| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 305/2025/00519/И |
| Дугаар | 215/МА2026/00007 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 215/МА2026/00007
Б.Б, О.Ц нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 305/ШШ2025/00905 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын ****** багийн ******** *** - *** тоотод оршин суух Ц овгийн Б.Б, Ш овгийн О.Ц нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын ******** багийн ******** *** - *** тоотод оршин суух, А овгийн Д.Б, Х овгийн Р.Ш нарт холбогдох,
Зээлийн 220,000,000 (хоёр зуун хорин сая) төгрөг, зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000 (нэг сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, О.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Д.А, С.Б (цахимаар), хариуцагч Р.Ш, Д.Б (цахимаар), тэдгээрийн өмгөөлөгч М.Б (цахимаар), Д.О (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн 220,000,000 (хоёр зуун хорин сая) төгрөг, зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Д.Б, Р.Ш 2 нь 2024 оны 09 дүгээр сараас хойш манай нөхөр Б бид хоёроос мөнгө зээлж аваад одоог хүртэл төлөхгүй, өгнө өгнө гэж явсаар 8, 9 сар өгөхгүй явсаар өдий хүрлээ. Иймд энэ хоёр хүнээс бидний 220,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хурдан хийчих бас одоохон буцаагаад өгнө гэж яаруулж авдаг байсан. Эхлээд 5, 10 саяар нь авч байгаад нэмсээр байгаад 220,000,000 төгрөг болсон.
3. Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: Д.Б, Р.Ш нар нь 2024 оны 09-р сараас хойш манайхаас мөнгө зээлж авдаг байсан бөгөөд хүүгийн хамт өгдөг байсан. Гэтэл сүүлийн үед авсан мөнгөө өгөхгүй нэмсээр 220,000,000 (хоёр зуун хорин сая) төгрөг болсон. Манайх Говь-Алтай аймгийн ******* компаны ******* худалдаа эрхэлж амьдардаг юм. Ингээд Р.Ш, Д.Б нар нь цагаан сарын өмнө гэр ахуйн бараа 862,000 төгрөгт, бэлэгний бараа 316,000, 178,000 төгрөгт бэлэн хувцас, 135,000 төгрөгт хүүхдийн хослол нийт 1,491,000 төгрөгийн бараа аваад мөнгийг нь одоо болтол өгөөгүй байна. Иймээс Д.Б, Р.Ш нараас 221,491,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
4. Хариуцагч Д.Б-ийн тайлбар: Хариуцагч Д.Б би Б.Б, О.Ц нарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие хариуцагч О.Ц-тай мөнгө зээлж, авч, өгч байсан зүйл байгаа бөгөөд одоогоор 140,000,000 сая төгрөгийн тооцоо байгаа. Үүнийг шууд одоогоор төлөх боломжгүй байна. Харин 80,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар нь бусад руу шилжүүлсэн мөнгөө надад зээлсэн мэтээр надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Миний бие өмнө нь онлайн тоглоом тоглож байсан бөгөөд үүнийг минь О.Ц харчихаад мөнгө хожих зорилгоор хамт тоглож эхэлсэн. Ингээд хамт тоглож, онлайн дансанд өөрийн данснаас мөнгө шилжүүлдэг байсан ба ашиг олох үедээ олдог байсан. Харин сүүлд нь алдагдал хүлээхээрээ намайг мөнгө зээлсэн мэтээр буруутгаж, надад зээлсэн мөнгөн дээрээ нэмэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 140,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 80,000,000 төгрөгийг миний бие нэхэмжлэгчээс зээлсэн удаагүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Р.Ш-ийн тайлбар: Хариуцагч Р.Ш би Б.Б, О.Ц нарын нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь Р.Ш намайг 2024 оны 09 сараас эхлэн өөрсдөөс нь мөнгө зээлж авсаар 220,000,000 төгрөг болсон мэтээр бичжээ. Миний бие Б.Б, О.Ц нараас огт мөнгө зээлж авч байсан удаагүй бөгөөд үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэмжилж байна. Харин нэхэмжлэгч нар нь манай нөхөр Д.Б-тэй мөнгө төгрөг зээлж, авч, өгч байгаа бөгөөд сүүлд хамт онлайн тоглоом тоглож байсан болохыг миний бие сүүлд олж мэдсэн. Миний хувьд нэхэмжлэгч нараас мөнгө төгрөг зээлж авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Д.Б, Р.Ш нарын тайлбар: Хариуцагч Р.Ш, Д.Б бид Б.Б, О.Ц нарын ихэсгэсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь Говь-Алтай аймгийн ******** компанийн ********* худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Д.Б би 2025 оны цагаан сарын өмнө ойр зуурын бараа баяртаа бэлдэх зүйлс авсан нь үнэн болно. Үүний төлбөр болох 1,491,000 төгрөгийг төлнө. Харин энэхүү бараа, материал авсан төлбөр нь өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй болно. Р.Ш миний бие нэхэмжлэгч нараас бараа зээлсэн зүйлгүй бөгөөд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000 (нэг сая дөрвөн зуун ерэн нэг мянга) төгрөгийг хариуцагч Р.Ш, Д.Б нараас, зээлийн 140.000.000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 80.000.000 төгрөг, нийт 220,000,000 (хоёр зуун хорин сая) төгрөгийг хариуцагч Д.Б-өөс гаргуулж нэхэмжлэгч О.Ц-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,296,756 /нэг сая хоёр зуун ерэн зургаа мянга долоон зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ш, Д.Б нараас 38,806 /гучин найман мянга найман зуун зургаа/ төгрөгийг, хариуцагч Д.Б-өөс 1,257,950 /нэг сая хоёр зуун тавин долоо мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О.Ц-д олгож, ..... шийдвэрлэжээ.
8. Хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч М.Б, Д.О нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэрэгт байгаа баримтаас үзвэл, нэхэмжлэгч О.Ц нь хариуцагч Д.Б, Р.Ш нарт 220,000,000 төгрөгийг бүхэлд нь зээлсэн гэж байгаа боловч хариуцагч Д.Б-ийн зүгээс 140,000,000 төгрөгийг зээлсэн, үлдсэн 80,000,000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлж мөрийтэй тоглоом тоглоод алдсан мөнгөө надаас нэхэж байна гэж маргах боловч талууд харилцан маргаж буй үндэслэл, тайлбар, татгалзлаа нотлоогүй бөгөөд мөнгийг хариуцагч Д.Б-ийн болон бусад хүмүүсийн данс руу 94*********, *********, *********, T, yondoo, *******, 195530, 65, 85, 9999, 8888, 66688, 89, 2222, T*****, san, zeeleb гэх зэрэг өөр өөр агуулгаар шилжүүлсэн байгаа нь зохигчийн хооронд бүхэлдээ зээлийн үүрэг үүсгэсэн болохыг нотлохгүй, харин хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан хууль зүйн үндэслэлээ мөн баримтаар нотлоогүй буюу үүрэг үүссэн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын зүгээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчийн өөрийн дансаар болон бусдын данс руу Д.Б-ийн нэрээр шилжүүлсэн мөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй байна” гэж дүгнэжээ.
Хариуцагч 80,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан татгалзлаа нотлоогүй гэх дүгнэлт үндэслэлгүй бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна. Тодруулбал, хавтаст хэрэгт зохигчдын арилжааны банкинд эзэмших дансны хуулга, мөн хоорондоо харилцаж байсан дуут зурвас /chat voice/-ууд авагдсан. Дуут зурваст нэхэмжлэгч О.Ц нь хариуцагч Д.Б-ийг тоглоом тоглоод мөнгө олох хэрэгтэй байна, чи тоглооч гэх хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч О.Ц-ын дансны хуулгаас харахад тэрээр өөрөө тодорхой гуравдагч хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлж, улмаар харьцсан данснаас шилжүүлсэн мөнгө нь өссөн эсхүл буурсан байдлаар буцаж шилжүүлсэн байдаг. Ингээд өөрийн дансанд орж ирсэн мөнгөнөөс тодорхой хэсгийг нь хариуцагч Д.Б-ийн данс руу шилжүүлж байсан нь тодорхой харагддаг. Эдгээр гүйлгээг хийхдээ О.Ц нь хариуцагчийн нэрийг бичих, дугаар бичих, ёондоо гэх зэрэг утга бичиж байгаагаагаас үзэхэд зохигчид хамт тоглож мөнгөө хувааж байсан болох нь харагдаж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт ч дурдаж тодорхой бичсэн байна. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, болсон бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй байтал хариуцагчийг татгалзлаа нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй юм.
Зохигчид хамт тоглож мөнгө хожих, мөн алдах, түүнийхээ мөнгөний эх үүсвэрийг аль аль нь гаргах зэрэг энэ тохиолдолд нэхэмжлэгчид тухайн мөнгөө шаардах эрх үүсэхгүй. Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1 дэх хэсэгт “Тоглоом, мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй” гэж, мөн зүйлийн 486.2 дахь хэсэгт “Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нь мөрий тавихад зориулан бусад этгээд рүү мөнгө шилжүүлж, түүнээсээ ашиг хүртэж байсан учир мөрийнд шилжүүлсэн мөнгөө шаардах эрхгүй. Тэр тусмаа хамт тоглосон хүнээсээ зээлсэн гэж үндэслэлгүйгээр нэхэмжилж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих эрх зүйн зохицуулалтыг үндэслэж хариуцагчаас 80,000,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу шаардах эрх нь хөрөнгө олж авсан этгээд үндэслэлгүй хөрөнгөжсөн байх бөгөөд хөрөнгийг олж авсан этгээдээс нь шаардах ёстой. Хариуцагч Д.Б-ийн хувьд 80.000.000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй бөгөөд тус мөнгө нь түүнд шилжиж ирээгүй. Хэрэв энэ мөнгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шаардаж байгаа бол шилжүүлсэн этгээдүүдээс шаардах ёстой ба нэхэмжлэгч нь мөнгө хожих зорилгоор мөрийнд тус мөнгийг шилжүүлсэн учир шаардах эрхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, ... энэ тухайгаа хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч Б.О-ыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А-тэй хувийн харилцаатай буюу хамт ажиллаж байсан болохыг анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш мэдсэн. Ийм нөхцөл байдал байгаа тохиолдолд шүүгч хуульд заасны дагуу хэргийн оролцогчтой хувийн харилцаатай эсэхээ мэдэгдэх үүрэгтэй байсан ба хэргийн оролцогчид татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх байсан. Гэтэл шүүгч үүнийг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй”, мөн зүйлийн 91.1.3 дахь хэсэгт “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийнхүү зөрчил гарсан болохыг дурдаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 305/ШШ2025/00905 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 80,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
10. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 305/ШШ2025/00905 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хангаж өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгч Б.Б, О.Ц нар нь хариуцагч Д.Б, Р.Ш нарт холбогдуулан зээлийн 220,000,000 /хоёр зуун хорин сая/ төгрөг, зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
12. Хариуцагч Д.Б “…Миний бие хариуцагч О.Ц-тай мөнгө зээлж, авч, өгч байсан зүйл байгаа бөгөөд одоогоор 140,000,000 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 80,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нар нь бусад руу шилжүүлсэн мөнгөө надад зээлсэн мэтээр надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Миний бие өмнө нь онлайн тоглоом тоглож байсан бөгөөд үүнийг минь О.Ц харчихаад мөнгө хожих зорилгоор хамт тоглож эхэлсэн. Ингээд хамт тоглож, онлайн дансанд өөрийн данснаас мөнгө шилжүүлдэг байсан ба ашиг олох үедээ олдог байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 140,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 80,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Д.Б би 2025 оны цагаан сарын өмнө ойр зуурын бараа баяртаа бэлдэх зүйлс авсан нь үнэн болно. Үүний төлбөр болох 1,491,000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж, хариуцагч Р.Ш дэмжсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн байна.
13. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000 (нэг сая дөрвөн зуун ерэн нэг мянга) төгрөгийг хариуцагч Р.Ш, Д.Б нараас, зээлийн 140.000.000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 80.000.000 төгрөг, нийт 220,000,000 (хоёр зуун хорин сая) төгрөгийг хариуцагч Д.Б-өөс гаргуулж нэхэмжлэгч О.Ц-д олгож шийдвэрлэжээ.
14. Зохигчид 1,491,000 төгрөгний барааг худалдах, худалдан авах гэрээ байгуулан барааг шилжүүлж, үнийг дараа төлөхөөр тохиролцсон харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “зээлээр худалдах-худалдан авах гэрээ” гэж зүйлчилж, тухайн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-д заасан хүүгийн хэмжээ тогтоогоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд үнийг нь дараа төлөхөөр тохиролцсон худалдах худалдан авах гэрээ байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
15. Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1 дэх хэсэгт “Тоглоом, мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй” гэж, мөн зүйлийн 486.2 дахь хэсэгт “Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заажээ.
16. Талуудын тайлбараар нэхэмжлэгч нар нь мөрий тавихад зориулан бусад этгээд рүү 80 сая төгрөг шилжүүлж, түүнээсээ ашиг хүртэж байсан гэх хариуцагчдийн өмгөөлөгчдийн тайлбар хэрэгт авагдсан баримт дансны хуулга дахь гүйлгээний утгаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 80 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
17. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан, уг эрх зүйн харилцаан дахь талуудын зарчимын дагуу нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 140,000,000 төгрөг болон барааны үнэ 1,491,000 төгрөгийг тухайд үндэслэл бүхий шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 140.000.000 төгрөгтэй холбоотой харилцаанд хариуцагч Р.Ш оролцоогүй тул түүний нөхөр хариуцагч Д.Б-т хариуцуулан шийдвэрлэв.
18. Иймд худалдан авсан барааны үнэ 1,491,000 (нэг сая дөрвөн зуун ерэн нэг мянга) төгрөгийг хариуцагч Р.Ш, Д.Б нараас, зээлийн 140,000,000 төгрөгийг хариуцагч Д.Б-өөс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 80,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 305/ШШ2025/00905 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар 140.000.000 төгрөгийг хариуцагч Д.Б-өөс гаргуулж, нэхэмжлэгч О.Ц, Б.Б нарт, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авсан барааны үнэ 1,491,000 төгрөгийг Р.Ш, Д.Б нараас гаргуулж, нэхэмжлэгч О.Ц, Б.Б нарт олгож, Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1, 486.2, 486.3-т зааснаар 80.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар 557.950 төгрөгийг буцаан олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хариуцагч Р.Ш, Д.Б нараас 38.806 төгрөгийг, хариуцагч Д.Б-өөс 857.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Ц-д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ц.ОЮУН-ЭРДЭНЭ