Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ХШТ/70

 

У.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав, Г.Орхон, хохирогчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1045 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 187 дугаар магадлалтай, У.Б-д холбогдох 2002005940015 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 14,040,000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, У.Б,

Шүүгдэгч У.Б нь “Д” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хуучнаар О-ын өмчид бүртгэлтэй В-ий нэрэмжит клубийн барилга байгууламжийн цогцолборт хамаарах кино сангийн барилгыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байхдаа тухайн барилгыг өөрийн компанийн хөрөнгөөр шинээр барьсан мэтээр баримт бүрдүүлж .... алба болон ..... газарт гарган өгч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 322 м2 хэмжээтэй газар эзэмших гэрээг байгуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгүүлэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч,

үргэлжилсэн үйлдлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 322 м2 газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд оролцон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаар шийдвэрээр газрын хэмжээг 748 м2 болгон өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ... дугаар захирамжаар “О” ХХК-д 748 м2 газрыг олгуулсны улмаас төрд их хэмжээний буюу 61,332,480 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч У.Б-ыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1731 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч У.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2. 1.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүхийн шийдвэрт “...зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна” гэж дүгнээд, прокурорын яллах дүгнэлтийн тодорхой хэсэг, нотлох баримтуудын жагсаалтыг хуулж бичих замаар гэм буруутайд тооцох болсон нөхцөл байдлыг бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх шаардлагыг хангаагүй, шүүгч хэргийн нөхцөл байдлыг ямар хэмжээнд сэргээн тогтоосон, үүнийг ямар нотлох баримтаар нотолж, тогтоосон, Эрүүгийн эрх зүйн онол, хуульд заасан хэм хэмжээ ямар шинжээрээ нийцэж байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

... анхан шатны шүүх “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнээгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар ноцтой зөрчилд тооцогдоно.

Тухайлбал, прокурорын яллах дүгнэлтэд “... 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ... дугаар захирамжаар “О” ХХК-д 748 м2 газрыг олгуулсан байх тул гэмт хэрэг төгссөн цаг хугацааг 2018 оны 06-р сарын 18-ны өдөр гэж дүгнэв” гэсэн уг үйлдлийн талаар огт дүгнэлт хийгээгүй буюу У.Б-ыг гэм буруутайд тооцоогүй нь шийтгэх тогтоолоос илэрхий харагдана. У.Б-ыг Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэр гаргуулж улсыг хохироосон гэх энэ үйлдэлд гэм буруутайд тооцоогүй тохиолдолд тэрбээр үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг хийж 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлгүй болох юм.

Учир нь яллагдагч У.Б нь “Д” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хуучнаар О-ын өмчид бүртгэлтэй В-ий нэрэмжит клубийн барилга байгууламжийн цогцолборт хамаарах кино сангийн барилгыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байхдаа тухайн барилгыг бусдын буюу О-ын өмч гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан гэх үйлдэл нь 2014 онд хамаарах ба анхан шатны шүүхээс дээр дурдсан үргэлжилсэн үйлдэлд гэм буруутайд тооцоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бөгөөд энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглээний ноцтой зөрчилд хүргэж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ дээрх асуудалд огт дүгнэлт хийгээгүй болно.

... хэдий хэмжээний хохирол учруулсан, материаллаг хохирол бодитой учруулсан эсэхийг нотолсон баримт прокурорын яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 05-р сарын 16-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор Л клуб, гараашийн барилгуудыг О-ын өмч болохыг баталгаажуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын 1999 оны 12-р сарын 10-ны өдрийн гэрчилгээг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба тогтоолд “Гуравдагч этгээд нь эрхийн зөрчилгүй холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, өөрийн өмчийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэж дүгнэснийг прокурор тухайн хөрөнгө О-ын өмч мөн хэмээн нотлох баримтаар иш татсан байдаг. Дээрх тогтоолоос хойш 2014 оныг хүртэл О нь үнэхээр өмчлөгч байсан бол эрхийн зөрчилгүй нотлох баримтаа бүрдүүлж өмчлөх эрхээ бүртгүүлж, олж аваагүй нь У.Б-ыг буруутгах үндэслэл болохгүй ба Монгол улсад хүчин төгөлдөр хууль тогтоомжоор үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь Улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, баталгааждаг билээ. Өнөөдрийг хүртэл тухайн хөрөнгө О-ын өмч хэмээн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт байхгүй байхад У.Б нь тухайн хөрөнгийг О-аас өмчлөх эрхийг залилж авсан хэмээн ямар нотлох баримтад үндэслэж анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 05-р сарын 16-ны өдрийн .... дүгээр тогтоол нь тухайн хөрөнгө О-ын өмч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр биш юм.

У.Б-ын хувьд удаан хугацаанд эзэмшиж, хөрөнгө оруулсан үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн Л клубийн үйл ажиллагаанд зээл олгосны хариу төлбөрт өөрийн өмчлөлд бүртгүүлснээ тайлбарладаг ба холбогдох баримтыг гаргаж өгсөн. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд О, эсхүл өөр хэн нэгний өмчлөлд бүртгэлгүй байсан нь У.Б хэн нэгний өмчлөх эрхийг залилж аваагүй болохыг илтгэнэ. Улсын бүртгэл хийхэд бүртгэлийн журам зөрчсөн эсэх нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал юм.

О-ын зүгээс өмчлөлийн маргаан байдаг бол иргэний болон захиргааны шүүхээр холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх ёстой тул О-ын өмчлөх эрхийг залилан авсан хэмээн шууд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн болгож дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

2.Давж заалдах шатны шүүхийн ...дүгнэлт нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, хууль хэрэглээний маш буруу практик тогтоох уршиг бүхий дүгнэлт болсон.

2.1.Логикийн хувьд иргэн, хуулийн этгээд эрх ашгаа хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж, тухайн маргааныг хянан шийдвэрлээд гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг У.Б үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн. Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүх нь У.Б-ыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаар шийдвэрээр газрын хэмжээг 748 м2 болгон өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэрийг гаргуулж үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь энэ шийдвэрийг гаргасан шүүгчийг хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн хэрэг болно.

Улмаар эрүүгийн хэргийн шүүх нь иргэн, захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бусдад залилуулж гаргасан шийдвэр буюу залилах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдэл хэмээн дүгнэх нь тус шүүхүүдийн хараат бус байдал, тус шүүхүүдийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд шууд нөлөөлөх буюу үгүйсгэх үр дагаварт хүргэхээр байна.

2.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал дахин нотлохгүй” гэж заасан. Тухайн газар нь О-ын газар биш болохыг Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшигчийг тогтоох тухай” .... дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 14-ний өдрийн .... дугаар шийдвэрээр нэгэнт хөдөлбөргүй тогтоосон.

... У.Б газрын эрх авсан болон “О” ХХК-д газрын хэмжээг шүүхийн шийдвэрийн дагуу нэмж олгосон асуудал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нөхцөл байдал байхад прокурор болон давж заалдах шатны шүүхээс тухайн нөхцөл байдлыг нотлох баримтаар шинжлэн судалж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс өөрөөр дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, У.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1.Шийтгэх тогтоол, магадлалд У.Б-ыг буруутгаж яллах дүгнэлтэд бичсэн үйлдэл, үйл баримт, нотлох баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

У.Б-ыг нэгд О-ын өмчийг залилан мэхэлж авсан, хоёрт төрийн захиргааны байгууллагыг залилж газар эзэмших эрх авсан, гуравт захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргуулж газар эзэмших эрх олж авсан гэж ялласан. Гэтэл шүүхээс “төрийг залилсан”, “захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргуулж залилсан” гэж ялласан үйлдлүүдэд огт дүгнэлт хийгээгүй. Мөн У.Б-ын гаргаж өгсөн, гэм буруугүйгээ нотолсон залилах гэмт хэрэг үйлдэж өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэх хөрөнгө нь анх ямар байдалтай хөрөнгө байсан, хэрхэн засаж сайжруулсан, оруулсан хөрөнгийн хэмжээ, түүний өмчлөлд хэрхэн шилжсэн, “С” ХХК-д зээл олгосон асуудал зэрэг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хохирогчоор тогтоогдсон ..... албаны төлөөлөгч З.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Энэ хэргийн хохирогч нь газрын алба биш юм. Газар эзэмших эрх олгосон захирамжууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ асуудал захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх ёстой” гэсэн байхад шүүх хохирол, хохирогчийн асуудалд тодорхой дүгнэлт хийгээгүй.

Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс У.Б-ыг үндэслэлгүйгээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн.

... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдээс үзвэл залилах гэмт хэргийн үйлдэлд өөр өөр агуулгатай, гэм буруугийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн. Тухайлбал, “С” ХХК-ийг хууль ёсоор төлөөлөх эрхтэй А нь 1995-1997 онд компанийн үйл ажиллагаанд зориулж зээлийн гэрээгээр У.Б-оос 16,000 орчим ам.доллар зээлсэн, тус компанитай байгуулсан түрээсийн гэрээгээр “С” төвийн объектыг У.Б эзэмшиж, ашиглахдаа түрээслүүлэгчийн зөвшөөрснөөр тохижуулсан, тус объектыг түрээслүүлэгч “Ц” XXК-д шилжүүлж, түрээслэгч У.Б-д урьдчилж төлсөн түрээсийн төлбөр, тохижуулалтын зардлыг хохиролд тооцон “С” төвийн барилгаас тусдаа байрлах нурж ашиглалтгүй болсон нэг давхар объектыг У.Б-ын эзэмшилд шилжүүлсэн байдаг. У.Б нь өр төлбөрт тооцон шилжүүлж авсан уг барилгыг сэргээн засварлан ашиглалтад оруулсан төдийгүй хоёр давхар болгон өргөтгөх байдлаар ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Улмаар “С” ХХК-ийн захирал А 2000 оны сүүлээр буцахдаа дээрх зээлийн гэрээний төлбөрт уг барилгыг У.Б-ын өмчлөлд бүрмөсөн шилжүүлсэн. Ийнхүү У.Б 1997 оноос хойш уг барилгыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байхад уг хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн талаар аливаа маргаан гараагүй ба О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С.Ж 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж, “С төв”-ийн барилгын эзэмшил газрыг баталгаажуулахаар 1,06 га газрыг эзэмших хүсэлт гаргасан байна. (Хэргийн 7-р хавтасны 7-22 дугаар хуудас) Дээрх хүсэлтийг гаргахдаа “С төв”-ийн кадастрт У.Б-ын эзэмшиж буй барилга, түүний доорх эзэмшил газрыг оруулаагүй. Өөрөөр хэлбэл, О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “С төв”-ийн барилгын эзэмшил газарт одоо маргаж буй газрыг хамааруулаагүй байна.

Энэ нотлох баримтаас үзвэл С.С.Ж 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр газар Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргаж эзэмшил газраа баталгаажуулснаас хойш У.Б нь тухайн барилгын газрыг эзэмших эрхийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр авсан нь цаг хугацааны хувьд ч “С төв”-ийн газар эзэмших эрхийг зөрчөөгүйн дээр газрын хувьд тус төвийн газартай давхцуулаагүй байдаг. Эзэмшил газартай давхцаагүй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “...Хүсэлт гаргасан газар нь бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаагүй байна” гэсэн шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, бусад этгээдийн буюу “С” ХХК болон О-ын эрхийг хөндөөгүй.

Гэтэл шүүх У.Б-ын гэм буруугийн талаарх дүгнэлт хийхдээ ... зөвхөн нэг талыг барьж, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүх ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж У.Б-ыг үндэслэлгүй шийтгэсэн.

2.Шүүх Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн их хэмжээний хохирол учирсан шинжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Залилах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч хохирол учруулсан байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно” гэж заасан. Гэтэл яллах дүгнэлтэд О-ын өмчийг залилсан гэх атал хохирлын хэмжээг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй, шүүх хуралдаанд энэ талаар ярьж мэтгэлцсэн боловч шийтгэх тогтоолд О-ын өмчид учирсан гэх хохирлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

2002 оны Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар У.Б газар эзэмших хүсэлтээ гаргаж, хуулиар шаардсан баримтыг бүрдүүлж төрийн захиргааны байгууллагад өгч, газар эзэмших эрхийг хуулийн дагуу авсан үйлдлийг төрийн байгууллагыг залилсан, төрд хохирол учруулсан гэж эрүүгийн гэмт хэргээр яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн газар эзэмших эрхийг авахдаа Н албанаас өгсөн нэхэмжлэлийн дагуу газрын дуудлага худалдааны төлбөрийг төлсөн байхад түүний төлсөн төлбөрийг хохирол гэж үзэж, улмаар хохирол төлөгдсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, У.Б-ыг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон байна.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг “О” ХХК-д олгосон. Хуульд нийцүүлэн гаргасан шүүхийн шийдвэр, түүнийг биелүүлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр У.Б залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв шүүхийн шийдвэр хууль бусаар гарсан гэж үзвэл тухайн шийдвэрийн талаар дахин шалгаж баримтаар тогтоогдсон тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэх талаар хуулиар тогтоосон журам холбогдох хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад тусгагдсан байдаг.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, У.Б-ыг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Орхон хяналтын шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: У.Б-д холбогдох хэргийн материалтай танилцахад уг асуудал нь иргэн, захиргааны эрх зүйн харилцаа харагддаг. Хэргийг Авлигатай тэмцэх газраас ч шалгасан. 2018 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар “О” ХХК-д газрыг томсгон олгосон харилцааг У.Б шүүхээр дамжуулж үргэлжилсэн үйлдлээр залилсан гэх хоёр дахь үйлдлийг оруулж ирсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болжээ. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2014 оны үйлдэлд О-аас 2020 онд гомдол гаргахад аль хэдийн дууссан байна. Гэтэл прокурор хөөн хэлэлцэх хугацааг дуусгахгүйн тулд захиргааны шүүхийн шийдвэрээр Засаг дарга газар олгосон харилцааг У.Б үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн.

Прокурор яллах дүгнэлтдээ О-ын өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон 2012 оны Улсын дээд шүүхийн тогтоолыг иш болгосон. Гэтэл тухайн тогтоолоор өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хууль зөрчиж олгосныг хүчингүй болгож, хууль ёсны баримт гаргаж бүртгүүлэх эрх нээлттэй гэсэн дүгнэлт хийснийг О өмчлөх эрхтэй мэтээр иш татаж оруулсныг шүүх баталсан нь харамсалтай. Тухайн газарт эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ хэн нэгэнд олгогдоогүй, өмчлөх эрхийг нотолсон баримт байхгүй. Харин иргэний эрх зүй талаас харвал У.Б хөрөнгө оруулалт хийж, засан сайжруулж, зээлийн өрөнд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан нь залилах гэмт хэргийн шинжгүй юм. Хэрэв өмчлөх эрхийн маргаан байвал иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Нөгөө талаас У.Б өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн харилцааг Авлигатай тэмцэх газраас шалгахад өмчлөх эрхээ нотолсон баримтууд дутуу асуудал байсан бол бүртгэл хийсэн үйлдэл нь Захиргааны ерөнхий хууль болон Улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн эсэхийг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх боломжтой. Гэтэл шүүхэд хандсан, гомдол гаргасан асуудал байхгүй байна. Авлигатай тэмцэх газраас албан тушаалтан ямар нэгэн байдлаар У.Б-той хуйвалдаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрчилгээ гаргаж өгсөн эсэхийг шалгасан ч буруутгасан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.1-д танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нотлох баримтаар дахин шинжлэн судлахгүй гэсэн зохицуулалт бий. Энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргасан шүүгч нар хамт хэрэг үйлдсэн, эсхүл захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эрүүгийн хэргийн шүүх хүчингүй болгодог буруу практик тогтохоор байна. Хэн нэгэн шүүгчтэй хуйвалдаж залилсан гэж оруулж ирсэн яллах дүгнэлт байхгүй. Тэгэхээр Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх, хуульд захирагдах суурь зарчмуудыг ноцтой зөрчжээ. Эцэстээ шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн тус тусдаа эрх зүйн харилцааг прокурор ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг болгон оруулж ирдэг буруу жишиг тогтох гэж буйг анхаарч, хууль ёсны дүгнэлт хийж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд, У.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлэг, өөрийн гэм буруугүйг нотлохоор гаргаж өгсөн баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлын агуулгаас харвал маргаан бүхий Л клубийн кино сангийн барилгад хамаарч буй 748 м2 газар, дээр нь байсан үл хөдлөх хөрөнгө хэний өмчлөлийн хөрөнгө эсэх, О-ын эрх ашиг хэрхэн хөндөгдсөн эсэхэд маргадаг. Үүнтэй холбоотой 1981 оны 262, 230, 1993, 1994 оны тогтоолууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 1994 оны тогтоолоор 1981 оны 262 дугаар тогтоолыг хүчингүй болгосон гэдэг боловч 1981 оны 230 дугаар тогтоол өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Харин 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор газрын Газрын тухай хууль шинээр батлагдаж, гадаад улсын иргэн, аж ахуй нэгж газар өмчлөх, эзэмших, ашиглах зохицуулалт байхгүй учир энэ хуульд нийцүүлэн С хотын захиргаанд газар эзэмших эрх олгох асуудлыг шийдвэрлэх агуулгаар 1981 оны 262 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Нийтэд илэрхий үйл баримт бол 1994 оноос хойш Л клубийн барилгатай холбоотой түрээсийн болон эзэмшил, ашиглалтын олон маргаан үүссэний нэг нь 2012 онд Монгол Улсын дээд шүүхээр шийдвэрлэсэн. 1998 онд О дипломат зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсныг Улсын дээд шүүхээс дипломат зориулалтаар олгосон нь буруу учир холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, зохих журмын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн. У.Б тухайн газарт өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй гэдгийг мэдсээр байж шинээр барьсан мэтээр өөрт ашигтай баримт бүрдүүлж, газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг суурийн хэмжээгээр авсан. Үүнээс хойш газрын гэрчилгээг өөрийн харилцан хамааралтай хүмүүс болох охин, хүү, эхнэр, ээждээ шилжүүлж явсаар хамгийн сүүлд 2018 онд өөрийн эхнэрийн хувьцаа эзэмшдэг “О” ХХК-д шилжүүлсэн. Улмаар 2020 онд эрүүгийн хэрэг үүсээд явах үед У.Б анхны тайлбар, мэдүүлэгтээ “Би энэ газрыг өөрөө аваад “О” ХХК-д шилжүүлсэн, одоо надад хамаагүй” гэдэг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт У.Б өөрөө нэхэмжлэл гаргаад 1996 онд төрөөгүй байсан хүүгийнхээ хамт хоосон газрыг хашаалсан мэтээр нотлох баримт бүрдүүлж өгсөн байдаг. Гэхдээ шүүхийн шийдвэр гарах өдрийн байдлаар газарт хэн нэгэн этгээдийн албан ёсны эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй байгаа учир Газрын тухай хуульд заасан зарчмын дагуу түрүүлж хандсан этгээдэд өгөх нь зүйтэй буюу Нийслэлийн Засаг даргын татгалзал үндэслэлгүй гэдгийг л дүгнэсэн. Иймд У.Б-ын үйлдэл үргэлжилсэн гэж харж байна.

Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс хоёр чухал нотлох баримтуудыг үнэлсэнгүй гэдэг. 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, “С” ХХК-ийн захирал Л.И.А-д их хэмжээний мөнгө зээлсэн учраас зээлийн төлбөрт газрыг өгснөөр миний өмчлөлийн хөрөнгө болсон гэдэг тайлбар нь хэрэгт нотлох баримтууд авагдсаны дараа өөрчлөгдсөн. Газартай холбоотой ямар нэгэн баримтгүй, зөвхөн кадастрын зураг хийлгэж гэрчилгээгээ авсан байдаг. Харин үл хөдлөхтэй холбоотой засварын анхан шатны баримтуудыг өгөөд барилгыг цоо шинээр барьсан гэдэг. Хэрэв У.Б-ын тайлбар үнэн зөв, зээлийн төлбөрт тооцож авсан бол Л.И.А-гаас худалдаж авсан баримт буюу өмчлөгчтэй худалдах, худалдан авах гэрээ хийсэн байх ёстой. Гэтэл байшинг цоо шинээр барьсан мэтээр баримт бүрдүүлсэн байгаад У.Б-ын гэм буруутай үйлдэл байна. 2022 онд нотариатаар батлуулсан 1997 оны гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. 1997 онд байгуулагдсан .... регистрийн дугаартай “С” ХХК-ийн хувийн хэргийг нээлттэй сайтаас харвал 2006 онд байгуулагдсан, С хотод хамааралгүй, Л.И.А-гийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг компани байна. Тэгэхээр 1997 оны гэрээг 2006 онд байгуулагдсан компанитай хэрхэн хийсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ баримтыг хэрэгт ач холбогдолтойгоор үнэлэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаанд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэсэн үг.

О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С.Ж кадастрын зураг хийлгэж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт газар баталгаажуулах хүсэлт гаргахдаа У.Б-ын эзэмшлийн газрыг хассан гэсэн тайлбарыг өгч байна. Энэ хүсэлтийн дагуу ямар нэгэн албан ёсны шийдвэр байхгүй. Гэхдээ 1981 оны 262, 230 дугаар тогтоолын хавсралтад 1,05 га газар дээр одоо маргаж буй 748,07 м2 орсон байгаа. Тэгэхээр газар үнэлэгдээгүй гэх асуудал яригдахгүй гэж үзэж байна.

Анх 2014 онд газрыг цоо шинээр хашаалсан мэтээр кадастр хийлгэхдээ тухайн үеийн дуудлага худалдааны үнэ 5,100,480 төгрөгийг төлсөн. 322 м2 газар авчихсан явж байгаад өөрийн харилцан хамааралтай “О” ХХК-д шилжүүлэхдээ 748,07 м2 болгон ихэсгэсэн. 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ аваад газрын төлбөрийг огт төлөөгүй явж ирсэн. Гэтэл О-аас гомдол гаргаж цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгах явцад буюу яллагдагчаар татагдсаны дараа 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “О” ХХК нь У.Б-ын өмнөөс 56,232,000 төгрөгийн төлбөрийг төлжээ. Газрын үнэлгээг анхны дуудлага худалдааны үнээр гаргасан учир газартай холбоотой хохирлыг төлсөн гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин О-ын өмчлөлийн хөрөнгийг нураачихсан. У.Б засан сайжруулсан гэж байгаа боловч хэдэн төгрөгөөр зассан, одоо хэдэн төгрөгийн үнэлгээтэй болсон талаар нэг ч баримт байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахдаа 650,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Дараа нь “О” ХХК-д 500,000,000 төгрөгөөр зарсан баримт бий. Хохирлыг тусад нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд хохиролд ямар нэгэн гомдол гаргаагүй. Хэрэв У.Б-ын гэм буруутай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хохирлын маргааныг тусад нь шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч У.Б-д холбогдох хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1981 оны “Эдэлбэр газар эзэмшүүлэх тухай” 262 тоот тогтоолоор Улаанбаатар хотод Л-ий нэрэмжит клуб байрлаж байгаа 1,05 га газрыг ЗСБНО-ын Элчин сайдын яаманд үнэ төлбөр, татвар, хураамжгүй, хугацаагүй эзэмшүүлэхийг даалгасны дагуу Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаар тогтоолоор Л-ий нэрэмжит клубт зориулан 1,05 га газрыг олгосон. Тухайн эзэмшил газрыг О нь дипломат зориулалтаар ашиглахгүй болсон тул тус улсын Засгийн газар, С хотын даргын хүсэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Л-ий нэрэмжит клубийн барилга, байгууламжийг С хотын мэдэлд шилжүүлэн, тус клубийн эзэмшилд олгосон 1,05 га газрын эзэмшигчийг тогтоох асуудлыг зохих хууль тогтоомжид заасны дагуу Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй хэмээгээд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 262 тоот тогтоолыг хүчингүй болгосон. О-аас Л клубийн барилгын өмчлөх эрхээ баталгаажуулахаар 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “дипломат” зориулалтаар өмчлөх тухай хүсэлт гаргаж, 1,05 га газарт орших Л клуб, гараашуудын барилгуудыг улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгүүлж,  26008/Д дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байсан. Гэхдээ тус клубийн барилга, байгууламжийн доорх болон орчны газрыг эзэмших хүсэлтийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлээгүй байсан болох нь “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээс тодорхой харагдаж байна.

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр тогтоолд “Гуравдагч этгээд нь эрхийн зөрчилгүй холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, өөрийн өмчийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэжээ.

Шүүгдэгч У.Б нь дээрх бодит нөхцөл байдлыг мэдсээр байж, далимдуулан бодит байдлыг нуух замаар О-ын өмчид бүртгэлтэй Л клубийн өмчлөлийн барилга байгууламжийн цогцолборт хамаарах кино сангийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан мэтээр баримт бүрдүүлэн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн суурийн хэмжээгээр буюу 322 м2 хэмжээтэй газар эзэмших эрхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гэрчилгээ, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 644 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “Д” ХХК-ийн нэр дээр гаргуулсан. Улмаар газрын хэмжээг 426 м2 болгон нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “... 1996 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Ж-ий гудамж, хуучнаар Л клубийн урд 748,07 м2 талбай бүхий бусдын эзэмшил газартай давхцалгүй, хоосон газрыг өөрсдийн хүч, хөрөнгөөр тохижуулж хашаалсан байсан...” гэсэн худал тайлбар гаргаж, улмаар шүүхээс .... дугаар шийдвэрээр талбайн хэмжээг нэмэгдүүлж “О” ХХК-д эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэр гарч, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжаар “О” ХХК-д олгогдсон хэргийн үйл баримт нотлогджээ. Шүүхийн шийдвэрээс үзэхэд тухайн газар О-ын эзэмшилд байгаагүй талаар огт дүгнэлт хийгээгүй. Харин шүүхийн шийдвэрийн 8-9 дүгээр хуудаст тухайн газрыг “...нэхэмжлэгчийн 1996 оноос хашаалж хамгаалан үйл ажиллагаа явуулсан уг газрыг хүсэлт гаргасан хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмшүүлж шийдвэрлэх боломжтой...” гэсэн дүгнэлт хийгдсэн байгаа нь харагдаж байна.

Л клубийн кино сангийн барилга нурж байхгүй болсон учир барилгын үнэлгээ, бодит үнэ цэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох боломжгүй бөгөөд эзэмшил газартай холбоотой Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын тогтоосон “Д” ХХК-д олгогдсон 322 м2 болон “О” олгогдсон 426 м2 газрын анхны дуудлага худалдааны үнэлгээгээр гэмт хэргийн хохирлын хэмжээг тодорхойлсон нь үндэслэлтэй.

Шүүгдэгч У.Б-ын үйлдэл нь “баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэсэн залилах гэмт хэргийн үндсэн шинж болон “их хэмжээний хохирол учруулсан” гэсэн хүндрүүлэх шинжийг хангасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу тодорхой цаг хугацааны дотор үргэлжилж, төгссөн байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна. Прокуророос У.Б-ыг буруутгасан яллах дүгнэлтийн хэргийн үйлдлээс заримыг хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 14-20 дугаар хуудаст мөн адил У.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тухай дүгнэлт хийгджээ.

Шүүгдэгч У.Б нь Л клубийн барилга, байгууламжийг “С” ХХК-ийн захирал Л.И.А гэж хүнээс зээлийн төлбөрт авсан гэж хэрэгт гаргаж өгсөн 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээний баримт нь О өөрийн өмчлөлийн Л клубийн барилга, байгууламжаас У.Б-д шилжүүлсэн агуулгагүй, прокуророос буруутгаж, хоёр шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг үгүйсгэх нотолгооны ач холбогдолгүй, эх сурвалжийг магадлах боломжгүй буюу тус гэрээний дагуу өр төлбөр бий болсон эсэх нь тодорхой бус, шалгаж тогтоох боломжгүй үйл баримт юм.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой У.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр танилцаж, яллагдагчаар татагдсан байх ба 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцон худал тайлбарыг гаргасан үйлдлээр төгсөж, улмаар шүүхээс газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн “О” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгасан, шүүгдэгч У.Б-ын үйлдлийн үр дагавар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамж гарснаар бий болсон байна. Шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тоологдох 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав нарын гаргасан гомдлыг үндэслэн холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос У.Б-ыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байсан Л-ий нэрэмжит клубийн кино сангийн барилгыг О-ын өмч болохыг мэдсээр байж өөрийн компанийн хөрөнгөөр шинээр барьсан мэтээр баримт бүрдүүлэн Н алба болон .... газарт гаргаж, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 322 м2 хэмжээтэй газар эзэмших гэрээг байгуулан, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгүүлэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 322 м2 газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд оролцон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаар шийдвэрээр газрын хэмжээг 748 м2 болгон өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ... дугаар захирамжаар “О” ХХК-д 748 м2 газрыг олгуулсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хоёр шатны шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч У.Б-ыг залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцон хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

2.Шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй, энэхүү шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

3.Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэхэд хохирогчийн эд хөрөнгө, эрхийг шилжүүлж авсан арга нь чухал ач холбогдолтой. Залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд өмчлөгч, эзэмшигчийг үгээр болон үйлдлээр хуурч мэхлэх арга хэрэглэсэн шинжтэй байх бөгөөд хохирогч тухайн үйл явдлыг бодитой, биелэгдэх боломжтой хэмээн итгэж найдан төөрөгдөлд орсны улмаас эд хөрөнгө, түүний эрхээ сайн дурын үндсэн дээр гэмт этгээдэд шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой. Гэмт санаа, зорилго нь ихэвчлэн урьдаас төлөвлөсөн байх боловч хохирогчийн эд хөрөнгийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр түр шилжүүлж авсны дараа буцаан өгөхгүй гэсэн санаа, зорилго хожим төрсөн байж болно.

Хуурамч баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух, эсхүл зохиомол байдлыг бий болгох замаар төрийн үйлчилгээг хууль бусаар авсан тохиолдлыг залилах гэмт хэрэг гэж үзэхдээ төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй албан тушаалтан гэмт этгээдийн үйл ажиллагаанд төөрөлдсөн, хууртагдсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч хуульд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлсэн боловч гэмт этгээдийн гаргасан өргөдөл, хүсэлт, гомдол, түүнд хавсаргасан баримт бичгүүд худал хуурмаг болохыг мэдэх боломжгүй нөхцөл байдалд шийдвэр гаргасан бол төрийн байгууллагыг залилж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх олж авсан гэж үзнэ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/138 дугаар шинжээчийн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8/3717 тоот албан бичиг болон гэрч Б.А-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлахад Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн .... дүгээр захирамжаар “Д” ХХК-д 322 м2 газар эзэмшүүлэхдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын зарчмыг зөрчиж шинээр газар олгогдсон, үл хөдлөх эд хөрөнгө анх бий болсон, эзэмших эрх хэрхэн үүссэн талаарх нотлох баримт бүрдээгүй байхад улсын бүртгэл хийгдсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Гэтэл хоёр шатны шүүхээс шүүгдэгч У.Б нь газар эзэмших эрхийг төрийн үйлчилгээг залилах аргаар олж авсан уу, эсхүл төрийн албан хаагчид хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой юу гэдэг асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

4.Шүүгдэгч У.Б нь Л-ий нэрэмжит клубийн цогцолборт хамаарах барилгыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байхдаа О-ын өмч гэдгийг мэдсээр байж өөрийн хөрөнгөөр шинээр барьж байгуулсан гэж баримт бүрдүүлэн газар эзэмших эрх олж авч улсад их хэмжээний хохирол учруулсан гэх прокурорын яллах дүгнэлтээс үзэхэд энэ хэргийн хохирогч хэн болох нь тодорхойгүй, эргэлзээтэй байна.

Хэрэв О-ын өмчийг залилж авсан гэж үзвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гарал үүсэл, үндсэн хийц, загвар, элэгдэл, хорогдол, хөрөнгө оруулалт, зах зээлийн үнэлгээ гэх зэрэг тухайн хөрөнгийн нэг бүрийн шинжийг тодорхойлоогүй, хохирлын хэмжээг газрын зах зээлийн үнэлгээгээр бус дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлбөрийн хэмжээгээр баримжаалан тогтоосон нь бодитой биш, мөн бусдын барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан мэтээр баримт бүрдүүлсэн бол өөр гэмт хэргийн, тухайлбал: хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй байхыг үгүйсгэхгүй боловч Н албанд гаргасан баримтуудыг батлах, эсхүл үгүйсгэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх тул шүүгдэгч У.Б-ын үйлдэлд энэ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

5.Аливаа хэрэг, маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг тусгай, нарийвчлан зохицуулсан хуулийг удирдлага болгон явуулах бөгөөд тухайн хуулиар хэрэг хянан шийдвэрлэх зорилго, зарчим, үндэслэл, журмыг тогтоон, уг ажиллагаанд оролцогч болон хэрэгжүүлэгчдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон заасан байдаг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь шүүх өөрөө нотлох үүргийг хэрэгжүүлэх зарчимтай. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрөө цуглуулах, үнэлэх, хэргийн оролцогчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах үүрэг хүлээсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос худал мэдүүлэг, тайлбар, хуурамч нотлох баримт гаргасан тохиолдолд уг үйлдлийг залилах гэмт хэрэг бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын эсрэг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт хуульчилсан ба тухайн нотлох баримтад үндэслэн гарсан шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянаж хүчингүй болгох хуулиар тогтоосон журамтай.

Гэтэл шүүгдэгч У.Б-ын газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмших хүсэлтийг газрын алба шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан хэмжээгээр нэмэгдүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаар шийдвэртэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийн шинжтэй ямар үйлдэл гарсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байхад залилах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдэл хэмээн дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

6.Иймд хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтооход шаардагдах нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангуулсны эцэст гэм буруугийн талаар шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөх боломж, нөхцөл бүрдэх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгохоор тогтов.

7.Хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав нарын “... хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэх агуулга бүхий гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1045 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 187 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл шүүгдэгч У.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧИД                                                    Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 Ч.ХОСБАЯР