| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 191/2025/04739/И |
| Дугаар | 210/МА2026/00518 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00518
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2026/00445 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00458 дугаар шийдвэрээр *******-иас 2,427,608,334.41 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар заасан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******-д 2,427,608,334.41 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр буюу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох үйлдвэрийн барилга, газар эзэмших эрхийг 2 жилийн хугацаанд буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр шилжүүлж үүргийг гүйцэтгэж дуусгасан.
Шүүхийн шийдвэр биелэгдсэн байхад *******-ийн зүгээс гуравдагч этгээдүүдийн барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхөд гэрээ байгуулах шаардлагатай гэсэн учир 24/37 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, 24/38 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан.
Хариуцагчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон байхад дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг шаардаж барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус.
Иймд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 1.3-д заасан бусад хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл учир хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
1.2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэхээс шалтгаалж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, үндэслэлгүй нь тогтоогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Нэхэмжлэлд дурдсан гэрээг *******-аас гаргасан саналыг үндэслэн байгуулсан. *******-ийн удаа дараагийн албан бичгийн агуулгаас үзэхэд энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл"-ийн шинжийг агуулаагүй. Гуравдагч этгээдүүдийн барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх бичгүүдийг хүлээлгэж өгсөн.
Иймээс *******-иас ирүүлсэн 4 удаагийн албан бичигт гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллээ дурдсан, мөн гэрээний дагуу төлбөрөө төлж газар болон үл хөдлөх хөрөнгөө буцаан авах зорилготой байгаа болохоо хангалттай илэрхийлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг *******-ийн нэр дээр шилжүүлсэн.
Гэтэл өнөөдрийг хүртэл уг газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмнөх өмчлөгч буюу "******* нь хууль бусаар эзэмшиж байгаа тул албадан чөлөөлж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар 2024 оны 06 сарын 25-ны өдрийн 24/37 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" болон мөн өдрийн 24/38 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-ийн төлбөл зохих, төлөх хугацааг хойшлуулсан 12,359,923 төгрөгийн хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчийн сөрөг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаж нэхэмжлэл гаргаагүй.
******* нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг ******* нь шүүхэд гаргасан. Иймд энэхүү үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.
Мөн ******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олж авсан өөрийн хөрөнгийг 3 жил ашиглаж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байхад бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор хариуцагчийн өмчлөх болон эзэмших, ашиглах эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсэхгүй тул үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Үндсэн нэхэмжлэлтэй хамааралтай асуудал буюу хамтатган шийдвэрлэх боломжтой байх шаардлага сөрөг нэхэмжлэлд тавигддаг.
Хариуцагч тал албадан чөлөөлүүлэх асуудлыг тусад нь шийдвэрлүүлэх боломжтой буюу үндсэн нэхэмжлэлтэй хамааралтай шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гуравдагч этгээдүүдийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрх дуусгавар болсон байхад дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчилж хийсэн гэх үндэслэлээр 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/37 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" болон мөн өдрийн 24/38 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь хэлцэл хүчин төгөлдөр гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаад Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ****** тоот хаягт байрлах 1884.6 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон Сонгинохайрхан дүүрэг, ******* байрлах, 2,800 м.кв талбай бүхий нэгж талбарын ******* дугаар бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2.1. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тодорхой эрх зүйн дүгнэлт өгөөгүй, зөвхөн үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэрэгсэхгүй болгосон гэх агуулгаар хуулийг явцууруулж буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00458 дугаар захирамжаар *******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,427,608,334.41 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг захирамжид дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгасан. Үүнд:
- *******-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ****** тоотод байрлах 1884.6 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,
- *******-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ******* байрлах, 2,800 м.кв талбайтай, нэгж талбарын ******* дугаартай газар /уг газрын гэрчилгээнд 2,798 м.кв гэж бичсэн учир хойшид энэ үзүүлэлтээр авч үзнэ/,
- ******* өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 хороо, ****** /******/ их тойруу * дугаар байр, 609 тоот хаягт байршилтай, 45.08 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
- ******* өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаа гудамж, * байр, 23 тоот хаягт байршилтай, 80.80 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
- ******* өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ***** дугаар байр, 145 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
- Б.Дамба, Д.Батхуяг, Ж.Дашням нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, * байр, 30 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ****** тоот хаягт байрлах эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд.
3.1. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* нь 2023 оны ***** дугаар сарын 09-ний өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг төлбөр авагчид шилжүүлж, дараа нь буцаан худалдах, худалдан авах гэрээг байгуулах үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргажээ.
Энэ хүсэлтийг мөн төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа болохоо 2023 оны ***** дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр илэрхийлсэн.
Улмаар Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны ***** дугаар сарын 20-ны өдрийн 23/*****-285 дугаар тогтоолоор зохигчийн харилцан тохиролцоонд үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.
3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох үндэслэл болсон *******-ийн өмчлөл, эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ****** тоот хаягт байрлах 1884.6 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч нь 2023 оны ***** дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол Сонгинохайрхан дүүрэг, ******* байрлах, 2,798 м.кв талбай бүхий нэгж талбарын ******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр авчээ.
3.3. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, төлбөрт тооцож хөрөнгө шилжүүлсний дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдах, худалдан авах зорилгоор 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/37 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" болон мөн өдрийн 24/38 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан байна.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.
4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлсэн учир хариуцагч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, *****0 дугаар зүйлийн *****0.1, 1***** дугаар зүйлийн 1*****.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ****** тоот хаягт байрлах 1884.6 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон Сонгинохайрхан дүүрэг, ******* байрлах, 2,798 м.кв талбай бүхий нэгж талбарын ******* дугаар бүхий газрын өмчлөгч, эзэмшигч болжээ.
4.1. Үүний дараа талууд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2,300,000,000 төгрөгөөр, газар эзэмших эрхийг 140,394,527.31 төгрөгөөр ******* нь буцааж худалдан авахаар харилцан тохиролцсон.
Харин уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хангаж, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон. Энэ шийдэлд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.
Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд энэ шийдлийг хэвээр үлдээнэ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. гэж заасан.
Энэ зохицуулалтын хүрээнд хэдийгээр үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдохгүй ч анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг буруутгахгүй.
5.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн 2023 оны ***** дугаар сарын 09-ний өдөр гаргасан саналын дагуу маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө, газрыг төлбөрт тооцож авсан, үүнд үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, зохих улсын бүртгэл хийгдсэн үйл баримт тогтоогдсон.
Хариуцагч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, *****0 дугаар зүйлийн *****0.1 дэх хэсэгт заасан өмчлөгч, эзэмшигчийн хувьд өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс мөн хуулийн *****6 дугаар зүйлийн *****6.1, *****6.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Иймээс өмчлөл, эзэмшил шилжсэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө, газрыг хариуцагчид хүлээлгэж өгөөгүй, одоо хүчинтэй бүртгэлээр нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль ёсны гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ талаарх сөрөг нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн *****6 дугаар зүйлийн *****6.1 дэх хэсэгт нийцнэ.
5.2. Сөрөг нэхэмжлэлийг хангаж буйтай холбогдуулан тэмдэгтийн хураамжийн болон шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарлалтад өөрчлөлт орно.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2026/00445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/37 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" болон мөн өдрийн 24/38 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай. гэж өөрчлөн найруулж,
2. Иргэний хуулийн *****6 дугаар зүйлийн *****6.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ****** тоот хаягт байрлах 1884.6 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон Сонгинохайрхан дүүрэг, ******* байрлах, 2,798 м.кв талбай бүхий нэгж талбарын ******* дугаар бүхий газрыг тус тус нэхэмжлэгч *******-ийн эзэмшлээс чөлөөлсүгэй. гэх заалт нэмж,
2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчлөөд, уг заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай. гэж өөрчилж,
3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.БАДРАХ