Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/316

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эхолбогдох эрүүгийн 1938004620369 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ... тоотод байрлах өөрийн гэртээ 1 сар 6 хоногтой нярайг болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ... тоотод байрлах өөрийн гэртээ 1 сар 6 хоногтой нярайг болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938004620369 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 05 цаг 50 минутын үед нөхөр Б.Э ажилдаа явах үед би О.Эхүүгээ хөхүүлээд байж байтал уйлаад байхаар нь хуурайлаад унтуулсан. Тэгээд 08 цаг болж байхад босоод хүүхдээ хартал ухаан алдсан байсан ба хамраас нь цус гарсан байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

Хохирогч Б.Эмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би өглөө ажилдаа гараад явахдаа охиноо эхнэрийнхээ араар оруулж тавиад гарсан. Тэр үед эхнэр хүү хоёр маань унтаж байсан. Би ажил дээрээ ажлаа хийж байтал эхнэр утсаар залгаад хүүгийн бие муудаад байна гэхээр нь яваад очтол миний хүү О.Эухаангүй байсан...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,

Гэрч Т.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай бэр охин С.Э сандарсан байдалтай намайг дуудаад хүү маань бие нь муудаад хачин болчихлоо гээд тэвэрсэн орилоод байсан...Тэгээд удалгүй эмч ирж үзээд нас барсан байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

    Гэрч Г.Г-мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хатгал тосгоны 1-8-7 тоотод очиход 1 сартай эрэгтэй хүүхэд байсан ба ээж, аав нь массаж хийж байхад нь очиж үзлэг хийхэд амьсгал хураасан байсан...Нас барсан хүүхдийн хамарнаас шингэн ногоон зүйл гоожсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

     Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаартай дүгнэлт: “ ... О.Эбиед баруун зүүн уушигны гадаргууд цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой...Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна.... Очир-Эрдэнийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.... О.Энь нас бараад ойролцоогоор 6-8 цаг болсон байна...О.Энь механик амьсгал бүтэлт буюу цээжинд дээр гадны биет дарсанаас болж нас барсан байна. Энэ нь баруун зүүн уушигны гадаргуу дээрх цус харвалт, уушиг агааржилтгүй, зүрхнийг гадаргуу, уушигны уг дахь цэгцилсэн цус харвалт, тархи уушигны хаван зэрэг шинж тэмдэгээр батлагдаж байна гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,

     Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 117 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн тухай дүгнэлт:

      1. Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1-р хариултанд тусгагдсан “О.Эбаруун уушигны гадаргууд цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлтэн дээр дурьдагдсан гэмтэл нь дарагдалтаас үүсгэгдсэн байна.

      2. Дээрхи дүгнэлтийн 1-р хариултанд тусгагдсан “мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэл...” гэдэг нь цээж дарагдсан хүчин зүйлээ тусган бичсэн байна. Даралт үүсгэж байгаа хүчин зүйлийг мохоо зүйл гэж тусган бичжээ.

      3. Амь хохирогч амьсгал бүтэлтээс улмаас нас барсан гэдэг нь дээрх дүгнэлтээс харагдах байгаа бөгөөд цээж дарагдалыг шүүх эмнэлгийн тодорхойлолтын дагуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэж бичсэн нь онолын хувьд зөв ч үгийн сонголтын хувьд тохиромжгүй байна.

      4. Амь хохирогч Б.О.Энь цээж дарагдсаны улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байжээ.

      5. Хөнжил болон бусад эс зүйлсээр цээж дарагдсан гэж үзвэл эдгээрийг мохоо зүйлд хамруулан ойлгох нь зүйтэй гэх дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/,

Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэл гэдэг нь уушигны гадаргуйд болон эдэд үүссэн цус хуралтын хэмжээ талбай, өнгө зэргээс хамааран харилцан адилгүй байдаг...Уушгинд агаар орох боломжгүй болсны улмаас хийн солилцоо явагдалгүй механик амьсгал бүтэлтээс болж амь хохирогч нас барсан...Мохоо гадаргуйтай зүйлийн үйлчлэл буюу хөнжил овоолж дарагдсан тохиолдолд механик амьсгал бүтэлтэнд орох боломжтой. Дарж байгаа зүйлийн жин талбайгаас хамааран хүүхдийн биеийн харьцаа хөгжил бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг тул өөрийн биеийн жингээс бага жинтэй зүйлээр дархад ч амь насанд аюултай амьсгал бүтэлтэнд оруулах боломжтой байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Амь хохирогч нь бүтэлтээс болж нас барсан байсан...Хөнжлөөр бүтээхэд нас барсан байх боломжтой. 1 сар 6 хоногтой учир амь хохирогчийн хувьд өөр дээрээ хөнжлийг овоолж бүтээх боломжгүй. Амь хохирогчийг хөнжлөөс гадна өөр гадны биет дарснаас болж нас барсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-37, 41-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938004620369 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн  хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 1-8-7 тоотод байрлах өөрийн гэртээ 1 сар 6 хоногтой нярайг болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Эмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/, гэрч Т.Пүрэвдоржийн /хх-ийн 12-13-р хуудас/, гэрч Г.Гал-Одын /хх-ийн 16-17-р хуудас/, шинжээч эмч Б.Цолмонгийн /хх-ийн 28-р хуудас/, инжээч эмч М.Батмөнхийн /хх-ийн 53-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 117 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн тухай дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг шүүгдэгч С.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Э нь                   Б.О.Эамь насыг болгоомжгүйгээр хохироосон бөгөөд хохирогч                       Б.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 41-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  ам бүл 3  нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938004620369 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Дэшиг С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Эг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Эд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 1938004620369 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР