Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 16

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Э   овогт Г  ийн Барсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1937000000009 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдрах, Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, РД:  , Э   овогт Г  ийн Б 

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Г.Б  нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Хөндийн хөх дугуйн ам” гэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 17-ны өдрүүдэд жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр ашиглан хууль бусаар ашигт малтмал эрж хайсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: “Би мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Би хохиролд 76422 төгрөг төлж барагдуулсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 17-ны өдрүүдэд Г.Б  нь Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Хөндийн хөх дугуйн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алтны эрэл хайгуул явуулсан. Шинжээчийн дүгнэлтээр 76422 төгрөгний хохирол гарсныг бүрэн төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Ямар нэгэн гомдол байхгүй гэв.

    Шүүгдэгч Г.Барсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 01-р сарын 14-ний өдөр Алтай сумын Бодонч багийн нутаг Улаан дугуй гэх газарт өвөлжиж байгаа нагац ах Доржсүрэнгийнд хоносон. Тэгээд өглөө тракторын түлхүүр аваад дээд талын салаа өгсөөд тавьсан байсан тракторыг асаагаад “Хөндийн хөх дугуйн ам” гэх газарт авчирсан. Доржсүрэн ах үхэрээ эргэхээр явсан байсан. Тэгээд трактороо галлаж асаагаад трактор зогсох талбай засах гэтэл масло туригчихсан. Сумын төв руу Отгонбат гэгч хүнтэй утсаар яриад “надад масло дөхүүлээд өгөөч, трактор маслоо туригчихлаа” гэж хэлсэн. 01 дүгээр сарын 15-ны шөнө масло ирсэн. Би урьд трактор муухан барьдаг боловч эвдэрэл гэмтэлийг засаж үзээгүй. Тэгээд 01 дүгээр сарын 16-нд хүмүүсээс утсаар асууж сураглаж байгаад ирсэн масло трактортоо хийгээд туригсан маслыг цэвэрлээд, задарсан шланкаа засаад орой болсон. Тэгээд Доржсүрэн ахынд очиж амарсан. 01 дүгээр сарын 17-ны өдрийн үд дунд трактороо ирж галлаж асааж байхад цагдаа нар ирсэн. Мөнх-Эрдэнэ хошууч загнаад дайрч давшилаад байхаар айсандаа тэгээд хэлчихсэн. Тухайн үед шигшүүрийн алт баригч нь байхгүй, мотор нь байхгүй ажиллахгүй байсан. Тэр 2 эд ангийг Доржсүрэн ахаас аваагүй байсан юм. Тэр хүн масло дөхүүлж өгчихөөд явсан. Алтны эрэл хайгуул хийгээгүй...” гэх мэдүүлэг,

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад болсон явдлын талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Алтай сумын Бодонч багийн Хөх дугуйн ам гэх газраас хууль бусаар ашигт малтмал эрж хайсан хэрэгт хохирогчоор оролцож байна. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирол төлүүлж авах саналтай байна. Өөр надад ямар нэгэн санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

          Гэрч Б.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн төрсөн дүүгийн хүүхэд Барсүрэнд өөрийн эзэмшлийн “Samsyng” маркийн жижиг унагалдай тракторыг 2,000,000 төгрөгөөр зарахаар болж тохиролцсон юм. Тэгээд би маргааш нь Бодонч багийн “Баруун ам” гэх газар луу үхэрт яваад 2 хоноод ирэхэд манай эхнэр Болормаа, Б  нар байхгүй гэр цоожтой байхаар нь Ням-Очир гэдэг малчны гэрт очиж манай хүмүүс яасан бэ? гэж асуухад цагдаа

 

 нар ирээд баригдаад явлаа гэж хэлсэн. Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн дүүгийн эзэмшлийн машинаар ачиж гаргасан. Тухайн машины марк дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Хувиараа алт олборлох зорилгоор гаргаад өөрөө ажиллахгүйгээр төрсөн дүүгийн хүүхэд болох Барсүрэнд өгсөн. Б  2 өдөр ажиллаж байгаад цагдаад баригдсан байсан. Трактор паажуур моторын хамт Алтай сумын төвөөс авч гарсан юм..." гэх мэдүүлэг,

         Гэрч М.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 07-нд нөхрийн хамт хувиараа алт олборлох зорилгоор Алтай сумын Бодонч багийн “Хөндийн хөх дугуй” гэх нэртэй газарт очсон. Тэгээд тухайн газарт очоод ямар нэгэн байдлаар эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нөхрийн дүүгийн хүүхэд болох Г.Б  ирээд манайд хоноод маргааш өглөө нь манай нөхрөөс тракторын түлхүүр авсан. Тэгээд манай дүү болох М.Отгонбатаар сумын төвөөс 13 л масло авхуулаад тухайн өдрөө эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулсан байсан..." гэх мэдүүлэг,

           Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “

            1.Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дахь тухайн эвдэгдсэн талбай нь иргэн Г.Барсүрэнгийн үйл ажиллагаанаас өмнө эвдэгдсэн, хөрсөн бүрхэвчгүй талбай байсан учраас шинээр хөрс эвдэгдээгүй гэж үзэж байна.

             2.Эвдэгдсэн талбай нь 6,5м х 6,9м харьцаатай 44,85м2 талбай байна.

             3.Тус эвдэгдсэн газар нь хуучин эвдэгдсэн газар бөгөөд урьд өмнө ямар хэмжээтэй эвдэгдсэн талбай байсныг тогтоох боломжгүй байна.

             4.Тухайн газар нь урьд өмнө 2010-2017 оны үед эвдэгдсэн байна.

                5.Иргэн Г.Барсүрэнгийн эвдсэн талбайн Байгаль орчны хохирлын нийт үнэлгээ нь 76 422 төгрөг болж байна” гэх дүгнэлт,

              - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

              - гэрэл зургийн үзүүлэлтүүд

              - эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол

              - эд мөрийн баримтаар тооцох тогтоол

              - эд зүйлийн үнэлгээ

  -ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                 Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай

 

гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Г.Б  нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Хөндийн хөх дугуйн ам” гэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 17-ны өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Барсүрэнг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б  нь хууль бус үйлдэлдээ жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр зэргийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба “Samsung” МХЗА маркийн 0679УН улсын дугаартай шар өнгийн жижиг оврын эксковатор трактор нь Б.Доржсүрэнгийн эзэмшлийнх болох нь №02062000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, битүүмжлэн ирүүлсэн жижиг оврын тракторыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгчээс гаргуулж, гар хийцийн шигшүүрийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 “Вендо”ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №ХВ19-04/19 дугаартай дүгнэлтэд жижиг оврын тракторыг 15500000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээний тайланд уг эксковатор трактор нь Монгол улсад орж ирэхдээ 99 хувийн элэгдэлтэй байсан, цаашид /капитал/ засвар үйлчилгээ хийсэний дараа ашиглах боломжтой гэж дүгнэсэн, мөн тракторыг биечлэн үзлэг хийгээгүй, зах зээлийн жишиг хандлага ажиглалтын аргаар тооцон дүгнэлтээ гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ”Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй...” гэж заасан байх ба “Вендо”ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №ХВ19-04/19 дугаартай дүгнэлтийг шүүх баримтлах боломжгүй гэж үзлээ. Харин гэрч Б.Доржсүрэнгийн “2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн төрсөн дүүгийн хүүхэд Барсүрэнд өөрийн эзэмшлийн “Samsung” маркийн жижиг унгалдай тракторыг 2000000 төгрөгөөр зарахаар болж тохиролцсон юм” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.Барсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...миний нагац ах Б.Доржсүрэн намайг явцын дунд 2000000 төгрөг өгөөрэй гээд трактороо өгсөн. Би 3х5 метр хэмжээний газарт трактороор нүх ухаж сэндийчлэн шороолж шигшүүр дээрээ шороо асгаж эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулсан” гэх мэдүүлэг, “Вендо”ХХК-ний үнэлгээний тайлан зэргийг үндэслэн жижиг оврын тракторыг 2000000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлж, түүний үнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 76422 төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 500000 /таван зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль, 2000000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий KIA R HINO маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Э   овогт Г  ийн Барсүрэнг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Барсүрэнг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Г.Барсүрэнд тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж, хайхтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Барсүрэнд мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Шүүгдэгч Г.Б  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 76422 /далан зургаан мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.1

дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар гэмт хэргийн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, битүүмжлэн ирүүлсэн 500000 /таван зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль, 2000000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий жижиг оврын трактор, 2000000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий KIA R HINO маркийн автомашинийг бит үүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, БНХАУ-д үйлдвэрлэсэн SDB маркийн мотоциклийг шүүгдэгч Г.Барсүрэнд, жижиг оврын эксковатор тракторыг хууль ёсны эзэмшигч Б.Доржсүрэнд, KIA R HINO маркийн 19-44УБУ улсын дугаартай автомашиныг хууль ёсны эзэмшигч Б.Энхбаярт тус тус олгосугай.

             7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Барсүрэнгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох жижиг оврын тракторын үнэ 2000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж, 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий гар  хийцийн шигшүүрийг хурааж тус тус улсын орлогод оруулсугай.

           8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Барсүрэнгийн    регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Барсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.