| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2024/01073/И |
| Дугаар | 210/МА2026/00126 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2026/00126
|
|
|
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07574 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 8,600,008 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******ХХК нь *******тэй 2019.07.17-ны өдөр байгуулсан *******дугаартай Хамтран ажиллах гэрээгээр *******-******* аймаг, *******-******* чиглэлд ******* тээвэрлэх ажил гүйцэтгүүлсэн. Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар холбогдох зардлыг *******д шилжүүлэх үүрэг хүлээсэн. Хариуцагч нь манай компанид 3-аас дээш гэрээ байгуулан уртын тээвэрт автомашин явуулж байхдаа тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь шатахуун авахдаа өөрийн гарын үсгийг зурдаг байсан. Гэрээг ******* байгуулж, бүх төлбөр түүний дансанд ордог байсан тул төлбөрийг *******өөс нэхэмжилж байна. Тээврийн жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахуунаа ******* ХХК-аас тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээлээр авч, тооцоог дараа нь нийлэхдээ шатахууны зардлаа хасуулалгүй төлбөрөө авснаас төлбөрийн асуудал үүссэн. *******ХХК нь ******* ХХК-тай Шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж, уртын тээврийн жолооч нарын шатахууныг хариуцаж байсан юм. Хамтран ажиллах гэрээний дагуу шатахууны төлбөрийг өгсөн ч хариуцагч нь ******* ХХК-аас зээлж авсан шатахууны төлбөрөө суутгуулалгүй зардлаа бүтэн авснаас болж ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, *******ХХК нь эдгээр жолооч нарын авсан шатахууны зардлыг төлсөн. Тиймээс ******* нь 2019.10.24-ний өдөр 600л, 2019.07.30-ны өдөр 600л, 2019.07.28-ны өдөр 600.21л, 19л дизель түлш, 2019.08.01-ний өдөр 534.22л тус тус авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул нийт 8,600,008 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******ХХК нь гэрээний дагуу тухай бүрт нь түлшний тооцоог суутгаж авч байсан. Нэхэмжлэгчээс гаргаж байгаа баримтууд дээрх гарын үсэг нь *******ийн гарын үсэг биш. 1-р хавтасны 47-р хуудаст байгаа Өглөгийн дэлгэрэнгүй гэсэн баримтад бичигдсэн авлага өглөгийн кредит болон дебит дансаараа ******* өглөг, авлагагүй гэж тэнцсэн дүнтэй байгаа. *******ХХК-тай анх бид 2,750,000 төгрөгийн гэрээ хийхдээ ...1,550,000 төгрөгийг түлшээр хангана, 1,200,000 төгрөг нь бусад зардал гэсэн байдаг. Нийт хийсэн ажил нь 109,974,000 төгрөг байгаагаас 37,426,000 төгрөгийг түлшний мөнгө гэж суутгасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдсэн хэргийн материалаас хоёр тал хүлээн зөвшөөрсөн Өглөгийн дэлгэрэнгүй журнал дотор түлшний тооцоо бичигдсэн байгаа. Нэхэмжлэлд дурдаад байгаа 7 төлбөр нь он сараараа энэ жагсаалтад байхгүй байна. ******* нийт 44 рейс хийсэн, үүний 39-ийг *******ХХК-аас авсан. ******* ХХК-аас ирүүлсэн түлшний баримтын өдөр, огноо, литртэй таардаг. Өглөгийн дэлгэрэнгүй дээр бичигдсэн дүнгээр ч таардаг нь *******ийн дансны хуулгаар нотлогддог. Хоёр талын сар тутамд нийлсэн тооцоо нийлсэн актуудад *******ийн бичилцсэн огноотой авсан түлшний тооцоо өөрсдийнх нь өглөгийн дэлгэрэнгүй дээр суутгаж авч үлдсэн харагдаж байгаа. Өглөгийн журнал дээр тавигдсан байгаа нь бүгд 06-р сарын ажлууд нь юм. 07-р сарын ажил хийгдэж дууссаны дараа тооцоогоо 08-р сард хийдэг. 898-2 гэрээний 07-р сарын төлбөр гээд байгаа дүнгүүд нь *******ийн дансны хуулгаар нотлогдоно. Эдгээр баримтууд нь бүгд өөр өөр гарын үсэгтэй байгаа, гэрч алдаагүй данс хөтлөгдсөн гэж мэдүүлэг өгсөн тул энэ 7 баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нэхэмжлэлийн үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар *******өөс 8,600,008 төгрөг гаргуулах тухай *******ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 225,222 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
*******ХХК нь *******тэй 2019 онд *******, ******* дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр *******-******* аймаг *******-******* чиглэлд ******* тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 зүйлд зааснаар холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Хариуцагч манай компанид 2-оос дээш гэрээ байгуулан уртын тээвэрт машин явуулж байсан ба холбогдох жолооч нараас итгэмжлэл авсны дагуу төлбөр тооцооны асуудлыг хариуцаж байсан. *******ХХК нь ******* ХХК-тай Шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан уртын тээврийн жолооч нарын шатахууныг хариуцаж байсан тул жолооч нар шатахуун авахдаа ******* ХХК-аас шатахуунаа гэрээ болон машины бүртгэлээрээ зээлээр авч, дараа нь тээвэрлэлтийн зардлаа авахдаа шатахууны өрөө суутгуулдаг.
Гэтэл жолооч нар зээлсэн шатахууны зардлаа хасуулалгүй давхар зардал авснаас өр үүссэн. Энэ талаар манай компаниас жолооч нартай утсаар холбогдож, тооцоогоо нийлж, илүү төлсөн төлбөрийг буцаан шилжүүлэхийг шаардсан ба ихэнх жолооч асуудлаа шийдвэрлээд явж байсан. Харин тооцооны асуудлаа эцэслэн шийдвэрлээгүй жолооч нар ирэхгүй, утсаа авахгүй байсны улмаас ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, өр төлбөр нэхэмжилсэн. Ингээд *******ХХК-аас жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас хамтран ажиллах гэрээний дагуу шатахууны төлбөр 8,600,008 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч тухайн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэдгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, харин миний гарын үсэг биш гэж маргадаг ч татгалзлаа нотлоогүй. Шүүхээс санхүүгийн өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлд буруу тооцоолол хийсэн ба өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлд тухайн жолоочийн тээвэрт яваад ирсэн нийт ажлын хөлсийг тооцож олгосон бүртгэл ба хэрэв шатахуун суутгасан бол зөрүүг нь тооцож олгосон баримт юм. Харин одоо нэхэмжилж байгаа төлөгдөөгүй шатахууны тооцоо ороогүйг гэрч ******* тодорхой мэдүүлсэн байдаг.
Санхүүгийн өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлд ******* ХХК-ийн зээлээр шатахуун олгосон дүн бүртгэгдэх боломжгүй, суутгасан суутгалын дүн, огноо харагдахгүй, манай бараа бүтээгдэхүүн биш. 2019 оны 7-10 сард 31 удаа тээвэр хийсэн байдаг. Үүнээс 24 удаа шатахуун суутгуулсан. 7 удаагийн тээвэрлэлтийн шатахуунаа яаж шийдэж явснаа нотолж чадаагүй. Хэрэв өөрөө шатахуунаа хийгээд явсан бол түүнийгээ нотлох үүрэгтэй. Гэтэл нотолгоо байхгүй байсан, иймд шатахууны тооцооны өртэй байгаа. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. ******* нь *******ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба нэг рейсэнд явахад 2,750,000 төгрөг, түлшинд 1,550,000 төгрөг байхаар тохиролцсон. Нэхэмжлэгч компани нь нэг рейс хийгээд ирэх үед 1,550,000 төгрөгийн түлшний үнийг суутгаж, 1,200,000 төгрөгийн орлого олгодог байсан. Гэрээний 3.3.3-д энэ талаар тусгасан бөгөөд гэрээний дагуу түлшний мөнгийг авч байгаагүй. Харин явсан рейсийнхээ 1,200,000 төгрөгийг авдаг байсан. Нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч байгууллага 7 хуудас падаан хавсаргаж өгсөн. Энэ нь 2019 оны 07 сарын 28-ны өдрөөс 10 сарын 24-ний өдрийн хоорондох хугацаанд хамаарч байгаа. ******* улсын дугаартай автомашин нь *******д хамааралгүй байтал тус автомашины падааныг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн. ******* 2 автомашинаар тээвэр хийдэг байсан ба ******* улсын дугаартай автомашинд итгэмжлэл өгөхдөө зөвхөн "*******" ХХК-тай байгуулсан нүүрс тээвэрлэх гэрээний дагуу ажил гүйцэтгэх, тээврийн хэрэгсэл жолоодох бүрэн эрхийг л олгосноос биш автомашины зардал болон 1,200,000 төгрөгийн цалинг авах эрхийг олгоогүй. Гэтэл нэхэмжлэгч нь *******ийн нэр дээр явж байсан автомашины жолооч нь ******* гэж гарын үсэг зурж түлш авсан байх боломжтой гэсэн. Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийг шүүхэд нотлох баримтаар гаргасан баримтад кредит болон дебит дансаар ******* ямар нэгэн өглөг авлагагүй нь харагддаг. Дээрх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгснөөр ******* нь ямар нэгэн түлшний өглөг авлагын зардалгүй болох нь нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******өд холбогдуулан зохигчийн хооронд 2019.07.17-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хариуцагч нь *******-******* аймаг, *******-*******ын чиглэлд ******* (эрчим хүчний баяжуулсан нүүрс) тээвэрлэлтийг *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн гэрээт байгууллага болох ******* ХХК-аас зээлээр шатахуун авсан энэ тухай нэхэмжлэгчид тайлагнаж, нэхэмжлэгчээс хариуцагчид олгох төлбөрөөс тухайн шатахууны зардлыг хасч олгодог. Гэтэл хариуцагч нь 2019.10.24-ний өдөр 600 литр, 2019.07.30-ны өдөр 600 литр, 2019.07.28-ны өдөр 600.21 болон 19 литр, 2019.08.01-ний өдөр 534.22 литр дизель түлшийг тус тус авсан атлаа тайлагналгүй 8,600,008 төгрөгийг авсан нь шатахуун, тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул уг мөнгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, *******ХХК нь гэрээний дагуу нэг удаагийн тээвэрлэлтэд 2,750,000 төгрөг төлөх ба үүнээс 1,550,000 төгрөг нь шатахуун, 1,200,000 төгрөг нь бусад зардал байхаар тохиролцсоны дагуу тухай бүр түлшний тооцоог суутгаж авсан. Нэхэмжлэгчээс гаргасан баримтууд дахь гарын үсэг *******ийнх биш бөгөөд Өглөгийн дэлгэрэнгүй журналаар талууд өглөг, авлагагүй болсон. ******* нийт 44 удаагийн тээвэрлэлт хийснээс 30 удаагийн тээвэрлэлтийн түлшийг ******* ХХК-аас авсныг *******ХХК суутган ажлын хөлсийг шилжүүлж байсан нь хариуцагчийн дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг бүрэн тодорхойлох чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бодит нөхцөл байдлыг үндэслэл бүхий тогтоосон байх учиртай. Энэ байдал талуудын мэтгэлцээн, нотлох баримтад тулгуурлан явагдах бөгөөд талууд мэтгэлцэх эрхээ өөрсдөө хангалттай хэрэгжүүлээгүй нөхцөлд шүүх тодруулах, чиглүүлэх үүрэг хүлээнэ.
Хариуцагч тээвэрлэлтийн үйл ажиллагаа гүйцэтгэхдээ ******* ХХК-аас шатахуун зээлээр авсанд зохигч маргаагүй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргасан 5 ширхэг баримтад хамаарах цаг хугацаанд хариуцагчийн гүйцэтгэсэн тээвэрлэлтийн хөлсийг олгохдоо шатахууны зардлыг нь суутгалгүй мөнгө олгосон гэх боловч эдгээр хөлсөнд хэзээ, хэдэн төгрөг олгосон тухайгаа анхан шатны шүүхэд тодорхой тайлбарлаж чадаагүй. Хариуцагч мөн адил энэ 5 баримтад дурдсан шатахууны үнийг хасуулж хөлсөө авсан гэх боловч нэхэмжлэгчид хэзээ гаргасан төлбөрийн нэхэмжлэхэд энэ нь хамаарч байгаа, түүний харилцах дансанд шилжсэн аль орлогод шатахууны үнэ хасагдсан төлбөр хамаарахыг тайлбарлаж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь дээрх байдлаар үүссэн шатахууны төлбөрийг нэхэмжлэгчээс шаардсан шүүхийн маргаанд тус компанийн гаргасан баримтуудаас хариуцагч *******өд холбогдох 5 баримтыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргажээ. Тийм учраас нэхэмжлэгч нь 2019.07.28, 30, 2019.08.01, 2018.10.24-ний өдрүүдэд ******* ХХК-аас шатахуун зээлээр авч тээвэрлэлт гүйцэтгэсэн хариуцагчийн ажлын /хөлс олгохыг хүссэн (хариуцагчийн) төлбөрийн аль нэхэмжлэхийг үндэслэн/ хөлсийг хожим олгохдоо шатахууны үнийг суутгалгүй олгосон цаг хугацаа, мөнгөн дүнгээ өөрөө тодорхойлоогүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Учир нь нэхэмжлэл таамаглалд үндэслэгдэх учиргүй. Гэвч шүүх тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авсан бол нэхэмжлэлийг тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд энэ чиг үүргээ бодитой хэрэгжүүлээгүй байна.
4.Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд байгуулсан *******, ******* дугаартай гэрээгээр хариуцагч *******ийг нийт 28 удаагийн тээвэрлэлтэд шатахуун зээлээр авсан гэж дүгнэсэн нь ******* ХХК-ийн үйлдсэн Шатахууны тооцооны дүнгийн жагсаалт гэсэн нэртэй 2-р хавтаст хэргийн 25-53 дахь талд авагдсан 6 баримт дахь ******* *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ шатахуун зээлээр авсан тооноос зөрүүтэй байна. Мөн 1-р хавтаст хэргийн 40-41 дэх талд авагдсан Өглөгийн дэлгэрэнгүй журнал, мөн хавтасны 83-102 дахь талд авагдсан *******ийн Хаан банкин дахь ******* тоот харилцах дансны мөнгөн гүйлгээний мэдээллээр хариуцагчийн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн нэхэмжлэгч тээвэрлэлтийн хөлс олгосон мөнгөн гүйлгээний огноо, дүн хоорондоо тохирч байгаа нь анхан шатны шүүхийн *******ХХК нь *******дугаартай гэрээний 3, 4, 7, 10-15, 17, 18, 20, мөн ******* дугаартай гэрээний 3-6, 8-19 дахь төлбөр төлөгдөөгүй гэсэн дүгнэлтээс зөрүүтэй, шүүхийн дүгнэлт хэргийн байдалд тохирсон гэж үзэхээргүй байна.
Хэрэгт авагдсан Шатахууны тооцооны дүнгийн жагсаалт гэсэн баримтаар хариуцагч ******* нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2019.08.02-10.26-ны өдрийн хооронд 14 удаа, мөн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2019.07.30-10.26-ны өдрийн хооронд 17 удаа, нийт 31 удаа ******* ХХК-аас шатахуун авсан гэсэн баримт бүртгэгджээ. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан баримтуудтай тохирохгүй буюу хариуцагч 2019.07.30-ны өдөр ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зөвхөн 1 удаа шатахуун авсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон 2019.07.28, 30, 2019.08.01, 2018.10.24-ний өдрүүдийн шатахууны төлбөрийн баримтууд нь хариуцагч ийнхүү 31 удаагийн шатахуун авсан цаг хугацаа, нэг удаад авсан шатахууны хэмжээтэй тохирч байгаа эсэхийг өөрөө тодорхойлох үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн хариуцагчийн хувьд ч ******* ХХК-аас 31 удаагийн шатахуун авсантай нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтууд хамааралтай эсэхэд байр сууриа илэрхийлээгүй байна. Иймд зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааны хүрээ тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Талууд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанаар мэтгэлцэх ажиллагааны явцад дээрх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, тодорхой болоогүй нөхцөлд шүүх маргааныг тасалж, шийдвэр гаргах боломжгүй юм.
5.Нэхэмжлэгч нь ******* ХХК-аас ирүүлсэн 2019.07.28, 30, 2019.08.01, 201910.24-ний өдрүүдийн шатахуун тослох материалын зарлагын падаан-д дурдсан 4,134.62 литр дизель түлшний үнэ 8,600,008 төгрөгийг хариуцагч *******өөс шаардаж байгаа нөхцөлд уг дизель түлшний үнийг суутгахгүйгээр хариуцагчид төлбөрийг бүтэн олгосон гэж үзэж байгаа нөхцөлд ямар баримтуудыг үндэслэн ийнхүү төлбөр шилжүүлсэн цаг хугацаа, мөнгөн дүнгийн талаарх үйл баримтаа нотлох үүргээ хэрэгжүүлэхийг шүүх нэхэмжлэгч талаас тодруулах үүрэгтэй.
Дээрх 5 ширхэг баримтаар хариуцагч нь 4,134.62 литр дизель түлшийг ******* ХХК-аас зээлээр худалдан авсан байх тул уг түлшний үнийг суутгуулсан байдлаар ажлын хөлсөнд хэдэн төгрөгийг, хэзээ, ямар байдлаар хүлээн авсан тухай татгалзлаа нотлох үүргийг мөн хариуцагч талаас тодруулах шаардлагатай.
Шүүх зохигчоос шаардлага ба татгалзлаа нотолсон байдал, нотлох үүргээ хэрэгжүүлэхийг тодруулахдаа нотолгооны үүргийн хуваарилалтын үүргийг анхаарах нь зүйтэй.
Түүнчлэн зохигчийн хэн алины бус гуравдагч этгээд ******* ХХК-ийн үйлдсэн Шатахууны тооцооны дүнгийн жагсаалт-д дурдсан хугацаанд хариуцагч *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шатахуун зээлээр худалдан авсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах эсэхийг зохигчоос тодруулах, хэргийн бусад баримттай харьцуулан авч үзэх нь уг баримт энэхүү хэрэгт хамаарал бүхий, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч *******, ******* дугаартай гэрээний үүргийн дагуу нийт хэдэн удаагийн тээвэрлэлтийг гүйцэтгэснээс хэдэн удаа ******* ХХК-аас зээлээр шатахуун худалдан авсан нь энд хамаарч байгааг, ийнхүү зээлээр худалдан авсан шатахууны тооцоог зохигч хэрхэн тодорхойлж, ажлын хөлсийг олгож байсан зэргийг талуудаас тодруулах нь зохигчийн маргааны хүрээ, нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлоход ач холбогдолтой байх боломжтой.
6.Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбоотой процессын хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв. Шүүхийн уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нөхөн гүйцээх замаар маргааныг тодорхойлж, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07574 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ