| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00563/И |
| Дугаар | 00552 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 00552
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1959 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багт оршин суух, Түвэд овогт Журын Жамбалравдан /РД:ОТ59121772/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00563/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Жамбалравдан нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Жамбалравдан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1959 онд төрсөн, 58 настай. Би Увс аймгийн Тариалан сумийн Туяа нэгдэлийн Бургастай бригадад 1977-1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Иймд 1981 оноос 1990 оныг дуустал улсад ажиллаж байсан 10 жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Жамбалравдан нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд
1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнааражиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 80 тоот цалингийн лавлагаа, иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тухайн үед Ж.Жамбалравдантай хамт ажиллаж байсан гэрч Ж.Норовын Би 1974 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Бургастай бригадад тоо бүртгэгч хийж байсан. Ж.Жамбалравдан нь 1978 он хүртэл сургуульд сурч байгаад. 1978 оноос 1982 он хүртэл ээж, дүү нарын хамт Увс аймгийн Тариалан сумын Бургастай бригадад мал маллаж байсан. 1982 оноос эхнэр авч тусдаа амьдарч 1990 он хүртэл тухайн нэгдэлдээ мал маллаж байгаад. Нэгдэл татан бууж компани болход 1990 оноос 1995 он хүртэл Туяа ХХК-д мал маллаж байсан гэх мэдүүлэг, А.Ганжуурын Би 1980 оноос Увс аймгийн Тариалан сумын Бургастай бригадад малын эмчээр ажиллаж байсан. Ж.Жамбалравдан нь 1977 онд 8 дугаар анги төгсөөд 1982 он хүртэл эцэг эхийн хамт Увс аймгийн Тариалан сумын Бургастай бригадад малчнаар ажиллаж байсан. 1982 оноос 1990 он хүртэл Ж.Жамбалравдан гэр бүлийн хамт Бургастай бригадад малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаарнотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Түвэд овогт Журын Жамбалравданыг Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 10 /арван/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ