Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ХШТ/41

 

Ф.С, Н.Э, “А” ХХК нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Ф.С-ын өмгөөлөгч Э.Алтан-Уяа, “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Б-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил, шүүгдэгч Р.Э-ий өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар магадлалтай, Ф.С, Н.Э, “А” ХХК нарт холбогдох 2231000090108 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ф.С-ын өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1986 оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, *** сумын Засаг дарга ажилтай, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, С овогт Ф-ын С,

2.Монгол Улсын иргэн, 1986 оны ** дүгээр сарын **-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Н-ийн Э,

3.2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 01 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь зочид буудал, зоогийн газар, баарны үйлчилгээ, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх эрхлэх туслах, *** тоотод байрлан үйл ажиллагаа явуулах “А” ХХК.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ф.С нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу *** сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж,

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “А” ХХК-ийн захирал Ж.Б-д 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1.400.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй самбарын хажууд П.Б-аас бэлнээр хүлээн авч, мөнгийг Орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр хувьдаа авч, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг,

“А” ХХК-ийн захирал П.Б-ыг 2021 оны 02 дугаар сард өөрийн албан өрөөндөө дуудан уулзаж, "А” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын төсөвт байгууллагын дулааныг эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулах шаардлагатай, гэрээ байгуулахын тулд өөртөө хувийн байшин барих торх мод өг гэж шаардаж, улмаар 2021 оны  05 дугаар сарын 25-ны өдөр Ф.С нь П.Б-ыг дахин албан өрөөндөө дуудан уулзаж, байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10.000.000 төгрөг өг гэж шаардсан, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Н.Э-ий эзэмшлийн Хаан банк дахь *** дугаарын дансаар дамжуулан П.Б-аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэрэгт,

Шүүгдэгч “А” ХХК-ийн захирал П.Б-/хууль ёсны төлөөлөгч/ нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.С-ийн Хаан банк дахь *** дугаарын дансаар дамжуулан, Ф.С-ын найз Н.Э-ий эзэмшлийн *** дугаарын дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлж, *** сумын Засаг дарга Ф.С-д хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн,

Шүүгдэгч Н.Э нь “Ф.С нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу *** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Н.Э-ий эзэмшлийн Хаан банк дахь *** дугаарын дансаар дамжуулан П.Б-аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэх хэрэгт гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-105" тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  10 дугаар сарын 18-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч С овогт Ф-ын С-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч С овогт Ф-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т овогт Н-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч “А” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ф-ын С-д нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Н-ийн Э-д 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “А” ХХК-ийн дулаан үйлдвэрлэх, түгээлтийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 120.000 /нэг зуун хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ф.С-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Э-ий хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч “А” ХХК-ий хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ф.С, Н.Э, “А” ХХК нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “А ХХК-иас 50.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт орлого болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолын

1 дэх заалтыг:

“1.Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч С овогт Ф-ын С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Т овогт Н-ийн Э-д холбогдох мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч А ХХК-д холбогдох мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3-д заасан үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг:

“2.Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч С овогт Ф-ын С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан “Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай” гэж,

3 дахь заалтыг:

“З.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ф-ын С-д 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг:

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг хорих ялын 1 өдөртэй дүйцүүлэн тооцож шүүгдэгч Ф.С энэ гэмт хэргийн улмаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг тооцон 1.020.000 төгрөгийг түүнд оногдуулсан 20.000.000 төгрөгийн торгуулийн ялаас хасч биечлэн эдлэх торгуулийн ялын хэмжээг 18.980.000 төгрөгөөр тогтоосугай” гэж,

5 дахь заалтыг:

“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ф.С-д оногдуулсан 18.980.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай” гэж,

6 дахь заалтыг:

“6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ф.Снь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

7 дахь заалтыг:

“7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар улсын төсвийн орлогоос 4.950.000 төгрөг гаргуулан А ХХК-ийн захирал П.Б-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,

Шүүгдэгч Ф.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ф.С-ын өмгөөлөгч Э.Алтан-Уяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний үйлчлүүлэгч Ф.С-ыг тус магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцон анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШШТ/184 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан үйлдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт зөв дүгнэлт хийсэн.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт гэм буруутайд тооцсон үндэслэлээ “... Шүүгдэгч Ф.С нь *** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “А” ХХК-ийн захирал П.Б-д Шаамар суманд дулаанаар хангах үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх эсэх асуудалд нөлөө үзүүлнэ гэж бодит байдлыг нуух замаар өөртөө тийм эрх мэдэл байгаа гэж зохиомол байдлыг зориуд бий болгон итгүүлж өөрийн найз Н.Э-ий ХААН банкны ***  тоот дансыг П.Б-д өгч улмаар П.Б-аас 5.000.000 төгрөгийг дээрх дансаар шилжүүлэн авч залилсан гэж зүйлчлэл өөрчлөн гэм буруутайд тооцсон. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар *** дугаартай эрүүгийн хэрэгт цугларсан баримтаар миний үйлчлүүлэгч Ф.С нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон баримт авагдаагүй байх бөгөөд түүнийг холбогдуулан шалгасан хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байдаг. Залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж хохирогч өөрийн эд хөрөнгө өмчлөх эрхийг гэмт этгээдэд хууртсаны улмаас сайн дураар гэмт этгээдэд шилжүүлэн өгсөн, нөгөө талаас өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд төөрөгдүүлэх, итгэлийг урвуулан ашиглах аргаар өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн ивэхтэй үйлдэл буюу өөрт бусдын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, захиран зарцуулах бодит боломж бүрдсэн үеэс төгсдөг. Шүүхээс нотолбол зохих байдлыг бүрэн нотолж мөрдөн шалгах ажиллагаагаар түүний гэм буруутай байдал тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжүүдийг бүгдийг хангаж байж хэрэг гэж үзэх боломжтой байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад бүрэн дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоогүй байдаг. Ф.С- нь Н.Э-ий ХААН банкны *** тоот дансанд Ц.Саранцэцэгийн ХААН банк дахь 5676005276 данснаас шилжүүлсэн гэх 5.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан, захиран зарцуулсан зүйл байдаггүй бөгөөд ямар үндэслэлээр түүнд холбон буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан Н.Э-ий 1-р хавтаст хэргийн 43-р хуудас, 209 дүгээр хуудас, 3-р хавтаст хэргийн 206 дугаар хуудас, 4-р хавтаст хэргийн 33 хуудас, шүүх хуралдаад өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Саранцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, үүдээр тус 5.000.000 төгрөгийг Ф.С аваагүй талаар тогтвортой мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар батлагдаж байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байдаг. Мөн “... Ф.С нь *** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “А” ХХК-ийн захирал П.Б-д Шаамар суманд дулаанаар хангах үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх эсэх асуудалд нөлөө үзүүлнэ гэж бодит байдлыг нуух замаар өөртөө тийм эрх мэдэл байгаа гэж зохиомол байдлыг зориуд бий болгон итгүүлж...” хэмээн үндэслэлээ тодорхойлж байх бөгөөд түүнээс мөнгө авахаар бодит байдлыг нуусан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх баримт хэрэгт авагдаагүй зөвхөн П.Б-ы мэдүүлгээр л ял халдааж байдаг. П.Б-нь өөрөө 2016 оноос 2020 оны хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Засаг даргын эрх хэмжээнд дулаанаар хангах үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх эсэх асуудалд нөлөө үзүүлэх эрх байхгүй гэдгийн мэдэх этгээд байдаг. Мөн “А” ХХК-д дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг орон нутгийн зохицуулах зөвлөлөөс гаргуулан авсан тул хаанаас тусгай зөвшөөрөл олгох талаар маш сайн мэдэж байсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор хянасны үүднээс гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтэй байдаг. Гэтэл шүүх нотлогдвол зохих байдал хангагдсан эсэхэд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн     40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ДШМ/06 дугаартай магадлалыг тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн Ф.С-ын өмгөөлөгч Э.Алтан-Уяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг үйлдээгүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буруутгасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан ба хэргийн нотлогдвол зохих байдлыг хангаагүй байхад түүнийг залилан мэхлэх гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Залилан мэхлэх гэмт хэргийн субъектив талын шинж нь болох хохирогчийг хуурч мэхлэн төөрөгдүүлж тухайн эд хөрөнгийг эзэмшилд авсан байхыг шаардана. Гэтэл Ф.С 5.000.000 төгрөгийг огт аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох шүүгдэгч П.Б, Н.Э, гэрч Ц.Саранцэцэг нарын мэдүүлгээр нотлогддог. Түүнчлэн гэм буруугийн субьектив санаа зорилго тогтоогдоогүй. П.Б-ы хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд бөгөөд сумын Засаг дарга олгох, цуцлах эрх хэмжээгүй гэдгийг мэдэж байгаа. Мөн П.Б нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын үүргийг гүйцэтгэж байсан учир эрх хэмжээг маш сайн мэдэж байсан этгээд юм. Энэ нөхцөл байдлаас үзэхэд П.Б ямар нэгэн байдлаар төөрөгдөлд орохооргүй, хэнээс, яаж авахыг маш мэддэг этгээд учир Ф.С залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор шүүгдэгч, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хуульд заасан бүхий л арга хэрэгслээр эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Гэтэл эргэлзээгүй тогтоохгүйгээр хууль зөрчиж түүнд ял халдаасан гэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ф.С-ын хийсэн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байх тул магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Э-ий өмгөөлөгч Р.Атарцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв” гэв.

Шүүгдэгч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч   Д.Эрдэнэ-Оргил хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч Ф.С нь Шаамар сумын засаг даргын хувьд шүүгдэгч “А” ХХК-ийн захирал П.Б-ыг дуудан ирүүлж уулзсан ба тэдний хооронд өрнөсөн яриа уулзалт нь тус сумын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг дулаанаар хангах үйл ажиллагааг цаашид “А” ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлын талаар ярилцаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар уг үйл ажиллагаанд сумын засаг дарга лавтай нөлөөлнө гэж итгүүлэн, П.Б түүнд олгогдоогүй эрх хэмжээг мэдэх боломжтой боловч төөрөгдөн 5.000.000 төгрөгийн өмчлөх эрхээ шүүгдэгч Н.Э-ий дээрх дансанд шилжүүлэн өгснөөр санаа зорилго нотлогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдийн ижил шинж нь хахууль өгөгч этгээдийн эд хөрөнгө, мөнгийг өөрийн болгож авсан байдаг бол ялгаатай шинж нь хахууль авагч нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн эсхүл хэрэгжүүлэхийн тулд байдаг ба шүүгдэгч Ф.С-ын хувьд “А” ХХК-ийн эрх ашгийн тулд хэрэгжүүлэх албаны чиг үүрэг байхгүй байгаа нь залилах гэмт хэргийн үндсэн шинж буюу бодит байдлыг нууж бусдыг төөрөгдүүлсэн, уг 5.000.000 төгрөгийг авч буцаан төлөх, хариу төлбөр төлөхгүйгээр өөрийн болгох зорилготой байгаараа ялгагдаж байна” гэж зөв дүгнэсэн. Дээрх нөхцөл байдалд тулгуурлан “А” ХХК-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3-д заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Прокуророос шүүгдэгч Ф.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэрэгт, Н.Э-г худал мэдүүлэх гэмт хэрэгт, “А” ХХК-ийг хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хоёр өөрөөр шийдвэрлэсэн байна. Ер нь энэ хэргийн хувьд прокуророос эхлэн хэргийн зүйлчлэл буруу, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй шүүхэд шилжүүлсэн байдаг. Хоёр шатны шүүхийн шийдвэрийг тус бүрээр нь танилцуулья. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хувьд прокуророос шүүгдэгч Ф.С-ын 1.400.000 төгрөг хувьдаа завшсан үйлдлийг яагаад албан тушаалын гэмт хэрэг гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал, шүүгдэгч нь засаг дарга болохын хувьд хуулиар олгогдсон эрх хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргийн хүрээнд “А” ХХК-иас 20 тонн нүүрсийг худалдан авахаар шийдвэрлэсэн үйлдлийг яагаад албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн гэж үзэж байна вэ, эсрэгээрээ шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь улсын төсөвт төвлөрүүлэх ёстой 1.400.000 төгрөгийг хувьдаа завшаад байхад анхан шатны шүүх яагаад хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна. Хоёрдугаарт, шүүгдэгч Ф.С-ыг албан тушаалтны хувьд хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс 5.000.000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч “А” ХХК-ийг хахууль өгсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн боловч нэг гишүүнчлэлтэй хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шийдвэр гаргасан захирал П.Б-ыг прокуророос эрүүгийн хариуцлагад татахгүй ял завшуулж байгаа нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн хуулийн заалтыг орхигдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хувьд нэгдүгээрт, Шүүгдэгч Ф.С-ын хахууль авсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Залилах гэмт хэргийн шинж болох үйлдлийн гол арга нь бусдыг төөрөгдөлд оруулах, итгэл эвдэх, хуурч мэхлэх замаар илэрдэг. Гэтэл шүүгдэгч Ф.С-ын хувьд П.Б-ыг дарамталж, байшингийн мод, түүний үнийг нэхэж, 5 сая төгрөгийг авсан байхад хохирогчийг төөрөгдөлд оруулан залилсан мэтээр дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гуравдугаарт, шүүгдэгч Н.Э-ий үйлдлийг анхан шатны шүүхээс худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс түүний дансанд орсон мөнгийг алдаатай гүйлгээ мэтээр хийсвэр дүгнэлт хийж, залилах гэмт хэргийн хамтран оролцогч биш гэж хэргийн бодит байдлаас өөрөөр дүгнэж, шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Ф.С-ын өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн гаргасан гомдлыг үндэслэн Ф.С, Н.Э, “А” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ. Үүнд: 

2.1.Шүүгдэгч Ф.С-ын үйлдлийн тухайд:

Прокуророос Ф.С-ыг “Төрийн улс төрийн албан тушаалтан буюу *** сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “А” ХХК-ийн захирал Ж.Б-д 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1.400.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй самбарын хажууд П.Б-аас бэлнээр хүлээн авч, мөнгийг Орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр хувьдаа авч, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон”,

Мөн “А” ХХК-ийн захирал П.Б-ыг 2021 оны 02 дугаар сард өөрийн албан өрөөндөө дуудан уулзаж, "А” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын төсөвт байгууллагын дулааныг эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулах шаардлагатай, гэрээ байгуулахын тулд өөртөө хувийн байшин барих торх мод өг гэж шаардаж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ф.С нь П.Б-ыг дахин албан өрөөндөө дуудан уулзаж, байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10.000.000 төгрөг өг гэж шаардсан, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Н.Э-ий эзэмшлийн Хаан банк дахь *** дугаарын дансаар дамжуулан П.Б-аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.1.1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  “... Ф.С нь 1.400.000 төгрөгийг шүүгдэгч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Б-аас шаардаж авсан гэж П.Б мэдүүлж байгаа боловч зөвхөн 1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дахь хуудсанд авагдсан фото зураг, тэмдэглэлийг үндэслэн дээрх гэмт хэргийг нотлогдож байна гэж дүгнэн, шүүгдэгч Ф.С-ыг өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл бүрэн нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх магадлалдаа “... прокуророос шүүгдэгч Ф.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн үйлдэл холбогдлоос “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулсан боловч түүнийг гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь логик алдаатай, агуулгын хувьд зөрчилдөөнтэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ.

Өөрөөр хэлбэл, тус зарчмыг хэрэглэх үндэслэл нь гагцхүү хэрэгт цугларч, шинжлэгдсэн бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст үгүйсгэн няцаах боломжгүй үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байх явдал бөгөөд тэр нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн буруутай эсэхэд шууд хамааралтай байх ёстой.

Шүүгдэгч Ф.С-д холбогдох хэргээс П.Б-аас бэлнээр 1.400.000 төгрөг авсан үйлдлийг эргэлзээтэй гэж үзэн хэрэгсэхгүй болгохдоо нотолгооны хэмжээ хязгаарыг зөвхөн 1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дугаар талд авагдсан фото зураг, тэмдэглэлээр хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн агуулгатай нийцэхгүй байна.

Тухайлбал, хоёр шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай шалгаж, цогц байдлаар үнэлэхийн оронд фото зураг, тэмдэглэлийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг зөрчиж байна гэж дүгнэлээ.

Мөн Ф.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан  “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч, үгүйсгэгдэж байгаа талаар болон өөр бусад гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг бүх талаас нь шалгаж нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Тухайлбал, хавтаст хэрэгт иргэн М.О-тэй байгуулсан “Нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дахь тал/ авагдсан байх бөгөөд гэрч Э.А “... сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Э нь иргэн М.О-ээс 44 тонн нүүрс худалдан авахаар шууд гэрээ байгуулсан байсан. Үүний дагуу иргэн М.О нь бэлэн мөнгө хүсэх тухай өргөдлийг манай сумын тамгын газарт ирүүлсэн ... мөнгө шилжүүлсний дараагаар иргэн М.О нь шар өнгийн том Хово маркийн машинаар манай сумын Засаг даргын тамгын газрын хашаанд нүүрс авч ирж буулгасан  ... Иргэн М.О-ээс худалдан авсан нүүрсний үлдэгдэл 20 гаруй тонн нүүрс одоо манай сумын тамгын газрын хашаанд байгаа, уг нүүрсийг түлж хэрэглэх арга байхгүй, нунтаг улаан шороо ихтэй байгаа учир иргэн М.О-тэй байгуулсан гэрээг цуцалж, түүнд нүүрсийг нь буцаан өгөөд мөнгөө авах байх гэж бодож байна” /1 дүгээр хавтаст хэргийн 46-47, 49-50 дахь тал/, гэрч Д.Э “... М надад өөр нэг хүн олж өгнө гэж хэлээд явсан ба М.О гэх хүний бичиг баримт авч ирээд гэрээ байгуулсан, миний хувьд М.О гэх хүнтэй биечлэн уулзаагүй ... нүүрс хүлээн авсан акт үйлдээгүй, иргэн М.О нь уурхайгаас нүүрс ачихдаа тонн жингээ бичүүлсэн /фүүлсэн/ баримтаа авч ирж өгөх ёстой боловч одоо хүртэл өгөөгүй юм байна лээ” /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/, шүүгдэгч Ф.С “... Нүүрс нийлүүлсэн хүн нь маш муу нүүрс авч ирсэн. Зэлтэрийн уурхай хөрсөө сайн хуулаагүй. Манайд нүүрсний хэрэгцээ шаардлага байсан учраас очиж авсан. Тэгээд би О-д сольж болох уу гэхэд цагаан сарын үеэр солиод өгье, одоо надад мөнгө төгрөг байхгүй гэж хэлсэн” /6 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал/ гэж тус тус мэдүүлсэн байхад М.О-ийг гэрчээр тогтоож, энэ талаар мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна. 

Түүнчлэн, *** сумын Засаг дарга Ф.С нь сумынхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгох үүднээс 3.000.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган зарцуулахаар шийдвэрлэж 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А/146 дугаартай “Хөрөнгө гаргах тухай” захирамж /1 дүгээр хавтаст хэргийн 163 дахь тал/ гаргаж, уг захирамжийн дагуу Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган нүүрс худалдан авсан 3.000.000 төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэх талаар хавтаст хэрэгт дараах байдлаар зөрүүтэй мэдүүлсэн байна. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-ийн “...Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан мөнгийг хууль ёсны дагуу буюу зориулалтын дагуу зарцуулаагүй, хууль журам зөрчиж хохирол учруулсан бол гаргасан мөнгийг буцаан төвлөрүүлж, тухайн сумынхаа ерөнхий орлогод төвлөрүүлэх ёстой” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Гэрч Э.А-ийн “... Иргэн М.О-ээс худалдаж авсан нүүрсийг өндөр настай иргэн, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг эмзэг бүлгийн айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж, орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргасан 2.700.000 төгрөгийг буцаан төвлөрүүлэх ёстой ба чанаргүй нүүрс худалдан авснаас болж нүүрсийг иргэдэд худалдан борлуулж чадаагүй, үүнээс болж орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргасан 2.700.00 төгрөгийг буцаан төвлөрүүлээгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

Гэрч Д.Э-ийн “... А ХХК нь авсан нүүрснийхээ оронд сайн чанарын нүүрс авч ирээгүй ба нүүрсний орлого гэх мөнгө тамгын газарт төвлөрөөгүй байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Гэрч Д.Н-ийн “... Төрийн сангийн дансны хуулгыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл гаргаж үзлээ. Энэ хугацаанд нүүрс худалдаалсны орлого гэж дээрх дансанд мөнгө шилжүүлээгүй байна. ... Энэ нүүрсийг худалдсан тохиолдолд төлбөрийг дээрх 100131255001, 100131255408 дугаартай дансанд төвлөрүүлэх ёстой” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

Гэрч Д.О-ийн “... Засаг даргын зөвлөлийн хурлаар 1 тонн нүүрсийг 80.000 төгрөгөөр, нэг шуудай нүүрсийг 5.000 төгрөгөөр бодож иргэдэд зарж борлуулъя, хямдралтай үнэ гэж тохирсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

Шүүгдэгч Ф.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Засаг даргын нөөц хөрөнгийг яаж зарцуулах талаар журам байдаг. Үүнд буцаан төвлөрүүлнэ гэсэн заалт байдаггүй. ... Онцгой комиссоос захирамж ирсний дагуу л нүүрс авч байсан. Засаг даргын нөөц хөрөнгийг буцаан төвлөрүүлдэггүй. Зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд  акт үйлддэг. ... Авлигатай тэмцэх газраас шалгахаар би хүнээс юм авч болохгүй болчихсон. Үүнээс биш би Орхонсэлэнгээс авна” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь тал/ зэрэг болно.

Үүнээс дүгнэвэл, тухайн нүүрсийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байгаа тул мөнгийг нь төсөвт буцаан төвлөрүүлэх ёстой байсан эсэх, эсхүл Засаг даргын нөөц хөрөнгөөс зорилтот бүлгийн иргэдэд зориулж нүүрс өгч байгаа тул төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр зөвхөн зориулалтын дагуу бүрэн зарцуулж дуусгах ёстой байсан эсэх талаар хоёр шатны шүүх дүгнэлт өгөлгүй орхигдуулжээ. 

2.1.2.Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “... Шүүгдэгч Ф.С нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “А” ХХК-ийн захирал П.Б-ыг дахин дахин албан өрөөндөө дуудан уулзаж, байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10.000.000 төгрөг өг гэж шаардсаны улмаас, П.Б нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ф.С-ын ангийн хүүхэд найз Н.Э-ий эзэмшлийн Хаан банкны дансаар дамжуулан П.Б-аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байнагэсэн бол давж заалдах шатны шүүхээс Ф.С-ыг хуульд зааснаар сумын Засаг даргад аж ахуйн нэгж байгууллагад дулаан эрчим хүчээр хангах эрх олгосон тусгай зөвшөөрлийг сунгах, эс сунгах эрх олгогдоогүйн дээр цахилгаан дулаанаар хангах тусгай зөвшөөрлийн талаар ямар нэгэн эрх хэмжээ байхгүй байхад өөртөө тийм эрх хэмжээ байгаа мэтээр ойлгуулан эдийн засгийн давуу байдал буюу бусдын өмчлөх эрхийг өөртөө олж авахаар идэвхтэй үйлдэл хийснээр залилах гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд П.Б хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэгтээ “... Эрчим хүчний тухай хууль болон тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулна. Угаасаа манай А ХХК нь Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөр авсан тусгай зөвшөөрөлтэй компани, энэ тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулна, уг нь бол сумын Засаг даргатай гэрээ байгуулах шаардлага байхгүй, тухайн сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа дулаанаар хангах компани нь хэрэглэгч байгууллагуудтайгаа гэрээ байгуулж ажилладаг. ... Би гэрээ байгуулъя гэж шаардаагүй, тэр Засаг дарга С чинь л ямар ч хэрэггүй гэрээгээр намайг шантаажилж надаас мөнгө нэхэж авсан шүү дээ. ... Угаасаа тэр гэрээ байгуулах шаардлага байхгүй, ямар ч хэрэггүй гэрээгээр далимдуулж намайг шантаажилж хахууль авсан” /3 дугаар хавтаст хэргийн 203-205 дахь тал/ гэж мэдүүлсэн байх бөгөөд тэрээр өөрийн хуулийн этгээдийн эрхэлдэг “дулаан үйлдвэрлэх”, “дулаан түгээх”, “дулаанаар зохицуулалттай хангах” үйл ажиллагааг Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрхтэйг болон тухайн сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулахгүйгээр хэрэглэгч байгууллагуудтайгаа тус тусад нь гэрээ байгуулж ажиллах боломжтойг бүрэн мэдэж байсан болох нь тогтоогдож байхад давж заалдах шатны шүүхээс П.Б нь Ф.С-д олгогдоогүй эрх хэмжээг мэдэх боломжтой боловч төөрөгдөн 5.000.000 төгрөгийн өмчлөх эрхээ шүүгдэгч Н.Э-ий дээрх дансанд шилжүүлж өгснөөр залилах гэмт хэрэг төгссөн гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

2.2.Шүүгдэгч Н.Э-ий үйлдлийн тухайд:

Прокуророос Н.Э-ийг “Ф.С нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Н.Э-ий эзэмшлийн Хаан банк дахь 5072005566 дугаарын дансаар дамжуулан П.Б-аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэх хэрэгт гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-105" тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн нь гэрч болох ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгвөл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч Н.Э нь эрх, үүрэгтэйгээ танилцаж, хууль сануулагдан    2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч Ц.Туяаг байлцуулан өгсөн мэдүүлэгтээ “... “А” ХХК-ийн талаар ерөөсөө сонсож байгаагүй, захирал Б болон С нарыг огт танихгүй, бидний хооронд мөнгө, төгрөг, эд зүйлийн ямар нэг өглөг авлага байхгүй, ... Ф.С нь 2021 оны 05 дугаар сард надаас машин авна гэж ярьж байгаад дээрх 5.000.000 төгрөгийг миний данс руу хийсэн юм байна” /1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал/ гэж мэдүүлсэн атлаа 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Л.Батцэцэгийг байлцуулан өгсөн “... Тухайн үед Б миний данс руу 5.000.000 төгрөг хийснийг би огт мэдээгүй, танай байгууллага дээр ирж мэдлээ. ... Б надаас нүүрс авах гэж урьдчилж миний данс руу мөнгөө хийсэн юм байна, би танай байгууллага дээр ирж мэдлээ, энэ 5.000.000 төгрөгийг нь Б-д буцаагаад өгч болно” /3 дугаар хавтаст хэргийн 209-210 дахь тал/ гэж зориуд худал мэдүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болон хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээтэй холбогдуулан анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль зөрчөөгүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх Н.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг мөрдөн шалгах бүхий л шаардлагатай ажиллагааг явуулсан боловч “Худал мэдүүлэг өгсөн гэх байдал” нь эргэлзээ бүхий байна гэж дүгнэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд тухайн хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтуудыг нэг бүрчлэн няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй атлаа хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтүүд учир дутагдалтай болжээ.

Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан нь шүүгдэгчийн гэм бурууд эргэлзэх үндэслэлийг бий болгох боловч энэхүү нөхцөл байдал нь шүүхээс тэдгээр нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг үнэлж, дүгнэхгүйгээр шууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байх, үүнийгээ тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй юм.

Шүүхээс харилцан нэгнийгээ няцаасан нотлох баримтуудыг аль нэгийг нь үнэлэхдээ нөгөөг нь үгүйсгэж буй үндэслэлээ тодорхойлж, хэргийн үйл баримтыг нягт нямбай, үнэн бодитой сэргээн тогтоох үүргээ хангалттай биелүүлэхгүйгээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.3.Шүүгдэгч “А” ХХК-ийн үйлдлийн тухайд:

Прокуророос “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Б нь өөрийн компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад эд зүйл өгсөн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай эсхүл хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой.

 Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр бүлэгт тодорхой заасан бөгөөд тус хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж тодорхойлжээ. 

Уг зохицуулалтаар хувь хүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байвал түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн гэмт үйлдлийн өмнөөс хуулийн этгээд төлөөлөн хариуцлага хүлээх ба уг үйлдэл /эс үйлдэхүй/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх шаардлагатай.

Тодруулбал, эрх бүхий этгээд хуулийн этгээдийн өмнөөс төлөөлөн гэмт үйлдэл /эс үйлдэхүй/ гүйцэтгэвэл тэр нь хуулийн этгээдийн үйлдэлд тооцогдож, давхар хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4-т “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийг ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, 9.1 дүгээр зүйлийн 3-т “... хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь  ... хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаас тодорхой байх бөгөөд энэ нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасантай зөрчилдөхгүй болно.

П.Б нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьцааг 100 хувь ганцаараа эзэмшиж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу компанийн удирдлагыг дангаараа хэрэгжүүлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 201 дэх тал/, компанийн эрх шилжүүлэх гэрээ   /1 дүгээр хавтаст хэргийн 207 дахь тал/, “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /1 дүгээр хавтаст хэргийн 211 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байхад хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг яллагдагчаар таталгүй орхигдуулсан талаар хоёр шатны шүүх ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

3.Шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хянан үзэж, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар зөв хууль зүйн дүгнэлт хийж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл болно.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

4.Хяналтын шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ф.С-ын өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН