Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2026/00149

 

 

 

 

 

 

 

 

******* ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08974 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 16,116,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ТӨХК нь 2016.05.18-ны өдөр хаврын тариалалтад зориулан дизель түлш олгох гэрээг *******тэй байгуулж, зээлдэгч нь урьдчилгаа 475,000 төгрөгийг төлснөөр зөвшөөрлийн хуудсаар дизель түлшийг авах, үлдэгдэл 475,000 төгрөгийг дараа төлөх үүргийг хүлээсэн. ******* нь зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн ******* аймгийн ******* суманд байх газрыг барьцаалсан. Мөн талууд 2016.05.16-ны өдөр Үр тариа зээлээр олгох гэрээ байгуулж, гэрээний үнээс 4,401,000 төгрөгийг урьдчилан төлж үрийн буудайг авах, үлдэгдэл 10,269,000 төгрөгийг дараа төлөхөөр үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч энэ 2 гэрээний үүргээ биелүүлээгүй. Дизель түлш олгох гэрээний үнийн хувьд үлдэгдэл 475,000 төгрөг, алданги 237,500 төгрөг, нийт 712,000 төгрөг болсон бол Үрийн буудай зээлээр олгох гэрээний үлдэгдэл төлбөр 10,269,000 төгрөг, алданги 5,134,500 төгрөг, нийт 15,403,500 төгрөгийг тус тус *******гээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2016 онд ******* ТӨХК-тай гэрээ байгуулан түлш шатахуун болон үр тарианы зээл авсан. Тухайн жилд ган болж ургац алдсан ба энэ талаар ******* ТӨХК-д хэлж, зээл төлөх боломжгүй талаарх хүсэлтээ илэрхийлж, дараа жилүүдэд газар тариалангийн ажлаа эрхэлж чадаагүй байтал 2020 онд Хөдөө аж ахуйн яамнаас холбогдож давагдашгүй хүчин зүйл болсон газруудад Засгийн газрын тогтоол гарч, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон газрын зээлийг хаасан гэж хэлсэн. Үүнээс хойш 5 жилийн дараа надтай утсаар холбогдож зээлээ төлөхийг хэлэхэд нь уг зээл тэглэгдсэн гэж тайлбар өгсөн. Гэрээний үүргийг 2016.11 сард төлөх байхад 8, 9 жилийн дараа шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Засгийн газрын 2020 оны тогтоолоор өрнөөс хасагдсан гэж үзэж байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч *******д холбогдох гэрээний үүрэгт 16,116,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай ******* ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж дүгнэсэн.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.7-д Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж зааснаас харахад талууд зээлийн гэрээг хугацаагүй байгуулсан бөгөөд үүрэг заавал биелэгдэх шинжийн хүрээнд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно. 2016 оноос хойш нэхэмжлэгч компанид тооцоо нийлэх хүсэлт тавьж байсан ч наад өр надад хамаагүй гэж харьцдаг байсан. Нэхэмжлэгчийн хувьд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, иргэдэд зээл олгодог бөгөөд тухайн бизнесийн онцлог нь цаг агаарын байдал ихээр нөлөөлдөг буюу байгалын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автах эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн 2019-2022 оны хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгчид үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул уг хугацаагаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон. Ийнхүү хариуцагчийг дэмжиж, үйл ажиллагааг нь тасалдуулахгүйн тулд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон ч хариуцагч нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг тул бичгийн хэлбэрээр бус амаар харилцаж ирснийг өөртөө давуу байдал болгон ашиглаж, үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Хариуцагч компанийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгчдийн хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхийн зүгээс Иргэний хуулийн 82.4-т Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж зааснаар шударга ёсны зарчим, үүрэг заавал биелэгдэх зарчмын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх бүрэн эрхтэй. Гэтэл зөвхөн нэг талын эрх, ашиг сонирхлыг давууд үзэж, хэргийн бодит байдал, үүссэн болон үүсэж болох үр дагаврыг үл харгалзан гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч гомдолдоо хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх боловч энэ байдлаа баримтаар нотлох ёстой боловч хэрэгт үүнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй. Мөн нэмэлт хугацаа тогтоосон гэж гомдолдоо дурдсан ч хэн, хэзээ, ямар хугацаа тогтоосон нь тодорхойгүй энэ тухай баримт байхгүй. Хүсэлт гаргаж, уулзалт хийж байсан гэж мөн дурдсан нь баримтаар нотлогдоогүй. ******* ТӨХК нь 2025 онд гэнэтийн байдлаар нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд хавар тариалсан тариагаа намар хураан авч 11.30-ны өдөр буцаан өгөх агуулгатай гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд 11.30-ны өдөр төлнө гэж тодорхой дурдсан. Гэтэл тус хугацааг нэхэмжлэгч тал тайлбарладаггүй бөгөөд талуудын хооронд хугацаагүй гэрээ байгуулагдсан гэж маргадаг. Дээрх хугацаанд гэрээг дүгнэж, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Тухайн үед ган болсны улмаас талбайгай ашиглаж чадаагүй тул үүргээ биелүүлэх боломжгүй байсан. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ТӨХК нь хариуцагч *******д холбогдуулан 2016 оны 05 сарын 16-ны өдөр байгуулсан ******* дугаартай 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 10,269,000 төгрөг, алдангид 5,134,500 төгрөг, мөн 2016 оны 05 сарын 18-ны өдөр байгуулсан ******* дугаартай 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 475,000 төгрөг, алдангид 237,500 төгрөг, нийт 16,116,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, тухайн 2 гэрээг байгуулан үрийн буудайн үлдэгдэл төлбөрийг 2016.11.30-ны өдөр, түлшний төлбөрийг 2016.11.25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Тухайн жил ган болж ургац алдсан төлбөрийн чадамжгүй болсон. Засгийн газрын 2020.04.15-ны өдрийн 138-р тогтоолоор чанаргүй авлагыг өрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан маргажээ.

 

3.Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа *******, иргэн ******* нарын хооронд 2016 оны 05 сарын 16, 18-ны өдрүүдэд ******* дугаартай 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ, мөн ******* дугаартай 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ тус тус байгуулагджээ. Энэхүү гэрээгээр ******* нь 2016 оны хаврын улаан буудайн тариалалтад шаардагдах 18 тонн үрийн буудайн үнийн 10 хувьд ногдох 4,401,000 төгрөгийг урьдчилан төлснөөр буудайг хүлээн авч, үлдэх 10,269,000 төгрөгийг намрын ургацаас, мөн тариалалтын үйл ажиллагаанд шаардагдах 1,000 литр түлшний үнэд 475,000 төгрөгийг урьдчилан төлснөөр түлшийг хүлээн авч, үлдэх 475,000 төгрөгийг намрын ургац болон мөнгөн хэлбэрээр тус тус *******д төлөхөөр тохиролцжээ.

Эдгээр гэрээнүүдийн үүргийг хангуулах зорилгоор ******* нь өөрийн эзэмшлийн ******* аймгийн ******* суманд байх нэгж талбарын 6507000005 дугаартай, үр тарианы зориулалтаар олгогдсон 100 га талбайг *******д барьцаалсан байна.

Талууд гэрээний нэрийг үр тариа, дизель түлш зээлээр олгох гэж нэрлэсэн хэдий ч талуудын гэрээгээр тохиролцсон нөхцөл, гэрээний зүйлийг олгох болон буцаан төлөх журам зэргээс үзвэл зохигчийн хооронд үрийн улаан буудай, дизель түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлдүүлэх гэрээний харилцаа бус худалдан авагчийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн дурдсан барааг худалдагч шилжүүлэх, худалдан авагч үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Газар эзэмших эрхийг барьцаалсан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нийцсэн, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 35.3.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг барьцаалсан тухай бүртгэлийг эрх бүхий этгээд улсын бүртгэлд бүртгэсэн байх тул уг барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр байна.

 

4.Анхан шатны шүүхээс дээрх хоёр гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, *******гийн эрх, үүргийг ******* ТӨХХК шилжүүлэн авсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд дүгнэлт өгч, нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй эсэхийг тогтоогоогүй атлаа гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Зүй нь нэхэмжлэгч дээрх хоёр гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй эсэхийг шүүх эхлэн тогтоосны дараа зохигчийн хооронд ямар төрлийн эрх зүйн харилцаа үүссэнийг тодорхойлж, улмаар гэрээний харилцаа үүссэн байвал уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, үүрэг дуусгавар болсон эсэх, шаардлага гаргах хугацаа өнгөрсөн эсэхийг тус тус тогтоосны дараа гэрээний үүргийн талаар дүгнэх учиртай. Анхан шатны шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнийг дүгнэж, улмаар нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаатай болжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор *******гийн хөрөнгө, өглөг, авлагыг *******гийн Ажлын албанд шилжүүлсэн, мөн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн******* дүгээр тогтоолоор *******гийн Ажлын албыг татан буулгаж, түүний хөрөнгө, өр төлбөр, авлагыг ******* ТӨХХК-д шилжүүлжээ. Иймд ******* ТӨХХК нь ийнхүү *******гийн байгуулсан гэрээний үүргийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хариуцагч *******гээс шаардах эрх үүссэний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэгч байгууллагын шаардах эрхийг тодорхойлсон Засгийн газрын 2023 оны ******* дугаартай тогтоолыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Засгийн газрын энэхүү шийдвэр нь legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршсан нийтэд илэрхий үйл баримт тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтаар гаргахыг шаардахгүй.

 

5.Зохигч 2016.05.16, 18-ны өдрүүдэд байгуулсан 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудай, дизелийн түлш зээлээр олгох хоёр гэрээний дагуу нэхэмжлэгч түлш, үрийн буудайг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч урьдчилгаа төлбөрийг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй, харин тус гэрээнүүдтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

******* дугаартай 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ-ний 1.2, 1.3, 1.4-т зааснаар хариуцагч үлдэгдэл 10,269,000 төгрөгийг 2016.11.30-ны өдрийн дотор мөнгөн болон хүнсний улаан буудайгаар, мөн ******* дугаартай 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ-ний 1.2, 1.3-т зааснаар хариуцагч үлдэгдэл 475,000 төгрөгийг 2016.11.25-ны өдрийн дотор мөнгөн болон хүнсний улаан буудайгаар тус тус төлөхөөр тохиролцож, харин гэрээнүүдийн 1.7-д Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж заасан байна.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ...гэрээний 1.7-д энэ гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж гэрээг дүгнэснээр дуусгавар болно гэж заасан нь талууд хугацаагүй байгуулсан ба үүрэг заавал биелэгдэх шинжтэй, талууд гэрээг чөлөөт байдлын зарчмаар байгуулсан... гэж, хариуцагч тал ...гэрээ 2016 оны 11 сард төлөх үүрэгтэй хийгдсэн, 8, 9 жилийн дараа нэхэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэвэл зохих гэрээний үүрэгтэй байсан ч нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацаа өнгөрсөн гэж маргасан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад хамаарч байгааг анхан шатны шүүх зөв дүгнэж, харин гэрээнүүдийн 1.2, 1.3-т заасан үүрэг биелэгдээгүй нөхцөлд 1.7-д заасан зохицуулалтыг нэхэмжлэгч хэрхэн хэрэгжүүлж гэрээний үүргийг хангуулах, шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг хэзээнээс эхлэн тоолох талаар зохигч маргасан байхад шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

 

6.Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хуулиар тогтоосон нь аливаа харилцааны явцад үүссэн эрх зүйн маргааны үнэ цэнийг бууруулж, бүдгэрүүлэхээс сэргийлэх, нотлох баримтын ач холбогдол алдагдах үр дагавраас хамгаалах зорилгыг агуулж байдаг. Хэргийн оролцогчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл хариуцагч гэрээнд заасан хугацаанд үнийг төлөөгүй, энэ үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч шаардаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх, үйлчлэхгүй харилцааг тодорхойлсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээс бусад тохиолдолд тодорхой этгээдэд хандан гаргах шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Зохигчийн хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн учир нэхэмжлэгч ******* ТӨХХК-аас хариуцагч *******гийн эсрэг шаардлага гаргах хугацаа нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан тусгай хугацаанд хамаарах ба ерөнхий хугацаа үйлчлэхгүй.

Талууд үүрэг гүйцэтгэж дуусах хугацааг гэрээнүүдийн 1.2, 1.3-т зааснаар тохиролцсон ба энэ хугацаа 2016.11.25, 30-ны өдрүүдэд дуусгавар болж, гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож уг хугацаа 2019.11.25, 30-ны өдрүүдэд дуусчээ.

Хэрэгт нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүд татан буугдах, өөрчлөгдөх, эрх шилжүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон ч энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй, эрхээ зөрчигдсөнийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх байдлаар хуулийн этгээдийн хувьд хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлохгүй тул шүүх хэтэрсэн хугацааг сэргээх эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн гомдлыг хангахгүй. Түүнчлэн хариуцагчийн хариуцлагагүй байдлаас болж улсын төсөв хохирч, татвар төлөгчдийн хүч хөдөлмөр үнэгүйдсэн гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Төрийг төлөөлж иргэний эрх зүйн харилцаанд оролцож буй этгээд өөрийн эс үйлдэхүйн улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шаардах эрхээ алдсан явдалд бусдыг буруутгасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээс татгалзах эрхтэй байх хуулийн зорилгод нийцэхгүй.

 

7.Талуудын байгуулсан гэрээнүүдийн 1.7-д зааснаар гэрээний хугацаа дуусгавар болоогүй учир нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдаагүй талаар нэхэмжлэгч тайлбарлажээ. Талууд үүрэг гүйцэтгэж дуусах хугацааг гэрээнүүдийн 1.2, 1.3-т заасан боловч уг хугацаанд үүрэг биелэгдээгүй, мөн гэрээний 1.7-д зөвхөн зээлийг төлж дууссан байх нөхцөлд л гэрээг дуусгавар болгоно гэж ойлгохооргүй байна.

Энэ нь талуудын байгуулсан гэрээний 1.2, 1.3-т гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж дуусгах хугацааг тодорхой заасан болон мөн гэрээний .-д талуудын эрх, үүргийг тодорхойлсон заалтад гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг төлж дуусгах үүрэг нь гэрээний 1.2, 1.3-д зааснаар тодорхойлогджээ. Худалдан авагч гэрээний үнийг тодорхой хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан буюу үнэ төлөх үүргийг гэрээгээр тохиролцсонд хамаарч байна. Энэ тохиолдолд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар талууд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй гэсэн үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгч хариуцагчийг үүргээ биелүүлэхийг хэдийд ч шаардах эрхтэй гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн шаардах эрх гэрээнд заасан хугацаагаар хязгаарлагдсан байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т зааснаар гэрээнд үүрэг гүйцэтгэх сүүлчийн хугацааг тодотгон заасан байдал, гэрээг дуусгавар болгох нөхцөлийг илэрхийлсэн агуулгатай 1.7-д заасан зохицуулалтыг бусад заалттай нь харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийн тодорхойлсноор хариуцагч гэрээний үнийг бүрэн төлсөн үед гэрээ болон нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болно гэсэн тайлбарыг дэмжих үндэслэлгүй, гэрээнүүдийн 1.7-д нэхэмжлэгчийн шаардах эрхийг ийнхүү тодорхойлоогүй байна. Хариуцагч гэрээний хугацаа хэтрүүлснийг нэхэмжлэгч сануулж амаар шаардаж байсныг нь үл хайхарсан нөхцөлд түүний ёс суртахууны үүрэгт найдах бус гэрээний үлдэх төлбөрийг албадан төлүүлэхээр дээрх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан гэж дүгнэнэ.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхээс хангах үндэслэлгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар талууд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй гэж үзээгүй, хариуцагч үүргээ биелүүлээгүй боловч гэрээний үүрэг мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасан үндэслэлээр дуусгавар болсон буюу нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан учир хариуцагч нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж дүгнэв.

 

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдлийг хэвээр үлдээн шийдвэрт дараах байдлаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Зохигчийн байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үндэслэлээр мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар нэмэгдэл үүрэг болох барьцааны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нэгэн адил дуусна. Иймээс нэхэмжлэгч нь мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар шаардлагаа хангуулах боломжгүй болжээ. Мөн нэхэмжлэгч нь хоёр гэрээний алдангид 5,372,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг шүүх мөн дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг шийдвэрт баримтлаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, алданги гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн ийнхүү шаардах эрхийг тодорхойлсон хуулийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг нэмж баримтлан, харин мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан зохицуулалт нь шаардах эрхийг үүсгэхгүй бөгөөд шийдвэрийн үндэслэлд хамаарах учир уг заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08974 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...75 дугаар зүйлийн 75.2.1... гэснийг хасч, ...158 дугаар зүйлийн 158.1, 232 дугаар зүйлийн 232.6... гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ТӨХК улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ