Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 102/2016/2666/и |
Дугаар | 1194 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 1194
“Монре даатгал" ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02666 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Монре даатгал" ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч А.Дүүдээд холбогдох
Даатгалын нөхөн төлбөр 3 222 500 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч А.Дүүдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэглэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч “Монре даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани А.Дүүдээтэй Жолоочийн хариуцлагийн даатгалын хуулийн дагуу албан журмын даатгалд хамруулж гэрээ байгуулсан ба гэрээний хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил худалдааны төвийн урд замд 79-18 УНЯ улсын дугаартай Тоёота камру маркийн автомашин жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 01-09 ДК улсын дугаартай Сулимук Гениадий жолоочтой Мицубиши пажеро маркын автомшиныг мөргөсөн. Ослын газарт Замын цагдаагийн газар болон “Автосос” ХХК очин үзлэг хийсэн. Осолд орсон Мицубиши пажеро маркын 01-09 ДК улсын дугаартай автомашинд “Гэрэгэ эстмэйт” ХХК үнэлгээ хийж учирсан хохирлыг 3 140 000 төгрөг, үнэлгээний зардал 82 500 төгрөг, нийт 3 222 500 төгрөг гэж тогтоосон. “Монре даатгал” ХХК-иас Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу гуравдагч этгээдэд учирсан хохирлыг шуурхай барагдуулах ажиллагааг хийж нөхөн олговорыг олгосон. Гэвч Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр хариуцагч А.Дүүдээ нь зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Иймд Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасны дагуу хохирогчид олгосон нөхөн төлбөр болох 3 222 500 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Дүүдээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил худалдааны төвийн замд 79-18 УНЯ улсын дугаартай Тоёота камру маркийн автомашиныг жолоодон явж байгаад эргэх хөдөлгөөн хийх гээд зогсож байтал урдаас хойшоо чиглэлтэй явж байсан 01-09 ДК улсын дугаартай Мицубиши пажеро маркын автомшин нь ирж мөргөсөн. Тухайн үед Цагдаагийн ажилтан надаар драгер үлээлгэхэд 0.19 хувь гарсан ба жолоодох үнэмлэхний эрх хасаагүй явуулсан. Тухай осол болсон газар даатгал дуудахад ирж амжаагүй ба ослын талаар утсаар тэмдэглэж аваад дараа нь ослын газраас холдсон үед ирж уулзаад миний автомашины зургийг дараад ослын талаар бүртгэл хөтлөөд даатгалынхаа компанид хандаарай гэсэн. Маргааш нь Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасаг дээр өөрийн биеэр очиж зөрчлийн талаарх акттай танилцахад уг осолд холбогдсон жолоочийг ОХУ-д явсан гэж хэлсэн ба хохирогч тал өөрсдийн даатгалын компаниар хохирлоо төлүүлнэ гэсэн. Тэр үед хохирогч талын “Гэрэгэ эстмэйт” ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэж байгаа танилц гэж хэлээгүй. Ингээд тодорхой хугацаанд замын цагдаагаас надтай холбогдоогүй байхад “Миг даатгал” ХХК-иас надтай холбогдож дуудсан. Даатгалын ажилтантай “Монре даатгал” ХХК-ийн байранд очиж уулзахад хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ “Миг даатгал” ХХК болон “Монре даатгал” ХХК-ийн ажилтануудад хэлсэн. Миний бие 01-09 ДК улсын дугаартай Мицубиши пажеро маркын автомашинд 3 140 000 төгрөг, үнэлгээний зардал 82 000 төгрөг, нийт 3 222 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт зааснаар А.Дүүдээгээс 2 188 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монре даатгал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 034 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Дүүдээгээс улсын тэмдэгтийн хураамжид 49 961 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч А.Дүүдээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зам тээврийн осол гаргахад согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бус замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс осол гарсан. Миний бие тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй болно. Улмаар “Монре даатгал” ХХК нь ОХУ-н ЭСЯ-ны авто машины хохирлын үнэлгээг надад танилцуулахад тэр үед нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар “Монре даатгал” ХХК-ийг ОХУ-н ЭСЯ-ны автомашины хохирлыг барагдуулахаас өмнө мэдэгдсэн. “Монре даатгал” ХХК хохирлын нөхөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Уг хохирлыг зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдлийг үл харгалзан ОХУ-н ЭСЯ-нд хохирлын гэх 3 222 500 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар шүүхийн шатанд очиход шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч согтууруулах ундаа хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн гэж хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж гэм буруутайд тооцож нэхэмжлэлийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Зам тээврийн осол гаргасан 01-09 ДК улсын дугаартай Мицубиши пажеро маркын автомашины обуд, карлан бага зэрэг хонхойсон байхад “Гэрэгэ эстимэйт"ХХК-д хийлгэсэн гэх техникийн үнэлгээ зардал нийт 3 222 500 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргасан. Үнийг хэт өндрөөр үнэлсэн байх тул дахиж хүсэлт гаргахад "Итгэлт эстимэйт" ХХК-ийн үнэлгээ 2 145 000 төгрөг, "Вендо"ХХК 2 188 200 төгрөг гэж илт зөрүүтэй байгааг шүүх харгалзан үзээгүй. Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1 дэх хэсэгт "Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй" гэж заасан байхад "Монре даатгал" ХХК нь үндэслэлгүй хэт өндөр үнэлсэн техникийн үнэлгээ болох 3 222 500 төгрөгийг даатгуулагчаас нэхэмжилсэн. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан "Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлнэ" гэж шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн байхад хэргийг шүүх шийдвэрлэсэн буруу болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: А.Дүүдээ нь зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол гаргасан нь Замын цагдаагийн ослын дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх “Монре даатгал” ХХК нь А.Дүүдээгээс нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэж нөхөн төлбөрийг буцаан олгох шийдвэр гаргасан атлаа нөхөн төлбөрт олгосон нийт 3 222 500 төгрөгийг биш, уг дүнгээс 1 034 300 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж, 2 188 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч А.Дүүдээгээс 3 222 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч хуулийн нэрийг буруу бичсэн, тухайн маргаанд хамаарал бүхий хуулийг хэрэглээгүй байгааг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Монре даатгал” ХХК нь хариуцагч А.Дүүдээд холбогдуулан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан тул даатгалын нөхөн төлбөрт олгосон 3 222 500 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…“Гэрэгэ эстимэйт” ХХК хохирлыг хэт өндрөөр үнэлсэн тул зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгчид тухайн үед нь мэдэгдэж байсан, замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ослын улмаас хохирсон гэх ОХУ-ын иргэн жолооч нь буруутай, согтуу байсан” гэж маргажээ.
“Монре даатгал” ХХК болон А.Дүүдээ нар нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний харилцаатай байсан, гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болсон үйл баримтаар талууд маргаагүй.
Жолооч А.Дүүдээ нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр албан журмын даатгалтай 79-18УНҮ улсын дугаартай, Тоёота камру маркийн тээврийн хэрэгслээ жолоодон Хан-Уул дүүргийн нутаг, Оргил худалдааны төвийн урд зам дээр зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасныг зөрчиж, 01-09 ДК улсын дугаартай, Мицубиши Пажеро маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан, тэрээр энэ үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 0.19 хувийн согтолттой байсан болох нь Зам тээврийн ослын үзлэг, актаар тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Дүүдээ нь осол гарахад өөрөө гэм буруугүй болохоо, мөн согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх байдлаа баримтаар нотлоогүй. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч А.Дүүдээ нь зам тээврийн ослын акт болон даатгалын хохирлын үнэлгээ болон Даатгалын байгууллагын үйл ажиллагаанд гомдол гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “даатгуулагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ даатгалын тохиолдолд гаргасан бол даатгуулагчаас” нөхөн төлбөрийг буцаан нэхэмжилж болохоор заажээ. Иймд нэхэмжлэгч “Монре даатгал” ХХК нь гуравдагч этгээдэд төлсөн нөхөн төлбөрийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй юм.
Дээрх зам тээврийн ослын улмаас даатгалын тохиолдол бий болж, даатгуулагчид учирсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөр 3 222 500 төгрөгийг 01-09 ДК улсын дугаартай, Мицубиши Пажеро маркийн автомашиныг тээврийн хэрэгслийн жолооч К.Викторт 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн нь 837 дугаартай төлбөрийн даалгавар /хх-31 дэх тал/-аар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээ, зардал нийт 3 222 500 төгрөгийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2015/14551 дугаар захирамжаар хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч 2 145 000 төгрөгөөр үнэлжээ.
Дээрх үнэлгээг зохигчид зөвшөөрөөгүй тул шүүх 2015 оны 10 дугаар сарын 14-ний 102/ШЗ2015/27692 дугаар захирамжаар хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийг шинжээчээр томисон ба шинжээч хохирлыг 2 188 200 төгрөгөөр үнэлснийг шүүх үндэслэн хариуцагч А.Дүүдээгээс дээрх төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч “Монре даатгал” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Харин талууд даатгалын төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу. Эдгээр заалт нь даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгох замаар даатгуулагчийн хохирол шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан даатгагчийн зүгээс гэм буруутай гуравдагч этгээдэд холбогдох гэм хор учруулсанаас үүсэх үүргийг шаардах эрхийн үндэслэлд хамаарна. Зохигчдын хоорондын харилцаа нь хуулиар тогтоосон албан журмын даатгалд хамрагдсан даатгагч, даатгуулагчдын хоорондын харилцаанд хамаарах тул Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасныг баримталсан нь зөв болно.
Түүнчлэн шүүхийн шийдвэрт Жолоочийн даатгалын тухай хуулийг нэрийг “Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль” гэж буруу. бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, хариуцагч А.Дүүдээ нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02666 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7” гэснийг хасаж, “Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн…” гэснийг “Жолоочийн даатгалын тухай хуулийн…” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, хариуцагч А.Дүүдээ нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Дүүдээгийн төлсөн 66 510 төгрөг, нэхэмжлэгч “Монре даатгал” ХХК-ийн төлсөн 29 373 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД