Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 115/ШШ2017/0019

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт орших, регистрийн дугаартай, “ГФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс /тус комиссыг зохион байгуулж ажиллуулах эрх бүхий этгээд болох Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар/-т  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байршилтай, иргэн Э.А-ын, үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгыг  ашиглалтад оруулсан улсын комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ГФ” ХХК-ийг төлөөлж тус хуулийн этгээдийн захирал М.Б, хариуцагч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг төлөөлж Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Гф” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус хуулийн этгээдийн захирлын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах иргэн Э.А-ын үйлчилгээтэй, 65 айлын орон сууцны барилгыг 2014 оны 06 дугаар сарын 20-ноос 2015 оны 08 дугаар сарын 25 хүртэл барьж үндсэн, ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Барилгын ажил дуусаж улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байтал “Гс” ХХК нь төлөх ёстой төлбөр тооцоог өгч барагдуулахгүй гэсэн үндсэн дээр бидэнд мэдэгдэлгүй “Им” ХХК-иар хуурамч баталгаа, дүгнэлт гаргуулан холбогдох бичиг баримтын бүрдэлгүйгээр Үүнд: Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасанчлан барилгын ажилтай холбоотой техникийн баримт бичгүүд болох ил, далд ажлын актууд, холбогдох зургууд, талбайн журналууд байхгүй байхад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр холбогдох мэргэжлийн байгууллагуудыг байлцуулан улсын комиссыг ажиллуулсан боловч тухайн үед ажиллаж байсан улсын комиссын дарга Г.Б нь комиссын актад гарын үсэг зурахаас татгалзаж, Барилгын тухай хууль болон барилгатай холбоотой бусад эрх зүйн актуудыг зөрчсөн учраас зурахгүй гээд зураагүй. Үүний дагуу гурван шатны шүүх хурал явагдаад гурван шатны шүүх гарын үсэг зурж баталгаажуулахгүй байгаа нь зөв, “Им” компани нь барилгын ажил  гүйцэтгээгүй байж гарын үсэг зуруулах гээд байгаа нь буруу гэж үзэж гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл улсын комиссын дарга нь  гарын үсгээ зурж, тухайн актыг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дугаар олгон баталгаажуулсан байна. 

Барилгын тухай  хууль дүрэм баримтлаагүй, гүйцэтгэгч компани баталгаа дүгнэлт гаргаж, улсын архивт холбогдох материалыг манай компани гаргаж өгөөгүй байхад гарын үсэг зурж тамгаа дарсан байсан. Өөрөөр хэлбэл үндсэн ажил хийсэн компани нь байсаар байтал юу ч хийгээгүй компаниар баталгаа дүгнэлт хуурамчаар гаргуулаад улсын комисс ажиллуулж актыг баталгаажуулснаар  манай компаний эрх, ашиг маш их хөндөгдсөн зөрчигдсөн. Манай компани 2015 оны 08 сарын 15-ныг хүртэл гүйцэтгэлийн ажлыг хийж байсан. Гэтэл “Им”  ХХК буюу Солонгосчууд 1 сарын өмнө ирсэн. Манайх давхарын ажлаа хийж байхад зоорин давхарт солонгосчууд байрлаад замаск хийж байсан. Манайхыг ажиллах байх үед өөр компанийг оруулж ирсэн. Манай гэрээний дүнгээр 32 сая төгрөгний ажил хийх үлдсэн байсан гэж захиалагч Э.А-т танилцуулсан. Бид цалингүй ч гэсэн байраа барьцаанд тавиад эдний ажлыг хийж байсан. Зоорийн давхарт ажил хийх компани хүрээд ирэхээр нь ажилчдаа хичнээн сараар цалингүй байлгаад яах уу, байр хоолны мөнгө хэцүү учраас үүнийгээ хэлээд явсан. Гэрээгээ дүгнэх боломж бидэнд  олгоогүй. Ажил хаяж явсан зүйл бидэнд байхгүй. Хийгдээгүй ажлын тоо хэмжээ гээд нарийвчилан гаргаж өгсөн байгаа. “Им” ХХК-тай 2015 оны 2 сард гэрээ хийснийг нь би тухайн үед мэдээгүй. “Гс” ХХК нь  анхнаасаа төлөвлөгөөтэй байсан байна. Гүйцэтгэлийн үлдсэн мөнгийг нь өгөхгүй байж байгаад “Им”-тай гэрээ байгуулая гэсэн байна. Цагдаагийн газрын албан бичигт манай компаниас алдсан юмыг эднийх алдсан мэтээр бичсэн байсан. 

Бид энэ тухайгаа Дорноговь аймгийн Засаг даргад удаа дараа мэдэгдэж гомдол гаргаж байсан боловч аймгийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 13-нд 7-809 тоот албан бичгээр тухайн актыг хүчингүй болгуулах талаарх гомдлоо холбогдох захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Бидний хувьд хууль дүрэм зөрчсөн актыг хүчингүй болгуулаад улсын комиссыг шинээр  ажиллуулах хүсэлтэй байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт баригдсан, иргэн Э.А-ын үйлчилгээний төвтэй, 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад хүлээн авах улсын комиссын актыг хууль бусаар баталгаажуулсан гэж үзэж байгаа тул уг хууль бус үйлдлийг тогтоож  Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын  2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын шүүхэд бичгээр ирүүлсэн болон тус комиссыг төлөөлж Ц.О-ны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт баригдсан, 65 айлын орон сууцны барилгад комисс ажиллуулах тухай 2015  оны 8, 11 дүгээр сард ирүүлсэн хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Замын-Үүд сумын хотын захирагчийн албаны албан тоот, нэмэгдсэн давхарын план зураг, захиалагч, гүйцэтгэгч, зохиогчийн хамтарсан дотоодын хяналтын дүгнэлт зэргийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сард барилга ашиглалтад хүлээн авах комисс зохион байгуулж ажиллуулсан. Барилгыг ашиглалтад хүлээн авах комисс ажиллах үед барилгын холбогдох баримт бичиг захиалагчид байсан ба тус орон сууц нь зураг төслийнхөө дагуу бүрэн баригдаж дууссан байсан. Тус орон сууцны барилгад комисс ажиллаж үүрэг даалгавар биелүүлэх хугацаанд “Гф” ХХК нь манайх тус барилгад үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байхад өөр гүйцэтгэгч оролцуулж комисс ажилласан тухай гомдол ирүүлсний улмаас тухайн комиссын актыг манай газраас 2015 ондоо баталгаажуулаагүй.

Гэтэл 2016 оны 9 дүгээр сард тус орон сууцанд захиалга өгсөн иргэд болон “Гс” ХХК-ийн захирлаас аймгийн Засаг даргад уг орон сууцыг ашиглалтад хүлээн авах комиссын актыг баталгаажуулахгүй удаашруулж, уг орон сууцанд захиалга өгсөн иргэдийн эрх, ашиг зөрчигдөж байгаа талаар гомдол гаргасны улмаас аймгийн Засаг дарга уг асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авах талаар үүрэг өгсний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 15-нд актыг баталгаажуулж өгсөн байгаа.

Энэ маргааны хувьд хамгийн гол асуудал нь “Гф” ХХК  болон “Гс”  компаний хоорондын асуудлаас болоод төрийн байгууллага хүнд суртал үзүүлэх боломжгүй гэдэг үүднээс манайх энэ актыг баталгаажуулсан. Засгийн газрын 2012 оны 151 дугаар тогтоолоор барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авах дүрэм батлагдсан үүнтэй холбогдуулан манай байгууллагаас улсын комисс ажлаад өмнө нь манай байгууллагыг гарын үсэг зураагүй гэдгээр 3 шатны шүүх хурал болсон. Тэр улсын комиссын актаас болоод орон сууцанд захиалга өгөөд, урьдчилгаа төлсөн иргэдийн эрх ашиг хөндөгдөөд орон сууцанд орох боломжгүй болсон. Төрийн байгууллагын үндсэн чиг үүрэг нь иргэдэд хүнд сурталгүй, үйлчилгээ үзүүлэх гэдэг төрийн албаны зарчмыг үндэслэл болгоод бид актад гарын үсэг зурсан байгаа. 

Улсын комиссын актыг хүчингүй болгосноороо энэ компаний ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа юм бэ? Гэрээнийхээ асуудлыг иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлээчээ гэсэн тайлбар гаргаж байна. Иймээс нэхэмжлэлийг шаардлагыг хангах боломжгүй, хамгийн гол нь орон сууцанд орсон ирэдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэдгийг хэлмээр байна. Харин тухайн барилгын дутуу бичиг баримтуудыг нөхөн бүрдүүлэлтийн замаар шийдвэрлэх боломжтой байх гэв.

Гуравдагч этгээд “Гс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: “Гс” ХХК нь иргэн Э.А-тай хамтран ажиллаж сум, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд өөрийн хувь нэмрийг оруулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багин нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.

Улсын комиссын акт зурагдсан үйл байдлаас шалтгаалж нэхэмжлэгч компанийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, ашиг хөндөгдсөн эсэх, яаж сэргээх талаар шүүхэд хэрхэн хандсан нь нэхэмжлэлд дурдагдаагүй төдийгүй ойлгомжгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-д заасан “...захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” байдал тодорхойгүй байхад шүүгч тус хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, 53.4-т заасныг зөрчиж захиргааны хэрэг үүсгэсэн үйл байдал нь хууль зөрчсөн байна.

Тухайн баригдсан орон сууц нь чанар, стандартын шаардлагыг бүрэн хангасан талаар улсын комиссын  дүгнэлтэд тусгагдсан, орон сууцанд захиалга өгсөн айл, өрхүүд захиалсан байрандаа орж амьдарч байгаа нь хэний эрх, ашгийг ямар байдлаар шалтгаалж зөрчсөн нь тодорхойгүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч тал хэрхэн хохирсон гээд байгаа бол хохирсонтой холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгааг шүүх анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинж чанартай байдаг ба нэхэмжлэл хангагдсанаар ямар үр дүнд хүрэх нь ойлгомжгүй төдийгүй нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаатай холбоотой юм. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээд болох “Гс” ХХК-иас авлагатай гэдэг ба энэ нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” 01 тоот гэрээний агуулга буюу иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан гэдэг нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч компани нь санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг  хамтдаа даван туулахын оронд хийж байсан ажлаа гүйцэтгэлгүй хаяж ажилтнуудаа эргүүлэн татсан байдаг бөгөөд  энэ талаар 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын захирал тодорхой хэлж хүлээн зөвшөөрсөн байдаг. Бид 65 айлын захиалга авсан итгэлийг нь алдахгүйн тулд үргэлжлүүлэн барилга барихаас өөр аргагүйд хүрч өөр компаниар барилгын ажил хийлгэсэн.

Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохын сацуу эдийн засгийн бололцоогүйн улмаас  2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй учир миний эзгүйд шүүх хуралдааныг хийхэд  татгалзах зүйлгүй болно гэжээ. 

Гуравдагч этгээд иргэн Э.А-ын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: Э.А би, “Гс” ХХК-д өөрийн газар дээр барилга барихыг зөвшөөрч хамтран ажилласан ба уг барилгын хувьд захиалагчаар биш харин тус суманд амьдардаг тул уг компанийн хүсэлтээр тухайн орон нутагт байрлах байгууллагууд руу албан бичиг явуулах, сум орон нутгаас шалтгаалах болон шаардлагатай  материал техникээр хариуцан  түргэн шуурхай явуулах ажлыг хариуцдаг байсан болно.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах маргааны объект болж байгаа барилгатай миний бие ямар нэгэн холбоогүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/93 дугаар захирамжаар байгуулагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах  комисс, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актаар  тус аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт баригдсан иргэн Э.А-ын, үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын комиссын дээрх актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...барилга байгууламжийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтыг дутуу, хуурамчаар бүрдүүлсэн байхад тухайн барилгыг ашиглалтад хүлээн авах комиссын актыг баталгаажуулсан нь Барилгын тухай хууль болоод манай компанийн эрхийг зөрчсөн...” гэж, хариуцагч нь тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзлын үндэслэлээ “...барилга байгууламжийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдэл дутуу  ч уг актыг хүчингүй болгосноор тухайн байранд захиалга өгсөн иргэдийн эрх ашиг хөндөгдөх учир холбогдох бичиг баримтуудыг нөхөн бүрдүүлэх замаар тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой...” хэмээн маргаж байна.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д зааснаар шинээр барьсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах тохиолдолд тухайн барилгын захиалагч нь барилгыг ашиглалтад оруулах тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргах бөгөөд уг хүсэлтдээ мөн зүйлийн 48.5.1-48.5.7-д заасан  барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл; барилгын ажлын ил, далд ажлын акт; зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт; захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт; барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл; барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл; тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт зэрэг баримт бичгүүдийг хавсарган хүргүүлэхийн зэрэгцээ эдгээр баримт бичгийн үнэн, зөвийг ч мөн өөрөө хариуцахыг тухайн этгээдэд мөн хуулийн 48.8-д зааснаар үүрэг болгожээ.

 Мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулахад захиалагчаас бүрдүүлсэн байх шаардлагатай бичиг, баримт болон холбогдох материалын нарийвчилсан жагсаалтыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.5-д буюу уг тушаалын 4 дүгээр хавсралтын “Б”-д тусгайлан заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиалагчаас ирүүлсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай хүсэлтийг хүлээн авсан эрх бүхий байгууллага, тухайн хүсэлт болон холбогдох бичиг баримтуудыг хянаад хуульд заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд ашиглалтад оруулах комисс ажиллуулах, харин Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.7-д заасан тохиолдолд тодруулбал: мөн хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй; захиалагч тал, эрх бүхий байгууллагаас техникийн улсын хяналт шалгалт хийхэд саад учруулсан; мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн эдгээр тохиолдлуудад тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзахаар заасан байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Гс” ХХК-иас аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад  2016.09.15-ны өдрийн 23 тоот албан бичгээр гаргасан “...улсын комиссын актыг баталгаажуулаагүйн улмаас компанийн эдийн засаг санхүүгийн байдал доройтсон улмаар захиалга өгсөн иргэдийн эрх, ашиг хөндөгдөж байгааг дурдаад дахин улсын комисс томилон ажиллуулахад  цаг хугацаа, эдийн засгийн байдал хүндрэлтэй учир өмнө нь ажилласан комиссын актыг баталгаажуулж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт , аймгийн Засаг даргаас аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн 2016.09.15-ны өдрийн 1/1343 тоот албан бичиг , аймгийн Архивын сан хөмрөгт хүлээн авсан тухайн барилгын зураг төсөл, техникийн баримт бичгийн жагсаалт , “Им” ХХК-ийн гаргасан “Барилга байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас гаргасан баталгаа” , “...барилгын захиалагч, зохиогч, гүйцэтгэгчийн хамтарсан техникийн болон чанарын дүгнэлт” , “ГФ” ХХК-иас аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2015.11.18-ны өдрийн 1/24 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлт , нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Барилгын тухай  хууль дүрэм баримтлаагүй, гүйцэтгэгч компани баталгаа дүгнэлт гаргаж, улсын архивт холбогдох материалыг манай компани гаргаж өгөөгүй байхад гарын үсэг зурж тамгаа дарсан байсан. Өөрөөр хэлбэл үндсэн ажил хийсэн компани нь байсаар байтал юу ч хийгээгүй компаниар баталгаа дүгнэлт хуурамчаар гаргуулаад улсын комисс ажиллуулж актыг баталгаажуулсан...”   гэх тайлбар, тухайн үед комиссын даргаар ажиллаж байсан гэрч Г.Б “...өмнө нь шүүхийн шийдвэр гарснаас хойш “Гс” ХХК-ийн захирал ирж уулзаад...танай байгууллагын нэхээд байгаа 3 жилийн баталгаа болон дутуу бичиг баримтуудыг бүрдүүлж өгье, комиссын актад гарын үсэг зураад өгөөч гэсэн хүсэлтийг биечлэн тавьсан. Манай байгууллагын зүгээс боломжгүй гэсэн хариуг өгсөн бөгөөд  үүний дараа аймгийн Засаг дарга дуудаж уулзаад тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэ гэж амаар болон бичгээр үүрэг чиглэл өгсөний дагуу комисс хуралдаж, дутуу материалын бүрдлийг хангаж авах талаар “Гс” ХХК-тай тохиролцож улмаар комиссын актыг баталгаажуулж өгсөн. Дутуу материалаа бүрдүүлж өгсөн эсэхийг би мэдэхгүй. Тухайн үед комисс хуралдахад тэмдэглэл хөтлөгдөөгүй...”  гэх, мөн гэрч Ч.Ч-ийн “Гс” ХХК нь анх 2015 оны өвөл барилга байгууламжийн баримт бичгээ архивт өгөхөөр авчирсан бөгөөд архивт хүлээн авах шаардлагыг хангаагүй бүрдэл дутуу байсан учраас хүлээн авалгүй буцаасан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн Э.А тус компанийн 6 хавтас хадгаламжийн нэгжийг архивт хүлээлгэн өгсөн, ...Э.А-ын бүрдүүлж өгсөн баримтад комиссын хурлын тэмдэглэл байгаагүй,... дутуу баримтуудаа бүрдүүлж өгөхийг Э.А-аас шаардсан боловч одоог хүртэл бүрдүүлж өгөөгүй байна...” гэх мэдүүлэг  зэргээс тус тус үзэхэд “Гс” ХХК нь уг барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бүрдүүлсэн байвал зохих хуульд заасан бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлж өгөөгүй нь ийнхүү тогтоогдож байх ба тэрээр тухайн баримтуудын үнэн, зөвийг хариуцах үүргээ ч мөн зохих ёсоор биелүүлээгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “Барилгын ажил гүйцэтгэгч” гэж захиалагчтай гэрээ байгуулсаны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг; 4.1.11-д “Барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг; 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараах чиг үүрэгтэй”, 40.1.9-д “барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх” гэж тус тус зааснаас үзэхэд барилгын ажлын гүйцэтгэгч нь захиалагчтай гэрээ байгуулсан, барилгын ажил гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд байхын зэрэгцээ тухайн барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэсэн этгээд байхаар байна.

Хэрэгт авагдсан “Гс” ХХК, “Гф” ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” , ”Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл” , Барилгын ажлын гүйцэтгэлийн тайлангууд , “Гф” ХХК-иас “Гс” ХХК-д 2015.08.16-ны өдрийн 1/26 тоот албан бичгээр хүргүүлсэн “Барилгын ажлын явцын талаарх дүгнэлт”  зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Гф” ХХК нь тухайн 65 айлын орон сууцны барилгын суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээврийн ажлуудыг бие даан хийж гүйцэтгэсэн  ерөнхий гүйцэтгэгч болох нь тогтоогдож байна.

Харин захиалагч “Гс” ХХК-ийн хүсэлтдээ хавсаргасан  бичиг баримтад тухайн барилгын гүйцэтгэгчээр ажилласнаар тодорхойлогдож улмаар гүйцэтгэгчээс гаргавал зохих баталгаа, дүгнэлтийг гаргасан “Им” ХХК нь хэдийгээр захиалагчтай гэрээ байгуулсаны үндсэн дээр тухайн барилгын зарим ажлыг хийж гүйцэтгэсэн этгээд байх боловч тэрээр гүйцэтгэгчийн хийвэл зохих Барилгын тухай хуулийн 40.1.9-д заасан барилга байгууламжийн  суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэсэн этгээд бус зөвхөн мөн хуулийн 4.1.25-д заасан гадна тохижилтын ажил болон ерөнхий гүйцэтгэгчийн хийж амжаагүй зарим ажлыг туслан гүйцэтгэх замаар хийж дуусгасан этгээд болох нь захиалагч “Гс” ХХК, “Им” ХХК-иудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан №01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.1-д “...дотор заслын ажил, сууцны барилгын дараах ажил: Үүнд плита, чулуу, замаск, обой, паркет, хаалга, дүүжин тааз, гадна зам цутгалт, будаг /босоо шугам, шатны бариул/ хэмээн тухайн этгээдийн гүйцэтгэх ажлыг нэрлэн заасан  байгаагаас  тодорхой харагдаж байна. 

Дээр дурдсанаар тухайн барилга байгууламжийн гүйцэтгэгч нь “Им” ХХК бус, нэхэмжлэгч “ГФ” ХХК болох нь тогтоогдож байх ба энэ тохиолодолд  захиалагчаас хүсэлтдээ хавсаргасан бөгөөд “Им” ХХК-иар гаргуулан авсан  “Барилга, байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас гаргасан баталгаа”  болон тус компанитай хамтран гаргасан “...барилгын ажлын захиалагч, зохиогч, гүйцэтгэгчийн хамтарсан техникийн болон чанарын дүгнэлт”  зэрэг баримтууд нь үнэн, зөв баримт бичиг гэж үзэх боломжгүй бөгөөд эдгээр баримтуудын үнэн, зөв байхын үр дагавар, ач холбогдол нь мөн дараах байдлаар тайлбарлагдана.

Учир нь барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш барилгын хийц, бүтээц, эдэлхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хуулиар тогтоосон хугацаанд захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нар нь тус тус Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.14, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.8-д зааснаар өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас учирсан хохирлыг  өөрсдөө хариуцах үүрэгтэй байна. Гэтэл захиалагчаас хүсэлтдээ хавсарган хүргүүлсэн бичиг баримтад “Им” ХХК нь тус барилгын гүйцэтгэгчээр баталгаа гаргасан байдаг ч тэрээр уг барилгын суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээвэр зэргийг нэгэнт хийж гүйцэтгээгүй тул эдгээртэй холбоотой гарсан хохирлын тухайд уг этгээдэд холбогдуулах,  өөрөөр хэлбэл “Им” ХХК-ийн өөрийнх нь буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирол гэж үзэх хууль зүйн  боломжгүй  юм. Эндээс үзэхэд  тухайн барилгын бичиг баримтыг үнэн, зөв бүрдүүлээгүйн үр дагавар нь тухайн барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээвэртэй холбоотой гарсан хохирлыг  хариуцах этгээд тодорхойгүй болох нөхцөл бүрдэж байна.

Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон “Гс” ХХК  нь  нэхэмжлэгч “ГФ” ХХК-ийг тухайн барилгын гүйцэтгэгч биш хэмээн маргаагүй боловч тэрээр шүүхэд  “...улсын комиссын акт зурагдсан үйл байдлаас шалтгаалж нэхэмжлэгч компанийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, ашиг хөндөгдсөн эсэх, яаж сэргээх нь...тодорхойгүй...” гэх тайлбар гаргасантай нь холбогдуулан дүгнэхэд тухайн актын улмаас нэхэмжлэгч “Гф” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнтэй холбогдуулан эрх бүхий этгээдэд холбогдох баталгаа, дүгнэлт гарган өгч барилгын салбарын үйл ажиллагаанд эрх, тэгш, бие даан оролцох хууль ёсных нь  ашиг сонирхол хөндөгдсөн нь  тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.1-д заасан тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах  “энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй” үндэслэл байсаар атал хуульд заасан эрхээ хэрэгжүүлэлгүйгээр тухайн барилгыг шууд ашиглалтад оруулахаар шийдвэрлэж Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг  баталгаажуулсан нь Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг болон барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах шаардлагатай мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах” зарчмыг зөрчсөн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн барилгын салбарын үйл ажиллагаанд эрх, тэгш, бие даан оролцох хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Гуравдагч этгээд “Гс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй улмаар өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдсэн, гуравдагч этгээд Э.А-т шүүх хуралдааныг товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчээс эдгээр оролцогчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар тэдгээрийг оролцуулалгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тухайн хэргийг хянан хэлэлцсэн  болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 48 дугаар зүйлийн 48.7, 48.7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГФ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СИЙЛЭГМАА