| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/01867/И |
| Дугаар | 210/МА2026/00234 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00234
|
|
|
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/09495 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай үндсэн, Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, уг хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг буцааж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******, ******* нартай 2021.06.17-ны өдөр байгуулсан Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр *******, ******* нарын өмчлөлийн ******* талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ны зээлийн барьцаанаас 2021.12.31-ний өдөрт багтаан чөлөөлөгдмөгц, тус хөрөнгийн 32.76 м.кв талбайг салгаж өмчлөлдөө шилжүүлэн авах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 100,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. ******* нь 2021.07.01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, улмаар их засвар хийсэн нь 14,052,716 төгрөг болж одоо тус байранд үйл ажиллагаа явуулж байна. ******* үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн ч *******, ******* нар үл хөдлөх эд хөрөнгийг тохиролцсон хугацаанд зээлийн барьцаанаас чөлөөлөөгүй тул 2022.12.08-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааг гаргуулан авсан.
*******, ******* нар 2023.12-р сард зээлээ төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг чөлөөлүүлснийг мэдэгдэхэд нь гэрээ болон хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд хэрэгтэй бичиг баримтыг шаардахад хойшлуулсаар өдийг хүрсэн. Иймд дээрх гэрээний дагуу улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /14192/ ******* гудамж ******* байрны ******* давхарт байрлах үйлчилгээний зориулалттай ******* м.кв талбайн ******* м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид 2021.06.17-ны өдөр байгуулсан Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны ******* давхрын үйлчилгээний зориулалттай ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс ******* м.кв талбайг салган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, ******* төлбөрийг төлсөн. Гэрээнд зааснаар үл хөдлөх хөрөнгийг Хас банкны барьцаанаас чөлөөлөгдөх хүртэл хүлээхээр талууд тохиролцсон ба ******* нь гэрээ байгуулсан даруй үл хөдлөх эд хөрөнгөө хүлээн авч үйл ажиллагаа явуулж байна. Гэвч ******* нь үйл ажиллагаа явуулахдаа барилгын дундын эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалтын зардлаа төлдөггүй, үүдний хэсгийн талбайг бид өөрсдөө засаж тохижуулсны төлбөрийг төлөхгүй, элдэв хэл ам гаргаж, оршин суугчид болон бусад түрээслэгч нартай зөрчилдөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, 148.3-т тус тус заасныг зөрчиж байгаа ба хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ******* нь хуульд заасан үүргээ биелүүлэх амлалт бичгээр өгөх, эсхүл гэрээгээ цуцалж, төлбөрөө буцаан шаардсан тохиолдолд хүлээн авах боломжтой гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бид дээрх гэрээг байгуулахдаа уг талбайг тухайн үеийн зах зээлийн ханш 150,000,000 төгрөгөөр борлуулахаар тохиролцсон ба үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг багаар төлөхийн тулд амаар тохиролцсоны дагуу 100,000,000 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан. 2021 онд хотын А зэрэглэлийн бүсэд ******* зориулалттай ******* м.кв талбай бодит байдалд 150,000,000 төгрөгийн ханштай байсан ба 100,000,000 төгрөгөөр борлуулж байгаа мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Иймд 2021.06.17-ны өдрийн Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг хэлцлийн үндсэн дээр *******ы эзэмшилд шилжүүлсэн ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж,******* байрны ******* давхрын үйлчилгээний зориулалттай ******* м.кв талбайг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
4.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Бидний байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан ба амаар тохиролцсон зүйлгүй. Хариуцагч нь 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон мэтээр шүүхэд зохиомол байдал үүсгэж 50,000,000 төгрөгийг төлөөгүй гэжээ. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд дурдсан төлбөрийн тухай анхнаасаа тохиролцоогүй ба уг шаардлагаа нотлоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /14192/ *******гудамж ******* барилгын ******* тоот хаягтай ******* талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ыг тогтоож, түүнийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******ид холбогдох нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул талуудын хооронд байгуулсан Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг буцаан өгөхийг нэхэмжлэгч *******д даалгах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 728,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 728,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 728,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
6.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
1.Анхан шатны шүүх ...Нэхэмжлэгч гэрээний үнэ 100,000,000 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн, хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна..." гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь бодит байдалд нэхэмжлэгч нь тухайн байрыг урьд түрээслэн*******ын үйл ажиллагаа явуулж байсан, хуульч мэргэжилтэй тул урьдын харилцааны үед бий болсон итгэлцлээр би түүнд итгэсэн тул ******* дүүргийн *******хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны ******* давхрын ******* зориулалттай ******* м.кв талбайтай эхнэр *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс түүний*******ын үйл ажиллагаа явуулж буй ******* м.кв талбайг салган 150,000,000 төгрөгөөр худалдах анхны саналыг тавьсан. Би орон сууцандаа гадагш өргөтгөл хийхээр болж өргөтгөл хийгдсэнээр түрээсэлж буй үйлчилгээний байрны орц гарц дамжиж ордог болох учраас өргөтгөл хийгдсэн тохиолдолд худалдаж буй талбайн үнийг 100,000,000 төгрөг болгон бууруулах, өргөтгөл хийгээгүй нөхцөлд анхны үнэ 150,000,000 төгрөг хэвээр байхаар *******д санал тавьсныг тэрээр зөвшөөрсөн. Гэтэл шүүх дээрх бодит байдал, гэрээний эдийн засгийн мөн чанарыг үл харгалзан миний хуулийн мэдлэггүй байдлыг нэхэмжлэгч далимдуулан дараа нь үлдэгдэл төлбөрөө төлнө гэх байдлаар буруу ойлгуулан гарын үсэг зуруулсан гэрээнд тусгагдсан үнэд хэт их ач холбогдол өгч улмаар нэг талыг барьсан шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.
Анхан шатны шүүх дээрх талуудын тохиролцсон гол нөхцөлийг нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн хариуцагчийн эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан эрх тэгш бие даасан байдал, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд харшилсан гэж үзэж байна. Нөгөө талаас шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч үнэ төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байхад худалдагч эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь тус гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах, гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэргийг харгалзан үзэх үүргээ биелүүлээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй болно.
2.Шийдвэрт ...Үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй... гэж үзсэнд гомдолтой байна. Би *******ы нэхэмжлэлтэй холбоотой тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ...2021 онд хотын А зэрэглэлийн бүсэд ******* зориулалттай ******* м.кв талбай бодит байдалд 150,000,000 төгрөгийн ханштай байсан..., ...талуудын хооронд байгуулсан гэрээний бодит үнэ 100,000,000 төгрөг биш болох нь энэ гэрээний үлдэгдэл 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хэрхэн, яаж, ямар байдлаар төлөх талаар сонсож, мэдэж байсан гэрч нар байгаа... тул тэдгээр хүмүүсийг гэрчээр оролцуулахыг хэлсэн ч шүүх ямар нэгэн хүсэлт байгааг тодруулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.
Түүнчлэн нэхэмжлэгч тухайн байрыг урьд нь түрээслэн*******ын үйл ажиллагаа тогтвортой явуулж байсан, хуульч мэргэжилтэй тул урьдын харилцааны үед бий болсон итгэлцлийн хүрээнд шүүх хуралдаанд биеэр оролцсон бол бидний хооронд тохиролцсон асуудлыг нүүр нүүрээ харж байгаад асуухад худлаа хэлэхгүй байх гэсэн итгэлтэйгээр шүүх бүрэлдэхүүнд хандан илэрхийлсэн ч итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаа тул шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэлд холбогдуулан тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх, гэрч асуулгах боломжийг олголгүй нотлох баримтын бүрдэл дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл мөн гэж үзэж байна.
3.Анхан шатны шүүх ******* нь *******гаас олгосон итгэмжлэлийг үндэслэн худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан 2021.06.17-ны өдрийн Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-нд итгэмжлэл олгогдоогүй харин 2022.10.05-ны өдрийн ******* дугаартай итгэмжлэлээр эрх олгогдсон. Энэхүү иргэний хэрэгт 2022.12.08-ны өдрийн Баталгааны гэрээ гэх баримт авагдсан боловч бодит байдалд дээрх гэрээ 2024.03 сард нэхэмжлэгч нь шүүхэд өгөхийн өмнө тухайн байрны зах зээлийн үнэлгээг гаргах зориулалтаар хэмжилтийг намайг хийлгэсний дараа нөхөн зуруулсан байдаг.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Талууд 2021.06.17-ны өдөр Ирээдүйд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр ******* м.кв орон сууцны ******* м.кв талбайг 100,000,000 төгрөгөөр үнэлж гэрээг байгуулсан. Баталгааны гэрээг 2022.12.08-ны өдөр байгуулсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдсан. 2023.12-р сард банкны барьцаанаас чөлөөлөгдөх үед дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэж 50,000,000 төгрөгөөр илүү үнэлсэн нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
4.Зохигчийн хооронд 2021 оны 06 сарын 17-ны өдөр байгуулсан Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-ээр *******, ******* нар нь ******* дүүргийн *******хороо, *******хороолол /14192/ *******гудамж *******байрны ******* давхрын ******* м.кв талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021.12.31-ний өдрийн дотор банкны барьцаанаас чөлөөлж, тус хөрөнгийн ******* м.кв талбайг салгаж *******ы өмчлөлд шилжүүлэх, ******* гэрээний үнэ 100,000,000 төгрөгөөс 2021.06.17-ны өдөрт багтаан 30,000,000 төгрөгийг төлж, үлдэх 70,000,000 төгрөгийн төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
Хэргийн 63-69 дэх талд авагдсан баримтаар нэхэмжлэгч гэрээний үнэд 100,300,000 төгрөг төлсөн тухай баримтыг шүүхэд гаргасанд хариуцагч нар маргаагүй, харин амаар хэлэлцэн тохиролцсоны дагуу 50,000,000 төгрөгийг нэмж төлөх үүрэгтэй гэж мөнгөн төлбөрийн үүргийн талаар маргасан. Хариуцагч нар энэ үндэслэлээр буюу тухайн ******* м.кв талбайг 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ч 100,000,000 төгрөгийн дүнтэй гэрээг татвар багаар төлөх зорилгоор дүр үзүүлэн хийсэн учир уг хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаас үзвэл дээрх худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч 100,000,000 төгрөгийг 2021 онд төлж дууссаны зэрэгцээ хариуцагч нар татгалзлын болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж буй 50,000,000 төгрөг нэмж төлөх үүрэг-ийн талаар нэхэмжлэгчээс шаардаж байсан үйл баримт тогтоогдоогүй байна. Мөн хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа энэ талаар маргаагүй бол хариуцагч ******* 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч дутуу төлсөн тухай маргааныг анх үүсгэжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл-ийн хувьд тухайн гэрээг агуулгын хувьд үргэлжлүүлэх сонирхол талуудад байдаггүй бөгөөд уул хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Гэвч талууд 2021.06-р сард байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөгийг хүлээн авсан, үлдэх 50,000,000 төгрөгөө шаардаж байгаагүй болон хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон татвар бага төлөх хэлбэрийн хүсэл зориг бий болоогүй байна. Талуудын хооронд маргаан үүсэхээс өмнө гэрээг бодитой хэрэгжүүлж байжээ.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж, гэрээний агуулга, талуудын тохиролцоо болон эрх, үүрэг, гэрээ хэрэгжсэн байдлыг үндэслэн зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох ба зохих баримтаа шүүхэд гарган өгөх, түүнчлэн өөрөө олж авч чадахгүй байгаа баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрх, үүрэгтэй. Хариуцагч нар энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх татгалзал болон сөрөг нэхэмжлэлээ нотолсон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
5.Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ...худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... үүргийг хүлээнэ гэж заасантай нийцсэн байна. Гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч нар гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.6 дахь хэсэгт заасан мэдээлэл, нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй юм.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******ы өмчлөлд шилжүүлж, шаардлага гаргасан хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хариуцагч *******, ******* нараас шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн энэ шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
6.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тухай гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай давж заалдах гомдлыг хангахгүй.
Хариуцагч ******* 2025.02.03-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, мөн 2025.02.24-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ 150,000,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнийг татвар бага төлөхөөр 100,000,000 төгрөгөөр дүр үзүүлэн гэрээ байгуулсныг харж, сонсож байсан гэрчүүд байгааг дурдаж байжээ.
Хариуцагч нар 2024.05.10-ны өдөр өмгөөлөгч *******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, мөн 2025.09.30-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч******* хариуцагч нарыг төлөөлөн, мөн 2025.11.06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ******* биечлэн оролцоход шүүх талуудаас хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагч тал гэрч оролцуулах тухай хүсэлт гаргаагүй, мөн шүүх хуралдааны явцад энэ тухай тайлбарлаагүй байна.
Өмнө дурдсанаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэйн зэрэгцээ хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон байх тул шүүх хариуцагч талын тайлбарыг үндэслэн гэрч оролцуулах эсэхийг нь тодруулах, зохих ажиллагааг явуулах байсан гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.
Хариуцагч тал гэрч асуулгах хүсэлтийг шүүхэд гаргаагүй нь шүүхийг буруутгах шалтгаан болохгүйн зэрэгцээ хариуцагчийн хувьд 2025.02.03-ны өдрийн тайлбарт татгалзлаа гэрчээр нотлуулах тухай мэдэж байснаас хойш 9 сарын дараа шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагч талд нотлох баримт бүрдүүлэх боломжит хугацаа олгоогүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэн хариуцагч *******ид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Хариуцагч *******ийн хувьд 2021.06.17-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний нэг тал бөгөөд гэрээний үнийг өөрийн дансанд хүлээн авсны зэрэгцээ гэрээний нэг тал болох талаар маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* дээрх гэрээний нэг тал боловч шүүх холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчмыг баримтлан энэ талаархи анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг шүүх зөв тодорхойлсон боловч хариуцагч *******ид холбогдох харилцааг буруу тодорхойлж, улмаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцааны ерөнхий зохицуулалтыг баримтлан нэг хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг, хоёр дахь заалтыг нэгтгэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.
8.Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарлалтыг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/09495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн *******хороо, ******* хороолол /14192/ ******* гудамж ******* барилгын ******* давхарт байршилтай ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ыг тогтоож, түүнийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч *******ид холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ