Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0301

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2019/0493

Улаанбаатар хот

“Э г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                      

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Э г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Г.Г, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Б.Ц нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 33 дугаар зүйлийн 33.2.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э г” ХХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч М.Ц, Г.Г нарын бичсэн, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ц-ийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200000904 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...“Э г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Г.Г, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ц нарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож байна.

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд:

Нэг. Орхон аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч М.Ц, Г.Г нар Төв аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/424 тоот албан бичгийн дагуу манай компанийн татвар, ногдуулалт төлөлтийн байдалд 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл татварын хяналт, шалгалт хийсэн.

Улмаар манай компанийг татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 2.313.755.644.2 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр татварын байцаагч нар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20000904 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, Орхон аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн. Орхон аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 5/207 тоот прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан гэж үзэж татварын улсын байцаагч нар дүгнэлт бичсэн нь үндэслэлгүй байна.

Манай компани 2014 онд Улаанбаатар хотын 100 айлын барилгын материалын дэлгүүрийн барилгачингийн замын эсрэг талын дэлгүүрээс орон сууцны бараа материал худалдан авсан. Бараа материал худалдан авахад НӨАТ- тай бараа материал зарж байгаа, дараа нь утсаар ярихад би явуулаад байна гэсэн. Улмаар 2014 оны зун, намар уг дэлгүүр рүү залгаад бараа материал авдаг байсан. 2014 оны сүүлээр над руу хот хоорондын таксигаар НӨАТ-ын бичигтэй, тамга тэмдэгтэй падаан ирсэн. Уг падааныг тайландаа тусгасан. Манай компани “А Н” ХХК-аас хий падаан бичүүлж аваагүй. “А Н” ХХК-ийг хий падаан бичсэнийг манай компани мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

“А Н” ХХК нь хий бичилттэй падаан бичсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд манай компанид 14 ширхэг падаанаар барилгын материал худалдсан гэж бичсэнийг манай компани татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй талаараа үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Дээрх дүгнэлт нь 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20000904 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0305014 тоот хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар 173.531.673.30 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл шийтгэл оногдуулах болсон үндэслэл нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20000904 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт бөгөөд дүгнэлтэд “Э г” ХХК-ийг татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэж дүгнэсэн нь шийтгэл оногдуулах үндэслэл болсон” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Э г” ХХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч М.Ц, Г.Г нарын бичсэн, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ц-ийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200000904 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Орхон аймгийн Татварын хэлтсээс “Э г” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэсэгчилсэн шалгалт хийжээ.

Уг татварын хяналт шалгалтаар 2,313,755,644.2 төгрөгийн зөрчил илэрсэн, Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14-д заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6, 34 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 2,313,755,644.2 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн байна.

Татварын ерөнхий хууль /2008/-ийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана” гэж зааснаас үзэхэд татварын улсын байцаагчийн дүгнэлт нь тухайн зөрчлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлж буй баримт бичиг гэж ойлгохоор байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна, 11.1.1-д захиргааны акт, 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.

Нэхэмжлэгчийн маргаж буй Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч М.Ц, Г.Г нарын бичиж, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ц-ийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200000904 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд татварын өр, төлбөр, хариуцлага хүлээлгээгүй, захирамжилсан шинжийг агуулаагүй, тодорхой асуудлыг эцэслэн шийдвэрлэж эрх зүйн шууд үр дагавар үүсгэж үүрэг хариуцлага ногдуулсан  бие даасан шийдвэр биш байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зөв байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин дүгнэлтэд дурдагдсан татварын өр төлбөртэй холбоотой асуудлаар Татварын улсын байцаагчийн акт гарч нэхэмжлэгч “Э г” ХХК-д шийтгэл ногдуулсан тохиолдолд тус компани уг шийтгэл ногдуулсан шийдвэртэй маргах эрх нь нээлттэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121  дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Э г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч М.Ц, Г.Г, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ц нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э г” ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                              

                               ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН

                              

                        ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ