Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00454

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10324 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 753,370,488 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хариуцагч компанитай 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулж, 1,059,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материал нийлүүлэх, нөгөө талаас үнийн дүнгийн 33 хувийг мөнгөн хөрөнгөөр, 33 хувийг орон сууцаар, үлдэх 33 хувийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3 удаагийн төлөлтөөр төлж дуусгахаар тохиролцсон.

Гэрээний дагуу 2024 оны 08 дугаар сарын 16, 09 дүгээр сарын 04, 13-ны өдрүүдэд нийт 342,128,500 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын материал нийлүүлсэн боловч хариуцагч нь 55,000,000 төгрөг төлсөн.

2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч компаниас 33 хувийн төлбөрийг төлөх боломжгүй, цаашид зээлээр авах хүсэлт гаргаснаар 2024 оны 09 дүгээр сарын 17, 10 дугаар сарын 07, 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд нийт 295,084,000 төгрөгийн үнийн дүн бүхий материал нийлүүлэхэд хариуцагч нь 20,000,000 төгрөг төлсөн. Нийтдээ 637,212,500 төгрөгийн бараа материал нийлүүлснээс хариуцагч нь 75,000,000 төгрөг төлсөн.

Иймд худалдах, худалдан авах гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 562,212,500 төгрөг, алданги 191,157,988 төгрөг, нийт 753,370,488 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2024 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд бараа материал нийлүүлсэн гэх зарлагын баримтад хүлээн авсан этгээдийн гарын үсэг байхгүй байх тул хүлээн авсан гэж үзэх боломжгүй. Мөн алдангийн тооцоолол ойлгомжгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байх тул алдангийг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ********-аас 644,063,719 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 109,306,769 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,924,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********-аас 3,378,269 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" үүрэгтэй гэж заасан. Мөн тус хуулийн 40 дүгээр зүйлд "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасан ба шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой үнэлээгүй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т заасны дагуу зарлагын баримт нь санхүүгийн анхан шатны баримт мөн ба 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно" гэж заасан байдаг. Дээрх шаардлагыг хангаагүй нотлох баримтууд нь нотлох чадвараа алддаг.

Хэргийн 37 дахь тал буюу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 241007/0001 дугаартай 81,540,000 төгрөгийн үнийн дүн бүхий баримт, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2 дугаартай 74,610,500 төгрөгийн үнийн дүн бүхий баримт, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 241008/0001 дугаартай 78,433,500 төгрөгийн үнийн дүн бүхий баримт, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3 дугаартай 6,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий баримт, нийт 240,584,000 төгрөгийн үнийн дүн бүхий баримтыг шүүх үнэн зөв, бодитоор үнэлээгүй, холбогдох хууль тогтоомжийг хэрэглээгүй. Мөн алданги тооцохдоо дээрх 240,584,000 төгрөгт холбогдох хэсгийг хасаж тооцох ёстой.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь 240,584,000 төгрөгийн бараа материалыг хүлээн аваагүй талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаагүй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн нь нийлүүлэлтийн харилцаа үргэлжилж байсан болохыг нотолно.

Талуудын харилцсан албан бичиг, үзлэгийн баримтаар 637,212,500 төгрөгийн бараа материал нийлүүлсэн нь тогтоогдсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлөгдөөгүй төлбөр 562,212,500 төгрөг, алданги 191,157,988 төгрөг, нийт 753,370,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдөр нийлүүлсэн барааг хүлээн аваагүй, алдангийн тооцоолол тодорхойгүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээгээр ******* нь 1,059,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материал нийлүүлэх, ******** нь төлбөрийн 33 хувийг барааг хүлээн авахад, 33 хувийг байр, орон сууц, бусад эд зүйлс хэлбэрээр, үлдэх 33 хувийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

3.1. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хариуцагчид 637,212,500 төгрөгийн үнэ бүхий хэв хашмал, гадна болон дотор булан, сапуд нийлүүлснээс 75,000,000 төгрөг төлөгджээ.

Үүнээс хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд нийлүүлсэн гэх 240,584,000 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материалыг хүлээн аваагүй гэж маргасан.

 

3.2. Хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд нийлүүлсэн гэх 240,584,000 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материалыг хүлээн авагч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй.

Нэхэмжлэгч нь энэ төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд санхүүгийн анхан шатны баримтыг тухай бүрт үйлдэж, худалдан авагч талаар баталгаажуулж гарын үсэг зуруулах ёстой байсан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь ийнхүү санхүүгийн анхан шатны баримтыг зохих ёсоор үйлдээгүй байх боловч анхан шатны шүүх талуудын харилцсан цахим зурвас, албан бичгийг үзлэгээр баталгаажуулсны үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд хариуцагч нь 240,584,000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг хүлээн авсан гэж зөв дүгнэжээ.

 

3.3. Тодруулбал, хариуцагч компани 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бараа материалыг тодорхой хугацаанд зээлээр худалдан авах хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч нь бараа материалыг нийлүүлсэн. Үүний дараа нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 18, 2025 оны 01 дүгээр сарын 06, 02 дугаар сарын 20, 03 дугаар сарын 07, 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд хариуцагчид мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн байна.

Эдгээр мэдэгдэл, шаардлагаар нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлээр худалдан авсан бараа материалын нийт үнийн дүн 637,212,500 төгрөгөөс 75,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болон хугацаа хэтрэлтийн алдангийн хэмжээг тусгаж, тодорхой хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулахыг шаардсан.

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал эдгээр мэдэгдэл, шаардлагыг тухай бүр хүлээн авсан хэдий ч бараа материалын тоо хэмжээ, үнийн дүн, тооцооллын талаар аливаа татгалзал, маргаан гаргаагүй байна. Мөн хариуцагч компанийн захирал нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид өглөг, авлагыг хүлээн зөвшөөрч байгаа, мэдэж байгаа, энэ долоо хоногтоо очиж уулзан шийдэл ярилцъя гэсэн утгатай зурвас илгээсэн байна.

Үүний дараа нэхэмжлэгч компани 2025 оны 05 дугаар сарын 09, 12-ны өдрүүдэд нийт 637,212,500 төгрөгийн бараа материалыг нийлүүлсэн боловч төлбөрийн дийлэнх хэсэг нь барагдуулаагүй тул гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэж үзэн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлжээ.

Хариуцагч компанийн зүгээс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээг дуусгавар болгоход татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж, нийлүүлсэн бараа материалын тооцоог нэхэмжлэгчтэй хамтран нарийвчлан шалгах, үлдэгдэл төлбөрийг хугацаатайгаар төлөхөө мэдэгдсэн бөгөөд санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан алдангийн тооцоог хөнгөлөх хүсэлт гаргасан байна.

Дээрх баримт бичгүүдийг цаг хугацааны дараалал, харилцан уялдаа холбоо бүхий байдлаар үнэлэхэд хариуцагч компани нэхэмжлэгчийн нийлүүлсэн нийт 637,212,500 төгрөгийн үнийн дүнтэй бараа материалыг хүлээн авсан нь нотлогдож байна.

Иймээс хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд нийлүүлсэн 240,584,000 төгрөгийн бараа материалыг хүлээн аваагүй, гарын үсэг зургаагүй тул нийлүүлсэнд тооцох боломжгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.

 

3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь худалдан авсан бараа материалын үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 18, 2025 оны 01 дүгээр сарын 06, 02 дугаар сарын 20, 03 дугаар сарын 07, 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд төлбөрийг барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлж, нэмэлт хугацаа тогтоон үүргээ биелүүлэхийг шаардсан байна.

Гэвч хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу цуцалжээ.

Ийнхүү гэрээ цуцлагдсан үйл баримтыг анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан гэж буруу дүгнэсэн байгааг дээрх байдлаар залруулав.

 

4.2. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч нь 637,212,500 төгрөгийн үнэ бүхий хэв хашмал, гадна болон дотор булан, сапуд нийлүүлснээс 75,000,000 төгрөг төлөгдсөн тул үлдэх төлбөр 562,212,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Талууд гэрээ байгуулахдаа гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд талууд гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

5.1. Гэрээний 2.5-д төлбөрийн 33 хувийг барааг хүлээн авахад, 33% хувийг байр, орон сууц, бусад эд зүйлс хэлбэрээр, үлдэх 33 хувийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлөхөөр талууд харилцан тохиролцсон.

Дээрх нөхцөлөөс үзвэл барааны үнийг эд хөрөнгөөр төлөх 33 хувийн үүргийн гүйцэтгэлийн тодорхой хугацааг гэрээнд шууд заагаагүй байна. Иймд энэ төрлийн үүргийн гүйцэтгэлийн хугацааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй.

Тус заалтад үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардан 2024 оны 12 дугаар сарын 18, 2025 оны 01 дүгээр сарын 06, 2025 оны 02 дугаар сарын 20, 2025 оны 03 дугаар сарын 07, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд тус тус хугацаа тогтоон мэдэгдэл хүргүүлсэн байна. Иймд дээр дурдсан зохицуулалтын дагуу хариуцагч нь уг шаардлагыг хүлээн авснаас хойш үүргээ нэн даруй биелүүлэх үүрэгтэй бөгөөд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцох эрх үүснэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх нөхцөлийн дагуу бараа хүлээн авах үед төлөх 33 хувь, мөн эд хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон 33 хувийн үүргийн аль алийг нь гүйцэтгээгүй хугацаанд алданги тооцон шаардах эрхтэй байжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр алдангийн тооцооллыг хийхдээ гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаа болон шаардлага хүргүүлсэн хугацааг зөв тодорхойлоогүй, улмаар алдангийн хэмжээг тооцоолохдоо алдаатай эрх зүйн дүгнэлт хийж хариуцагчаас 101,851,219 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс алдангийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

 

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 644,063,719 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй, мөн шийдвэрийг өөрчилснөөр гомдол гаргагч талын эрх зүйн байдлыг дордуулах үр дагавар үүсэх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10324 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,360,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Т.БАДРАХ