Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 0229

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

   Нэхэмжлэгч:1990 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, 3-27 тоотод оршин суух Хотгойд овогт Гончигдашийн Болорцэцэг /РД: -/-ийн талийгаач ******* хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

    Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2010 онд ******* танилцаж үерхэж байгаад 2013 оны 02 дугаар сараас хадмындаа болон аавындаа ирж очин хамт амьдрах болсон. 2013 оны 05 дугаар сард жирэмсэн болж 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.Сэлэнгээг төрүүлсэн. Нөхөр маань охиноо төрөхөөс 10 хоногийн өмнө осолд орж 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан, мөн эцэг нь нас барсан тул охиноо өөрийн нэрээр овоглосон. Иймд хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах шаардлагатай байгаа тул талийгаач *******  хамтын амьдралтай байсныг тогтоож, охин Б.Сэлэнгийн эцэг нь Э.Төрсайхан болохыг тогтоож өгнө үү гэв.

    Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

    Нэхэмжлэгч *******ийн талийгаач ******* хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу  онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй байна.

   Учир нь нэхэмжлэгч ******* нь талийгаач Э.Төвсайхантай 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин Б.Сэлэнгэ төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, талийгаач Э.Төрсайханы иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар, талийгаач Э.Төрсайханы ээж Б.Отгон, нэхэмжлэгч *******ийн аав Д.Гончигдаш нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

   Нэхэмжлэгч ******* нь талийгаач ******* хамтын амьдралтай байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан, охин Б.Сэлэнгийг төрүүлэх хугацаанд эцэг Э.Төрсайхан нь ослын улмаас нас барсны улмаас хүүхдээ эцгээр нь овоглож чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр хүүхдийн эцгийг тогтоож  шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.

 Иймд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Сэлэнгийн эцэг нь Э.Төрсайхан болохыг тогтоож, нэхэмжлэгч *******ийн ******* амьдарч эхэлсэн хугацааг түүний тайлбар, гэрч нарын мэдүүлэгт үндэслэн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тооцож, амьдарч дууссан хугацааг Э.Төрсайханы нас барсан өдрөөр тооцож тус тус тогтоосон болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

    1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хотгойд овогт Гончигдашийн Болорцэцэгийг талийгаач Боржигин овогт Энхболдын Төрсайхантай 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Сэлэнгийн эцэг нь Боржигин овогт Энхболдын Төрсайхан мөн болохыг тогтоосугай.

         3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР