Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1216

 

 

Ө.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02521 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянзүрх дүүргийн Ахмадын хороонд холбогдох

 

Урамшуулал 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Гажсүрэнгийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Гажсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ахмадуудын төлөөлөгчдийн хуралдаанаар ахмадын зөвлөлийн даргаар сонгогдсон бөгөөд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргын 2013 оны 12  дугаар сарын 02-ны өдрийн 23 тоот тушаалаар ажиллаж эхэлсэн юм. 2014 оны 04 дүгээр сард ар гэрт гачигдал гарч хүүхэд гадаадад эмчилгээнд явах болсноор 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд чөлөө авч 08 дугаар сарын эхээр ажилдаа орохоор ирэхэд миний ажлын байранд өөр хүн авч ажиллуулсан байсан. Тухайн үед Засаг дарга эзгүй байсан учраас би дуугүй гараад явсан. Дараа нь уулзахад таныг ажиллуулах боломжгүй гэж хэлсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны дүрэмд зааснаар Хорооны ахмадын зөвлөлийн даргыг хорооны ахмадуудын төлөөллийн хурлаас олонхын санал авсан хүнийг, тус хуралдааны тэмдэглэл, тогтоолыг үндэслэн Ахмадын хорооны дарга тушаал гарган Ахмадын зөвлөлийн дарга батламжилж ажиллуулж, мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж заасаны дагуу дүүргийн Ахмадын хорооны дарга батламжлахаар байна. Гэтэл тус дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/56 дугаартай илт хууль бус шийдвэр гаргасан. Миний бие Баянзүрх дүүргийн ахмадын хорооны даргад удаа дараа өргөдөл гомдол гаргаж асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон. Ажилдаа ороод ажилгүй байсан хугацааныхаа авах ёстой байсан урамшууллыг авъя гэж удаа дараа хүсэлт гаргахад н.Нарангаваад холбогдох хэргийн эцсийн шүүхийн шийдвэрийг харна гээд байлгаад байсан, ЗХШ-ийн шийдвэр, Магадлалыг авчирч үзүүлэхэд энэ урамшууллыг олгоогүй. Урамшуулалын мөнгө нь ТББ-ын дүрэм, тушаал болон гэрээний дагуу сард 100 000 төгрөг олгогдохоор заагдсан байдаг. Иймд БЗД-ийн Ахмадын хорооноос надад урамшуулалд олгогдох 2014 оны 4,5,6,7,8 сарууд, 2015 оны 5,6,7,8 саруудын нийт 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны төлөөлөгч Ж.Гажсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ө.Ичинхорлоо нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ахмадуудын төлөөлөлийн хурлаас сонгогдсон учир 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Гэвч 26 дугаар хорооны Засаг дарга Б Нарангаваатай санал Ө.Ичинхорлоо өргөдөл гаргасанаар асуудал хурцдаж, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдсэн. 26 дугаар хорооны 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар Н.Нармандахыг сонгосон тухай хурлын тэмдэглэл Ахмадын хороонд ирүүлсэн. Энэ нь хууль бус хурал тул хүлээж авах боломжгүйг тайлбарлаж хэлсэн боловч Н.Нармандах нь ахмадын зөвлөлийн тэргүүлэгч гэж өөрсдийгөө сонгосон 8 ахмад настантайгаа нийлэн дахин хурал хийж тэр материалаа 2014, 2015 онуудад олон газарт өргөдөл гомдол гаргаж хууль бус ажиллагаагаа зөв болгох гэж Ахмадын хорооны үйл ажиллагааг олон удаа буруутгасан. Н.Нармандахыг Ахмадын зөвлөлийн даргаар батламжилсан тушаалыг огт гаргаагүй тул Ө.Ичинхорлоогийн талд шүүхийн шийдвэрүүд гарсан болно. 2015 оны хамтран ажиллах гэрээний 3,6-д "Ахмадын хорооны дүрэм болон мөрдөгдөж байгаа хуулийн заалтын зөрчих, хороон дээрээ тодорхой шалтгаанаар ажиллахгүй байх сонгуульт ажлаа гүйцэтгэхдээ олон нийтэд зохисгүй үйлдэл гаргавал урамшуулал авах эрх үүсэхгүй гэж заасан байгаа. Дүүргийн Ахмадын хороо нь Төрийн бус байгууллагын хувьд үйл ажиллагаагаа явуулахдаа Аж ахуйн нэгжийн удирдлага, Засаг даргын тамгын газрын дэмжлэг туслалцааг авч байж ахмадуудаа үйл ажиллагаагаа хүргэдэг бөгөөд нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага бөгөөд сайн дурын идэвхтэн сонгуультны үйл ажиллагаанд тулгуурлан ахмадуудаа урлаг спортын тэмцээн уралдаан, хурал зөвлөгөөн хэлэлцүүлэг уулзалт зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Хорооны Ахмадын зөвлөлийн дарга нар нь ахмадуудынхаа итгэл хүлээж сонгуульт үүргийг сайн дураараа гүйцэтгэдэг учир сарын цалин гэж авдагүй. Ахмадын хороо нь орлого олсон үедээ хорооны ахмадуудынхаа дунд тодорхой хийсэн ажлын үр дүнгээр багахан урамшуулалыг өгдөг. Олгосон урамшуулаасаа Хүн Амын Орлогын Албан татвар 10 хувийг суутган хуулийн дагуу дүүргийн татварын албандаа төлдөг. Ө.Ичинхорлоо нь шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байна гээд дүүргээс зохиосон ажилд хүмүүсээ болон өөрөө ч оролцоогүй ч тухайн саруудаас бусад сарын урамшуулалыг нь ахмад багш бөгөөд хорооны ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлыг нь хүндэтгэн бүрэн олгосон. Засаг дарга Б.Нарангаваад хоёр ч удаа Ө.Ичинхорлоог ажиллуулах албан бичиг хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гарсан ч хороон дээрээ өөрөө огт ажиллаагүй.

Ө.Ичинхорлоо нь хороондоо тогтмол ажиллахгүй, нэгдсэн журмаар ажилд ахмадуудаа оролцуулахгүй, ажлын тайлангаа өгөөгүй байж 2014 болон 2015 оны амарсан ба чөлөө авсан саруудын урамшуулал болох 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан, хариуцагч Баянзүрх дүүргийн Ахмадын хорооноос 100 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ичинхорлоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 150 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ө.Ичинхорлоод буцаан олгож, хариуцагч Баянзүрх дүүргийн Ахмадын хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны төлөөлөгч Ж.Гажсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Ө.Ичинхорлоо нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ахмадын хорооны даргаар 3 сар ажиллаад хүмүүстэйгээ санал зөрөлдөн улмаар Захиргааны болон Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үүдэн 26 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга ажиллаагүй. Засаг дарга хороонд ажиллуулахгүй гэсэн тул хоёр талын маргаан 2016 оны 03 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Ажлын байрандаа сонгуульт үүргээ биелүүлээгүй, хорооныхоо ахмадуудын дунд хийх ёстой ажлаа зохион байгуулаагүй байж 2014, 2015 оны чөлөө авсан мөн ажиллаагүй амарсан байх үед ээ урамшуулалыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Хамтран ажиллах гэрээний 3.6-д “Ахмадын хорооны дүрэм болон мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг зөрчих, хороон дээрээ тодорхой шалтгаанаар ажиллахгүй байх сонгуульт ажлаа гүйцэтгэхдээ олон нийтэд зохисгүй үйлдэл гаргавал урамшуулалыг авах эрх үүсэхгүй” гэсэн заалт, Засгийн газрын “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолын 3 зүйлийн заалтыг тус тус харгалзаж үзээгүй мөн Ахмадын хорооны даргын тушаал, албан бичгийг хавтаст хэрэгт аваагүй мөртлөө Төрийн бус байгууллагаар 2014 оны 05 дугаар сарын урамшуулалын мөнгө нөхөн төлүүлэх шийдвэр гаргасныг төрийн бус байгууллагын санхүүжилтээс шалтгаалан хүлээн авах боломжгүй. Иймд Ө.Ичинхорлоод олгох 2014 оны 5 сарын урамшуулал 100 000 төгрөгийг байгууллагын зардлаас 2016 оны 3 сард нөхөн олгох үндэслэлгүйг тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлоогүй, хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ө.Ичинхорлоо нь хариуцагч Баянзүрх дүүргийн Ахмадын хороонд холбогдуулан гэрээгээр дутуу олгосон урамшуулал /хөлс/ 900 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…нэхэмжлэгч шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байна гээд дүүргээс зохиосон ажилд оролцоогүй саруудаас бусад сарын урамшууллыг бүрэн олгосон. Ө.Ичинхорлоо хороон дээрээ тогтмол ажиллахгүй, нэгдсэн журмаар ажилд ахмадуудаа оролцуулахгүй шалтаг хэлдэг, ажлын тайлангаа өгөөгүй” гэж татгалзжээ.

 

Зохигчид Хамтран ажиллах гэсэн нэртэй гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр Ө.Ичинхорлоо нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлыг нь улирлаар дүгнэн мөнгөн урамшуулал олгож байхаар тохиролцжээ. Талуудын тайлбар, урамшуулал олгож байсан баримтаас үзэхэд Ө.Ичинхорлоод сар бүр 100 000 төгрөгийн урамшууллыг хүн амын орлогын албан татварыг 10 хувиар суутган тооцож олгож байсанд талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгчийн сар бүр авч байсан мөнгөн урамшуулал /хөлс/ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага, хөдөлмөрийн дотоод журам, ажлын 8 цагт хатуу захирагдаж, ажил олгогчоос хараат байдлаар ажиллаж байгаагүй, ахмад настнуудад хууль тогтоомж сурталчилах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, баяраар хүндэтгэл үзүүлэх зэрэг тохиролцсон цаг үеийн ажлыг тухай бүрийд нь гүйцэтгэж байсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд илүү тохирч байхад анхан шатны шүүхээс ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлжээ.

 

Гэрээний талууд гэрээг цуцласан тухай баримтгүй, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсноо нэхэмжлэгч хариуцагчид бичгээр мэдэгдэж түр чөлөө хүссэнийг хариуцагч тухайн үед татгалзаагүй байна.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Ө.Ичинхорлоо нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч хэдийгээр 2014 оны 4-8 саруудын, 2015 оны 5-8 сарын урамшуулалд 900 000 төгрөг шаардсан ч хэрэгт авагдсан санхүүгийн баримтаас үзэхэд 2014 оны 05 дугаар сард тэрээр ажлаа гүйцэтгэсэн атлаа урамшуулал аваагүй болох нь нотлогдсон тул анхан шатны шүүхээс тухайн сарын 100 000 төгрөгийн хөлсийг олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь 100 000 төгрөгийн хөлс олгосонд давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримталж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 болгон өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02521 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11…” гэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1…” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Гажсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгч Ж.Гажсүрэнгийн төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                   Ш.ОЮУНХАНД