| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2023/06035/И |
| Дугаар | 210/МА2026/00150 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2026/00150
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/08205 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчийн өөрт ногдох хэсгийн үнэд 25,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн 60,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******, ******* нар нь 1994 онд *******той хамт ажиллаж байсан *******оор зуучлуулан түүний хөршийн *******талбайтай хашааны газрыг тус бүр 15,000 төгрөг гарган худалдан авч байсан. Газартаа ******* нэг байшин, би нэг байшин, 2 автомашины гарааш барьж ашиглаж байсан. Бид эв найртай, үр хүүхдүүд маань ойр дотно амьдарч өдийг хүрсэн. *******ийн хүү ******* нь хашааны газрыг 2023 онд бусдад 180,000,000 төгрөгөөр худалдахаар болж газраа чөлөөлье гэхэд нь газрыг чөлөөлөн хогийг цэвэрлэж өгсөн. Уг газрыг худалдсан үнээс 60,000,000 төгрөг өгч 30,000,000 төгрөгийг дутуу өгсөн. Үүнээс 5,000,000 төгрөгийг эд хөрөнгө худалдах, бичиг баримт шилжүүлэх зардалд суутган зарцуулж, үлдэх 25,000,000 төгрөгийг *******, *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******ы тайлбар, татгалзлын агуулга: ******* дүүргийн *******хороо, ******* тоот, ******* газрыг 1994 онд худалдаж авахдаа 15,000 төгрөгийг *******аас зээлсэн. *******ынх 1996 онд ******* рүү явсан бөгөөд тухайн үед хоосон хашаа байсан учир 2001 онд *******ээс ирэхээр нь бид хашаандаа байшин бариад амьдарсан. Газар өмчлүүлэх үед ******* хүүхдүүдийн хамт өмчлөгчөөр бүртгүүлэхэд ******* хамт амьдарч байсан ч өмчлөх эрхийг хамтран бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаагүй. Бид хэдэн жил амьдарсны дараа эзэнгүй байх болсон тул 2023 онд худалдсан. Энэ хооронд ******* эхнэртэйгээ ирж тал мөнгийг нь авна гэснээр маргаан эхэлсэн. *******аас зээлсэн 15,000 төгрөгийг нь зарагдвал өгнө гэж хэлж байснаас газрыг хамтран худалдаж аваагүй. Одоогийн байдлаар миний нөхөр ******* эрүүл мэндийн асуудалтай байгаа. Ингээд маргаан гарч ******* нь согтуу ирж заналхийлэх, фэйсбүүкт залилан хийх гэж байна гэж зарлан элдвээр сүрдүүлэн хүү *******ыг ажилтай байхад нь дарамталсан учир аргагүйн эрхэнд 60,000,000 төгрөгийг түүний хүү *******д шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагч *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга: Газрыг 1994 онд худалдан авч ******* өмчлөгч болсон. Иймээс *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Тухайн газрыг хамтран худалдаж аваагүй ба хэрэв хамтран авсан бол ******* хамтран эзэмшигчээр нэрээ оруулах байсан ба тийм зүйл хэлж байгаагүй. ******* нь хэл ам хийж, элдэв байдлаар дарамт үүсгэж байсан тул аргагүйн эрхэнд 60,000,000 түүний хүүгийн данс руу шилжүүлсэн. Иймд *******аас 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Уг газрыг хамтран аваагүй гэсэн нь гүтгэлэг юм. Газрыг худалдсаны дараа худалдсан газрын мөнгөө хуваах үед маргаан гарсан. ******* нь бүх зүйлийг мэдэж ээжийнхээ заавраар ах, эгч 2-ынхоо өөдөөс гэр бүл болон өөрийг нь дарамталсан гэж гүтгэж байгаад нь харамсаж байна. Өгөх ёстой мөнгөнөөсөө 60,000,000 төгрөг шилжүүлсний дараа үлдэгдэл 25,000,000 төгрөгөө л нэхэмжилсэн гэжээ.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******аас 60,000,000 төгрөг гаргуулах тухай *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 282,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 457,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
7.Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:
Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч *******, ******* нарт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нараас татгалзсанаар тэд энэ хэргийн оролцогч биш болж байгаа. Харин *******, ******* нарын хооронд анх үүссэн маргаанд ******* нь зөвхөн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. Тэгэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх зүйн харилцааны бие даасан оролцогч биш тул мөнгө хүлээн авсан гэдэг үндэслэлээр Ч.Хангалыг буруутган, мөнгийг хариуцах ёстой гэсэн нь хууль хэрэглээний алдаа болно. Аавынхаа итгэмжлэлийн дагуу түүний нэр дээрх өмчийг худалдсаны төлбөрийг өөрт хүлээн авах нь хууль зөрчихгүй. Түүнчлэн *******аас ямар ч мөнгө орж ирээгүй тул ******* үндэслэлгүй хөрөнгөжөөгүй учир *******д мөнгө төлөх нь хуульд нийцэхгүй.
Шүүхээс нэхэмжлэгчийг ******* газрыг дундаа хэсгээр буюу 50 хувийг өмчлөх эрхтэй гэж дүгнэсэн нь хариуцагчийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс 60,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг үгүйсгэх үндэслэл болно гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг бөгөөд маргаж буй газрын өмчлөгч нь ******* болохыг нотолсон ямар ч баримт хэрэгт байхгүй тул түүнийг өмчлөгч гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
8.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Худалдсан газрын талаар хариуцагч нь дундын өмч биш гэж маргасан ба уг маргаан нь *******ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэнтэй холбоотой болон газрыг худалдах хүртэлх хугацаанд маргаангүй байсан. Газраа худалдаж төлбөрийг 50, 50 хувиар хувааж авах аман хэлцэлтэй байсан. Газрыг ******* нь *******ийн төрсөн хүүгийн хувьд аавынхаа өгсөн итгэмжлэлийн дагуу 178,500,000 төгрөгөөр худалдсантай талууд маргаагүй. Энэ талаар *******д тухайн үед мэдэгдэж, газрын төлбөрийн оронд гаальтай автомашин авах уу гэсэн санал тавьж байсан ба тус саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул мөнгөний асуудлыг ээжтэй ярилцаарай гэж хүү нь хэлсэн. Үүний дараа ******* гэх гүйлгээний утгаар 20,000,000 төгрөгийг 3 хуваан нийт 60,000,000 төгрөг шилжүүлсэн.
Газрыг 180,000,000 төгрөгөөр худалдсанаас 2,500,000 төгрөгийг бичиг баримт бүрдүүлэхэд зарцуулсан гэж үзвэл 90,000,000 төгрөг авах ба 60,000,000 төгрөг өгч, үлдэх мөнгийг өгөхгүй гэснээр маргаан үүссэн. Уг эд хөрөнгө нь дундын өмч биш тул дээрх үндэслэлээр давж заалдах гомдол няцаагдаж байна. Нэхэмжлэгч тал газрын эзэмшигч *******ийг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан ба мөнгийг ...*******... гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. ******* эрүүл мэндийн шалтгаантай байсан тул мөнгө шилжүүлсэн *******ыг хариуцагчаар татсан. Гэтэл хүү ******* нь газрыг худалдсан, худалдан авагчаас мөнгө авсан тул ******* 60,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргасан учраас бид түүнийг хариуцагчаар татсан. ******* хариуцагч биш гэж маргасан нь үүгээр үгүйсгэгдсэн. *******, ******* нарын дундаа хэсгээр өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийг худалдсаны төлбөрийг ******* хүлээн авсантай хэн ч маргаагүй. Энэ үндэслэлээр *******аас 25,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан дундын өмчлөлийн газрыг худалдсаны орлогоос өөрт ногдох хэсэгт дутуу төлсөн 25,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, бусдад худалдсан газар нь *******ын өмчлөлийн газар биш тул мөнгө шаардах эрхгүй гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн дарамтын улмаас түүнд 60,000,000 төгрөгийг үндэслэлгүй шилжүүлсэн учир уг мөнгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3.Хэргийн баримтаар ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ******* газрын өмчлөгчөөр 2007 оны 04 сарын 24-ний өдөр *******, *******, *******, *******, ******* нар анх удаа улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Улмаар уг газрыг 2023 оны 10 сарын 31-ний өдөр *******д 178,500,000 төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхээ шилжүүлсэн, газрын үнийг хариуцагч ******* хүлээн авсан нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлийн талаархи Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон лавлагаа, тодорхойлолт, *******ын Хаан банкны дансны хуулгаар тогтоогджээ. Энэ үйл баримтад зохигч маргаагүй байна.
Нэхэмжлэгч ******* дээрх газрыг 1994 онд хариуцагч *******той хамтран худалдаж авсан учир газрын хамтран өмчлөгч гэсэн үндэслэлээр маргаан үүсгэж, газрын үнэ 178,500,000 төгрөгийн 50 хувийг хариуцагч нараас шаардсан нь талуудын маргааны зүйл болжээ. Хариуцагч *******ийн хувьд маргаж буй газрыг 1994 онд 30,000 төгрөгөөр худалдан авахад нэхэмжлэгч 15,000 төгрөгийг гаргасанд маргахгүй боловч уг мөнгийг тэрээр газрын үнэд төлсөн бус хариуцагч түүнээс зээлсэн, хамтран худалдаж аваагүй гэж тайлбарлажээ.
Маргаан бүхий газрыг *******, ******* нар хамтран эзэмшиж байсанд маргаангүй бөгөөд нэхэмжлэгч уг газарт нэг хувийн сууц, хоёр гарааш барин эзэмшиж байсан нь хэргийн оролцогчийн тайлбар, гэрч *******, ******* нарын мэдүүлгээр тогтоогджээ. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* ...бид *******аас 15,000 төгрөг зээлээд 30,000 төгрөгөөр хашаа авсан ... 15,000 төгрөгийг манай нөхөр төлсөн эсэхийг мэдэхгүй гэж тайлбарласан бол хэргийн 96-р талд авагдсан гэрч *******ийн мэдүүлэгт ...Манай хажуу талын 50 тоот зарагдахаар болсныг *******т хэлсэн. Худалдаж авах үед *******тай хамт ирээд ******* тэр хоёр 15,000 төгрөг, 15,000 төгрөг гаргаад 30,000 төгрөгөөр хашааг худалдаж авсан ... *******, ******* хоёр хашаандаа хоёр талд нь тус тусдаа байшин барьсан. Сүүлд ******* хоёр автомашины гарааш барьсан... гэж мэдүүлжээ.
4.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл *******, ******* нар нь ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ******* газрыг хамтран худалдаж авахаар харилцан тохиролцож, тус бүр 15,000 төгрөг гаргаж, нийт 30,000 төгрөгөөр маргаан бүхий газрыг хамтран худалдаж авснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасны дагуу хэлцлийн үндсэн дээр дундын өмч үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь түүний өмчлөгчийн эрхийг үгүйсгэхгүй. Хамтран өмчлөгчдийн хооронд үүссэн өмчлөх эрхийн маргааны хүрээнд өмчлөгч өөрийн өмчлөх эрхийг нотолж байвал шүүх өмчлөгч гэж тогтоох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 182, 183 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх, бүртгэл үнэн зөв байх зохицуулалт энэ маргааны хувьд үл хамаарна. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь өмчлөгч нарын хоорондын бус, гадагш чиглэсэн харилцаанд үйлчлэх буюу гуравдагч этгээд тухайн хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд үндэслэн үнэн зөв гэж тодорхойлох агуулгатай.
Энэ хэргийн үйл баримтад үндэслэн хариуцагч *******ийг маргаан бүхий газрын хамтран өмчлөгч нь нэхэмжлэгч ******* гэдгийг анхнаасаа мэдэж байсан гэж үзэх бөгөөд хариуцагч газрыг худалдан авах үедээ нэхэмжлэгчээс 15,000 төгрөгийг зээлсэн гэж татгалзлаа илэрхийлсэн ч зохигчийн хооронд 15,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг зээлийг буцаан өгсөн байдлаа хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэгч маргаан бүхий газрын өмчлөгч биш, улсын бүртгэл үнэн зөв байх гэсэн агуулгаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй.
5.Хариуцагч ******* маргаан бүхий газрыг иргэн *******д 178,500,000 төгрөгөөр худалдаж, түүний өмчлөлд 2023.10.31-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл хийгджээ. Нэхэмжлэгч газрын хамтран өмчлөгчийн хувьд өөрт ногдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасанд нийцсэн, шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн баримтаар хариуцагч нар газрыг 178,500,000 төгрөгөөр худалдсан нь тогтоогдсон, уг мөнгөнгөөс 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтад зохигч маргаангүй. Нэхэмжлэгч газрын хамтран өмчлөгчийн хувиар газар худалдсан үнийн 50 хувь болох 89,250,000 төгрөгөөс түүнд шилжүүлсэн 60,000,000 төгрөг, мөн газрыг худалдахтай холбогдон гарсан зардалд 5,000,000 төгрөгийг суутгуулахыг зөвшөөрсөн тул үлдэх 24,250,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх уг газрын нэхэмжлэгчид ногдох үнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч мөнгөн дүнгийн хэмжээг буруу тогтоосныг залруулж, энэ тухай шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.
6.Нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээр эдгээр хариуцагч нарт холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцээгүй, шүүх хуулийг буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
Тодруулбал, хэргийг хянан шийдвэрлэсэн 2025.10.14-ний өдрийн шүүх хуралдаан хүртэл хугацаанд нэхэмжлэгч тал хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй байна. Мөн өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...*******, ******* нарыг хариуцагчаар татсан үндэслэлээ татгалзаж, *******ыг хариуцагчаар үлдээж *******аас 25,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан. Хэнд холбогдуулан, ямар шаардлага гаргах болон гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, түүнчлэн нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь гагцхүү нэхэмжлэгчийн бүрэн эрх юм. Энэ эрхийг хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч эдлэхгүй бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгчид ийм эрх хуулиар олгогдоогүй.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд биечлэн оролцсон боловч хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзсан тухай тодорхой хүсэл зоригийг илэрхийлээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсан гэж дүгнэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагч *******, ******* нараас 24,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хариуцах үүрэгтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй учир түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эдгээр үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хассан өөрчлөлтийг оруулна.
7.Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэгчээс 60,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ газрын маргаантай холбоотойгоор нэхэмжлэгчийн дарамт, шахалтын улмаас 2023.11.10-ны өдөр 60,000,000 төгрөгийг үндэслэлгүй шилжүүлсэн гэж тодорхойлжээ. Шүүх маргаан бүхий газрын хамтран өмчлөгч нь *******, ******* нар гэж дүгнэн, уг газрыг худалдсаны орлогоос нэхэмжлэгчид ногдох хэсгийн үнийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Түүнчлэн хариуцагч нар нь нэхэмжлэгчийн дарамт, шахалтын улмаас түүнд уг мөнгийг шилжүүлсэн гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж, энэ тухай хариуцагч нарын гомдлыг хангахгүй. Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон агуулгаар тусгана.
8.Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/08205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 24,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 750,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* нараас татгалзсаныг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******аас 60,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
3 дахь заалтын ...хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 279,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 740,900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ