| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00580/И |
| Дугаар | 00554 |
| Огноо | 2015-10-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 00554
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1966 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Тэшиг сумын 3 дугаар баг Далан гэх газар оршин суух Барга овогт Бямбасүрэнгийн Хишигмаа /РД:ГЙ66100708 /-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00580/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хишигмаа, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Хишигмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1984 оны 07 дугаар сараас эхлэн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд хоьчиноор ажилд орж хонь төллүүлж 1990 оныг дуустал малчин хийсэн. Энэ хугацаанд хөдөлмөрийн дэвтэр нээлгэж цалингаа сар бүр бичүүлж авч байсан бөгөөд ажилд орсон гарсан тушаал аймгийн архивт олдохгүй байна. Иймд миний 1984 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Хишигмаа нь Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдлээс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б.Хишигмаагийн нэр дээр нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын хошууч А.Үүрийнтуяагын тодорхойлолт, Булган аймгийн Тэшиг сумын Шинэ Амжилт ХХК захирлын тодорхойлолт, тухайн үед Б.Хишигмаатай хамт ажиллаж байсан гэрч Д.Түвдэндоржын Би Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлийн 3 дугаар бригадад 1975 оноос нярваар ажиллаж байсан. Б.Хишигмаа нь тухайн нэгдэлд 1984 оноос 1990 он хүртэл хонь маллаж байсан. Би 1990 оныг дуустал тухайн нэгдэлд ажиллаж байсан гэх мэдүүлэг, П.Даваахүүгийн Би Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1970 оноос 1992 оныг дуустал саальчинаар ажиллаж байсан. Тухайн үед Б.Хишигмаа нь 1984 оноос 1990 он хүртэл суурь мал маллаж хоньчин хийж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлохбаримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Барга овогт Бямбасүрэнгийн Хишигмааг Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, нийт 06 /зургаан/ жил, 6 /зургаан/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ