Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/320

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,  

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 1938005140359 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Речинлхүмбэ сумын төвд хохирогч Б.Бмаргалдаж, түүний баруун гар руу нь мотоциклийн төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Речинлхүмбэ сумын төвд хохирогч Б.Бмаргалдаж, түүний баруун гар руу нь мотоциклийн төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938005140359 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр газар никель цагаан өнгийн мотоциклийн ачааны тасархай төмөр байхаар нь барьж очоод Б.Бтэй зууралдаж байхад Б.Б ахын гар нь оногдож гэмтсэн. Би Б.Бг цохъё гэж цохиогүй нолцолдож байхдаа гар нь гэмтсэн...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 21-ний орой 22 цаг өнгөрч байхад баруун хороо руу ах Лхагважав эгч Батбаяр, дүү Оргилболд эхнэр Чимгээ нарын хамт явж байхад хажуугаар мотоцикльтой хоёр залуу шахаж орж ирэхэд эхнэр Чимгээ замын хажуу руу орж зогссон. Машин чигнаалдахад нөгөө хоёр залуу мотоцикльтой буцаж ирэхэд нь би машинаас бууж очоод машин шүргэлээ яаж яваад байгаа юм бэ? гэж хэлэхэд араас дүү Оргилболд та хоёр яаж яваад байгаа юм гэж бас хэлсэн. Тэр үед би тэр хоёр залуутай маргалдсан... Тэр үед Бороожитой хамт явсан залуу хувцсаа тайлж шидэж урагшаа хашаа руу гүйж явсан. Бид нар машиндаа суугаад хөдөлж явсан...Тэгээд Баярхүү ахын гудамжаар ороод хашааны гадаа зогсоход гудамж болгоноор Д.Б хашгирсаар араас ирж байгаа болохоор нь машины цонх хагална гэж бодоод машины хажууд зогсож байхад Д.Б мотоциклиос буугаад ална хядна гэж хашгираад надруу гүйж ирээд гараа цохисон. Тэр үед миний баруун гарын булчин хэсэгт төмөр юмуу иртэй зүйлээр цохисонг эмнэлэгт очоод мэдсэн...Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

Гэрч О.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машин шахаж мотоцикльтой хоёр залуу өнгөрөхөөр нь чигнаалдаж зогсоогоод яаж яваад байгаа юм бэ? машин техник зуруул яах юм гэж хэлсэн. Би эхэлж Борхүүг дараа нь Д.Быг нэг, нэг удаа алгадсан. Тэгэхэд урдаас Д.Б хальт цохиод хувцсаа тайлаад цээж нүцэглээд үзэх гээд байгаа юм уу гээд харилцан зууралдаж зодолдсон...Бид нар тэндээс хөдлөөд Баярхүүгийн хашааны гадаа очоод хашаа руу ороход мотоцикльтой хашгирсан ална гэж ирэхэд Б.Б ах хашааны гадаа гарсан. Тэгэхээр нь би араас нь гарахад Д.Б Б.Б ахыг хажуу руу шахаж заамдсан байдалтай байсан...Б.Б ахын дотуур өмссөн фодволк цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 22, 25-26-р хуудас/,

Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Б бид хоёр найзуудаасаа салаад хөдөө явахаар баруун хорооны тэнд явж байхад замын урд явж байсан машины гүйцэж түрүүлэх гээд гэрлээрээ дохисон. Тэгэхэд зай тавьж өгөх юм шиг болсон. Би хажуугаар давхихад тэр машин намайг буцаагаад шахсан. Шавар байхад нь хаазлаад шавар сүлжээд давхиад шавраас гарсан. Араас чигнаалдаад байхаар нь зогссон. Тэгэхэд машинаас Оргилболд багш Б.Б хоёр бууж ирээд яаж яваад байгаа юм бэ? гээд шууд Оргилболд багш эхлээд намайг алгадсан, дараа Д.Быг, тэгээд бид хоёрыг хэд, хэд цохисон...Тэгээд эмэгтэй хүмүүс Оргилболд багшийг машинд суулгаад явсан. Д.Б тэр үед зугтаасан. Араас нь мотоциклио асаагаад очиж авахад Д.Б гартаа мотоциклийн ачааны никел бэхэлгээ барьсан явсан...Намайг очихоос өмнө Б.Бтэй зууралдаж зодолдож байхдаа мотоциклийн ачаагаар баруун гар луу цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэндээсээ хөдлөөд Баярхүү ахын хашааны гадаа зогсоход араас хашгирсаар мотоцикльтой нөгөө хоёр залуу ирсэн. Би машины гадаа зогсож байсан. Тэнд зодоон болсон. Манай нөхөр Б.Б гар хүйт оргиод байна гэхэд нь харсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баярхүү ахын хашааны хаалгаар гарч явахад Чимэгээ хашгираад ирээч ирээч гэсэн. Буцаад машины хажууд ирэхэд Б.Б миний гар руу нойтон юм урсаад байна гэж хэлэхээр нь үзэхэд  цус гарыг нь дагаж урссан. Баруун гарын булчин хэсэгт өм татагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хутгалчихлаа гэж хүн чангахан дуугарсан. Би хашааны хаалгаар гарахад Д.Быг машины гэрэлд хараад танисан. Д.Б цээж нүцгэн ална барина гэж байсан... Б.Бгийн гарнаас цус гарч байсанг мэдсэн юм шиг байгаа юм. Лхагважав уяа олоод ир гэхээр нь гэрт орж уяа авчирч өгсөн. Б.Бгийн гарыг уяагаар уяж байхад Д.Б нөгөө хамт явсан хүнтэйгээ мотоциклио асаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 378 дугаартай:

1. Б.Бгийн биед баруун бугалганд зүсэгдсэн шарх, баруун сарвуунд зулгаралт, зүүн дунд хуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн баруун бугалганы шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Харин зулгаралт болон цус хуралт нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

      3. Б.Бгийн биед үүссэн шарх бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-50, 54-56-р хуудас/,

       Хохирогч Б.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 57-58-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938005140359 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Речинлхүмбэ сумын төвд хохирогч Б.Бмаргалдаж, түүний баруун гар руу нь мотоциклийн төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Бгийн /хх-ийн 11-13-р хуудас/, гэрч О.-ын хх-ийн 14-15, 22, 25-26-р хуудас/, гэрч Х.Б-ийн /хх-ийн 16-17-р хуудас/, гэрч Д.Ч-ийн /хх-ийн 18-р хуудас/, гэрч Т.Б-ын /хх-ийн 27-28-р хуудас/, гэрч М.Баярхүүгийн /хх-ийн 29-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 378 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/,

Хохирогч Б.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 57-58-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь урьд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилээр тэнсэж байсан  болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49, 54-

55-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Б нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938005140359 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклийн никел төмрийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 Эрүүгийн 1938005140359 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

       4. Эрүүгийн 1938005140359 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклийн никел төмрийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      5. Эрүүгийн 1938005140359 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР