Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018//00033

 

Ц.А, А.Д, Б.Инарын

                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00974 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1479 дугаар магадлалтай

Ц.А, А.Д, Б.Инарын нэхэмжлэлтэй

С.Дд холбогдох

Хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг байрнаас талийгаач Ж.Бод ногдох хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн зүйл болох 59 тоот орон сууцны анхны өмчлөгчийг тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр нарын гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Батсүрэн, М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оноос эхлэн гэр бүлийн дундын өмчлөлийн маргаанаа шийдүүлэх гээд шүүхэд хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй. Гэр бүл цуцлах асуудлыг шүүх хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд 10 жил шүүхээр явахад гэр бүл нь өмчгүй болж, өвлөх эрхийн талаар ярих гэхээр талийгаач улсын бүртгэлийн гэрчилгээнээс нэрээ хасуулсан учир өвлөгч нарын өвлөх эрх нь 12 дахь жилдээ хохирч байна. Анх 1995 онд гэр бүл болсноос хойш 1996 он хүртэл энэ өмчийг анхнаас нь эхлээд өдий болтол нь барьж босгосон. Баянгол дүүрэгт байрлах 59 дүгээр байрыг хоёулаа анх төлбөр мөнгөө хийгээд талийгаач хэргийн оролцогч байх үедээ 2 дахь өмчийг өөрөө аваад гэр бүлээ цуцлуулъя гэж ярьсаар 2004 оныг өнгөрөөсөн. 2005 онд нэхэмжлэл гаргах үндэслэл нь анхны өмчийг зараад 2 дахь өмчөө хувааж авахаар тохиролцон нэхэмжлэл гаргаад байхад өөрөө тодорхой шийдэлд хүрдэггүй, хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгээ мэдсээр байж хүүхдийн тэтгэлэг төлдөггүй байсан. Ийм байдалтай явсаар байгаад 2006 онд өмчөөсөө нэрээ хасуулж байгаа нь тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийсэн хэлбэр гэж үзэж байна. Талийгаач нь нас бартлаа 59 тоотод амьдарч байсан гэдэг нь тодорхой. Талийгаачийн нэрийг өмчлөх эрхийн бүртгэлээс хассан бөгөөд ийнхүү хасахдаа талийгаач нь өөрийн хүсэл зоригийн илэрхийллээ илэрхийлж өөрийн гараар бичээгүй, гарын үсэг нь зөрж байгаа тул бид нар гарын үсгийг үнэн зөв талаар шинжилгээ хийлгэсэн. Шинжээчид талийгчийг гарын үсгийг тогтооход хариуцагч С.Дгийн бичгийн хэвийг харьцуулалтад оруулъя гэсэн. Түүний дагуу бид шүүхэд хүсэлтээ гаргасан боловч шүүх хүсэлтийг маань шийдвэрлээгүй. Тиймээс энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэхийн тулд нэг талын хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн үзэж Баянголын дүүргийн байрны анхны өмчлөгчийг тогтоож өвлөх эрхийг хамтад нь шийдүүлж, гэр бүлийн өмчийн маргааныг шийдэх бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа юм. Иймд хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг байрнаас талийгаач Ж.Бод ногдох хувиас өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн зүйл болох 59 тоот орон сууцны анхны өмчлөгчийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нас барсан хүний үзэл тухайн үед ямар байсныг хэлж мэдэхгүй юм. Нэхэмжлэгчийн талаас 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийсэн хэлцлээс үзэхэд талийгаач нь өмчлөх эрхийн бүртгэлээс өөрийн нэрээ хасуулахдаа хүүхэддээ энэхүү байрыг үлдээх хүсэлтэй байсан, С.Д 2001 оны 07 дугаар сараас эхлээд Баянзүрх дүүргийн 7А-36 тоотод талийгаач Ж.Бой хамтран амьдарч эхэлсэн байдаг. Ингээд 2002 оны 08 дугаар сард том охин нь төрсөн. С.Дг төрөхөөс 2 хоногийн өмнө Баянгол дүүргийн Богд-Ар хороололд нүүж ирсэн. Тухайн үед Богд-Ар хорооллыг 2004 онд онд ашиглалтад оруулсан байдаг тул уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан. Хариуцагч нь үүнээс өмнө талийгаач Ж.Бой хамт амьдарч байсан. С.Дг яагаад өмчлөгч биш гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Хэрэв хариуцагч С.Д өмчлөгч биш байсан бол бүртгэлийн талаар талийгаач Ж.Бнь амьд сэрүүн байхдаа маргах боломжтой байсан. Энэхүү Баянгол дүүргийн 59 тоот орон сууц нь хамтран өмчлөх эрхтэй дундын хөрөнгө гэж үзэж байгаа бол гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө байх ёстой. Нэхэмжлэгч тал өмнө нь гаргаж байсан нэхэмжлэлдээ 2000 оноос хойш тусдаа амьдарсан гэсэн тайлбар өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан материалууд дээр тодорхой байдаг. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бол түүнээс гарах үр дагаврыг шаардаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна хэмээн ойлгож байна. Нэгэнт өвлөх эрхтэй бол өвлүүлэгчийн эд хөрөнгө буюу эрх шилжих ёстой. Гэтэл өвлүүлэгчид ямар нэгэн эд хөрөнгө, эрх байхгүй учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 59 тоот орон сууцны өмчлөгчийг тогтоолгоё гэдэг нь тайлбарын хувьд адилхан байна. Тус байрны анхны өмчлөгч нь өөрөөр хэлбэл Ж.Б, С.Д, Б.Цгэсэн 3 хүний нэр гарч байгаа. Иймд С.Д, Ж.Бнар нь өөрийн хүсэлтээр хүүхдүүддээ байраа үлдээе гэдэг санаа зорилготой байсан ба тухайн үед талийгаачийн хүү Б.Иодоо насанд хүрсэн, түүнтэй уулзуулдаггүй байсан гэдэг. Монгол Улсын Иргэний хуульд өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд өмчлөгчийн өмнөөс хүсэлт гаргах зохицуулалт байдаг. Тэгэхээр С.Д, Ж.Бнар аль аль нь өөрсдийгөө өмчлөгч гэж үзэж байсан учраас хэн нэгнийх нь татгалзал, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл байхгүйгээр аль алиныг нь төлөөлж байсан болохоор улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байдаг. Тэгэхээр энэ бүртгэлийг хүчингүй болгуулах тухай ямар нэг үндэслэл байхгүй байсан учир захиргааны хэргийн шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00974 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заалтыг баримтлан 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол Дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын ЗА байрны 59 тоот орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.А, Б.Инар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын ЗА байрны 59 тоот орон сууцны талийгаач Ж.Б ногдох хэсгээс бусад хууль ёсны өвлөгч нарын нэгэн адил өвлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэлээс А.Дий өвлөх эрхтэй болохоо тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1,106.3 дахь заалтыг баримтлан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын ЗА байрны 59 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр Ж.Бийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1479 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00974 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Дгийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх өсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: 1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд: юуны өмнө Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх “хариуцагч С.Д, талийгаач Ж.Бнар нь 2001 оноос хамтын амьдралтай болж улмаар охин Б.Ц, Б.Цнарыг төрүүлсэн нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна” гэж хэрэгт чухал ач холбогдолтой хугацааны асуудлыг зөв дүгнэлт хийж тогтоосон болохыг, мөн давж заалдах шатны шүүхээс “хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийсэн нь төлбөр төлөхөөс зайлсхийх зорилготой байсан гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь талийгаач Ж.Боос хүүхдийн тэтгэлэг төлүүлэх шийдвэр шүүхээс гараагүй болно” гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийснийг дурьдах нь зүйтэй. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргасан юм. Хариуцагч С.Д болон талийгаач Ж.Бнарыг 2001 оноос хойш хамтын амьдралтай байсныг тогтоосон хэрнээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын ЗА байрны 59 тоот орон сууц нь гэрлэлтээ бүртгүүлснээс хойш бий болсон, хэдийгээр тусдаа амьдарч байх үед бий болсон ч гэрлэлт цуцлагдаагүй байсан зэргээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна” гэж зааснаар Ж.Б, Ц.Анарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх өмч гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн өөрийн тогтоосон бодит байдал, дүгнэлттэйгээ зөрчилтэй шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл маргааны зүйл болох 59 тоот орон сууцыг талийгаач Ж.Бнь хариуцагч С.Дтай хамтын амьдралтай байх хугацаанд бий болгож тус орон сууцны анхны өмчлөгчөөр Ж.Б, С.Д, Б.Цнар бүртгэгдэж дундаа хамтран өмчлөгч болсон байдаг. Үүнийг анхан шатны шүүх тогтоосон хэрнээ хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж /ИХ 126.1/, хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан байна. Учир нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна” гэж заажээ. Тус хуулийн заалт нь гэр бүлийн дундын өмчид юуг хамааруулах талаар тодорхой заасан бөгөөд шууд утгаар нь тайлбарлавал гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд, хамтын ажиллагаа шаардсан хөрөнгийг гэж ойлгохоор байна. Иргэний хуулийн албаны ёсны тайлбарт: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх заалтыг ийнхүү тайлбарлажээ. Тэр бүлийн дундын өмч нь гэрлэлтийн дараагаар хуулийн дагуу бий болно (126.1). Хуулийн тухайн заалтаас үзвэл гэрлэснээс хойшхи хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө нь дундын өмч болох ба хуваарьт хөрөнгө нь онцгой нөхцөл юм. Үндсэн нөхцөл: А/Гэрлэлт, Б/ Хамтран амьдрах: Дундын өмч үүсэх дараагийн нөхцөл нь нэгэн гэр бүлд хамтран амьдрах шаардлага юм. Учир нь дундын өмч нь гэр бүлийн хөрөнгийг бий болгож буй гэр бүлийн гишүүдийн амьжиргааны баталгаа болж үйлчлэх ёстой” гэж тайлбарласан байна. /Иргэний хуулийн тайлбар 2010 он 220-р хуудас/ Дээрхээс үзэхэд 11 жил тусдаа амьдарсан, уг орон сууцыг бий болгоход нэг төгрөг ч нэмэрлээгүй нэхэмжлэгч Ц.Аг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу хамтран өмчлөгч гэж үзэх хуулийн болон бодит үндэслэлгүй. Нэгэнт анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж маргааны зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч Ц.Аталийгаач Ж.Бнарын гэр бүлийн дундын өмч гэж дүгнэсний үр дагаварт Иргэний хуулийн Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших. ашиглах, захиран зарцуулах хуулийн зохицуулалтыг /ИХ.128/ хэрэглэж “Ж.Бнь дээрх байрны өмчлөгчөөс хасуулахдаа Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг зөрчиж гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй байх бөгөөд ийнхүү зөвшөөрөл авсан гэж үзэх байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна” гэж мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Тодруулбал “Гэр бүлийн дундын өмчид хамаарах өмч нь гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөр, эдийн баялаг бий болгох хөдөлмөр дээр үндэслэх учиртай. Нэг гишүүний хөдөлмөр дээр бий болж буй эд хөрөнгийн баялаг гэр бүлийн дундын өмчид хамаарахгүй.” гэсэн Иргэний хуулийн тайлбараас харахад хариуцагч С.Д, Ж.Бнарын хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө нэхэмжлэгч Ц.Агийн дундаа хамтран өмчлөх өмчид хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн “128.2-д “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэсэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “талийгаач Ж.Бийн 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны хамтран өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн” гэж үзэж уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь үндэслэлгүй болжээ. Мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “59 тоот орон сууц нь талийгаач Ж.Бнэхэмжлэгч Ц.Агаас тусдаа амьдарч байх хугацаанд бий болсон” гэж тогтоосны дагуу Талийгаач Ж.Бхариуцагч С.Д нарын өөрсдийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө нийлүүлэн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөө 11 жил уулзалгүй тусдаа амьдарсан нэхэмжлэгч Ц.Агийн зөвшөөрөлгүйгээр өөрсдийн хүсэл зоригийн дагуу захиран зарцуулах бүрэн эрхтэй юм. Талийгаач Ж.Бнь 2006 оноос хорт хавдраар өвчлөн улмаар 2008 онд хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан байсан. Өөрөөр хэлбэл хорт хавдраар өвчилсөн цагаас эхлээд хүний асаргаанд байсан бөгөөд хариуцагч С.Д нь талийгаач болон 2 хүүхдээ өдий хүртэл асран халамжилж ирсэн. Талийгаачийг нас барах хүртэл 11 жил хамт амьдарч, хүнд өвчинтэй тэмцэж байх хугацаанд бүхий л талаар дэмжин, гадаад улсад эмчилгээ хийлгэж байгаа бүхнээ зориулж байсан. Талийгаач Ж.Бхариуцагч С.Д нарын хамт амьдарсан 11 жилийн хугацаа эдгэшгүй хүнд өвчинтэй тэмцэхийн хажуугаар нялх хүүхдүүдээ өлсгөхгүй, даруулахгүй гэж нойр хоолгүй зүтгэж байсан өдрүүд юм. Хоёр хүний бие биенээ гэсэн энэ амьд харилцааг нэг хүчингүй болсон гэрлэлтийн гэрчилгээ үгүй болгох боломжгүй юм. Талийгаачийг өвчин зовлонтой байхад нь нэг ч харагдаж үзэгдээгүй атлаа нас барсных нь дараа өөрийгөө түүнтэй хамт амьдарч байсан мэтээр худал тайлбар гаргаж, нас барсан хүний хэлцлийг хүчин төгөлдөр бус болгох гэж хөөцөлдөж байгаа нь шударга ёс цаашлаад хүний ёсонд нийцэхгүй билээ. 2. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр талийгаач орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийн хамтран өмчлөгчөөс хасагдсан. Түүний сүүлийн хүсэл зоригийн илэрхийлэл болох уг хэлцэл нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлд заасны дагуу хэлцлээ бичгээр илэрхийлж, нотариатаар буюу эрх бүхий этгээдээр гэрчлүүлсэнээр хүчин төгөлдөр болсон. Иймээс түүний хүчин төгөлдөр хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн “40.3-д заасан “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хучин төгөлдөр хэвээр байна” гэсэн заалтын дагуу хамгаалагдах учиртай байсан боловч Давж заалдах шатны шүүх хэлцлийн шууд утгыг анхааралгүй өөрөөр хэлбэл 59 тоот орон сууцны өмчлөгч нь зөвхөн С.Д, Б.Цнар байх тухай хэлцлийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа угийн шууд утгыг анхаарна” гэсэн хуулийн заалт болон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг тус тус зөрчиж шийдвэрлэжээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар: нэхэмжлэгч болон нэхэмжлэлийн шаардлага нь өнөөдөр хэлэлцэж байгаа шаардлагатай адилхан өмчлөх, өвлөх эрхтэй болохоо тогтоолгох гэсэн нэхэмжлэлийг нь өмнө нь Иргэний хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын шүүхийн 1947 дугаар шийдвэрээр шийдэгдсэн байдаг. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Ц.Агийн олон удаагийн зөрүүтэй тайлбар, мэдүүлгүүдээр талийгаачтай 2004 он хүртэл хамтран амьдарч байсан нь нотлогдохгүй байна” гэж дүгнээд “маргаан бүхий дээрх 59 тоот орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар Ц.А, Ж.Бнарын хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч биш байх тул нэхэмжлэгч нар уг байрыг өмчлөх эрхгүй” гэж дүгнэсэн. 2013 оны 01 дүгээр сарын 04-ний магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Дээрх шийдвэр, магадлалаар бүртгэлийг хүчингүй болгуулах, өвлөх, өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тухайн асуудал шүүхээр дүгнэгдэж эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Мөн Захиргааны хэргийн шүүхээр хариуцагч С.Дтай холбоотой өргөдлийг хүчингүй болгуулах, бүртгэлийг хүчингүй болгуулах, гэрчилгээг хүчингүй болгуулах зэрэг нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн магадлал, 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор бүгдийг нь эцэслэн шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүх өмнө нь анхан болон Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхээр хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэсэн маргааныг дахин шийдвэрлэж ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж нэхэмжллийн шаардлага нь адилхан шүүхээр нэгэнт тогтоогдож эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэгт дахин дүгнэлт хийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн байна. 59 тоот орон сууцнаас талийгаач Ж.Б ногдох хувиас Ц.А, А.Д, Б.Инар өвлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн “520.6-д “Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй” гэж зааснаар бусад хууль ёсны өвлөгч нарын нэгэн адил талийгаач Ж.Б ногдох хэсгээс өвлөх эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өвлөх эрхгүй болохыг өмнө 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүхийн 1947 дугаар шийдвэр, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний магадлалаар өвлөх, өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ж.Бнь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нас барсан бөгөөд түүний өв мөн өдөр нээгдсэн. 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлээр Ж.Бхамтран өмчлөгчөөс хасагдаж улмаар тус орон сууцны өмчлөгчөөр С.Д, Б.Ц, Б.Цнар бүртгэгдсэнээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Ж.Бийн өмчлөх эрх дуусгавар болсон. Гэвч Анхан шатны шүүх Ж.Бийг өмчлөгч мэтээр ногдох хэсгээс өвлөх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д “гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг” гэж заасан бөгөөд 59 тоот орон сууц нь нэмжлэгч Ц.А, Б.Инарын хамтын, дундын өмч биш болох нь хамаарахгүйгээс гадна өвлүүлэгчид ямар нэгэн эд хөрөнгө, эрх байхгүй учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй юм. Эцэст нь Ж.Бийн 2006 оны 10 дугаар сарын 04-ний эд хөрөнгөө шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болгосноор өвлүүлэх эрх шууд үүсэх үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг үндэслэл болгон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.А, А.Д, Б.Инар хариуцагч С.Дд холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг орон сууцнаас Ж.Бод ногдох хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууцны анхны өмчлөгчийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг орон сууцны Ж.Бод ногдох хувийг нэхэмжлэгч Ц.А, Б.Инар бусад өвлөгч нарын нэгэн адил өвлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэлээс ... 59 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл болон нэхэмжлэгч А.Дий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино. 

Ц Ань Ж.Бой 1995 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гэр бүл болж, 1998 онд гэрлэлтээ батлуулсан, 1996 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Итөрсөн, гэрлэгчид 2000 оноос тусдаа амьдарсан, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 573 дугаар шийдвэрээр гэрлэлтийг цуцалсан боловч Нийслэлийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 319 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор /3 дугаар хавтас хх-49, 53 / шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, энэ хугацаанд дундын эд хөрөнгийн талаар маргаж, Баянзүрх дүүргийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 600 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 7-р хороо, 37а байрны 36 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгосон, 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ж.Бнас барсан баримт хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч нар “...Батзориг нь дундын эд хөрөнгө болох ...36 тоот байрыг худалдаж, уг мөнгийг оролцуулан Баянгол дүүргийн 1-р хороо, 3а байрны 59 тоот орон сууцыг худалдаж авсан, гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгээ хуваалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Агийн хүсэлтээр 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2560 дугаар захирамжаар Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууцыг битүүмжилсэн, 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 645 тоот захирамжаар уг хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч орон сууцыг битүүмжилсэн захирамжийг хүчинтэй хэвээр үлдээсэн, эд хөрөнгийн маргаантай болохыг мэдсээр байж Ж.Бнь орон сууцны ногдох хэсгийг өгөхөөс зайлсхийж Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууцны өмчлөгчөөс өөрийгөө хасуулсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, өвлөх эрхээ сэргээлгэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр Ж.Б, С.Д, Б.Цнар бүртгэгдсэн, 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Ж.Борон сууцны өмчлөгчөөс хасагдаж, С.Д, Б.Цнарын өмчлөлд, 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны хамтран өмчлөлд хамтран өмчлөгч нэмүүлэх тухай хэлцлээр иргэн С.Д, Б.Ц, Б.Цнарын өмчлөлд тус тус бүртгэгдсэн байна. Дээрх орон сууцыг Ж.Бнь “Богда Холдинг” ХХК-тай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан, орон сууц эзэмших эрхийн бичиг Ж.Б олгогдсон, харин өмчлөгчөөр Ж.Б, С.Д, Б.Цнар бүртгэгдэж, улмаар дараагийн өөрчлөлт хийгджээ.

            Ж.Бнь гэрлэгч Ц.Агаас тусдаа амьдарч, 2000 оноос 2011 оны 5 сарын 09-ны өдөр нас барах хүртлээ С.Дтай хамтран амьдарч 2 охинтой болсон боловч Ц.А, Ж.Бнарын гэрлэлт цуцлагдаагүй тул гэрлэлт хүчин төгөлдөр ба энэ хугацаанд Ж.Бийн нэр дээрх эд хөрөнгийн ногдох хэсэг нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарна. Иймд  Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууцны Ж.Б ногдох хэсэг нь гэр бүлийн дундын эд хөрөнгө хэдий ч Ж.Бнь 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нас барснаар өв нээгдсэн, нас барснаар өвийн зүйл, өвлөх эрх бүхий этгээдүүдийг тодорхойлох үндэслэл үүссэн байна.

           Ж.Бнь гэрлэлт цуцлуулах маргааныг шийдвэрлүүлэх үед дундын эд хөрөнгийн маргааны талаар мэдсэн, шүүхэд хүсэлт гаргаж 2006 оны 06 сарын 09-ний өдөр 3/1064 тоот албан бичгээр Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот байрыг битүүмжлэлээс чөлөөлүүлсэн байх ба 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уг орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдаж, С.Д, Б.Цнар өмчлөгч болжээ.        

            Нэхэмжлэгч нь анх гэр бүл байхдаа хамт амьдарч байсан Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37а байрны 36 тоот байрыг Ж.Бнь ганцаараа хувьчилж авсныг маргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 100 дугаар шийдвэрээр хувьчлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг эд хөрөнгийг  хамтран өмчлөх эрхтэй болохыг Баянзүрх дүүргийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 600 дугаар шийдвэрээр тус тус шийдвэрлүүлсэн боловч энэ хугацаанд Ж.Бнь 36 тоот орон сууцыг бусдад худалдсан, ...59 тоот сууцны хамтран өмчлөгчөөс хасуулснаар  нэхэмжлэгч нь ногдох хэсгээ авах боломжгүй болж эрх нь зөрчигджээ.

Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууц бүхэлдээ Ж.Бийн өмчлөлийн зүйл биш байна. Уг орон сууцны өмчлөгчөөр Ж.Б, С.Д, Б.Цнар бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эдгээр 3 хүнийг орон сууцны өмчлөгч гэж үзэх бөгөөд Ж.Бийн ногдох хэсэг нь гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарах юм. Өмнөх 36 тоот байрыг худалдсан, уг мөнгийг оролцуулан ... 59 тоот орон сууцыг худалдан авсан гэх үйл баримт хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдоогүй бөгөөд шүүх Ж.Бийн орон сууцны түүнд ногдох хэсгийг өвийн зүйл гэж тодорхойлон, өвийн зүйлийг нэхэмжлэгч Ц.А, Б.Инар дангаараа бус бусад өвлөх эрхтэй этгээдүүдийн хамт өвлөх эрхтэй болохыг тогтоосон нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсгииг зөрчөөгүй байна. Харин нэхэмжлэгч А.Д нь Ж.Быг нас барах үед насанд хүрч, тусдаа амьдарч байсан, Ж.Бнь албан ёсоор үрчилж аваагүй байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт зааснаар өвлөгчид хамаарахгүй, А.Дий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм .

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй байдаг байна. Шаардах эрхэд хамаарах хуулийн дээрх зохицуулалтыг нэмж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. Гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө бусдад дур мэдэн шилжүүлсэн нь бусад гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй агуулгатай бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

            Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1947 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар магадлалаар С.Дд холбогдох ...улсын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдлийг хүчингүйд тооцуулах, ...гэрлэлтийн гэрчилгээг гаргуулах, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2-р хороолол, ЗА байр, 59 тоот орон сууцыг өмчлөх болон өвлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн Ц.А, А.Д, Б.Инарын нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь одоо шийдвэрлэгдэж буй иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6- д заасан үндэслэлийг буюу уг маргааны талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэх байдлыг бий болгоогүй байна. Нэхэмжлэгч Ц.Ань 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор ...59 тоот орон сууцны ногдох хэсгээс өвлөх эрхтэй болохыг тогтоолгох эрх нь нээгдэж байгаа тул энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэхгүй.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00974 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1479 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ...56.1.8 гэсний дараа 128 дугаар зүйлийн 128.4 ...” гэж нэмж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА