Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

               Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

               Улсын яллагч: Д.Ганчимэг,

               Хохирогч: Б.Мөнгөнтулга,

               Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

               Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

               Шүүгдэгч: Ю.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Гэд холбогдох 1929001950094 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч Ю.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт байрлах нүүрс тээврийн замын 6 дахь километрт 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 03-05 цагийн орчимд иргэн Б.Мөнгөнтулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Г мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 30-нд машиндаа завсар хийх гэж байхад Б.Мөнгөнтулга согтуу машинтайгаа ирж намайг хамт авч явсан. Шатахуун түгээгүүрийн тэнд дрифт эргэхээр нь болиулаад би машиныг бариад сум руу авч орсон. Тэгээд 30-ны өдөржин машиныг нь барьж өгөөд орой нь хамт архи ууж байгаад өглөө үүрээр намайг буцааж хүргэж өгсөн. Тэгэхдээ би 6 дээр байсан ахтай архи уусан, тэр үед Мөнгөнтулга унтаад өгсөн. Үүр цайж байхад Мөнгөнтулга машинд орж ирээд хамт явъя “пизда минь” гэхээр нь би “чи явж бай” гэсэн чинь миний зүүн шанаа руу цохиод авсан. Тэгээд би уурлаад шланзны кавинаас үсрээд буусан, тэгэхэд хагарсан шилээр Б.Мөнгөнтулгыг зүсэж гэмтээсэн нь үнэн” гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнгөнтулга мэдүүлэхдээ: “ 2019 оны 06 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Цогтцэций сумаас 6 руу явах чиглэл рүү Ц.Орхон, Ю.Г нарын хамт явсан. Тийшээ явсан зорилго нь Ю.Г машинаа түгжиж ирнэ гэж явсан. Явахаасаа өмнө дэлгүүрээс архи авсан. Нөгөө архиа аваад 6 дээр Б.Энхбат гэдэг хүнтэй уулзсан, намайг “хүлээж бай, машинаа түгжээд явна шүү” гэж хэлсэн. Тэгээд нэлээн хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь Ц.Орхонтой хамт машиндаа унтаад өгсөн. Өглөөний 5 цаг 30 минутын үед босоод” шөнөжингөө хүлээлээ явах уу? “гэсэн чинь Ю.Г машинаасаа ууртай бууж ирж байсан. Тэгээд намайг эргээд машинруугаа харахад ууж байсан 75-ын “Экс” архины шилээр толгойн дундуур цохиод авсан. Би өөрийгөө халхалах гээд гараараас хаахад гарлуу цохьсон, ар нурууруу хагарсан шилээрээ шаасан. Хамт ууж байсан Б.Энхбат машинаасаа бууж ирчихээд Ю.Гийг “хүн аллаа ш дээ” гэж хэлээд салгасан. Тухайн үед би “шөнөжингөө хүлээлээ явах уу” гэж хэлсэнээс өөр цохиж барьсан зүйл байгаагүй. Энэ хүн тухайн үед эрүүлжүүлэхэд байхдаа байцаагчид “юу ч санахгүй байна” гэж хэлж байсан. Би цус их алдсан тул өөрийнхөө цамцаар нуруугаа ороосон. Ю.Гантулга нь Б.Энхбат ахтай муудаад машинд суухгүй байсан.  Нэлээн маргалдаж байгаад машинд суугаад 6 дээрээс явах замд хоорондоо маргалдаад болохгүй байсан. Б.Энхбат ах ухаан алдаад газарт ухаангүй нэлээн байсан. Тэгээд ухаан ороод Цогтцэций сумын эмнэлэг рүү явсан” гэв.

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Мөнгөнтулгын мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Орхоны мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Мөнгөнбаярын мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Буяндэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №406 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

  - Шүүгдэгч Ю.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/

- Яаралтай тусламжийн хуудас, эмчлүүлэгчийн карт /хх-ийн 77-86, 96-109 дүгээр хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №527 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч Ю.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт байрлах нүүрс тээврийн замын 6 дахь километрт 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 03-05 цагийн орчимд иргэн Б.Мөнгөнтулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь:

 - Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Орхоны: “...Мөнгөнтулга унтаж сэрээд Гийг дуудахаар явсан. Тэгээд гэнэт л зодолдож байсан. Дундуур нь Гтэй архи ууж байсан хүн салгаж байсан. ...Би Мөнгөнтулгын нуруунаас нь цус гоожиж байхыг харсан. Гтэй цуг архи ууж байсан хүн цусыг нь тогтоож өгсөн. Би машиныг нь бариад эмнэлэгт хүргэж өгсөн”  гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Энхбатын “...2019 оны 07 дугаар сарын 01-ний 03 цагийн үед Гийн найз гэх цуг ирсэн залуу машины хаалга онгойлгоод Гийг “чамайг шөнөжингөө хүлээлээ” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр хоёр ноцолдож байгаад машинаас буусан. Намайг салгах гээд очиход гарыг нь зүсчихсэн байдалтай байсан. Би Гийг “хүн алах нь дутаа юу, найзыгаа яаж байгаан бэ” гэж хэлээд унаж ирсэн машинаар нь эмнэлэг рүү Г, хоёр найзтай нь цуг явсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Мөнгөнбаярын: “...Мөнгөнтулга цус алдсан байдалтай ёолоод эмнэлэгийн орон дээр гартаа оёдол хийлгээд хэвтэж байсан. ...зүүн бугуйн хэсэгтээ зүсэгдэж өмөрсөн, нуруундаа зүсүүлсэн, нуруунаасаа цус алдаж байсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Буяндэлгэрийн: “...2019 оны 07 дугаар сарын 01-ний үүрээр 06 цагийн үед эмнэлэгт очиход манай хүү Мөнгөнтулга нь орон дээр суучихсан цус алдаад сууж байсан. Тэгээд сувилагч нь зүүн гарын шуу хэсэгт оёсон, дараа нь зүүн далны доод хэсэгт оёдол тавьж байсан... ”  гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 08-ны өдрийн №406 дугаартай шинжээчийн: “1. Б.Мөнгөнтулгын биед тархи доргилт, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэрэгний цооролт, цээж, зүүн шууны зүсэгдсэн шарх, зүүн шууны шөрмөс судасны гэмтэл үүсчээ. 2. Цээж, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,

  - Шүүгдэгч Ю.Гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/

- Яаралтай тусламжийн хуудас, эмчлүүлэгчийн карт /хх-ийн 77-86, 96-109-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 09-ний өдрийн №527 дугаартай шинжээчийн: “1. Б.Мөнгөнтулгын биед тархи доргилт, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, нуруу,  зүүн шууны зүсэгдсэн шарх, зүүн шууны шөрмөс судасны гэмтэл үүсчээ. 2. Нуруу, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Урьд гарсан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 406 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 95-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь дүгнэлтдээ “... гэмт хэрэг гарсан цаг хугацааг бүрэн тогтоогоогүй, хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр хэрэг болсон өдрийг зөрүүтэй мэдүүлж байна, мөн хохирогч Б.Мөнгөнтулгын биед хийсэн Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтлийн талаар дутуу дүгнэлт хийсэн гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах саналтай байна” гэв.

Шүүхээс өмгөөлөгч Ц.Баярмаагийн дүгнэлтэд дурдсан нөхцөл байдлуудыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоож ирүүлсэн, өөрөөр хэлбэл 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 03-05 цагийн орчимд тухайн гэмт хэрэг гарсан болох нь

-  Гэрч Ц.Орхоны “...Би Мөнгөнтулгын нуруунаас цус гоожиж байхыг харсан. Гтэй архи ууж байсан хүн цусыг нь тогтоож өгсөн. Би машиныг нь бариад гэрт хүргэж өг гэхээр нь эмнэлэг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

- Гэрч Б.Энхбатын “...намайг салгах гээд очиход гарыг нь зүсчихсэн байдалтай байсан, тэгээд би Гийг хүн алах нь дутаа юу, найзыгаа яаж байгаан гэж хэлээд унаж ирсэн машинаар эмнэлэг рүү Г, хоёр найзтай нь цуг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

   - Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/-ны он, сар, өдрийн бүртгэл,

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 78, 98 дугаар хуудас/-ны он, сар, өдөр, цагийн бүртгэл,

- Амбулаториориор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 79 дүгээр хуудас/ нээсэн он, сар, өдрийн бүртгэл, “...2019 оны 06 дугаар сарын 30-ны 05 цагийн орчим хүнд зодуулсан гэнэ...” гэх үзлэг хийсэн эмч Х.Батжаргалын тэмдэглэл,

- Анхан шатны эмнэлэгийн байгууллагаас Өмнөговь аймгийн БОЭмнэлэгт шилжин очиж эмчлүүлсэн Өвчний түүх маягт /хх-ийн 97 дугаар хуудас/ нээсэн он, сар, өдөр, цагийн бүртгэлээр нотлогдож байна.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №406 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №527 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/-ийг гаргахдаа шинжээч эмч нар нь хохирогч Б.Мөнгөнтулгыг өөрийн биеэр байлцуулж биед болон эмнэлгийн бичиг баримттай танилцаж үзлэг ба шинжилгээг хийсэн болох нь

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №406 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/-д тэмдэглэгдсэн “ҮЗЛЭГ БА ШИНЖИЛГЭЭ, ЭМНЭЛГИЙН БИЧИГ БАРИМТААС” гэх дэд хэсгүүдэд,

-  Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №527 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/-ийн “Зовиур, Үзлэг, Хэсэг газрын үзлэг, Дүгнэлт” гэх дэд хэсгүүдэд тус тус бичигдсэн байна.

Иймд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №406 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №527 дугаартай дүгнэлтүүд нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий дүгнэлт байна гэж үзэв.

 Иймд шүүгдэгч Ю.Гийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2.  Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Мөнгөнтулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №406 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,  Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №527 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ю.Г нь хохирогч Б.Мөнгөнтулгад эмчилгээний зардалд нийт 1,090,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Б.Мөнгөнтулга нь дээрх хохирол төлбөрөөс гадна шүүгдэгчээс өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, өөрийн ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 хоногийн цалин 1,300,000 төгрөг, эхнэр нь түүнийг 20 хоног асарсан хугацааны цалин 700,000 төгрөг, эмчилгээний зардал 1,516,000 төгрөг, мөн өмсөж явсан хувцасны үнэ 115,000 төгрөг, нийт 5,631,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч Ю.Г нь хохиролд 1,090,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Б.Мөнгөнтулгын нэхэмжилж байгаа 1,516,000 төгрөг нь шүүгдэгчийн төлсөн мөнгөнөөс гадна зарцуулсан мөнгө гэж маргаж байна. 

Хавтаст хэргийн материалд хохирол нэхэмжилсэнтэй холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй учир эмчилгээний зардал болох 1,516,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1,300,000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, Б.Мөнгөнтулга нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, эхнэр нь түүнийг 20 хоног асарсан хугацааны цалин 700,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь  Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирол, хор уршигт тооцогдохгүй, зайлшгүй гарсан зардал болох нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Мөнгөнтулгын өмсөж явсан хувцасны үнэ 115,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Мөнгөнтулга нь хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ю.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон хэмжээ гэж үзэж Ю.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ю.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Мөнгөнтулгын өмсөж, явсан гэх улаан өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн куртик 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Төгрөг овогт Юнгэрдоржийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Гийг 1,200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Мөнгөнтулгын нэхэмжилсэн 5,631,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, эхнэр нь түүнийг 20 хоног асарсан хугацааны цалин 700,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардал болох 1,516,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1,300,000 төгрөг, нийт 2,816,000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчээс хувцасны үнэ 115,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Мөнгөнтулга нь шүүхээс хэлэлцээгүй орхисон 2,816,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг, мөн Ю.Г нь эмчилгээний зардалд хохирогчид 1,090,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Б.Мөнгөнтулгын өмсөж, явсан гэх улаан өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн куртик 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Ю.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ю.Гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ю.Гэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ю.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.ӨЛЗИЙ-ОТГОН