| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0147/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 143
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б ид холбогдох 163/2019/0147/Э индекстэй, 1915002170166 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 25 настай эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн ... номын санч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Г.Б .
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутгаас гээгдэл эд хөрөнгө болох "Huawei Y6" загварын гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.
Эрүүгийн 1915002170166 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Д.Г ийн өгсөн: "...Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн үед өөрийн “Мустанг” маркийн мотоцикльтой ганцаараа явж байгаад миний гар өвдөөд байхаар нь мотоциклио “Э” XXК-ний хашаанд оруулж тавьчихаад Спортын заал руу очсон. …Тэгээд гэртээ ирсэн бөгөөд энэ үед миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь өөрийнхөө дугаар луу залгахад дуудаад байсан мөртлөө хүн аваагүй, ...би гар утсаа авсан болохоор гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. ...”гэх мэдүүлэг /хх-8-12 тал/,
Гэрч Б.С ын өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би Улаанбаатар хотод байсан бөгөөд нөхөр Г нь “би шинэ утас авсан” гээд надтай видео калл хийгээд ярьж байсан. Тэгээд би 21 цаг өнгөрч байхад нөхрийнхөө ******** дугаар луу залгахад авчихаад ярихгүй байсан. Тэгээд маргааш өдөр нь хүртэл би нөхөр лүүгээ залгатал ерөөсөө дуудаад авахгүй байсан. ...Би тэгээд хотоос 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ ирэхэд нөхөр маань хүний машинд утсаа гээсэн гэж байсан. ..” гэх мэдүүлэг /хх-14 тал/,
Гэрч Б.З ын өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр манай нөхөр ажлынхаа гаднаас буюу сумын Соёлын төвийн гаднаас олсон гээд тийм утас авчирсан. Тэгээд хэд хоног эзнийг нь гарч ирэхийг харж хүлээж байгаад эзэн нь олдохгүй болохоор нь манай нөхөр миний нэр дээр байдаг тухайн дугаарыг тэр гар утсанд хийж барих болсон. ..” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,
Шүүгдэгч Г.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр яг хэдэн байсныг нь санахгүй байна. Ямар ч байсан амралтын өдөр, спорт зааланд тэмцээн болох гэж байсан тул би Соёлын төвөөс техник хэрэгсэл зөөж оруулах гэж ажилдаа ирсэн байсан. Тэгтэл Соёлын төвийн хойд хаалганы гадаа цагаан өнгийн гар утас байсан. Тэгэхээр нь тухайн гар утсыг авч явсан. Одоо би барьж байна...” гэх мэдүүлэг /хх-17 тал/,
Ашид билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт “HUAWEI Ү6” утас 500 000 төгрөг” гэх дүгнэлт /хх-20 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-27-28 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-22-23 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-56-59 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг байрлах “Соёлын төв”-ийн гаднаас “Huawei Y6” загварын гар утсыг олж авч ашиглан завшсан хууль зүйн факт, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хохирогч Д.Г, гэрч Б.С , Б.З нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн эд хөрөнгийн үнэлгээ гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, нотолгооны ач холбогдол бүхий дээрх шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Гээгдэл эд хөрөнгө” гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайрхамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б ийн бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж авч ашиглан завшиж байгаа санаатай үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, “Huawei Y6” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгснөөр хохирогч Д.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Г.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 500000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б ид сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД