| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0258/э |
| Дугаар | 2019/ШЦТ/263 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Идэрбат
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Түмэнцэцэг
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Г.А-д холбогдох 1921001710149 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дүгээр сарын .........-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын өргөн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эмэг эх, эхнэр нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, .................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржин овогт Г.А. /РД: ........................./
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.А нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны оройн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бумбат” хорооллын баруун талд байрлах зам дээр “Тоёота Приус-20” маркийн 91-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Энхбаатарын дээгүүр гарч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.А нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны оройн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бумбат” хорооллын баруун талд байрлах зам дээр “Тоёота Приус-20” маркийн 91-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Энхбаатарын дээгүүр гарч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921001710149 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаарсарын 05-ны орой 18 цагийн орчимд такси үйлчилгээнд явахаар гэрээсээ өөрийн эзэмшлийн 91-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гараад гадуур явж ...20 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харих гээд төв замаар “Бумбат” хорооллын хойд талаар явж байхад урд чиргүүлтэй том тээврийн хэрэгсэл явж байгаад чигээрээ засмал замаар яваад би тойргоор эргэхэд урдаас нэг тээврийн хэрэгсэл гэрлээ дохих шиг болохоор нь тэр тээврийн хэрэгслийг харахад зам дээр нэг хар юм харагдах шиг болсон би зогсож чадалгүй дээгүүр нь гараад явсан. Би машинаа зогсоогоод буугаад очиход өөдөөс гэрлээрээ дохисон машины жолооч ах намайг “чи хүн дайрчихлаа шүү дээ, яаж байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би очоод харахад зам дээр талийгаач хэвтэж байхаар нь гэрлээрээ дохисон жолооч ахыг “ахаа та түргэн, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн...намайг уучлаарай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Түмэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Энэ хэргийн талаар ярихаар зорьж ирсэн. Миний ах 57 настай А.Энхбаатар нь сүүлийн 3 жил миний асрамжид Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд амьдарсан. ...ах маань группийн хуралд орохоор 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт ирсэн. Ахыгаа энд ирснээс хойш өдөр болгон ахтайгаа ярьдаг байсан. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ярихад “03 дугаар сарын 14-ний өдөр группээ сунгуулаад дүүдээ очно” гэж хэлж байсан. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй байсан. 21 цагийн үед Цагдаагийн байгууллагаас надруу залгаж “таны ах авто осолд орсон, газар дээрээ өнгөрсөн” гэж хэлсэн. ...ахыг маань дайрсан хүн намайг уйлаад тосох байх гэж бодсон. ...Шүүгдэгчтэй уулзаад “би дайраагүй” гэж хэлж. Надаас нэг удаа уучлалт гуйсан бол би хэргийг ийм хэмжээнд болтол явуулахгүй байсан. ...Өнөөдрийг хүртэл өөрийн хийсэн хэрэгтээ гэмшихгүй явж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтээр талийгаачийг том машин дайрч гарсан мэт ойлголт надад төрж байна. ...Гэм хорын зардлаа өгчихвөл гомдолгүй гэдгээ хэлсэн. Ийм их хугацаа өнгөрчихөөд байхад энэ хүн надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй, ээжээрээ бамбай бариад, өмгөөлөгч, өмгөөлөгч солиод явж байна. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй ч гэсэн би үнэхээр их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Н.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өглөө би эмнэлэг яваад А.Энхбаатар ах гэртээ үлдсэн. ...Удалгүй гэртээ очоод эгчийнхээ гэр рүү яваад 16 цагийн орчимд буцаад гэртээ ирэхэд А.Энхбаатар ах байхгүй байсан. Тэгээд би А.Энхбаатар ахын гар утас руу залгахад “...Ах нь мянгатад явж байна... удахгүй очлоо” гэж хэлсэн. Тэрнээс хойш холбогдоогүй байж байгаад нас барсан талаар мэдсэн. Талийгаач ах маань хүнтэй маргалдаж муудаад яваад байхаар хүн биш, төлөв даруу зантай...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэрч Т.Цагаанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны орой 20 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 91-11 ДОР улсын дугаартай “Ниссан Жук” маркийн тээврийн хэрэгсэлтэй төв замаар зүүнээс баруун тийшээ чигтэй Бумбат хороолол өнгөрөөд тойргоор эргээд явж байтал МТ шатахуун түгээх станцын замын эсрэг талд зам дээр хар юм харагдах шиг болохоор нь хурдаа сааруулаад ойртоход зам дээр цус байхаар нь тойроод хажуугаар нь явахад урд талд машины гуперийн хагархай байхаар нь хүн мөргүүлсэн байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би 91-59 ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг харахад урд талын гупер хэсэг нь жолооч талаараа хагарсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 95-26 ДОР улсын дугаартай автомашинтай 62 дугаар байр руу хүн хүргэж өгөх гээд төв замаар явж байхад тойрог дээр нэг хүн зам дээр хэвтэж байсан ба тэр хүний хажууд Г.А зогсож байсан. ...цагдаа, түргэн тусламж дуудаад өгчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний гаргасан 40 дугаартай дүгнэлтэд тусгагдсан талийгаач А.Энхбаатарын цогцост учирсан гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө нь амьд үед нь үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Бүгд нэг цаг хугацаанд үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боложмтой. Талийгаач хэвтээ байранд дайрагдах буюу тээврийн хэрэгсэл дээгүүр нь гарах үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Тус гэмтлүүд нь нэг удаагийн /нэг тээврийн хэрэгсэлд/ дайрагдсан үед үүссэн байх боломжтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10, 12-16 дугаар хуудас/,
- Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 11, 18 дугаар хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 33-35, 103-107 дугаар хуудас/,
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дүгээр актын дүгнэлт хэсэгт:
1. Талийгаач А.Энхбаатарын цогцост цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан олон гэмтэл, баруун талын 1-10, зүүн талын 1-9-р хавиргануудын олон салсан хугарал, өвчүү ясны хугарал, цээж хэвлийн хөндийд цус хуралдалт, зүүн уушигны няцрал, баруун уушигны урагдал, үнхэлцэг хальсны урагдал, цус хуралт, уушигны артерийн урагдал, элэг дэлүү, баруун бөөрний няцрал, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралт, баруун талын ууц сүүжний холбоос, сүүжний дэлбээнд бяцарсан хугарал, умдаг ясны холбоос, умдаг ясны зүүн салаанд хугарал, баруун зүүн атгаал ясны далд хугарал, баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн хацар шанаанд шарх, зулгаралт, эрүү, 2 сарвуунд зулгаралт, цус хуралт, өвчүү, хэвлийн баруун хажуу, баруун доод хэсэг, 2 тохой, зүүн мөр, 2 өвдөг, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь талийгаачийн амьд үед нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Хэвтээ байрлалд тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүссэн байх боломжтой байна.
3. Талийгаач дээрх амьдрах боломжгүй цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.
4. Талийгаач А /II/ бүлгийн цустай.
5. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.
6. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /хх-ийн 53-56 дугаар хуудас/,
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Зоригтын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 91 дүгээр шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртканы баруун энгэр талын халаас 20х18 см урттай урагдалттай, баруун суга хэсэгт 16 см урттай урагдалттай, ар хэсэгт доод ирмэгээс 13 см зайд 19х11 см урттай урагдалттай байна. Бусад хувцасанд урагдалт цооролт байхгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртканд үүссэн урагдалтууд нь шинэ урагдалтууд байна.
3. Хар өнгийн куртканд үүссэн урагдалууд нь татах хүчний нэг удаагийн үйлчиллээр гарсан уранхай байна.
4. Тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-61 дүгээр хуудас/,
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Зоригтын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 92 дугаар шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг буперын хагархай хэсгүүд 91-59 ДОР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд буперын хэсгүүдтэй өмнө нь нэг бүхэл бупер байна.
2. 91-59 ДОР услын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын буперын хагархайн хэсгүүдтэй хугарсан ирмэгийн үзүүрүүдээрээ хувийн шинж тэмдэгээрээ тохирч байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-67 дугаар хуудас/,
- Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Баатарсүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Явган зорчигч А.Энхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна, мөн 5.12 б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийхийг хориглоно.
2. Жолооч Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
3. Аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж үзэгдэх орчин хязгаарлагдмал бус чөлөөтэй боловч тухайн зорчих хэсэг нь чөлөөтэй замд жолооч орчин тойрондоо анхаарал болгоомжтой хөдөлгөөний хурдыг тухайн нөхцөл байдалд зөв тохируулан аюул саадыг урьдчилан тооцоолоогүйгээр жолоо барьж явсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй гэж үзэхээр байна.
4. Хэрэг бүртгэлтийн хэрэгт байгаа материалтай танилцахад Тоёота Приус-20 маркийн 91-59 ДОР улсын дугаартай автомашины тормосны мөр ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна.
5. Т.Приус-20 маркийн 91-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Г.Аг Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс /ЖЯ94092611/ регистрийн дугаараар жолоочийн лавлагааг авахад /АВС ангилалын/ 860868 серийн дугаартай тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд хүчинтэй байна.
6. Г.Ан жолоодон явсан Приус-20 маркийн 91-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ЗЦТ-н зохицуулагч цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
Эрүүгийн 1921001710149 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны оройн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бумбат” хорооллын баруун талд байрлах зам дээр “Toyota Prius-20” маркийн 91-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Энхбаатарын дээгүүр гарч амь насыг нь хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Түмэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Н.Бат-Эрдэнэ /хх-ийн 39 дүгээр хуудас/, Т.Цагаанцэцэг /хх-ийн 42 дугаар хуудас/, Б.Ганбаатар /хх-ийн 43 дугаар хуудас/, шинжээч эмч Т.Номинцэцэг /хх-ийн 122-123 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10, 12-16 дугаар хуудас/, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 11, 18 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25 дугаар хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-31 дүгээр хуудас/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 33-35, 103-107 дугаар хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-56 дугаар хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Зоригтын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 91 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-61 дүгээр хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Зоригтын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 92 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-67 дугаар хуудас/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Баатарсүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.А нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсоны улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Түмэнцэцэг нь 8403.298 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.А нь 8405.000 төгрөгийг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Г.Дөлгөөн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Г.А-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Г.Ад хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа хэдий ч уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан шүүхээс түүнд хуульд заасан хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Г.А-гийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.А-гийн ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржин овогт Г.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.А-гийн ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН