| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00572/И |
| Дугаар | 00550 |
| Огноо | 2015-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 00550
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1965 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, шавар,будагчин мэргэжилтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар баг Хулст жаргалант 1 дүгээр гудамж 10б тоотод оршин суух Монгол овогт Хишигтийн Алтанцэцэг /РД:ГМ65062502/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00572/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Алтанцэцэг нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэрийн нэгдсэн 1 дүгээр бригадын шавар будгийн хэсэгт ажиллаж эхэлсэн. Анх ажилд ороход Д.Сарантуяа, Ж.Сувдаа нар ажиллаж байсан. Би Д.Сарантуяагийн шавь болж ажил хөдөлмөрийн гараагаа эхүүлсэн. 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нэгдэл дундын үйлдвэр нь Өгөөмөр ХХК болсоноор ажлаас чөлөөлөгдсөн. 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэрт шавар будагчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэлд дундыг үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шавар, будагчнааражиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20 тоот цалингийн лавлагаа, иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 тогтоолоор аймгийн аврага барилгачин болсон диплом, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Хишиг-Өндөр сумын 27 дугаар тойргийн депутатын үнэмлэх, 1982 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай шавар, будагийн 4 дүгээр зэрэг олгосон үнэмлэх, 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн сайшаалын үнэмлэх, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сайшаалын үнэмлэх, Х.Алтанцэцэгтэй тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн зураг, тухайн үед Х.Алтанцэцэгтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Сарантуяагийн Би 1981 оны 01 дүгээр сард Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгдэл дундын үйлдвэрт барилгын засал чимэглэлчнээр ажилд орсон. Х.Алтанцэцэг нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр миний удирдлаган дор ажиллаж эхэлсэн. Х.Алтанцэцэг нь ажиллаж эхэлсэнээсээ хойш 1987 онд аймгийн аврага барилгачин, 7 дугаар таван жилийн гавшгайч зэрэг шагнал урамшуулал авч байсан. 1991 онд Ариун хайрхан ХХК болж нэгдэл тарах хүртэл бид хоёр хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, Ж.Сувдаагийн Би 1981 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байхад Х.Алтанцэцэг нь 8 дугаар анги төгсөөд 1981 онд барилгад шаварчнаар ажиллаж эхэлсэн. Бид 1991 онд нэгдэл тарж Ариун хайрхан ХХК болход орон тооны цомхотголоор ажлаас халагдсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Монгол овогт Хишигтийн Алтанцэцэгийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэлд дундын үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шавар, будагнаар нийт 10 /арван/ жил, 5 /таван/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ