Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2026/00148

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/15188 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөрийн буцаалт 3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хүүхдүүдийн сургалтын төлбөрийн буцаалтад 3,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сургалтын төлбөрт тохирсон үйлчилгээг үзүүлсэн гэж тайлбарлан маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Иймд шүүх нотлох баримт болон сургалтын төлбөрийн тооцооллыг зохих ёсоор үнэлээгүй гэсэн гомдлын зарим хэсгийг дараах байдлаар хангаж шийдвэрлэв.

 

4.Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын эрхлэн явуулдаг хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн *******ийн сургалтад өөрийн хүүхдүүд болох *******, *******нарыг 2023-2024 оны хичээлийн жилд суралцсан, мөн 2024-2025 оны хичээлийн жилд дахин суралцуулахаар тохиролцжээ. Талууд тухайн хичээлийн жилийн хугацааг 2024.09.01-2025.05.31-ний өдрийн хугацаанд, нэг хүүхдийн бүтэн жилийн сургалтын төлбөр 6,210,000 төгрөг байхаар 2024.09.01-ний өдөр байгуулсан 495, 496 тоот гэрээний 5.8-д тусгасан байна.

Зохигч ийнхүү гэрээ байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч хоёр хүүхдийн сургалтын төлбөрт 7,200,000 төгрөг төлсөн болон гэрээний нийт хугацаа, нэхэмжлэгчийн хүүхдүүд 2024.09.01-2025.01.28-ны өдрийн хугацаанд хүүхэд хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан талаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгч гэрээг цуцалж, төлбөрийг буцаан гаргуулахтай холбоотойгоор хөтөлбөрийн нэг сарын төлбөрийн хэмжээний талаар өөр өөр байр суурь илэрхийлэн маргасан байна.

Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон байна.

 

5.Зохигчийн байгуулсан 2024.09.01-ний өдрийн 495, 496 тоот гэрээнд нэг хүүхдийн жилийн сургалтын төлбөр 6,210,000 төгрөг, нэг сарын 690,000 төгрөгийг талууд хэлэлцэн тохиролцсон гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн байдалтай нийцсэн байна. Хариуцагч нэхэмжлэгчийн нэг хүүхдийн нэг сард суралцах хугацааны төлбөрийг 690,000 төгрөг байхаар гэрээгээр тохиролцсон гэж тайлбарласан нь талуудын тайлбар, хэргийн бусад баримтаар үгүйсгэгджээ.

Зохигчийн хооронд нэхэмжлэгчийн хүүхдүүдийг *******ийн сургалтад 2024-2025 оны хичээлийн жилд дахин суралцуулахаар харилцсан фэйсбүүк цахим хуудасны захидалд шүүх 2025.08.21, 2025.10.02-ны өдөр тус тус үзлэг хийж, баримтыг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн хэрэгт нотлох баримтаар авчээ. Тус тэмдэглэлээр хариуцагч нь сургалтын хөтөлбөрийг 1, 3, 6, 9 сарын сонголттой, төлбөрийн хувьд 1 сар бол 690,000 төгрөг, 3 сар бол 600,000 төгрөг, 9 сар бол 500,000 төгрөгбайхаар үнийн санал илэрхийлжээ. Мөн нэхэмжлэгчийн хүүхдүүд өмнөх жил суралцсаны хөнгөлөлтөөр нэг хүүхдийн нэг сарын төлбөрөөс 100,000 төгрөгийг хасах, 9 сарын хугацаанд /нэг сарын 400,000 төгрөг/ 3,600,000 төгрөг буюу хоёр хүүхдийн төлбөр 7,200,000 төгрөг байхаар талууд тохирчээ.

 

6.Нэхэмжлэгчийн хүүхдүүд болох *******, *******нар 2024-2025 оны хичээлийн жилд *******д 5 сарын хугацаанд суралцсан учир дээрх төлбөрийн нөхцөлөөр нэг сарын 600,000 төгрөгийн төлбөр тооцогдох ба хөнгөлөлт 100,000 төгрөгийг хасахад нэг сарын 500,000 төгрөг, 5 сарын хугацаанд 2,500,000 төгрөг буюу хоёр хүүхдийн сургалтын төлбөр 5,000,000 төгрөгийн сургалтын үйлчилгээ авсан, харин 2,200,000 төгрөгийн хэмжээнд уг үйлчилгээг аваагүй гэж үзэхээр байна.

Талууд гэрээ байгуулах үедээ нэг хүүхдийн нэг сарын төлбөрийг хөнгөлөлттэй үнээр 400,000 төгрөг байхаар тохиролцсон хэдий ч хариуцагч сургалтын явцад төлбөрийн хэмжээг нэмэгдүүлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гэрээг цуцалж, хүүхдүүдийн суралцаагүй хугацааны хөлсийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-т заасантай нийцнэ.

 

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХХК-аас 2,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/15188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 2,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй... гэснийг үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 50,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Э.ЭНЭБИШ