алдангийн хамт төлөх үйл баримтыг анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэрэгт авагдсан гэрээ болон гэрч нарын мэдүүлгийг үнэлээд зөв дүгнэж шийдвэрлэсэн байна.
16. Хариуцагчийн дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай шинэчилсэн гэрээ байгуулагдаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдож, хариуцагч Говь-Алтай аймгийн ******* ****** нь 2025 оны 03, 04, 05 дугаар сарын төлбөрийг төлөөгүй, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд байгуулсан гэрээнд заасан үнийн тарифаар төлөх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
17. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн хуулийн 232.7-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж хуульчилсан.
18. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсан байна.
19. Хариуцагч Говь-Алтай аймгийн ******** *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д төсөвт байгууллагын зардлыг төр хариуцдаг, тухайн орон нутгийн сангаас гаргадаг, тусгай орон нутагт даадаг болсон...” гэх тайлбар нь үндэслэлтэй байна.
20. Хариуцагч Говь-Алтай аймгийн ******* ****** нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т зааснаар төсвийн байгууллага болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож, орон нутгаас санхүүждэг санхүүжилт орж ирээгүйн улмаас дулааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй болох нь тайлбараар нь тогтоогдож хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврыг хариуцах боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуулийг зөрчөөгүй байна.
21. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 305/ШШ2025/00798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 305/ШШ2025/00798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,065,259.94 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
З.НАНДИНЦЭЦЭГ