Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 616

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 8** дугаар шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Ш” ХХК-ийн  тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, С.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.У нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, багасгасан, өөрчилсөн зүйл байхгүй. 

“Ш” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8** тоот шийдвэрээр “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Ш” ХХК-ийн хайгуулын 00/*** тоот  тусгай зөвшөөрөл сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С аймгийн Х сумын Х нэртэй газар орших 354 га талбай бүхий хайгуулын 00/*** тоот тусгай зөвшөөрөл авсан. 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуустал 3 жилийн турш лицензийн төлбөрөө төлж, хайгуулын ажлыг хийж тайлан төлөвлөөгөөг тухай бүр нь хянуулан ажиллаж байсан. Тухайн үед захирлаар ажиллаж байсан н.Б нь 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Я улсад тархины хавдрын хагалгаанд орж лазер, шарлага эмчилгээний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед захирлаар ажиллаж байсан н.Бын биеийн байдал нь тархины хүнд хагалгааны дараа гам барих шаардлагатай байсан бөгөөд 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан хэрэгжихээр болсон тул энэ хуулийн хүрээнд уг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэж бодож байсан. Тэр үед захирал н.Б нь нийгмийн харилцаанд оролцох боломжгүй байсан. Гэтэл 2016 онд хуульд өөрчлөлт орж, хуулийн хэрэгжих хугацаа хойшилж тухайн үед хуулийн хүрээнд орж цуцлагдсан тусгай зөвшөөрөлтэй компаниуд гол, мөрөн, ойн давхцалтай хэсгийг хасуулж, тухайн тусгай зөвшөөрлүүдээс сэргээх болсон учраас бусдын адил уг тусгай зөвшөөрлийг сэргээх, хайгуулын ажлаа гүйцэтгэх, нөөц батлуулан ажиллах хүсэл сонирхолтой байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл сэргээлгэхээр 2017 оны 05 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан боловч тусгай зөвшөөрлийг 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цуцалсан гэдгийг мэдсэн. Ашигт малтмалын тухай хуульд заасан мэдэгдэл болон 1 сарын хугацаанд алданги төлөх боломжоор хангаагүй, цуцалсан тухай мэдэгдэл өгөөгүй учраас хүндэтгэн үзэх шалтгааныг тайбарлах боломжоо бидний зүгээс алдсан юм.

Иймд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8** тоот шийдвэрээр “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Ш” ХХК-ийн хайгуулын 00/*** тоот тусгай зөвшөөрөл сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3582 тоот байгаа. Энэ нь 2010 оны 07 дугаар сард ирүүлсэн “2010 оны 07 дугаар сард төлбөр төлсөн баримт ирүүлээгүй” гэсэн бичиг ирсэн. Тухайн үед захирал н.Б нь Я улсад тархины хавдрын хүнд хагалгаанд орж нийгмийн харилцаанд орох боломжгүй байсан талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан. Засгийн газраас уг хуультай холбогдуулан тогтоолууд гарснаар маш олон компаниуд хүлээлтийн байдалтай байгаа. Төрөөс үйл ажиллагаа хэрэгжүүлэх болон компаниудын эдлэх эрхийг хязгаарласан. Гэтэл уг компаниудыг төлбөр төлөөгүй гэдэг шалтгаанаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, тусгай зөвшөөрөл цуцалсан талаар мэдэгдээгүй. Мэдэгдээгүй гэдгийг яагаад хэлээд байна вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэнэ” гэж заасан байгаа. Албан бичигт шууданд хүргүүлсэн, албан бичиг хэвлэгдэн гарсаныг мэдэгдсэнд тооцохгүй. Эхний албан тоотод Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл цуцалсан албан тоот явуулсан бичгийн дэвтэр дээр нотлох баримтыг шууданд хүргүүлсэн гэж байгаа боловч хэн хүлээн авсан нь тодорхойгүй байна.  Хоёр дах албан тоотын хувьд буцаалт гэж тэмдэглэсэн. Сүүлд Монгол шуудангаас ирүүлсэн албан тоотод шүүхээс нотлох баримт шаардсаны дагуу Шуудангийн тухай хуулийн дагуу 6 сар хэтэрсэн байгаа тул энэ тухай лавлагаа өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Тэгэхээр 2010 онд тусгай зөвшөөрөл цуцласан мэдэгдлийг “Ш” ХХК нь хүлээж аваагүй юм. Тухайн үед цуцалсан мэдэгдлийг хүлээж авсан бол захирал н.Б нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж ямар нэгэн арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан. Ашигт малтмал, газрын тосны газраас хүчингүй болгосон актан дээр Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдлийг хүргүүлсэн буюу мэдэгдсэн гэж үзэж байгаа юм. мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” гэж заасан боловч бүртгэлийн дэвтэр дээр буцаасан гэсэн тэмдэглэгээг баталгаажсан гэж үзэх байна” гэжээ. 

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан  хариу тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94, Захиргааны хэрэг шүүхэд хянанл шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэж үзэж байна. 2010 онд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад төлбөр төлөөгүй үндэслэлээ гаргаж ирээд Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсаны дагуу тодорхой хариу албан тоот явуулсан. 

С аймгийн Х сумын нутаг Х нэртэй 350.54 га талбайд ашигт малтмалын хайгуулын 00/9** тоот тусгай зөвшөөрлийг 2006 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр шийдвэрээр уг компанид олгосон. Тусгай зөвшөөрлийг олгосноор тухайн үед байсан захирал н.Д жил бүрийн төлбөрийг 05 дугаар сарын 26-аас өмнө төлж байхыг хүлээн зөвшөөрч мэдэгдэл дээр гарын үсэг зурсан. Үүнээс хойш лицензийг 3 жилийн хугацаатайгаар сунгаж,  2010 онд төлбөр төлөөгүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан. Цуцлагдсан үндэслэлийг тухайн үед захирал байсан н.Б нь Я улсад хагалгаанд орхоор явсан гэж байгаа юм. 2010 оны 05 дугаар сарын 20-оос 07 дугаар сарын 29 хүртэл 2 сарын хугацаа байгаа юм. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийн төлбөрийг олгосон өдрөөс өмнө урьдчилан төлсөн байх ёстой. 2010 оны 05 дугаар сарын 20-оос өмнө уг компани төлбөрөө төлөх бүрэн боломжтой байсан. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан. Энэ хуулийн үйлчлэл хайгуулийн тусгай зөвшөөрөлтэй асуудлаар эрх хязгаарласан зүйл төрийн захиргааны байгууллагаас гаргаагүй. Урт нэртэй хууль гарсантай холбогдуулаад хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөж, тусгай зөвшөөрөл олгосн шийдвэрийг хүчингүй болгож, түдгэлзүүлсэн зүйл байхгүй. Урт нэртэй хуулийг барин тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8** дугаар шийдвэрийг гаргахдаа мэдэгдлийн талаар ярьж байна. Бидний зүгээс тусгай зөвшөөрөл цуцалсан мэдэгдлийг хүргүүлсэн. Төлбөр төлөх хугацаа болсон талаарх мэдэгдлийг албан ёсоор явуулсан. Мөн сарын хугацааны алдангын талаар гэвэл Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөлт орсонтой холбоотойгоор нэг сарын хугацаанд алдангын асуудлыг ярьдаг. 2010 онд тусгай зөвшөөрөл цуцлагдсан байхад 2014 оны нэмэлт өөрчлөлт орсон хуулийн заалтыг барьж байгаа нь үндэслэлгүй юм. Мэдэгдлийн талаар хэлэхэд Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 06 тоот тогтоол байгаа. Энэ тогтоолд мэдэгдэх гэсэн ойлголтыг заасан байгаа. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                              ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 8** дугаар шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Ш” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” гэж тодорхойлжээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.    

           Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8** дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөөгүй” гэсэн үндэслэлээр “Ш” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 1*******Х тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарсан боловч манай компанийн үйл ажиллагааг зогсоох талаар захиргааны байгууллагаас ямар нэгэн мэдэгдэл ирээгүй тул хуульд заасан хугацаанд нь 2009, 2010 оны тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн бөгөөд биеийн эрүүл мэндийн шалтгаанаас болж 2011 оны тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагтай давхцалтай, түдгэлзүүлсэн гэсэн хирнээ төлбөр төлөөгүй гэж цуцалсан байна. ...Захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, цуцалсан талаар ямар ч мэдэгдэл, мэдээлэл өгөөгүй өдийг хүрсэн нь хууль бус ...” гэж маргажээ.

          Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч “Ш” ХХК-д С аймгийн Х сумын нутаг Х нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 1*******Х тусгай зөвшөөрлийг олгож, хугацааг 2006 оны 06 дугаар сарын 25-наас тооцохоор тэмдэглэжээ. Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн ашигт малтмалын  хайгуулын  1*******Х тоот тусгай зөвшөөрлийн  хүчин төгөлдөр байх хугацааг 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс тооцож, 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтанд тэмдэглэгээ хийгджээ.

          Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг төлөх хугацаа буюу 2010 оны 05 дугаар сарын 26 -ны өдөр болохоос өмнө захирал н.Бын биеийн байдал муудаж “тархины хорт хавдарын улмаас Я улсад хавдарын мэс засалд орж, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан оношилгоо, эмчилгээ хийгдсэн талаарх оношилгооны бичиг мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээлэл”-д Наранцэцэгийн Болд 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэж тэмдэглэсэн тэмдэглэл, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

            Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхцсан гэдэг дээр хариуцагч тал маргадаггүй бөгөөд харин зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамааралтай гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй болох нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 1дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыш хориглох, тухай газарт байгаль орчныг  нөхөн сэргээхтэй  холбогдсон харилцааг зохицуулахад оршино“, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх,усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д “эхэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэсэн заалтууд болон хариуцагч талаас шүүхэд гаргасан хавтаст хэрэгт авагдсан “Ш” ХХК-ийн XB-01******* тоот тусгай зөвшөөрлийн тойм зураг зэргээр няцаагдаж байна. 

Өөрөөр хэлбэл нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор баталсан хуулиар хориглосон талбайд хамрагдсаны улмаас тус компани нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ эдлэх боломжгүй болсон байхад тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй бөгөөд 2010 оны 07 дугаар сарын 26-ны  өдрийн 8** дугаар шийдвэрээр “төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалсан нь эрх зүйн үндэслэлгүй болжээ. 

          Нөгөөтэйгөөр хариуцагч Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасныг зөрчсөн байх ба хууль зөрсөн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн мөн хуулийн 56.3-т “энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй шалтгаанаа тайлбарлаж энэ талаарх баримтыг гарган өгч 56 дугаар зүйлийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.” гэж заасны дагуу зохих журмаар шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдсөн байна.

 Хариуцагч нь тайлбартаа “...нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6-4527 дугаар албан бичгээр, мөн маргаан бүхий 8** дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2010 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6-5572 дугаар албан бичгээр хүргүүлсэн гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд явуулсан бичгийн бүртгэлд албан бичгүүд хүргэгдээгүй, буцаалт гэсэн тэмдэглэгээтэй, нэхэмжлэгч хүлээн аваагүй нь тогтоогдож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг  хугацаанд нь бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болдог. Төрийн захиргааны байгууллага энэ үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  хуулиар олгогдсон эрхэнд халдахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5-д заасан журмыг  хангаж ажиллаагүй байна гэж үзлээ.  

 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж зааснаас үзвэл Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт нөхөх олговор олгож тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байх бөгөөд зохих журмын дагуу өргөдөл гаргаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлүүлэх боломж тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт нээгдсэн байна. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргээгүйгээс, мөн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас болон  2009 онд батлагдсан Гол, мөрний  урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын  бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолтой холбоотойгоор нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг мэдээгүй байх бөгөөд 2017 оны 05 дүгээр сарын 01-ний  өдрийн 01/22 дүгээр албан бичгээр “...Засгийн газрын 174 дүгээр тогтоолтой холбоотой тусгай зөвшөөрөл  түдгэлзүүлснээс хойш  дахин сэргээж эхэлсэн тул тусгай зөвшөөрлөө сэргээлгэх” талаарх гомдлоо хариуцагчид гаргахад хариуцагчаас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/3582 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий акт гарсан болохыг мэдэгдсэн байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 Иймд маргаан бүхий акт болох 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8** дугаар шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангах нь зүйтэй гэж үзлээ.        

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 4.5-д заасныг баримтлан нэхэжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 8** дугаар шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ш” ХХК-ийн 1******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх  хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ