Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00555

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1966 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулагч мэргэжилтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар баг Хөгнө гэх газар оршин суух Жаран овогт Лувсан-Ишийн Нэргүй /РД:ГГ66111124 /-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00590/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Нэргүй, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Нэргүй нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984 онд малчнаар, 1985 онд сүүн заводод ажилчнаар, 1986 оноос 1991 он хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэрийг үрэгдүүлсэн тул Булган аймгийн Архиваас цалингийн цэс, тушаал зэргийг авсан. Иймд дээрх баримтыг үндэслэн 1984 оноос 1991 оныг дуусталх хугацааны ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Нэргүй нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай тушаал, 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн баярын бичиг, 1985 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн баярын бичиг, тухайн үедЛ.Нэргүйтэй хамт ажиллаж байсан гэрч З.Бямбаагийн Л.Нэргүй нь 1984 онд Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд сүүн заводод ажиллаж байсан. 1988 онд гэр бүлтэй брож гэр бүлийн хамт нэгдэлийн мал маллаж эхэлсэн. 1991 онд нэгдэл хувьчлагдах хүртэл хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, Н.Дашрэнцэнгийн Би Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1967 оноос 1991 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Л.Нэргүй нь 1984 оноос 1987 он хүртэл сүүний заводод ажиллаж байсан. 1987 оноос нэгдэл тарах хүртэл малчин хийж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жаран овогт Лувсан-Ишийн Нэргүйг Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 08 /найман/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ