Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 01252

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р хороолол, 14-37 тоотод оршин суух Төвжаргал овогтой Итгэлт-Эрдэнийн  /ТА-98072175 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг 65-1 тоотод оршин суух Амарсанаа овогтой Төвжаргалд /ОЭ-74022876/ хариуцагдах сургалтын төлбөр 10,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Дэлгэрцэцэг, хариуцагч А.Төвжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат,гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

         Нэхэмжлэгч хариуцагчаас сургалтын төлбөр 10,000,000 төгрөг,гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулахаар  нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

        Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр З.Дэлгэрцэцэг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү Т.Итгэлт-Эрдэний асрамжийг шилжүүлэн авах тухай шаардлага гаргаж байсан бөгөөд Т.Итгэлт-Эрдэнэ 2016 оны 7 сарын 21-ний өдөр 18 насанд хүрсэн тул жинхэнэ нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд З.Дэлгэрцэцэгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж оролцуулсан./итгэмжлэл хэргийн 2-р хавтасны 39 дүгээр хуудаст/

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дараахь байдлаар үндэслэжээ: Миний бие Амарсанаагийн Төвжаргалтай 1996 онд гэр бүл болон амьдарч байгаад 2007 оны 6 дугаар сарын 12-ны Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 620 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.1998 оны 7 дугаар сарын 21-нд төрсөн хүү Итгэлт-Эрдэнийг эцэг Төвжаргалын асрамжид үлдээсэн.Гэтэл 8 жил болоход нөхцөл байдал өөр болж "Төвжаргалын суусан эхнэр Цэцэгтуяа хүү Итгэлт-Эрдэнийг илүү, дутуу үзэж гадуурхан дарамтлах байдлаар хандсаар ирснийг олж мэдэн хүүтэйгээ уулзсанаар энэхүү өргөдлийг гаргаж байна. Цэцэгтуяагийн энэ гадуурхсан асуудлыг Төвжаргал зогсоохгүйгээр үл барам дуугүй өнгөрөөх, дэмжлэг үзүүлж хүүгээ буруутгах байдлаар ханддаг байна. Хамгийн сүүлд энэ оны 12 сарын 05-нд Цэцэгтуяа нь хүү Итгэлт-Эрдэнийг зодож гэмтэл учруулан, гэрээсээ хөөснөөр бүх хувцас хунараа авч яван үүний улмаас 12-р сарын 7-ноос эхлэн Итгэлт-Эрдэнэ өвөө Амарсанаа, эмээ Шүлэгмаа нар дээр  амьдарч байна. Цэцэгтуяагийн энэ үйлдэлд холбогдох асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно.Би энэ байдлыг дуулаад Эрдэнэтэд ирж хүүтэйгээ уулзахад,Төвжаргал, Цэцэгтуяа нартай хамт амьдрах ямар ч боломж, нөхцөлгүй болсноо хэлж, ээжийгээ буюу намайг авч явахыг хүсэж байна Иймд би шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна.ҮҮнд:

     1.1998 оны 7 дугаар сарын 21-нд төрсөн хүү Итгэлт-Эрдэнийн асрамжийг өөрчлөн эх З.Дэлгэрцэцэг миний асрамжид шилжүүлж өгнө үү.

      2.Хүү Т.Итгэлт-Эрдэнийг нарийн мэргэшүүлэх, цаашид дараагийн шатлалын сургуульд суралцуулахад зориулж 10 000 000 сая төгрөгийг А.Төвжаргалаас гаргуулан хүү Итгэлт-Эрдэнийн нэр дээр түүнтэй хамтран захиран зарцуулах эрхтэйгээр байршуулахаар шийдвэрлэнэ үү.

       3.Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарч байгаатай холбоотойгоор  А.Төвжаргалын нэр дээр байгаа "Итгэлт хүнс" ХХК-ийн хөрөнгө, Дэнж багт байрлах "Эрдэнэ" зочид буудлын хөрөнгө, Нарангийн 65-1 тоотод байх хувийн орон сууц, 13-88 ОРХ улсын дугаартай Форд ренжер маркын автомашин зэрэг гэр бүлийн дундын өмчөөс хүү Т.Итгэлт-Эрдэнэд оногдох хувийг гаргуулан олгоно уу гэжээ.

       

      Нэхэмжлэгч шүүх хуралдаанд: Асрамж шилжүүлэх шаардлагаас татгалзаж байна.Итгэлт-Эрдэнэ байх аргагүй болоод явсан. Төвжаргал Цэцэгтуяа нар маш их дарамтад байлгасан.Гэр бүлийн гишүүнээс гарсан тул гэр бүлийн хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.1.Итгэлт-Эрдэнэ сурах шаардлагатай байгаа.ТМС төгссөн байсан.Маш их алдаатай бичдэг.Иймд сурахад цаашид гаргах зардал 10 сая төгрөг нэхэмжилж байгаа.Мөн  "Итгэлт хүнс" талхны цехийн хөрөнгө, Дэнж багт байрлах "Эрдэнэ" зочид буудлын хөрөнгө, Нарангийн 65-1 тоотод байх хувийн орон сууц, 13-88 ОРХ улсын дугаартай Форд ренжер маркын автомашин зэрэг бол гэр бүлийн дундын өмч.Энэ бүгдийг Төвжаргал барьж бий болгосон тул Итгэлт-Эрдэнэ  оногдох хувиа авах эрхтэй гэж үзэж нэхэмжилж байна гэжээ.

 

             Хариуцагч А.Төвжаргал нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрсөн бөгөөд  хариу тайлбараа дараахь байдлаар үндэслэсэн:

          Нарангийн 65-1 тоотод байх хувийн орон сууц, 13-88 ОРХ улсын дугаартай Форд ренжер маркын автомашинаас оногдох хувь өгөхийг зөвшөөрнө. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй. Хүүхдийнхээ эрхийг би зөрчөөгүй.Хувийн сургуульд сургаж байсан. Цэцэгтуяагийн үйлдлийг надад нааж байна,ялгаж салгахгүй байна.Намайг байнга хариуцагчаар хуулийн байгууллагад татаж ирлээ.Хөрөнгийн тухайд: 2007 онл гэр бүл салахад Дэлгэрцэцэг оногдох хувиа авсан.20 400 000 төгрөг хүү бид 2-т үлсдэн.Үүнээс би 4 500 000 төгрөгний зардал хүүдээ гаргасан.Үнэндээ бол гэр бүл салахад хөрөнгөө хуваасан.17 жил 6 сар би хүүгээ асарсан.Миний хүүг надаас болон ах дүүгээс нь холдуулж байна.10 сая төгрөг яагаад өгөх ёстой юм бэ.Би хүүгээ цаашид ч анхаарна.Зочид буудлыг би ганцаар бариагүй.Эгч болон хадам талынхны хамтын хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө.Талхан цех,зочид буудлыг би удирдан ажиллуулдаг.Би ЧАТИ” гэдэг компанитай боловч зочид буудал,талхны цех бол компаний хөрөнгө биш.Хувь хүнээр татвар төлдөг.Зочид буудлыг 2013 оны 10 сард барьсан,талхан цехийг 2008 оны 6 сард ажиллуулж эхэлсэн.Би ХАС банкинд 17 453 984 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй.Иргэн Цэрэндуламд 46 сая төгрөгний өртэй.Буудал,цех машин зэргээ барьцаалсан байгаа гэжээ.

 

      Гуравдагч этгээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай шаардлагаа үндэслэхдээ: Миний бие А.Төвжаргалтай 2009-07-16-нд гэр бүл болж 2 хүүхэд төрүүлж, 7 жил амьдарч байна.Бид гэрлэх үед А.Төвжаргал нь 6-15-41 тоот 2 өрөө орон сууцнаас өөр ямар ч эд хөрөнгөгүй, 9 настай хүү Итгэлт- Эрдэнийн хамт амьдарч байсан.Тэгээд би өөрийн аав ээжийн хамт ажиллуулж байсан талхны цехээ тоног төхөөрөмжийн хамт аваад бид 2 талх, нарийн боов хийж амьдарч эхэлсэн.Миний хөрөнгө бол энэ талхны цех юм.Тэр үед А.Төвжаргал нь өмнө нь салсан эхнэр Дэлгэрцэцэгтээ байрны үнээс 10,000,000 төгөрг өгөх ёстой гээд байсан тул аав ээж 2-оосоо 10 сая төгрөг авч тэр өрийг нь дарж байсан.Бидний дундаас 2009-06-21-нд охин Марал-Эрдэнэ,2014-04-03-нд хүү Элбэрэлт-Эрдэнэ төрсөн бөгөөд одоо 2-уулаа эсэн мэнд бойжиж байна.Миний нөхөр А.Төвжаргалын хүү Итгэлт-Эрдэнийг би 9 настай байхаас нь эхлэн эхийнх нь оронд эх болж өсгөж хүмүүжүүлсэн.Гэтэл энэ хүүхэд одоо бидний хөрөнгөөс оногдох хэсгийг авна гэж заргалдаж байгаа юм байна.Шүүхэд хүсэлт тавиад үнэлүүлээд байгаа эд хөрөнгүүдийн зарим нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө биш юм.Тухайлбал, зочид буудал, бидний амьдран суудаг байр /байшин/ бол дундын өмч юм.Иймд Итгэлт-Эрдэнийн нэхэмжлэлийн зарим эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж оногдох хэсгийг авах гээд байгаа шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Мөн Итгэлт-Эрдэнэ гэр бүлийн гишүүнээс гарч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

      Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу.Итгэлт-Эрдэнэ өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй.Итгэлт-Эрдэнэ гэр бүлийн гишүүнээс гараагүй,өрх тусгаарлаагүй.Хөрөнгө хуваах үндэсгүй гэжээ.

         Шүүх хавтаст хэргээс,Т.Итгэлт -Эрдэний төрсөний гэрчилгээний хуулбар,тус шүүхийн 2007 оны 620 дугаартай шүүхийн шийдвэр,74 дугаартай магадлал,Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанууд,М.Цэцэгтуяад холбогдох эрүүгийн хэргийн баримтууд,шийтгэх тогтоол,Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн тайлбар,Т.Итгэлт-Эрдэнээс Цагдаагийн газарт гаргасан өргөдөлүүд, Т.Итгэлт-Эрдэнийн сурагчийн хувийн байдлын баримтууд, газар эзэмшүүлэх гэрээ, захирамж, иргэн М.Цэрэндуламтай байгуулсан зээлийн гэрээ ,төлбөрийн баримтууд,Хас банкны зээлийн гэрээ,татвар хураасан баримтууд, А.Төвжаргалын ам бүлийн тодорхойлолт,гэрлэлтийн баталгаа,хүүхдүүдийн төрсөний гэрчилгээ,Т.Итгэлт-Эрдэнээс авсан санал,нэхэмжлэгчйин хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт/эд хөрөнгийн үнэлгээ/,М.Цэцэгтуяагийн ам бүлийн тодорхойлолт,тэтгэвэрийн дэвтэр зэргийг шинжлэн судлаад         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас сургалтын төлбөрт гарах зардал 10,000,000 төгрөг,  "Итгэлт хүнс" талхны цех, Дэнж багт байрлах "Эрдэнэ" зочид буудал, Нарангийн 65-1 тоотод байх хувийн орон сууц, 13-88 ОРХ улсын дугаартай Форд ренжер маркын автомашин зэрэг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай  шаардлага гаргасан.

Гуравдагч этгээд М.Цэцэгтуяа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай шаардлага гаргасан.

Хариуцагч А. Төвжаргал нь Нарангийн 65-1 тоотод байх хувийн орон сууц, 13-88 ОРХ улсын дугаартай Форд ренжер маркын автомашинаас оногдох хэсгийг Т.Итгэлт-Эрдэнэд өгнө гэж тайлбарласан боловч оногдох хэсгийн талаар маргаантай.

Нэхэмжлэгч 1998 оны 7 сарын 21-нд төрсөн Төвжаргалын Итгэлт-Эрдэнийг насанд хүрээгүй байх үед буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль ёсны төлөөлөгч ээж З.Дэлгэрцэцэг нь нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Итгэлт-Эрдэнэ насанд хүрсэн тул жинхэнэ нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасны үндсэн дээр З.Дэлгэрцэцэгт итгэмжлэл олгосон байх тул Т.Итгэлт-Эрдэний нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 620 дугаартай шийдвэрээр А.Төвжаргал,З.Дэлгэрцэцэг нар гэрлэлтээ цуцлуулж хүү Т.Итгэлт-Эрдэнийг А.Төвжаргалын асрамжид үлдээсэн ба хүү эцгийн асрамжид 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл байсан болох нь шүүхийн шийдвэр,зохигчдын тайлбараар нотлогдсон.Мөн, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А.Төвжаргалын эхнэр М.Цэцэгтуяа нь Т.Итгэлт-Эрдэнийг “гэрийн ажил хийсэнгүй гэж зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” үйлдлийн улмаас хүү ээж З.Дэлгэрцэцэгийн асрамжид очсон болох нь зохигчдын тайлбар,хэргийн 42-43 дугаар хуудаст авагдсан шийтгэх тогтоол,хэргийн 4-5 дугаар хуудаст авагдсан Т.Итгэлт-Эрдэний өргөдөл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д “гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад оногдох хэсгийн талаар маргавал “гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохоор заасан тул нэхэмжлэгч Т.Итгэлт-Эрдэнэ гэр бүлийн хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч гэр бүлийн доторхи таарамжгүй харилцаа,хүчирхийллийн улмаас А.Төвжаргалын гэр бүлд амьдрах боломжгүй болсон байх тул түүнийг гэр бүлийн гишүүнээс гарсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч А.Төвжаргал нь эхнэр М.Цэцэгтуяа,хүү Т.Итгэлт-Эрдэнэ,охин Т.Марал-Эрдэнэ,хүү Т.Элбэрэлт-Эрдэнэ нарын хамт ам бүл 5-уул амьдарч байгаад Т.Итгэлэт –Эрдэнэ гэр бүлийн гишүүнээс гарсан байна.

Хариуцагчийн өмчлөл эзэмшилд байгаа  Орхон аймгмйн Баян-Өндөр сумын Наран багт байрлах "Итгэлт хүнс" талхны цех, Дэнж багт байрлах "Эрдэнэ" зочид буудал,газар, Нарангийн 65-1 тоотод байрлах хувийн орон сууц, газар,13-88 ОРХ улсын дугаартай Форд ренжер маркын автомашин зэрэг нь 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдөр буюу З.Дэлгэрцэцэгээс гэрлэлт цуцалснаас хойш бий болсон, А.Төвжаргалын үүсгэн байгуулсан 1 гишүүнтэй “ЧАТИ” ХХК-ний өмчид харьяалагддаггүй эд хөрөнгө болох нь хариуцагчийн тайлбар,газар эзэмшүүлэх гэрээ, шийдвэрүүд,татвар төлсөн баримт зэргээр нотлогдсон тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-д “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна” 126 дугаар зүйлийн 126.2.4-д “гэрлэгчид,гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэж зааснаар түүний гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж үзнэ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай гуравдагч этгээдийн болон ”зочид буудал бол олон хүний хамтын хөдөлмөр хөрөнгөөр бүтсэн хөрөнгө” гэсэн хариуцагчийн тайлбар шаардлага үндэслэлгүй байна.

Хариуцагч Нарангийн 65-1 тоотод байрлах хувийн орон сууц, 13-88 ОРХ улсын дугаартай Форд ренжер маркын автомашин зэргээс оногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн боловч “хөрөнгийн үнэлгээнээс ХАС банкны зээлийн үлдэгдэл 17 453 984 төгрөг,иргэн Цэрэндуламд төлөх төлбөр 46 сая төгрөгийг хасаад үлдсэн хэсгээс оногдох хэсгийг өгнө” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч дээрхи хөрөнгүүдийг нийтэд нь 348 250 045 төгрөгөөр үнэлсэн./хэргийн 161-210дугаар хуудаст/ Шинжээч дүгнэлтдээ: “Зочид буудлын нэг дүгээр давхарт хөгц үүссэн байсан тул засварлах зардлыг тооцон гаргах болсон тул мэрэгжлийн барилгын инженер Цогтгэрэлийг дуудан төсөв гаргуулсан” гээд барилгын инженерийн дүгнэлтээр үнэлгээнээс 91 303 784 төгрөгийг хасаж 256 946 261 төгрөг гэж тооцсон байна.Хөрөнгийн засварт ирээдүйд гарах зардлыг нийт хөрөнгийн үнэлгээнээс хасаж тооцсоныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн.

Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хэмжээг 348 250 045 төгрөгөөр тогтоож үүнээс нэг гишүүнд оногдох хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан “гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй,хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна “гэсэн зарчмыг үндэслэн гэр бүлийн 5 гишүүнд тэгш хувааж 1 гишүүнд оногдох хэсгийг тодорхойлов.

Хариуцагч “эдгээр хөрөнгүүд нь 4 ам бүлийг тэжээдэг,гэр бүлийн аж ахуйг эрхлэхэд  зайлшгүй шаардлагатай хөрөнгө,хөрөнгийг бий болгоход оруулсан оролцоог харгалзан хуваахгүй байх боломжтой” гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.Т.Итгэлт-Эрдэнэ 2007 оны 6 сарын 12-ны өдрөөс хойш 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд эцгийн асрамжид байж насанд хүрээгүй байсан боловч гэр бүлийн аж ахуй эрхлэх ажилд өөрийн хэр хэмжээнд хувь оролцсон гэж үзэж болох ба насанд хүрээгүй хүүхдийг “хөдөлмөрийн оролцоогүй”гэж дүгнэж хөрөнгөөс хувь оногдуулахгүй байх үндэслэлгүй бөгөөд хөрөнгийг бүх гишүүдэд тэгш хуваах тухай Иргэний хуулийн зарчимд нийцэхгүй.

Түүнчлэн хариуцагчийн гэр бүлийн хөрөнгөөс оногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн зохицуулалт хамаарахгүй.Учир нь нэхэмжлэгч эд хөрөнгө гаргуулах шаардлага гаргаагүй.

 Хариуцагч  ХАС банкны зээлийн үлдэгдэл 17 453 984 төгрөг,иргэн Цэрэндуламд төлөх төлбөр 46 сая төгрөгийг хөрөнгийн үнэлгээнээс хасах  талаар тайлбарласан нь нотолгоогүй байна.Хэрэгт авагдсан Хас банкны зээлийн гэрээ,зээлийн эргэн төлөлтийн хуваарь,иргэн Цэрэндуламтай байгуулсан зээлийн гэрээ,төлбөрийн баримтууд зэрэг нь А.Төвжаргал бусдад хэдэн төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болохыг нотлохгүй байна.Гэвч Хас банкны зээлийн үлдэгдэл 17 453 984 төгрөг байгаа гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн нийт хуваагдах эд хөрөнгийн үнээс хасаж гэр бүлийн нэг гишүүнд 66 159 212 төгрөг оногдохыг тодорхойлж нэхэмжлэгчид хариуцагчаас 66 159 212 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэлийн “10 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон болно.Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д зааснаар нэхэмжлэгч 18 нас хүрсэн тул эцэг А.Төвжаргалын тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхгүй байна.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж,улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс хариуцагчаас, хэрэгсэхгүй болгосон үнийн дүнгээс дутуу төлсөн хураамжийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1,129.2,130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан А.Төвжаргалаас 66 159 212 /жаран зургаан сая нэг зуун тавин есөн мянга хоёр зуун арван хоёр/ төгрөг гаргуулан Т.Итгэлт-Эрдэнэд олгосугай.

           2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5,48 дугаар зүйлийн 48.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлээс асрамж шилжүүлэх,10 сая төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4,129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,төрийн санд хариуцагч А.Төвжаргалаас 418 546 төгрөг, нэхэмжлэгч Т.Итгэлт-Эрдэнээс 245150 төгрөг  гаргуулан тус тус оруулсугай.

             5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ