Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00243

 

 

 

 

 

 

 

 

*******ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/07498 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 257,981,528 төгрөг гаргуулах, Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: "******* ХХК, "*******" ХХК нар 2020.09.14-ний өдөр ******* тоот Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба манай компани барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. "*******" ХХК ийн ТУЗ-ийн 2023.07.05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор "*******" ХХК-ийн эрх, үүргийг "*******" ХХК-д шилжүүлсэн тул хариуцагчийн эрх, үүрэг нь эрх залгамжлагч хуулийн этгээдэд шилжсэн.

Барилгын ажлыг гүйцэтгэх явцад Ковид-19 цар тахал дэгдсэнээр хил хаагдаж, ачаа тээвэрлэлт хязгаарлагдсанаар гэрээний анхны төсөвт өртөг нэмэгдэж, санхүүгийн хямрал бий болсон. Ийнхүү бараа, ажил үйлчилгээний үнийн өсөлт, хилийн хориг, тээвэр логистикийн хүндрэлийн улмаас барилгын гүйцэтгэгч компаниудад бодитой учирсан хохирол, зардлыг багасгахаар Монгол Улсын Их Хурлаас 2021.11.12-ны өдрийн "Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" 88 дугаар тогтоолыг баталж, уг тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021.12.22-ны өдрийн "Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" 397 дугаар тогтоол гарч, улмаар Барилга, хот байгуулалтын сайдын 2022.03.31-ний өдрийн "Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс батлах тухай" 74 дүгээр тушаал, мөн сайдын 2022.04.04-ний өдрийн "Түр журам батлах тухай" 75 дугаар тушаалын хавсралтаар "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ өөрчлөлтийг тооцох түр журам" батлагдан гарч улсын хэмжээнд нэгдсэн журмаар хэрэглэгдсэн.

"*******" ХХК нь барилгын ажлын үнийн өсөлтийн индекс хийлгэх хүсэлтийг "*******" ХХК-д удаа дараа тавьсан ба тус компани 2022.05.18-ны өдрийн ******* тоот албан бичгээр "...сэндвич хавтангийн төсөвт өртөг нэмэгдсэн эсэх талаар магадлал гаргуулахыг зөвшөөрч, мөн 2022.07.19-ний өдрийн ******* тоот албан бичгээр "Иймд 2021 оны ажлын гүйцэтгэлд бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэхийг манай компаниас зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна" гэсэн боловч уг ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гарын үсэг, бичиг баримтын бүрдүүлбэрийг шалтгаангүйгээр зогсоосон. Гэтэл "*******" ХХК нь 2022.10.19-ний өдрийн ******* тоот албан бичгээр өмнөх зөвшөөрлөөсөө үндэслэлгүй татгалзаж "...нийт 2021 оны ажлын гүйцэтгэлд Барилгын хөгжлийн төвд хандаж нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгох тухай дурдсан байх тул холбогдох зөвшөөрлийг олгох боломжгүй юм. Харин барилгын дээврийн сэндвичин хавтангийн ажлын гүйцэтгэлд бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэхийг зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна" гэсэн.

Ингэснээр өмнө нь өгсөн зөвшөөрлөө тодорхойгүй байдлаар хэрэгжүүлэхээс татгалзаж, улмаар УИХ, Засгийн газар, яамнаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүйгээр илэрхий хууль зөрчсөн үйлдлийг гаргаж байна. Түүнчлэн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгчид магадлашгүй ажлын зардал 257,981,528 төгрөгийг хариуцагч өнөөдрийг хүртэл тодорхой шалтгаангүйгээр өгөөгүй байгаа.

Иймд "*******" ХХК-аас гэрээний магадлашгүй ажлын зардал 257,981,528 төгрөгийг гаргуулах, мөн гэрээний 2021 оны ажлын гүйцэтгэлд Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Магадлашгүй ажлын зардлыг тохиролцож зөвшилцсөн бичиг баримт үйлдэгдээгүй тул 257,981,528 төгрөг олгох боломжгүй. ******* ХХК нь 100 хувь төрийн өмчит компанийн охин компани тул улс, орон нутгийн төсвөөс санхүүжилт авахгүй ба барилгын материалын үнийн индексийн өөрчлөлттэй холбоотой тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхдээ тухайн гүйцэтгэгчтэй байгуулсан барилга угсралтын ажлын гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар харилцан тохиролцож шийдвэрлэхээр байсан. Ийм учраас манай байгууллагыг дээрх тогтоол шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэсэн үндэслэлээр тухайн шийдвэрийг биелүүлэхийг даалгах боломжгүй. Ажил гүйцэтгэх гэрээний гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Манай компанис энэ асуудалтай холбоотой зөвшөөрсөн гурван албан бичиг байдаг. Гэвч эдгээр бичгийг Барилгын хөгжлийн төв хүлээж авсан эсэх, эсвэл шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч бүрдүүлж өгсөн эсэх нь тодорхой бус, нотлогдоогүй.

Магадлашгүй ажлын зардлын хувьд Барилга, хот байгуулалтын сайдын 2012.06.13-ны өдрийн ******* тушаалд тодорхой заасан ба магадлашгүй ажлын зардлыг зөвхөн гурван тодорхой тохиолдолд олгохоор заасан тул нэхэмжлэгчийн шаардлагыг ажлын зөрүү гэж ойлгож байна. Магадлашгүй ажлын зардал нь захиалагчийн мэдлийн зардалд хамаарагддаг ба ийм зардлыг санхүүжүүлэхийн тулд зохих акт үйлдэгдсэн байх ёстой. Тухайн ажлыг магадлашгүй гэж үзэж, хийлгэх талаар хоёр тал тохиролцсон тухай баримт хэрэгт байхгүй бөгөөд зөвхөн гүйцэтгэлийн акт байгаагаас бус, магадлашгүй ажлын талаар тусгасан ямар ч акт, тусгай тэмдэглэл байхгүй.

Барилгын үндсэн дүрэмд магадлашгүй ажлын талаар тодорхой заасан ба гүйцэтгэлийн актад заавал магадлашгүй ажлын зардал гэж тусгах ёстой ч ийм баримт хэрэгт байхгүй байна. Мөн хэрэгт авагдсан төсөв нь хугацааны хувьд зөрүүтэй, мөнгөн дүн нь өөр байна. Ажлыг гүйцэтгэсний дараа төсөв гаргасан нь Төсвийн тухай хууль, холбогдох журмуудтай нийцэхгүй. Уг төсөвт баяжуулах болон усжуулах ажилд магадлашгүй ажил гэж тэмдэглэсэн байдаг. Эхний гэрээ нь 9 тэрбум, нэмэлт гэрээ нь 2 тэрбум төгрөгийн дүнтэй. Гэтэл энэ нэмэлт гэрээнд огтхон ч магадлашгүй ажлын зардал нэхэмжлээгүй. Үүнтэй адилаар эхний 9 тэрбумын гэрээнд ч энэ тухай тусгагдаагүй. Гэрээ дүгнэсэн актад дурдсан дүнг бид зөвшөөрсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч энэ нь буруу ойлголт юм. Тэр дүн бол хоёр гэрээний нэгдсэн дүн тул магадлашгүй ажлын зардлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш.

Мөн Барилгын дүрмийн 6.48-д зааснаар тухайн ажил гүйцэтгэгдсэн бол батлагдсан зураг төсөл, нэмэлт ажлын баримт, гүйцэтгэлийн акт бүгд байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч үүнийг бүрдүүлээгүй байна. Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн гүйцэтгэлийн материал дээр ч ажлын дутагдал, бүрдээгүй зүйлс байгаа. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар гаргасан хүсэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэг талын эрх ашгийг хамгаалах биш, тэнцвэртэй байдлыг хангаж, хоёр талын эрх тэгш байдлыг харгалзан шийдвэр гаргах ёстой гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 235,127,151 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлээс 22,854,376 төгрөгт болон Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,518,058 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,333,586 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч гэдэгт хэнийг ойлгох, хэрэв гэрээний гүйцэтгэгч шаардах эрхгүй бол өөр хэн энэхүү үнийн индексийн магадлал хийлгэх эрхийг эдлэх зэрэгт шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Их Хурлаас 2021.11.12-ны өдрийн Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 88 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2021.12.22-ны өдрийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 397 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2022.03.31-ний өдрийн Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс батлах тухай 74 дүгээр тушаал, мөн сайдын 2022.04.04-ний өдрийн Түр журам батлах тухай 75 дугаар тушаал, 2022.04.20-ны өдрийн Жишиг материал хүргүүлэх тухай №1/1870 тоот албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж, энэ ажлын хүрээнд зохих хүсэлтээ захиалагчид хүргүүлснийг шүүх хэрхэн үгүйсгэсэн талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч зөвшөөрөл өгөөгүй гэдэг боловч зөвшөөрөл өгсөн 3 албан бичиг байгаа. Танайх Барилгын хөгжлийн төвд хүсэлтээ өгсөн үү, албан бичиг нь байна уу, төрийн байгууллага амаар ажил хийдэггүй. Татгалзсан бол татгалзсан хариу нь хаана байна, ямар үндэслэлээр татгалзсан талаар баримт байдаггүй. Барилгын хөгжлийн төвд хандсан эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч тал алдагдал хүлээсэн гэж тайлбарладаг боловч санхүүгийн баримт байдаггүй. Барилгаа хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй. Нэхэмжлэгч барилгын ажлаа хийж дуусгасан. Ирээдүйд эрсдэлээ хамгаалах ч юм уу, ажлын төсөв хэд гарах талаар таамаглал гаргаагүй. Барилга барихад илүү зардал гарсан бол тэр хэмжээний ажлын хөлс, санхүүгийн баримт, барилгын материал худалдаж авсан баримтууд байх ёстой. Энэ талаар нэг ч баримт байхгүй. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

6.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Манайх ******* ХХК-ийн охин компани ба Салхитын мөнгө-алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээнд 2020.09.14-ний өдрийн ******* дугаартай Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт ажлын гэрээг тус тус нэхэмжлэгчтэй байгуулж ажлыг гүйцэтгүүлсэн. Ажлыг 2020.09.14-2022.06.25-ны өдөр хүртэл хугацаанд багтааж дуусгах үүрэгтэй байсан ч ковид, цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан бид гэрээний алданги тооцолгүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажилд нь нэмэр болж боломжит байдлаар тусалцаа үзүүлж, гэрээний үнийн дүнгийн 80 хувийн төлбөрийг гүйцэтгэлээр бус урьдчилан олгосон нь 2023.11.02-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар 11,965,675,855 төгрөгөөс чанарын баталгааны 5 хувь 472,694,250 төгрөг, магадлашгүй ажил гараагүй учир 235,127,152 төгрөг суутгагдан үлдэх 11,015,488,373 төгрөг олгогдсон ба бид гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Нэхэмжлэгч магадлашгүй ажлын зардлыг нэхэмжилж манайд бичгээр хандаж байгаагүй, магадлашгүй ажлын баримт бүрдүүлэн өгч байгаагүй бөгөөд шүүх хуралдаанаас хойш нэг удаа албан бичиг ирүүлсэн нь ямар ч хавсралтгүй байсан. Хэрэгт магадлашгүй ажлын буюу 235,127,152 төгрөгийн зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажил гүйцэтгэсэн ямар ч баримт байхгүй. Магадлашгүй ажил гарсан тохиолдолд Барилгын төсөв зохиох дүрмийн 8.4-т заасан магадлашгүй ажлыг санхүүжүүлэх акт үйлдэгддэг ба ийм акт байхгүй. Талуудын хооронд харилцсан албан бичгүүд хэрэгт байгаагаас алинд нь ч магадлашгүй ажлын талаар үг, өгүүлбэр байхгүй.

Нэмэлт ажил гарсан бөгөөд хариуцагчийн хяналтын инженер нэмэлт ажлын санхүүжилтийн мөнгөн хөрөнгийг магадлашгүй ажил гээд гаргуулж өгье гэсэн мэтээр ярьдаг боловч шүүгч тодруулахдаа магадлашгүй ажлын зардал нэхэмжилж байна уу, нэмэлт ажлын зардал нэхэмжилж байна уу гэж асуухад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа магадлашгүй ажлын зардал гэж маш тодорхой хэлсэн. Магадлашгүй ажлын нөөц хөрөнгийг Барилгын төсөв зохиох дүрмийн 8.3-т зааснаар зарцуулдаг боловч шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ажил нь магадлашгүй ажил мөн эсэх, мөн бол дүрэмд заасан 5 зардлын алинд хамаарч байгаа, хамаарч байгаа бол хэргийн ямар баримтаар нотлогдож байгааг тогтоох учиртай. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдсангүй.

Нэхэмжпэгч тал ажил эхэлснээс хойш 2-3 удаа зураг төсөлд өөрчлөлт орсон, гэхдээ зураг төслийн зохиогч эс үйлдэл гаргаж уулздаггүй, ирдэггүй, холбогдох баримтад гарын үсэг зурдаггүй гэсэн. Зохиогч гүйцэтгэгчийн хоорондын асуудал нь зохиогчийн хяналтын гэрээгээр зохицуулагддаг тусдаа харилцаа бөгөөд магадлашгүй ажлыг нотлох гол субьект нь зураг төслийн зохиогч юм. Нэхэмжлэгч нь барилгын хэмжээ нэмэгдэж өөрчлөгдөн хана, дээврийн ажил нэмэгдсэн гэдэг боловч батлагдсан зураг төслөөс яаж зөрж байгаа, ажлын тоо хэмжээний зөрүү хэрхэн гарч байгааг тогтоох баримтгүй. Ийнхүү нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, шүүх ч хангалттай хугацаа олгосон ч баримтаа гаргаж өгөөгүй. Хэрэгт авагдсан магадлашгүй ажлын төсвийг 2024.07.05-ны өдөр хийлгэсэн байх ба төсөвт өртгийг 261,790,235 төгрөг гэж бичигдсэн нь нэхэмжлэлийн шаардлагын 257,981,528 төгрөгөөс зөрүүтэй байна.

Шүүхээс Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын төсөв зохиох дүрмийн 8.2-т захиалагч гүйцэтгэгч харилцан тохиролцож магадлашгүй ажлыг санхүүжүүлнэ гэдгийг баримтлах шаардлагагүй, ...гүйцэтгэгч магадлашгүй ажил хийснээ нотолж чадсангүй... гэж дүгнэсэн атлаа уг мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй.

Шүүхийн процесс зөрчигдсөн ба шүүх хуралдаан дээр шүүгч илтэд нэхэмжлэгч талд үйлчлэн, бүтэн 2 цагийн турш зөвхөн нэхэмжлэгч талд шууд хэргийг хүлээлгэн өгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг судлуулж, шүүхийн шийдвэрээ зөвтгөх бүх аргыг хэрэглэсэн. Асуулт тавихдаа хүртэл нэхэмжпэгч талд зааж сургаж чиглүүлж, улмаар шүүх хуралдаанд танайд хэдэн төгрөг гаргуулах гээд хичээж байна гэсэн утгатай үг хэлсэн нь процессын журам зөрчигдсөн нөхцөл байдлыг үүсгэсэн.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 235,127,151 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээнд магадлашгүй ажил 2 хувь гэж орсон. Магадлашгүй ажлын акт, бичиг баримтыг нэхэмжилж байгаа нь зөв. Тухайн үед ажлын акт, бичиг баримт хийх боломжгүй байсан. Зураг төслийн зохиогч нь ирж дүгнэж баталгаажуулдаг. Зохиогчийг зураг төслийг хараад өгөөч гэх байдлаар удаа дараа дуудсан ч ирдэггүй. Учир нь захиалагч тал зургийн мөнгөө төлөөгүй, мөнгөө өгөөгүй учраас зураг төслийн ажил хийхгүй гээд ирдэггүй. 2020 оны намар байгуулсан гэрээний хугацаа 2023 онд дууссан ба хөл хориотой байсан тул уурхайн бүсээс гарах эрхгүй, гарч, орж чаддаггүй байсан. Ийм нөхцөлд ямар нэгэн байдлаар ажлаа хийж дуусгая. Дараа нь авах мөнгөнийхөө учрыг олж авъя, эхний ээлжинд хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа дуусгая гэдэг байдлаар алдагдлаа хүлээгээд ажлаа хийсэн. Үнийн зөрүү, магадлашгүй ажил нь 2 тусдаа зүйл. Анх гэрээ байгуулахад экспертээр орж баталгаажсан албан ёсны зураг өгөөгүй, дутуу зураг өгсөн. Тухайн үед зураг төсөл дутуу байна. Экспертээр орохоор зарим зүйл нь өөрчлөгддөг гэхэд ажлыг маш хурдан гүйцэтгэх ёстой гээд зургийг засаад гүйцээж өгсөн. Эхний өгсөн зургаар ажлыг хийсэн ба тухайн үед ийм маргаан болно гэж бодоогүй учраас анхны зураг төслүүдийг зассан, дараа нь хэрэг болохгүй, холилдоно гэдэг үүднээс устгасан нь энэ маргааны гол учир нь байсныг ойлгоогүй.

Магадлашгүй ажлын хувьд илүү ажил нь газар доор орсон арматур, цемент, бетон цутгасан зэрэг хүний нүдэнд харагдахгүй олон зүйл байгаа. Нэгэнт газарт булаад тэгшилсэн ажлын талаар хэн ч маргасан нотлох боломжгүй учраас нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа ажлаа оруулъя гээд нэгэнт зураг төсөл өөрчлөгдсөн учраас ийм нөхцөл байдал үүссэн. Гэрээнд магадлашгүй ажил 2 хувь гэж тусгагдсан. Энэ ажлаа авахын тулд илүү ажил хийсэн ба нүдэнд ил байгаа ажлыг хэн ч, хэзээ ч хэмжихэд илүү хийсэн ханын ажил, дээврийн ажил тодорхой тул 260,000,000 төгрөг болсон гэж бичсэн ч энэ мөнгийг бүхэлд нь нэхээгүй. Үүнийг магадлашгүй ажилд оруулж тооцуулахыг хүссэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн магадлашгүй ажлын зардалд 257,981,528 төгрөг гаргуулах, Барилгын хөгжлийн төвд хандаж нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үнийг бүрэн төлсөн ба магадлашгүй ажлын зардал гараагүй тул уг төлбөрийг олгох нөхцөл үүсээгүй, талууд энэ тухай тохиролцоогүй, Барилгын хөгжлийн төвөөр үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрлийг олгосон ба уг ажиллагаанд хариуцагч хамааралгүй гэж тайлбарлан маргажээ.

 

3.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг буруу тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

4.Талуудын хооронд 2020 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан ******* дугаартай Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ээр нэхэмжлэгч нь тус уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажлыг 2020.09.20-ны өдрөөс 2020.12.15-ны өдрийн хугацаанд 9,453,885,000 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэж, хүлээлгэн өгөх, хариуцагч ажлын хөлс төлөхөөр тохиролцжээ.

Талууд уг гэрээнд 2021 оны 05 сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан ******* дугаартай гэрээ байгуулан нэмэлтээр усгүйжүүлэн тунгаах цехийн өтгөрүүлэгчийн суурь, хана илүүдлийн усан сангийн барилга угсралтын ажил, мөн нунтаглан баяжуулах цехийн гадна байрлах тээрмийн суурь ба тоног төхөөрөмжийн доорх нил суурийн барилга угсралтын ажил-ыг 2,511,790,855 төгрөгөөр гүйцэтгэх, гэрээний хугацааг 2021.07.01-ний өдөр болгон өөрчилсөн байна.

Энэхүү гэрээгээр зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

 

5.Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж, хариуцагчид 2023.11 сард хүлээлгэн өгсөн, гэрээний үндсэн төлбөр 11,015,488,373 төгрөгийн хөлс төлөгдсөнд зохигч маргаагүй ба гэрээний /нэхэмжлэгч талын 2020.09.10-ны өдөр гаргасан төсөв/ баталгаажсан төсөвт тусгагдсан магадлашгүй ажлын зардал 235,127,152 төгрөгийг хариуцагч олгоогүйг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх цаг хугацаанд Ковид-19 цар тахал үүссэний улмаас барааны үнэ өсч, тээврийн зардал нэмэгдсэний улмаас ажлын төсөвт өртөг нэмэгдсэн, нэмэлт зардал гарсан учир гэрээт ажлын төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцуулахаар Барилгын хөгжлийн төвд хандан төвсийн индекс хийлгэх саналыг нэхэмжлэгч гаргажээ.

Уг саналыг хариуцагч хэрэгжүүлэхээс татгалзсан, эс үйлдэхүй гаргасан нь зохигчийн маргааны зүйл болжээ.

 

6.Талууд магадлашгүй ажлын зардлыг 235,127,152 төгрөг байхаар төсөвтөө тусгасан байх боловч нэхэмжлэгч магадлашгүй ажлын зардалд 257,981,528 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээт ажлыг гүйцэтгэхдээ гадна хананд 2,530 м.кв ажил гүйцэтгэхээс 5,672 м.кв, дээврийн хувьд 5,089 м.кв ажил гүйцэтгэхээс 6,039 м.кв ажлыг тус тус гүйцэтгэж, нийт 257,981,528 төгрөгийн нэмэлт ажлыг шинээр гүйцэтгэсэн гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолж тэргүүлэх төсөвчин *******ийн 2024.07.05-ны өдөр гаргасан *******ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн магадлашгүй ажлын төсөв гэсэн баримтыг шүүхэд гаргажээ.

Тухайн төсөвт магадлашгүй ажлын зардлын /төсөвт өртгийн нэгдсэн товчоо/ хэмжээг 261,790,235 төгрөгөөр тооцохдоо нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн баяжуулах болон усгүйжүүлэх үйлдвэрийн барилгын гадна хананы магадлашгүй ажлын хэмжээ /1,327.2+113.4/ 1.440.6 м.кв бөгөөд өртгийн мөнгөн дүнг 161,717,175 төгрөгөөр, мөн баяжуулах болон усгүйжүүлэх үйлдвэрийн дээврийн магадлашгүй ажлын хэмжээ /667.5+113.4/ 767.55 м.кв бөгөөд өртгийн мөнгөн дүнг 100,073,059 төгрөг гэж тус бүр тодорхойлсон байна.

Талуудын байгуулсан 2020 оны ******* дугаартай ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлийг илэрхийлсэн баримт 1-р хавтаст хэргийн 175-180 дахь талд нотлох баримтаар авагдсан байна. Зохигчийн маргаж буй маргааны зүйл болох барилгын гадна хана, дээврийн ажлын гүйцэтгэлийн талаар тус баримтын 13-т Хана, хамар хананы ажил гэж тодорхойлсон хэсэгт гүйцэтгэх ажлын тоо хэмжээг 1,739.61 м.кв гэж, 14-т Дээврийн ажил гэж тодорхойлсон хэсэгт гүйцэтгэх ажлын тоо хэмжээг 5,089.92 м.кв гэж тусгажээ.

 

7.Дээрх хоёр баримтыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч *******ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний явцад гадна хананд /5,672-2,530/ 3,142 м.кв, дээвэрт /6,089-5,089/ 950 м.кв ажлыг тус тус илүү гүйцэтгэж магадлашгүй ажил бодитоор үүссэн, уг зардлын хэмжээ 257,981,528 төгрөг болсон гэх байдал тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нотолж шүүхэд гаргасан тэргүүлэх төсөвчин *******ийн 2024.07.05-ны өдрийн *******ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн магадлашгүй ажлын төсөв нь талуудын 2020 онд тохиролцон баталсан барилга угсралтын ажлын хана, дээвэр-ийн ажлыг төсөвт өртөг өссөн үеийн байдлаар тооцвол 261,790,235 төгрөгөөр гүйцэтгэхийг илэрхийлж, харин тогтоосон ажлын хэмжээнээс илүү ажил гүйцэтгэсэн гэх ажлын төсөв зохиогоогүй байна.

Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын хавсралтаар баталсан Барилгын төсөв зохиох дүрэм-ийн 8.1-д Барилгын ажлыг гүйцэтгэх нөхцөл, төслийн шийдлийг тодотгосон үр дүнгээр барилгын ажлын явцад үүсдэг зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажлыг санхүүжүүлэх нөөц эх үүсвэрийг магадлашгүй ажлын зардал гэж нэрлэнэ гэж тодорхойлсон. Тус дүрмийн 8.3, 8.4-т магадлашгүй ажлын зардлыг нэмэгдэл зардлын нөхөн төлбөрт зарцуулах санхүүжилтийн төрөл, хэрхэн санхүүжүүлэх журмын дагуу нэхэмжлэгч компани нэмэлтээр гарсан магадлашгүй ажлыг хариуцагчид танилцуулж байсан нь, магадлашгүй ажлыг санхүүжүүлэхээр талууд акт үйлдэн баталгаажуулах замаар зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэхээр заасан баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн барилга угсралтын ажлын явцад гэрээнд заасан хэмжээнээс илүү ажил гүйцэтгэх шаардлага үүссэн, уг ажлын төсөвт өртөг, ажлын хэмжээний талаар нэхэмжлэгч нь тухай бүр хариуцагчид мэдэгдэж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч ийнхүү төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар хариуцагчид хандаж байсныг хариуцагч хүлээн авахаас татгалзсан, зөвшөөрөөгүй гэх байдлын талаар зохигч тухайлан маргаагүй ба Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т заасан үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч *******ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хариуцагч *******ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

8.Нэхэмжлэгч нь нэмэлт төсвийн хүрээнд бараа материалын үнийн өсөлтийн индексийн магадлалыг Барилгын хөгжлийн төвөөр хийлгэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв хэдий ч уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт буруу байгааг залруулна.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 11 сарын 12-ны өдрийн ******* тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй барилга байгууламжийн төсөвт өртгийн үнийн өөрчлөлтийн индексийг батлах, магадлал хийх ажлыг зохион байгуулахыг заажээ. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 08 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2021 онд улсын төсвийн /төрийн өмчит хуулийн этгээд/ хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд төсөвт өртгийн тооцоолол, магадлал хийхээр ажиллажээ. Мөн сайдын 2022 оны ******* тушаалаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам батлагджээ.

Энэ түр журам батлагдсантай холбоотой мөн сайдын 2022.04.20-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчилт хуулийн этгээдийн дарга, захирал нарт хандан дээрх журам, ажлын хэсгээс баталсан жагсаалтыг баримтлан төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцон шийдвэрлэх боломжтойг дурдан холбогдох материалыг хүргүүлэв гэжээ.

Зохигчийн хооронд үүссэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төсөвт өртгийн тооцоо, үнийн өөрчлөлтийг Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх бөгөөд Барилгын төсөв зохиох дүрмийн дагуу тооцох учиртай. Энэ чиг үүргийг Засгийн газрын 2018 оны ******* тогтоолын дагуу Барилгын хөгжлийн төв хариуцан гүйцэтгэхээр заасан.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид хандан 2022.05.18-ны өдрийн ******* тоот албан бичгээр "...сэндвич хавтангийн төсөвт өртөг нэмэгдсэн эсэх талаар магадлал гаргуулахыг зөвшөөрч, мөн 2022.07.19-ний өдрийн ******* тоот албан бичгээр "Иймд 2021 оны ажлын гүйцэтгэл дээр бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэхийг манай компанийн зүгээс зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг өгч байжээ. Гэвч хариуцагч холбогдох баримт, мэдээллийг өгөөгүй эс үйлдэхүй гаргадаг учир Барилгын хөгжлийн төвөөс албан бичгийн дагуу буцаагддаг байсан, баримт бичиг тодорхой бус гэсэн агуулгаар буцаагддаг гэсэн тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл, Барилгын хөгжлийн төвөөс нэхэмжлэгч компанийн гаргасан дээрх хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь тодорхойгүй буюу хариуцагч компаниас гарган өгвөл зохих баримт бичгийн бүрдүүлбэр дутуу гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан гэх байдал хэргийн баримтаар илэрхийлэгдэхгүй байна. Иймд хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх байдал тогтоогдоогүй гэж үзэх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ба энэ тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

9.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/07498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.1-д зааснаар хариуцагч *******ХХК-аас 257,981,528 төгрөг гаргуулах, Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,333,680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ