Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00553

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1957 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, Булган аймгийн Могод сумын 4 дүгээр баг Баян-Уул гэх газар оршин суух Монгол овогт Дашнямын Төмөрбаатар /РД:ГЕ57020811 /-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00578/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Төмөрбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 1978 оны 06 дугаар сар хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1978 оны 6 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй малчнаар ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Төмөрбаатар нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сар хүртэл, 1978 оны 06 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 тоот цалингийн лавлагаа, иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн хуулбар, Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлээс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Д.Төмөрбаатарын нэр дээр нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, цэргийн батлах, баярын бичиг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/3603 дугаартай лавлагаа, тухайн үед Д.Төмөрбаатартай хамт ажиллаж байсан гэрч Ж.Чанцалын Д.Төмөрбаатар нь бага анги төгсөөд 1965 оноос 1975 он хүртэл эцэг эхийн хамт Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд мал маллаж байсан. 1975 оноос 1978 он хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд эцэг эхийн хамт Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд, нэгдэлийн эм хонь хариулж байсан. 1980 онд Д.Төмөрбаатар бид хоёр гэр бүл болсон. Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1980 оноос 1987 оныг дуустал эм хонь маллаж байсан. 1987 оноос 1992 оныг дуустал Булган аймгийн Могод сумын Халзангийн фермд цагаан үнээний саальчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, Г.Дайриймаагийн би Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1967 оноос малчин хийж эхэлсэн Д.Төмөрбаатар нь 1969 оноос эцэг эхийн хамт Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд мал маллаж эхэлсэн. 1987 оноос 1992 оныг дуустал Булган аймгийн Могод сумын Халзангийн фермд саальчинаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Монгол овогт Дашнямын Төмөрбаатарыг Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сар хүртэл, 1978 оны 06 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар, 1976 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж улсад нийт 20 /хорин/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ