Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1598

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:  М.Оргилтунгалаг

улсын яллагч: А.Сайнбаяр

шүүгдэгч нарын  өмгөөлөгч: Н.Ганбат

хохирогч: Д.Т

шүүгдэгч: Б.Б, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт  Б Б, О овогт С Б нарт тус тус  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1906009990660 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Монгол Улсын иргэн, Б овогт  Б Б, 19 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зам ангийн компанид туслах ажилтай, ам бүл 2, ээжийн хамт  тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,  регистрийн дугаартай,

        2. Монгол Улсын иргэн, О овогт С Б, 19 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 4,эцэг,эх,м дүү нарын хамт тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,  регистрийн дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

         Б.Б, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шөнийн 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 6 дугаар гудамжинд иргэн Д.Т зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан,  түүний 2 ширхэг гар утас, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  Б.Б   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр С.Б бид хоёр Д.А гэрт хонох гээд гэр рүү нь явж байсан. 16 дугаар хорооллын тэнд хоол идчихээд такси барих гээд зам гараад явж байхдаа нэг согтуу ахтай таарсан. Тэр ах гал асуухаар нь галаа гаргаад өгтөл тамхиа буруу харуулаад зуусан байхаар нь “та тамхиа буруу харуулаад зуусан байна” гэж хэлэхэд тамхиа зөв  харуулах гэж байхдаа хугалчихаад намайг тамхи хугалчихлаа гээд цохиход С.Б салгасан. Тэр ах гар утсаа унагасан бөгөөд “гар утсаа аваач” гэж хэлэхэд цаашаагаа яваад өгсөн. Бид 2 гар утсыг нь аваад Д.А гэр рүү таксидаад очиход 23.00 цаг өнгөрч байсан. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

   Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр найз Б.Б хамт Д.А гэрт очих гээд 16 дугаар хорооллын автобусны буудал дээр явж байгаад нэг согтуу хүнтэй таарсан. Тэр хүн гал асуусан ба гар утсаа унагаачихаад явсан. Тухайн гар утас нь “цагаан өнгийн эс-3” маркийн гар утас байсан. Тэгээд бид 2 тэр ахыг “утсаа унагачихлаа аваачээ” гэж хэлэхэд ойлгохгүй цаашаагаа яваад өгсөн. Бид 2 такси бариад Д.А гэрт очиход 23.00 цаг болж байсан. Д.А гэрт хоночихоод өглөө нь хичээлдээ явсан. Д.А гэрт тухайн гар утсыг орхиод явсан байсан. Д.А гэр Чулуун-Овоонд байдаг. Д.А хүрээд ир гээд байхаар нь гэрт нь очсон. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

   Хохирогч  Д.Т  шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:  2019 оны 1 дүгээр сарын 27-ны орой найзынхаа гэрээс гараад Шархадны урд талын зам дээрээс такси бариад гэр рүүгээ явсан. Да хүрээ захын урдхан талд явж байхад хүн гар өргөөд зогсож байхаар нь “та энэ хүнийг аваад явчих, гэр ойрхон болохоор алхаад орчихъё” гэж хэлээд буусан. Манай гудамжинд  гэрэлтүүлэг байдаггүй бөгөөд гудамжаар явж байтал араас 2 хүн гүйж ирэхээр нь хартал хавирч дэгээдэж унагаасан. Би босч ирээд Да хүрээгийн гэрэлтэй зам руу явах гэхэд “ахаа яагаад байгаа юм бэ, танаас гал асуусан ш дээ” гэж хэлэхээр нь зайнаас чүдэнзээ шидэж өгсөн. Өндөр, нам 2 залуу байсан. Цаана нь байсан өндөр залуу “наадах чинь яасан овоо пизда вэ” гэж хэлээд гүйж ирээд зууралдаж унагаад нүүрэн дээр дэвссэн. Шөнийн 01-02 цагийн хороонд уг асуудал болсон. Тухайн үед миний биед хар өнгийн эс-3, цагаан өнгийн яагаан гэртэй эс-2 маркийн гар утаснууд, бэлэн 100.000 төгрөг байсныг авсан. Би хар өнгийн куртик, өвлийн хүрэн гутал, саарал өнгийн ноолууран малгайтай явж байсан. Тухайн үед харанхуй байсан учраас ямар хүмүүс, ямар хувцастай байсныг мэдэхгүй байна. Өндөр нь бүдүүн дуутай байсан гэв. 

         Шүүгдэгч  Б.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  2019 оны 1 дүгээр сарын дундуур байсан шиг санагдаж байна тухайн өдрийг санахгүй байна. Би өөрийн багын найз болох Б хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойгоос гэрлүүгээ буюу Шархад руу явж байтал Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын автобусны буудал явах зам дугаа ганцаараа явж байсан 27-28 орчим насны эрэгтэй хүнтэй зөрсөн чинь уг хүн тамхи асаах гал байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би гал гаргаж өгөөд асаах гэсэн чинь нөгөө тамхи нь хугарчихсан. Тэгээд тэр залуутай тамхинаас болж бид 3 маргалдаж зодолдсон. Би уг залуугийн нүүррр   лүү   1 удаа цохисон чинь нөгөө залуу намайг бариад автал манай найз Б хажуу талаас нь нөгөө залуугийн гар луу цохисон чинь нөгөө залуу зугтаачихсан. Уг залуу зугтаах үедээ гар утсаа унагаасан. Тэгэхээр нь бид хоёр нөгөө утсыг нь аваад эмэгтэй найз болох А очсон. Бид хоёр тэндээ хоноод  өглөө явахдаа нөгөө утсаа ориход явчихсан байсан. Маргааш нь очоод нөгөө утсаа авий гэтэл А алга болчихсон байна лээ гэж хэлсэн. Тухайн утас нь цагаан өнгийн Самсунг маркийн Эс-3 маркийн гар утас байсан. Тухайн хүнд ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Бид хоёр ч гэмтэл учраагүй. Гар утсыг газар унахаар нь би очиж авсан гэжээ. /хх-ийн 26/

            Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын дунд үед 10 жилийн найз Б хамт Эрдэнэтолгойгоос Шархад руу  явж байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын автобусны буудал явах зам дагуу согтуу эрэгтэй хүн явж байсан ба тэр эрэгтэй бид 2-оос гал асуухад манай найз Б гал гаргаж өгөөд асаах гэсэн чинь нөгөө тамхи нь хугарчих шиг болсон. Тэгээд тэр залуутай тамхинаас болж бид 3 маргалдсан. Б тэр залуугийн нүүр лүү 1 удаа цохьтол тэр залуу Б бариад авахаар нь би гарлуу нь цохьтол нөгөө эрэгтэй хүн гүйгээд явчихсан. Тэр залуу гүйж явахдаа гар утсаа газар унагаагаад явчихсан. Тэгэхээр нь манай найз Б тэр утсыг аваад бид хоёр эмэгтэй найз А гэр лүү нь очиж хоносон. А Чулуун-Овоонд байдаг юм. Өглөө нь бид хоёр А арахдаа нөгөө утсаа орхиод явсан байсан. Дараа нь А нөгөө утсаа асуухад алга болчихсон байна лээ гэж хэлсэн байсан. Уг утас нь цагаан өнгийн Самсунгийн Эс-3 маркийн утас байсан гэжээ. /хх-ийн 23/

           Хохирогч  Д.Т  мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 01дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчим найз Ч, Н нартай уулзах гээд гэрээсээ гараад явж байхдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улиастайд байдаг ээлжийн жолооч С очоод С уулзчихаад С гараад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд Байрлах найз Н очиход найз Ч байсан. Тэгээд бид гурав 0,5 л хараа нэртэй 1 ширхэг архи уучихаад нээх удалгүй Н гараад такси бариад Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Эрдэнэтолгойн  гудмын баруун буланд явж байтал 170 орчим өндөртэй туранхай 2 залуу намайг хавирч унагаагаад цээж рүү өшиглөхөөр нь би яах гээд байнаа та 2 гээд босоод ирсэн. Тухайн үед байсан учир би царай төрх, содон шинж тэмдэг өмсөж явсан хувцасыг нь харж амжаагүй. Тэгээл хойшоо ухартал тэр хоёр надаас гал асуусан тэгэхээр нь нь би халаасанд байсан шүдэнзээ өгсөн. Нэг залуу нь шүдэнзийг маань авахдаа хавираад унагаасан ба цаад талд байсан залуу наадхи чинь ямар овоо пизда вэ гээд намайг хоёулаа нийлж унагааж байгаад нүүр, нүдгүй нүдэж зодохоор нь би наад халаасанд байгаа бүх юмаа ав гэсэн. Тэгтэл миний халаасанд хар өнгийн Samsung s3 ягаан өнгийн гэртэй цагааан өнгийн маркийг нь мэдэхгүй андройд утас бэлнээр 100.000 төгрөгийг дээрэмдсэн. Тухайн үед миний ухаан санаа түр балартаад нилээн хэвтэж байгаад босч ирээд харахад нөгөө хоёр залуу байхгүй байхаар нь гэртээ хариад ээж Н утасаар цагдаа дуудсан гэжээ.  /хх-н  18-19/

         Д.Т Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3-6/

          Д.Т асууж авсан тайлбар /хх-н 14-15/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 14/, фото зургууд /хх-ийн 15/,

          Гэрч Д.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Сар өдрийг нь санахгүй байна манай ээж ээлжийн ажилтай байсан үед Б.Б над руу нилээн орой утсаар яриад хоёр найз нь танайд хоний гэхээр нь би тэг тэг гэсэн. Тухайн үед яагаад зөвшөөрсөн юм гэхээр ээж ажилтай байсан болохоор би зөвшөөрсөн юм. Ингээд хоёр Б нилээн орой намайг орондоо орчихсон зурагт үзээд хэвтэж байхад ирсэн. Цаг хэд болж байсныг би хараагүй. Би тэр хоёрыг ирнэ гэдгийг мэдсэн байсан учраас газраар ор засчихсан байсан юм. Тэр хоёр орж ирээд нэг их юм ярилгүй шууд унтсан. Өглөө нь эрт босоод явчихсан. Архи дарс уусан эсэхийг нь мэдээгүй. Манай 3 дүү надтай хамт байсан. Тэр хоёр хоноод явсаны маргааш нь Б над руу залгаад танайд утсаа үлдээсэн байна гэхээр нь би хайгаад олоогүй. Гэтэл хоёр хоногийн дараа манай угаалгын машин хувцасны шкаф хоёрын завсар яагаан өнгөтэй хамгаалалттай цагаан өнгийн Самсунг Эс-2 гар утас байсан. Хэд хоногийн дараа нөгөө утсыг хайгаад олоогүй. Хоёр Б манайд ер нь  ирж хонодог юм гэжээ.   /хх-н 28-29/

            Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: С.Б бид хоёр 5 дугаар ангиасаа 12 дугаар анги төгсөх хүртлээ нэг ангид суралцсан юм. Найз нөхдийн холбоотой. Б бол их нөхөрсөг харилцаатай, бусадтай яг байгаагаараа харьцаж чаддаг, ямар нэгэн илүү дутуу зангүй хүн байгаа юм. Найзалж нөхөрлөж байхад ямар нэгэн муухай ааш араншин гаргаж байгаагүй. Анги хамт олныхоо дунд нэр хүнд сайтай. Бас их спортлог залуу байгаа юм. С.Б аав, ээж гурван дүүгийнхээ хамт амьдарч байгаа байхаа. Өөртөөгөө адилхан нэртэй хүүхэдтэй найзалдаг юм. Тэр нь манай нөгөө ангид байсан юм. Нөгөө Б явж байгаад хэрэгт холбогдсон гэнэ гэж сонсож байсан гэжээ. /хх-ийн 30/

          Гэрч П.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Д.Т миний хоёр дахь хүүхэд юм. Би өдрийг нь үнэхээр мартчихсан байна. Ямар ч байсан 2019 оны 1 дүгээр сарын 20 гарсан байсан юм тэр үед манай хүү Т нь гэртээ эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан. Бид нарыг унтаж байтал манай хүү шөнийн 02.00 цагийн орчимд нүүр ам нь цус болчихсон хувцас нь шороо болчихсон орж ирээд би гудамжны үзүүрт хүнд зодуулж дээрэмдүүлчихлээ гэж ирсэн. Тэгэхээр нь би шууд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай хүүгээс архи үнэртэж байсан. Гэхдээ ухаан санаа нь хэвийн байсан. Юу болсоныг нь асуухад Хаан банкны урд таксинаас буугаад алхаад явж байгаад яг гудамжиндаа орж иртэл араас нь хүн өшиглөж унагаасан гэсэн. Эргээд хартал хоёр хүн байсан гэсэн. Тэгээд гал асуугаад ямар овоо пизда бэ гэж хэлээд манай хүүг хоёулаа нийлж зодоод халаасанд нь байсан хоёр ширхэг гар утас болон бэлэн 100.000 төгрөгийг нь дээрэмдсэн байсан. Нэг гар утсыг нь би хэрэглэж байгаад хүүдээ  өгсөн юм. Самсунг Эс-2, Самсунг Эс-3 маркийн хоёр утастай явж байсан юм байлаа. Ажил хийдэг хүн болохоор мөнгөтэй л байж таараа. Манай хүү эхнэр хүүхэдтэй болохоор би мөнгө төгрөгний асуудалд нь оролцоод байдаггүй юм. Манай хүү найзынхаасаа гараад такси бариад Хаан банкны урд буусан юм байлаа гэжээ. /32/

          Гэрч Д.Л  мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ: Би хоёр Б танина. Багаасаа биенийгээ мэднэ. Хоёр Б спортоор их хичээллэдэг юм. Хоёр Б би хүнтэй маргалдсан гэнэ гэж дуулсан өөр зүйл мэдээгүй гэжээ. /хх-ийн 33/

         Гэрч Б.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би хоёр Б танина найзууд байгаа юм. Би тэр хоёрыг хүнтэй маргасан гэнэ гэж л сонссон гэжээ. /хх-ийн 35/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 21-23/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1791 тоот шинжилгээ   Дүгнэлтэд:

1.Д.Т биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чихний ар хэсэг, баруун сарвуунд зулгаралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Т биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чихний ар хэсэг, баруун сарвуунд зулгаралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой  гэжээ.  /хх-ийн 37/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 38/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-42/

          С.Б хувийн баталгаа гаргах   таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 45-46/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал /хх-н 80-83/, эрэн сурвалжлах ажиллагааны баримтууд /хх-н 84-95/

   С.Б, Б.Б нарт сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-55/

    С.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 65-66/, Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74-75/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 60-61/,   оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-н 68/ зэрэг болно.          

          Б.Б, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шөнийн 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, Эрдэнэтолгойн дугаар гудамжинд иргэн Д.Т зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан,  түүний 2 ширхэг гар утас, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

Д.Т биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чихний ар хэсэг, баруун сарвуунд зулгаралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Т биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чихний ар хэсэг, баруун сарвуунд зулгаралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой  гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1791 тоот шинжилгээний дүгнэлт /хх-ийн 24/

           Хохирогч  Д.Т  мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: ... Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Эрдэнэтолгойн  гудмын баруун буланд явж байтал 170 орчим өндөртэй туранхай 2 залуу намайг хавирч унагаагаад цээж рүү өшиглөхөөр нь би яах гээд байнаа та 2 гээд босоод ирсэн. Тухайн үед байсан учир би царай төрх, содон шинж тэмдэг өмсөж явсан хувцасыг нь харж амжаагүй. Тэгээл хойшоо ухартал тэр хоёр надаас гал асуусан тэгэхээр нь нь би халаасанд байсан шүдэнзээ өгсөн. Нэг залуу нь шүдэнзийг маань авахдаа хавираад унагаасан ба цаад талд байсан залуу наадхи чинь ямар овоо пизда вэ гээд намайг хоёулаа нийлж унагааж байгаад нүүр, нүдгүй нүдэж зодохоор нь би наад халаасанд байгаа бүх юмаа ав гэсэн. Тэгтэл миний халаасанд хар өнгийн Samsung s3 ягаан өнгийн гэртэй цагааан өнгийн маркийг нь мэдэхгүй андройд утас бэлнээр 100.000 төгрөгийг дээрэмдсэн. Тухайн үед миний ухаан санаа түр балартаад нилээн хэвтэж байгаад босч ирээд харахад нөгөө хоёр залуу байхгүй байхаар нь гэртээ хариад ээж Наранбулагийн утасаар цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг.  /хх-н  18-19/

                Гэрч Д.А  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...хоёр Б нилээн орой намайг орондоо орчихсон зурагт үзээд хэвтэж байхад ирсэн. Цаг хэд болж байсныг би хараагүй. Би тэр хоёрыг ирнэ гэдгийг мэдсэн байсан учраас газраар ор засчихсан байсан юм. Тэр хоёр орж ирээд нэг их юм ярилгүй шууд унтсан. Өглөө нь эрт босоод явчихсан. Архи дарс уусан эсэхийг нь мэдээгүй. Манай 3 дүү надтай хамт байсан. Тэр хоёр хоноод явсаны маргааш нь Бат-Эрдэнэ над руу залгаад танайд утсаа үлдээсэн байна гэхээр нь би хайгаад олоогүй. Гэтэл хоёр хоногийн дараа манай угаалгын машин хувцасны шкаф хоёрын завсар яагаан өнгөтэй хамгаалалттай цагаан өнгийн Самсунг Эс-2 гар утас байсан. Хэд хоногийн дараа нөгөө утсыг хайгаад олоогүй. Хоёр Бат-Эрдэнэ манайд ер нь  ирж хонодог юм гэсэн мэдүүлэг.   /хх-н 28-29/

                  Гэрч П.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Бид нарыг унтаж байтал манай хүү шөнийн 02.00 цагийн орчимд нүүр ам нь цус болчихсон хувцас нь шороо болчихсон орж ирээд би гудамжны үзүүрт хүнд зодуулж дээрэмдүүлчихлээ гэж ирсэн. Тэгэхээр нь би шууд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай хүүгээс архи үнэртэж байсан. Гэхдээ ухаан санаа нь хэвийн байсан. Юу болсоныг нь асуухад Хаан банкны урд таксинаас буугаад алхаад явж байгаад яг гудамжиндаа орж иртэл араас нь хүн өшиглөж унагаасан гэсэн. Эргээд хартал хоёр хүн байсан гэсэн. Тэгээд гал асуугаад ямар овоо пизда бэ гэж хэлээд манай хүүг хоёулаа нийлж зодоод халаасанд нь байсан хоёр ширхэг гар утас болон бэлэн 100.000 төгрөгийг нь дээрэмдсэн байсан. Нэг гар утсыг нь би хэрэглэж байгаад хүүдээ  өгсөн юм. Самсунг Эс-2, Самсунг Эс-3 маркийн хоёр утастай явж байсан юм байлаа. Ажил хийдэг хүн болохоор мөнгөтэй л байж таараа. Манай хүү эхнэр хүүхэдтэй болохоор би мөнгө төгрөгний асуудалд нь оролцоод байдаггүй юм. Манай хүү найзынхаасаа гараад такси бариад Хаан банкны урд буусан юм байлаа гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32/ зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.                             

         Б.Б, С.Б нар нь бүлэглэн гудамжинд явж байсан иргэн Д.Т зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан,  хохирогчийн 2 ширхэг гар утас, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг авсан гэж үзэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хүч хэрэглэсэнээс болж хохирогчид хөнгөн хохирол учирсан байна.

        Иймд Б.Б, С.Б нарыг дээрэмдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан ял шийтгэлийг тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. С.Б, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

        Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Ганбат шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх хангалттай нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.  Шүүгдэгч нар нь тухайн хохирогчоос авсан гар утсыг авч гэрч Д.А гэрт очиж хоносон, Д.А маргааш нь  өөрийн гар утасны симийг хийж ярьсан /хх-н 165/, мөн  гэрч Д.А Б нь маргааш нь нэг гар утсаа танайд унагаасан юм шиг байна, гэртээ хайгаад үзээд өгөөч гэж асууж байсан, мөн гэрч Д.А тэр гар утсыг гэрээсээ олоод өөрийн утасны  симийг хийж хэрэглэж байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар С.Б, Б.Б нар нь хохирогчийн гар утсыг дээрэмдэж авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн болно.

 Хохирогч Д.Т шүүгдэгч нар хохирлын мөнгө 325.000 төгрөг төлсөн ба нэмж эмчилгээний зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч гараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан анх удаа гэмт хэрэгт холбогдсон  нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт  Б Б, О овогт С Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг  тус тус  бүлэглэн   үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, С.Б нарыг тус бүр 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Б, С.Б нарыг тус бүр  2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  зааснаар  Б.Б, С.Б нарт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Б.Б, С.Б нар нь энэ хэгргийн улмаас цагдан  хоригдоогүй болохыг дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б, С.Б нар нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

       8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Б, С.Б нарт  авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН