| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2019/00045/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 68
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б овогт З ын А т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1937000000057 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1980 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн айлын орон сууцны тоотод оршин суух, РД:, Б овогт З ын А ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч З.А нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт “Хавтаг” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 1 тооны хар сүүлтыг ТОЗ-8 маркийн галт зэвсэг ашиглан агнаж, 98-89 УБҮ улсын дугаартай Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан махыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.А ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн төвөөс танил дүү Э.Бүтэнбаяр гэх залуугийн хамт 98-89 УБҮ улсын дугаартай Ланд крузер-80 маркын тээврийн хэрэгсэлтэй Зэрэг суманд ирсэн. Зэрэг сумаас Г.Дэлгэр, А.Нямцогт нарыг аваад Говь-Алтай аймгийн Соёмбо бригад руу явж байгаад Цэцэг сумын Баянгол багт хоносон. Маргааш өглөө нь босож цай унд хийж уугаад Ховд аймгийн Үенч сумын Улаан үзүүрийн бензин клонкоос түлш аваад Алтай сумын Барлагийн аманд гол дээр цай хоол хийж идээд Их, бага хавтагийн чиглэл рүү яваад харанхуй болоод Их, бага хавтагийн ойролцоо 2 хоносон. 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өглөө 07 цагийн үед босоход хамт явсан Г.Дэлгэр, А.Нямцогт, Э.Бүтэнбаяр нар унтаж байхаар нь машинаасаа метал эрэгч багажаа аваад хойшоо зүүн хойш зүг рүү чиглэж 7-10 орчим км газар яваад багаж тавьж байхад миний ойролцоо 3 тооны Хар сүүлт гарч ирсэн. Тэгэхээр нь машинаасаа буугаа аваад нэгийг буудахад унасан юм. Тэгээд тухайн Хар сүүлтээ өвчиж янзлаад майхан дээрээ ирэхэд Г.Дэлгэр, А.Нямцогт, Э.Бүтэнбаяр нар боссон цайгаа уугаад хөзөр тоглож байсан. Тэгээд бид нар Хар сүүлтийн махаар хоол хийж идээд 13 цагийн үед Говь-Алтай аймгийн Тонхил Соёмбо багийн чиглэлд явж замаасаа тойроод хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа 4 гэр дээр очоод зам асуугаад хөдлөх гэхэд тэдгээрийн утас дуугараад Хилийн заставаас ярьж байна та нарыг байж бай гэж байна гэхээр нь тухайн газраа байж байтал Шар алаг машинтай хилийн цэргийн хүмүүс ирээд биднийг застав руугаа аваад явахаар нь машинд байсан Тоз-8 маркийн галт зэвсгээ машинаасаа шидчихсэн. Застав дээр очоод машинд үзлэг, шалгалт хийж машин дээр байсан Хар сүүлтийн нойтон махыг олоод биднийг саатуулсан юм...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Бүтэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 4-ний өглөө босоод ирэхэд З.А байхгүй. Г.Дэлгэр, А.Нямцогт нар унтаж байхаар нь сэрээгээд цай чанаж уугаад сууж байтал З.А нэг тооны Хар сүүлт агналаа гээд ногоон өнгийн мяндсан жижиг ууттай мах машиныхаа ачаан дээрээс буулгаж ирсэн тэгээд бид нар тухайн Хар сүүлтийн махаар хоол хийж идээд 14 цагийн үед 0130 дугаар ангийн Улаан хадын застав чиглэлд явж хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан компаний гэр дээр очоод зам асууж цай уугаад хөдлөх гэж байтал тухайн хүмүүсийн суурин жимобайлын утас дуугараад Хилийн заставаас ярьж байна та нарыг байж бай гэж байна гэж хэлсэн. Би машиндаа ороод суучихсан тэр гурав гадна тамхи татаад зогсож байтал хилийн цэргийн алба хаагчид ирээд бидний бичиг баримт шалгаж хурааж аваад та нарыг застав дээр очиж шалгана гээд урдаа оруулаад бидний араас дагаад застав дээр авч ирээд авто машинд үзлэг шалгалт хийхэд Хар сүүлтийн мах, метал хайгч багаж гарч ирээд биднийг саатуулсан юм...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Нямцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 4-ний өглөө босоод ирэхэд З.А байхгүй байсан. Г.Дэлгэр, Э.Бүтэнбаяр бид гурав цай чанаж уугаад сууж байтал З.А нэг тооны Хар сүүлт агналаа гээд ногоон өнгийн мяндсан жижиг ууттай мах машиныхаа ачаан дээрээс буулгаж ирсэн. Тэгээд бид нар тухайн Хар сүүлтийн махаар шөлтэй хоол хийж идээд 14 цагийн үед 0130 дугаар ангийн Улаан хадын застав чиглэлд явж байгаад зам асуух зорилгоор хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан компанины гэр дээр очоод зам асууж цай уугаад хөдлөх гэж байтал тухайн хүмүүсийн суурин Жи мобайлын утас дуугараад Хилийн заставаас ярьж байна та нарыг байж бай гэж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй хилийн цэргийн алба хаагчид ирээд бидний бичиг баримт шалгаж хурааж аваад та нарыг застав дээр очиж шалгана гээд урдаа оруулаад застав дээр авч ирээд авто машинд үзлэг шалгалт хийхэд Хар сүүлтийн мах, метал хайгч багаж гарч ирээд биднийг саатуулсан юм...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бид нар босоод удалгүй байж байтал З.А машинтайгаа ирж зогсоод Хар сүүлт агналаа гээд ногоон өнгийн мяндсан жижиг ууттай юм машиныхаа ачаан дээрээс буулгаад ирсэн. Тэгээд очиж үзэхэд нойтон мах байсан тэр махаар бид нар хоол хийж идчихээд нөгөө газраасаа цаашаа явж байгаад 4 гэр байхаар нь зам асуухаар очоод Хилийн цэргийн алба хаагч нарт баригдаад саатуулагдсан юм...” гэх мэдүүлэг,
Ховд их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Хими-Биологийн тэнхимийн багш М.Отгонбаатар, Б.Ганчимэг нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд:
“1.Ангийн мах шинжилгээнд тэнцэхгүй, толгойн яс тэнцэнэ.
2.Толгойн ясны эвэр, хэлбэр зэргээс харахад Хар сүүлтийн толгойн яс мөн болно.
3.Энэ хар сүүлт нь хөгших насны, эр бодгаль байв.
4.Агнагдаад өнгөрсөн хугацааг тодорхойлох боломжгүй
5. Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1-р хавсралтаар ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн, 2014 оны Монгол улсын улаан номонд орсон,
6. Монгол улсын засгийн газрын 2011.1.25-ны 23 тоот тогтоолын 1-р хавсралтад Хар сүүлтийн экологи эдийн засгийн үнэлгээг эр 1700000 төгрөг гэж заажээ” гэх дүгнэлт,
Эд зүйлс үнэлсэн тухай 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “2019 оны 09 дүгээр сарын байдлаар ТОЗ-8 маркын бууны нийт үнэ цэнэ 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт,
Авто машин үнэлсэн тухай 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...9889УБҮ улсын дугаартай 1995 онд үйлдвэрлэгдэж 2008 онд монголд орж ирсэн “Toyota land cruiser 80” маркын авто машин нь 2009 оны 4 дүгээр сарын байдлаар 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл
- гэрэл зургийн үзүүлэлтүүд
- эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл
- эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж, дүгнэхэд: Шүүгдэгч Б овогт З ын А нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт “Хавтаг” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 1 тооны хар сүүлтыг агнаж, 98-89 УБҮ улсын дугаартай Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан махыг тээвэрлэсэн үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч З.А ын агнасан гэх хар сүүлт нь ховор ан амьтан болох нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар ”Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална” гэсний дагуу хар сүүлтийг ховор амьтан болохыг жагсаалтаар баталж, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээ “-г тогтоож хар сүүлтийг эрийг нь 1700000 төгрөгний үнэлгээтэй байна гэх баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч З.А ыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч З.А нь хууль бус үйлдэлдээ тээврийн хэрэгсэл, галт зэвсэг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба 98-89 УБҮ улсын дугаартай Ланд Крузейр маркийн автомашин нь З.Нямгэрэлийн эзэмшлийнх, ТОЗ-8 маркын буу нь Т.Нямдаваагийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгсэлийн АЯ0072816 тоот гэрчилгээ, галт зэвсгийн гэрчилгээ болон шүүхийн хэлэлцүүлэгийн явцад тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 98-89 УБҮ улсын дугаартай Ланд Крузейр маркийн автомашин, ТОЗ-8 маркын бууг битүүмжилсэн 63, 64 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож тээврийн хэрэгсэл, галт зэвсгийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч З.А нь бусдад төлөх төлбөр, иргэний нэхэмжлэлгүй байх тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгчийн эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 18 дугаар гудамжны 5 тоот 1472 м2 хэмжээтэй газрыг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар сүүлтийн арьс, толгой, махыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч З.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З ын А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.А ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч З.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар сүүлтийн арьс, толгой, махыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн З.Нямгэрэлийн эзэмшлийн 98-89 УБҮ улсын дугаартай Ланд Крузейр маркийн автомашин,Т.Нямдаваагийн эзэмшлийн ТОЗ-8 маркийн буу, шүүгдэгч З.А ийн эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 18 дугаар гудамжны 5 тоот 1472 м2 хэмжээтэй газрыг битүүмжилсэн 64, 66 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг, ТОЗ-8 маркын ангийн бууны үнэ 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг шүүгдэгч З.А аас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн ДЮ80080310 дугаарын регистртэй иргэний үнэмлэхний лавлагааг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.