| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/42191/И |
| Дугаар | 210/МА2026/00519 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00519
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/01932 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** холбогдох,
шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16350638/291 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******** холбогдуулан шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс давсан үнийн дүнгээр банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилсэн гэж шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16350638/291 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь шийдвэрт заасан төлбөрийн хэмжээгээр банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцсон.
Анхан шатны шүүх Б.Сэлэнгийн гаргасан хүсэлтийнх нь дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч уг хүсэлтийг захирамжаар шийдвэрлэлгүй алдаа гаргасан байна. Гэхдээ уг алдаа нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах зөрчилд хамаарахгүй байгааг дурдвал зохино.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2016/00033 дугаар шийдвэрээр *******ээс охин ******* төлбөр 18,700,000 төгрөг, хүү ****** төлбөр 15,072,000 төгрөг, хойшид хүүхдүүдийн сургалтын төлбөрийг жил бүр 08 дугаар сарын 01-ний дотор төлж байхаар, сургалтын төлбөрийн урьдчилгаа 4,000,000 төгрөгийг 6 сарын дотор *******д төлж байхаар зохигч эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдаж шийдвэрлэсэн байна.
3.1. Уг шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх хуудасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байна.
Улмаар Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16350638/291 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ******* банк дах хадгаламжийн болон харилцах дансыг 349,862,737.5 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн.
Үүний үндэслэлийг хариуцагч нь шүүхийн шийдвэрт хойшид хүүхдүүдийн сургалтын төлбөрийг ******* төлж байхаар заасантай холбоотой гэж тайлбарласан болно.
3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* нь шүүхийн шийдвэрт заасан охин ******* төлбөр 18,700,000 төгрөг, хүү ****** төлбөр 15,072,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг хуульчилсан бөгөөд энэ зарчим нь төлбөр авагч болон төлөгч талууд төдийгүй холбогдох байгууллага, албан тушаалтанд мөн хамааралтай юм. Шүүхийн шийдвэр нь зөвхөн маргаанд оролцогч талуудад төдийгүй түүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудад хууль ёсны үүрэг үүсгэдэг билээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д төлбөр авагчид олговол зохих төлбөрийн хэмжээг гүйцэтгэх баримт бичигт тусгах болохыг заасан. Энэхүү зохицуулалтын зорилго нь шүүхийн шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тодорхой, ойлгомжтой хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршдог.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн хэмжээ нь гүйцэтгэх баримт бичигт тодорхой тусгагдаж, уг хэмжээгээр төлбөрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдах ёстой.
4.1. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2016/00033 дугаар шийдвэр, үүний дагуу олгогдсон гүйцэтгэх хуудаст хойшид хүүхдүүдийн сургалтын төлбөрийг жил бүр 08 дугаар сарын 01-ний дотор ******* нь төлж байхаар заасан боловч үнийн дүнг тодорхой заагаагүй.
Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт төлбөр авагчид олговол зохих төлбөрийн хэмжээ тодорхой заагдаагүй нөхцөлд түүнийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төлбөр авагчаас ирүүлсэн сургалтын төлбөрийн баримтад үндэслэн ******* банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилсэн нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцсэнгүй.
Учир нь шүүхийн шийдвэрээр тодорхой тогтоогдоогүй төлбөрийг гуравдагч этгээдийн гаргасан баримтад тулгуурлан албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг зөрчинө.
Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16350638/291 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
4.2. Түүнчлэн хойшид төлбөр авагч болон төлөгч талуудын хооронд хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд уг маргааныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар бус, харин шүүхээр хянан шийдвэрлэх ёстой болохыг тэмдэглэх нь зүйтэй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн эрх зүйн дүгнэлтийг өргөжүүлж тайлбарлахын зэрэгцээ шийдвэрийн тогтоох хэсэгт уг маргааныг шүүхээс шийдвэрлэхэд хамаарах зохицуулалт баримтлаагүй, мөн тэмдэгтийн хураамжид холбогдох хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй алдаа гаргасан байгааг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/01932 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16350638/291 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.БАДРАХ