Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00414

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10586 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, төлбөр төлөгчид шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.28-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.01-ний өдрийн ******* дугаар магадлалаар *******ХХК-аас 435,000,000 төгрөг гаргуулж *******д олгож, *******ын эзэмшлээс ******* дүүргийн ******* хороо, ******* гудамжны /1440/, ******* тоот хаягтай ******* м.кв амины орон сууцыг *******банк ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэрээний төлбөрт төлсөн 435,000,000 төгрөг нь гэр бүлийн дундын хөрөнгө ба ******* нь *******ын гэр бүлийн гишүүний хувьд уг мөнгийг дундын хөрөнгөөс төлсөн тул би тодорхой хувийг шаардах, ногдох хэсгийг өмчлөх эрхтэй тул бие даасан шаардлага гаргах гуравдагч этгээд юм.

Хэргийн материалтай танилцахад орон сууцыг гуравдагч этгээд *******ийн өмчлөлд шилжүүлсэн ба *******банк ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх газраас 2025.06.20-ны өдөр албадан чөлөөлөх мэдэгдэл ирүүлсэн. Нэхэмжлэгчээс мэдэгдлийг болон албадан чөлөөлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж уг ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шийдвэр, магадлалаар гэрээг цуцлан мөнгийг гаргуулах, байрыг буцаах 2 шийдвэр гарсан байхад нэг ажиллагааг явуулан нөгөө ажиллагааг явуулахгүй байна гэж үзэж байгаа. Төлбөр төлөгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад 2024.05 сард Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг авсан байхад *******банкнаас орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлжээ. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байхад орон сууцны өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг түдгэлзүүлэх байсан ч тэр ажиллагааг явуулаагүйгээс орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсанаас миний эрх хөндөгдөж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч *******д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн ч үүргээ биелүүлээгүй. ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд хандан орон байрнаас нүүлгэн гаргах, чөлөөлөх тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.28-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2025.02.07-ны өдрийн ******* дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******ын оршин суугаа газар тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, орон байрыг чөлөөлөх гэхэд заасан хувийн сууц нь эзэнгүй байсан учир *******ыг эрэн сурвалжилж байсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түүнийг эрэн сурвалжлан олж тогтоогоогүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн хүн гарч ирсэн ба шүүхийн 2025.07.29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Одоогоор шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг зогсоосон ба хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь *******банк ХХК-ийн хүсэлтээр шүүхээс гаргасан гүйцэтгэх хуудасны үндсэн дээр хуулийн дагуу явагдаж байгаа. Нэхэмжлэгч нь тухайн гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй, гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлөөгүй, холбогдох материалыг бүрдүүлээгүй атлаа хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Түүнчлэн орон сууц нь анхнаасаа *******банк ХХК-ийн өмчлөлд байсан бөгөөд ******* нь уг орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй, өмчлөх эрх шилжүүлээгүй тул уг хөдлөх хөрөнгийг ******* болон түүний гэр бүлийн дундын өмч гэж үзэх үндэслэлгүй байна. Орон сууцыг *******банк ХХК-аас гэрээний дагуу төлбөрөө төлж худалдан авсан ба өөрийн өмчлөлөө хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь саад болж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан, хөрөнгө албадан чөлөөлж, төлбөр төлөгчид шилжүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх хуралдаан болсон 2025.11.27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүндэтгэн үзэх эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцож чадаагүй бөгөөд эмнэлгийн магадлагаа, хүсэлт хүргүүлсэн ч шүүхээс хүсэлтийг хангахгүй орхиж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулаагүй нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан ******* дүүргийн ******* хороо, ******* гудамжны /1440/, ******* тоот хаягтай ******* м.кв амины орон сууц нь зөвхөн төлбөр төлөгч *******ын өмч биш бөгөөд *******тай гэрлэснээс хойш үүссэн гэр бүлийн дундын хөрөнгө болно. Гэр бүлийн дундын хөрөнгийг зөвхөн нэг гэр бүлийн гишүүний төлөх төлбөрт хурааж, худалдах нь гэр бүлийн бусад гишүүн *******гийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч биечлэн оролцож байсан учир шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Маргаан бүхий орон сууц нь *******банк ХК-ийн өмчлөлд байсан. ******* нь уг орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч өмчлөх эрхийг шилжүүлээгүй байсан тул тухайн орон сууцыг дундын өмч гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******т холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* гудамжны /1440/, ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай амины орон сууцыг албадан чөлөөлж, төлбөр төлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч *******д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд үл хамаарах хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсныг залруулах нь зүйтэй.

 

4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн ******* дугаар магадлалыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн ******* дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцтэгэх тухай захирамж гарчээ. Банкны төлбөр барагдуулах газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг 2023 оны 05 сарын 12-ны өдөр үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

Уг ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч *******д шүүхийн шийдвэрт дурдсан ******* дүүргийн ******* хороо, ******* гудамжны /1440/, ******* тоот хаягтай ******* м.кв талбай бүхий хувийн сууцыг чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Энэ ажиллагаа хууль бус болохыг тогтоолгохоор төлбөр төлөгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, улмаар 2022 оны 11 сарын 28-ны өдрийн******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн ******* магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

5.Төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, тус газрын 2025.06.20-ны өдрийн ******* тоот мэдэгдлээр хувийн сууцыг 2025.07.03-ны өдрийн 10:00 цагт султган чөлөөлөхийг мэдэгдэж, хэрэв сайн дураар биелүүлээгүй бол албадан чөлөөлөхийг анхааруулсан.

Хэрэгт авагдсан Банкны төлбөр барагдуулах газрын 2025.06.23-ны өдрийн ******* тоот албан бичгээр *******д хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул таны гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй тухай хариу өгчээ. Улмаар ******* нь шүүхэд хандан *******ын эзэмшлээс ******* дүүргийн ******* хороо, ******* гудамжны ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай хувийн сууцыг албадан чөлөөлөх ажиллагаа нь хууль бус бөгөөд уг хөрөнгийг худалдан авахаар төлсөн 435,000,000 төгрөг нь гэр бүлийн дундын хөрөнгө тул ******* нь гэр бүлийн дундын хөрөнгөөс бий болсон хөрөнгийн тодорхой хувийг шаардах, өмчлөх эрхтэй гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, хувийн сууцыг албадан чөлөөлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *******дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны ******* дугаар магадлалаас үзвэл *******, *******банк ХК нарын хооронд 2020 онд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шийдвэрлэж *******банк ХК-аас 435,000,000 төгрөг гаргуулан *******д олгож, *******ын эзэмшлээс ******* дүүргийн ******* хороо, ******* гудамжны ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай хувийн сууцыг гаргуулан *******банк ХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх хоёр шүүхийн шийдвэрт дурдсан хэлцэл *******, *******банк ХХК-ийн хооронд хийгдсэн ба уг хэлцлийг шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэн улмаар гэрээнээс татгалзсаны үр дагаврыг харилцан буцааж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон 435,000,000 төгрөгийг *******д буцаан олгохоор шийдвэрлэсэн байх тул гэр бүлийн дундын өмчөөс хувийн сууцны үнэ төлөгдсөн гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаархи үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

Иймд нэхэмжлэгч ******* нь *******, *******банк ХК-ийн хооронд байгуулсан гэрээний үнэд *******ын төлсөн 435,000,000 төгрөг нь гэр бүлийн дундын өмч гэсэн үндэслэлээр төлбөр төлөгчийн эзэмшлээс албадан чөлөөлөгдөх хувийн сууцны өмчлөх эрхтэй холбогдуулан тухайн эд хөрөнгийг албадан чөлөөлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасныг уг ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн бөгөөд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гэж үзэх үндэслэлгүй тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эрх ашиг нь хөндөгдсөн шаардлага гаргах эрх бүхий гуравдагч этгээд биш гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д нийцсэн байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тухай гомдлыг хангахгүй.

Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* д 2025.10.28-ны өдөр шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон бөгөөд төлөөлөгч нь өмгөөллийн ******* ХХН-д өмгөөлөгчийн туслахаар ажилладаг байна. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь мөн өмгөөллийн нөхөрлөлд ажилладаг нь Монголын хуульчдын холбооны нээлттэй мэдээллийн санд байршжээ. Нэхэмжлэгч ******* нь өмгөөлөгчийн туслах *******д 2025.10.28-ны өдөр итгэмжлэл олгосноор түүний хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсан ба хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч тал үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа үзүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцох (туслахаараа дамжуулан эсхүл өөрөө биечлэн болон хамтран оролцох) нь өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт юм. Иймд анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч биечлэн оролцсон тул нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх хангагдаагүй гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтдээ эмнэлгийн магадлагааг хавсарган ирүүлсэн ба магадлагаанд өвчний оношийг кодоор илэрхийлсэн, хүсэлтэд хүндэтгэн үзэх эрүүл мэндийн шалтгаанаа тодорхой илэрхийлээгүй байх тул анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгахгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзлээ.

 

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримталсан нь оновчгүй болсныг залруулан зөвтгөж, шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 гэсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...122 дугаар зүйлийн 122.1... гэснийг 122 дугаар зүйлийн 122.5 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ