Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 642

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдож байгаа, 1988 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОМ88040402, Хаснууд овогт Ишийн Отгоогийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 8-15 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ89042717, Хартаргад овогт Нямдаваагийн Төмөрхүүд холбогдох,

     Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асран хамгаалагч өөрчлөн тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Отгоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч Н.Төмөрхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч И.Отгоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж биеэр ял эдэлж байгаад Увс аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдэн ирж дахин хэрэгт шалгагдан хэрэг маань шүүхийн шатанд хянагдаж байна. 2009 оноос Төмөрхүүтэй хамтран амьдарч улмаар гэр бүл болж 2 хүүхдийн аав, ээж болсон. Энэ хугацаанд Төмөрхүү хүнээс мөнгө авч машин авч улмаар намайг хэрэгт холбогдуулан би ял эдэлж байгаа. Намайг нялх хүүхэдтэй хүн шоронд явахгүй гэж хэрэг даалган 10 жил 1 сарын ялаар шийтгүүлсний дараа Дээд шүүхээс салгаж авна гэж худлаа хэлээд чадаагүй. Намайг ял эдлээд Улаанбаатар хот руу ачигдаад явсны дараа 2 хүүхдээ нэг ч удаа эргэж очоогүй, холбоо бариагүй ба янз бүрийн эмэгтэй хүмүүстэй холбогдож архи, дарс хэрэглэдэг болсон талаар би олон хүнээс сонссон. Мөн хорихын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байхдаа нийгмийн ажилтны утаснаас 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Төмөрхүү рүү залгахад үл таних эмэгтэй хүнд утсаа өгч хамтран амьдрагч нь байна, гай болохоор зайл гэх мэтчилэн доромжлон дарамталж ярьсан. Хэдийгээр шүүх 2 хүүхдийн асран халамжлагчаар Төмөрхүүг тогтоосон ч үүргээ биелүүлэхгүй, хүүхдээ өөртөө авч асран хамгаалахгүй байгаа бөгөөд том хүү Батцоож Эрдэнэтэд миний аав Ишийн асрамжид, бага охин Хувьзаяа ах И.Хөхийсүрэнгийнд өсөж, торниж байна. Би нөхөр Төмөрхүүд маш их гомдолтой байна. Намайг хэрэгт холбогдуулчихаад ард нь ял завшаад 2 хүүхдээ харж хандахгүй хар амиа хичээж зугаа цэнгэл хөөцөлдөж 2 хүүхдээ мартаж эцэг хүнийхээ үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй байх тул бидний бодит амьдралыг харгалзан үзэж 2 хүүхдийн асран хамгаалагчийг өөрчлөн тогтоож, гэр бүл цуцалж өгнө үү. Мөн хүү О.Батцоож, охин Т.Хувьзаяа нарт нөхөр Н.Төмөрхүүгээр тэтгэлэг тогтоолгох, 2012 оноос хойш миний өөрийн аав болон хэргийн хохирогч нараас бид 2 мөнгө авч нөхөр Н.Төмөрхүү, өөрийн болон дүү Н.Төмөрхуягийн нэр дээр нийт 8 машин авч зарж борлуулсан, банкны зээл төлсөн зэрэг нотлох баримтын үндсэн дээр 50.000.000 төгрөг нэмэгдүүлж нэхэмжилж байна. Бид хоёр 2009 оноос хамтран амьдарч 2011 онд албан ёсоор гэр бүл болсон. Ингэхдээ хамтран амьдрах хугацаанд 2011 онд Улаанбаатар хотод сийлбэрийн газраас нөхөр зээл авч, мөн өөрийнхөө аав ээжээр Хас банкнаас нэмж зээл авхуулаад “mazda demio” гэх машиныг авсан. Үүнээс өмнө 2009 онд зээлээр Daimond гэх машиныг авч зээлийг 2011 он хүртэл нөхөр ажиллаж төлсөн байдаг. Гэвч банк болон хувь хүнээс дахин зээл авсны улмаас 2011 оны хавар өр зээлээ дийлэхээ больж, нөхөр Төмөрхүү нь уг машинаа зарахаар Увс явсан. Би амьдрал байдал хэцүүдэж айлын хажуу өрөөнд өөрийн өлгийтэй хүү, хадам ээж, нөхрийн хамт 1 сар гаруй хугацаанд амьдарч өр зээл давхар нэхэгдсэн тул хүүгээ 1 сар 20 гаран хоногтой байхад өөрийн аавдаа хүргэн өгч Улаанбаатар хотод түрээсийн байранд сургуульдаа үргэлжлүүлэн суралцсан. Миний аав, эгч хоёр миний хүүг угжаар 7 сар хүртэл өсгөж бойжуулсан. Энэ хугацаанд нөхөр утсаа унтраагаад Увс явсан байсан тул сийлбэрийн газрын өр надаас маш удаан нэхэгдэж бид 2 өгөлгүй явсаар намар миний сургалтын төлбөрийн 1.500.000 төгрөгөөр төлж үлдэгдлийг нь би ааваасаа бага сагаар байрны түрээс энэ тэр гэж авсаар төлж барагдуулсан. Нөхөр “Mazda demio” гэх машинаа зарсан боловч дахин 1.000.000 төгрөг нэмж “Nissan cube” машин авсан. Уг нэмсэн мөнгө болон Увс, Улаанбаатар хооронд явсан зардал, Улаанбаатар хотод байранд амьдарч байсан бүх мөнгийг би оюутан байсан тул миний аав, ах, эгч нар өгч байсан. Нөхөр Төмөрхүү сийлбэрийн газар ажиллаж байсан ч аав, ээжээрээ авахуулсан банкны зээлээ арай л ядан төлж барагдуулдаг байсан. Nissan cube машинаа Увсад аав, ээждээ заруулахаар үлдээж Улаанбаатар хотод очиж амьдарч байгаад би дахин жирэмсэн болж мөн ааваасаа сургалтын төлбөрөө аваад өр зээлээ төлчихсөн учир аргагүйн эрхэнд бид 2 хүүгээ аван Увсад нөхрийн аав ээжийн хамт амьдарч нөхөр Хилийн 0245-р ангид үргэлжлүүлэн ажиллаж банкны зээлээ төлдөг байсан. Давхар давхар өр зээл нэхэгдэж гэр оронгүй айлд амьдарч мөн хүүхдийнхээ амь насыг харамсалтай алдаж ах дүүдээ ч дуулгаагүй учир би хавар нь нөхрөөсөө салаад Улаанбаатар явсан ч нөхөр араас сургалтад ирж дахин бид 2 түрээсийн байранд хэсэг хугацаанд амьдарч хэрэг үйлдэж эхэлсэн. Үүнээс хойш би нөхрөө даган Увсад ирж бид 2 хамтарч хүнээс мөнгө авч Toyata raumn, Huyndai CRV, Toyata vitz,  Toyata cami,  Toyata spasio,  Nissan wingroud гэх зэрэг олон машиныг ээлж дараалан авч улмаар дааж давшгүй их өр зээлд унасан. Уг хэргийг эрүү үүсгэн шалгах явцад нөхөр Төмөрхүүг удаа дараа хамтран үйлдсэн нь тогтоогдож татах гэхэд өмгөөлөгчөөрөө болон бид 2 өөрсдөө мөрдөн байцаагчаас гуйж ашиглалт, зарцуулалт гэдгээ тогтоолгоогүй. Би ганцаараа хэргийн үйлдэл бүрийг дааж өөрийн аав ээж ах дүү нараасаа гуйж 2013 оноос 2014 оны хавар хүртэл хохирогч нартай уулзаж заримд нь дараа өгөхөөр ганц хоёр хохирогчид нь аавынхаа тэтгэврийн зээл авч өгч төлбөр хохирлоо барагдуулсан. Дээрх нэр бүхий машинуудаас Toyata raumn машиныг 4.000.000 төгрөгөөр зарж хадам аав, ээж зээл авч бид хоёрт 2012 онд хөндий гэр босгож өгсөн байсан тул түүний өр зээлэнд 4.000.000 төгрөг өгсөн. Nissan wingroud машиныг би хохиролд хураалгасан. Toyata cami машиныг Хилийн цэргийн 0245-р ангийн ажилчинд зарж борлуулсан боловч хагасын авлаа гэж ирээд өөрийнхөө цалингийн зээлд зарим нэгийг нь гэр орондоо хэрэглэчихдэг байсан. Toyata vitz, Huyndai CRV машиныг Улаанбаатар хот авч явж зарсан байдаг. Nissan cube машин одоо хүртэл байгаа боловч Төмөрхүүгийн ах, дүү, аав нарын дундын эзэмшилд хэрэглэгддэг, гэвч 2015 оны хавар миний аав хохирол гэж 2.000.000 төгрөг бэлэн явуулсныг Төмөрхүү авч аав ээждээ өгөөд бүрмөсөн өөрийн болгож хэрэглэнэ гээд одоо хүртэл мөнгө ч үгүй унаж эдэлж байгаа машин ч үгүй байгаа. Миний нөхөр Төмөрхүү бид 2 нөхрийн цалингийн зээл 2012 онд хүүгийнхээ сэвлэг үргээхэд зориулж 2.500.000  төгрөг аваад хавар нь Cami машиныг зараад эргэж төлсөн боловч 2013 оны зун 6 дугаар сард 10.000.000 төгрөгийн зээл авч аав “Ундарга-Увс” ХХК-аас 30 машин авсан. 6.000.000 төгрөгөө зээлдүүлэх шаардлагатай гэж хүргэж өгсөн. Уг 6.000.000 төгрөгийг хааяа нөхрөөсөө асуухаар байранд орохоор урьдчилгаа төлж өгнө гэж хэлдэг ч бид хоёр 2013 оноос хойш 2 айлын хашаа, байранд ороод нөхөр цалингийн зээлтэй мөн урьдчилгаа төлөх мөнгөгүй, дээр нь хохирогч нар эхнээсээ цагдаа шүүхэд хандаж эхэлсэн байсан учир би өөрийнхөө нагац эгчийн хашаанд гуйж байгаад нөхөр хохирогчдын өрний асуудлаас болж өөрөө сурна гэж ангидаа мэдэгдээд ажлаасаа чөлөөлөгдөн Улаанбаатар хот явсан ба бид хоёр хүүгийнхээ хамтаар байж байгаад тухайн хэрэгт би холбогдож ирсний дараа нөхөр ирсэн. Амьдралын энэ нөхцөл байдалд дүгнэлт хийн 8 машины зарж борлуулсан, худалдан авсан лавлагааг гаргуулан үнэн мөнийг олоод өгөхийг хууль прокурорт хандсан ч нэгэнт эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн гэдэгт би гомдолтой байдаг. Дээрх үнэн мөнийг нотлох баримт нь машинуудыг нөхөр Төмөрхүү нь 2014 он хүртэл жолооны үнэмлэхгүй жолоодсон тул өөрийн болон ихэвчлэн дүү Төмөрхуягийнхаа жолооны үнэмлэх ашиглан худалдаж авч борлуулж байсан, баримтаар тогтоогдоно. Би Төмөрхүүгийн ажилгүй байх хугацааны цалингийн зээлийг төлж өгч сар бүр 360.000 төгрөг тасралтгүй 10 сар төлсөн. Хохирогчоос мөнгө авч байсан би сар өдөр утасны билл, дансны мэдээлэл нь машины худалдан авсан он сар өдөр Төмөрхүүгийн дугаар яриа нь тогтоогдоно. Иймд дээрх нөхцөл байдалд чинь үнэнчээр хандаж Төмөрхүүгээс 50.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Н.Төмөрхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний хүү Батцоож, охин Хувьзаяа нарыг шүүхээс надад асран хамгаалуулахаар шийдвэр гаргасан байдаг. 2015 оны 7 дугаар сарын 08-нд Отгоогийн шүүх хурал болж түүнд 10 жил 1 сарын хорих ял өгсөн ба Отгоогийн аав Иш, Отгоогийн эгч Норжмаа нь Эрдэнэтээс  дуудагдаж ирсэн. Дараагийн давж заалдах шатны шүүх хурлыг хүлээж чадалгүй явахдаа миний аав, ээж, бид нар Отгоогийн аав, эгч нартай уулзаад том хүүг Отгоогийн аав авч явна надад тэнд хийх ажилгүй, Отгоогийн эгч Норжмаа “Манай хүүг манаы охиноос 2 сарын дүү юм байна, хамтад нь цэцэрлэгт явуулъя” гэсэн. Бага охиныг эргэж тойрч байхад ойрхон гээд Отгоогийн ах болох Хөхөөсүрэнд өгөөд Тариаланд байлгая гэж ярилцаад явуулсан. Тэр үед би Аймгийн 90 жилийн ойн концертын бэлтгэлтэй, аав хот хооронд автобусны жолооч хийдэг, дүү сэтгэцийн өвчтэй гэрээр эмчилгээ хийлгэж байсан, ээж нүдний хагалгаанд орох гэж байсан тул бид хэд ярилцаад ийм шийдвэр гаргасан. Тиймээс 2 хүүхдээ хаяж явсан удаа байхгүй. 2008 оны намар ээжийнхээ төрлийн ах дүү дээр би ажиллаж 2009 онд ахынхаа унаж байсан машиныг 2.000.000 төгрөгөөр авч байсан. Цалин өгдөггүй байсан тул оронд нь машиныг ав гэсэн ба тэр машиныг Увсад авчирч зарсан, зарсан машиныхаа мөнгөөр дараагийнхаа машиныг авч зарж байсан. Отгоотой учрахаас өмнө би ажилтай, машинтай байсан. 2010 оноос Хилийн 0245-р ангид ажилд орох өргөдөл өгч 2011 оны 11 дүгээр сард ажил орж байсан. Ингээд 2012 оны 9 дүгээр сарын 03-нд Отгоотой гэр бүл болж хуримаа хийсэн. Хурим хийхэд ээж, аав 2 зээл авч гэрийн мод авч өгсөн ба би өөрөө сийлж сийлбэртэй гэр болгосон. Аав, ээж хөндий гэр барьж өгсөн гэж доромжилж найрны үеэр ах дүү нараас цугларсан мөнгө, Отгоогийн аав нь бид хоёрын найранд хадгаламжийн дэвтэр өгч байсан тэр хэдэн төгрөг өгч байгаа гэж асуухад сүүлд нь 5.000.000 гэж Отгоо хэлж байсан. Би тэр мөнгөний сургийг сонсож байснаас барааг нь харж үзээгүй, ажилдаа ороод би 8 сар болсны дараа 10.000.000 төгрөгийн зээл авч Отгоо хүү Батцоож бид 3 хот руу явж 7.000.000 төгрөгөөр машин аваад Отгоогийн аавын гэр Эрдэнэтэд байсан тул тэднийхээр очоод ирж байсан. Өөрийн хаан банкны дансан дахь мөнгөөр хотоос машин авсан. Хотын техникийн захаас авсан ба шүүж үзвэл гарч ирнэ. Зээл авахад аавдаа Зил130 машин авсан гэж байна. Манай аав Алтангэрэл захиралтай “Ундарга констракшн” барилгын компанид Зил130 машин барьж байгаад намар болоод барилга зогсох үеэр аавыг та Зил130 машиныг авч нүүрсэндээ яв, амьдралд тань хэрэгтэй гээд аавын нэр дээр 6.500.000 төгрөгийн зээл авч захирал нь авсан. Аав өвөл нь нүүрсэнд явсан, тэр өвөл нь аавын гэр манайх хоёр өвлийнхөө нүүрсийг үнэгүй түлээд амар байсан. Хавар нь аав Зил130 машинаа зарахад би  аав ээжээс 500.000 төгрөг авч Отгоог хүү Батцоожтой хамт хот руу явуулахад ганцхан монтажтай ирсэн. Отгоо сурч байхдаа төлбөр гэж надад мөнгө төгрөг авчирч байгаагүй би сийлбэр хийгээд 50.000, 60.000 төгрөг олж ирээд өдрөөр хамт уулзаад хоолонд ороод хувцас авч өгөөд гэрт нь хүргэж өгөөд харьдаг байсан. Тэр үед Отгоо аав, эгчтэйгээ цамбын дэнжид байдаг байсан ба би өөрийн төрсөн ах, бэр эгчтэйгээ хамт байдаг байсан. Найз нөхөдтэйгээ шоудаж байна гээд найзынхаа гэрт олуулаа байна гэхэд би шөнийн 2 цагт Баянхошуунаас очиж авч байсан. Миний ах, бэргэн эгч хүртэл мэднэ. Аавдаа Зил130 машин авахад намайг цалингийн зээл авч өгсөн гэж байна. Капитал банкнаас Алтангэрэл захирал 6.500.000 төгрөг авч байсан тэрнийг шалгахад гарч ирнэ. Отгоогоос яагаад ромбо диплом авч ирээгүй юм бэ? гэж асуухад араас ирнэ гэж байсан. Сүүлдээ ирэхгүй болохоор яасан гэхэд хайр нь сургуулийнхаа нэг охиныг цохичихсон чинь жирэмсэн байгаад гарчихсан тэгээд хүний амь нэрээр тэрэнд мөнгө өгсөн гэж хэлж байсан. Үнэндээ миний толгойг эргүүлж байсан миний цалингийн картыг Отгоо барьдаг байсан. Цалин буухад Отгоо очоод авдаг байсан. Би хил рүү яваад ирэхэд хүн амьтан гэрээр авчираад худал үнэн хэлээд хүн амьтныг залилласан байсан. Би үнэндээ Отгоог юу хийж байсныг мэдэхгүй. Мөрдөн байцаалтын үед намайг бас шалгасан. Отгоогийн аав нь бид хоёрыг тусдаа гарчихсан байхад хажуу айл болох ээжийн төрсөн дүүгийн гэрээс 400.000 төгрөг аваад явчихсан нөгөө мөнгөө өгөхгүй сүүлдээ өгсөн хүн нь надад хэлээд би Отгоод хэлээд аав ээжээс хүртэл 200.000 төгрөг авч явахад удааж байгаад өгч байсан. Отгоо аавтайгаа хамт хотод байр авч байна гэж бас хэлдэг байсан. Сүүлдээ байр түрээсэлчихлээ гээд одоо нэр дээр шилжүүлэх гэсэн, 1.200.000 төгрөг хэрэгтэй байна намайг арчаагүй хүн амьтан аргалаад өгч чадахгүй гэхэд би төрсөн ахтайгаа яриад ах бэргэн эгч хоёроос 1.200.000 төгрөг авч өгсөн ба Отгоо аавтайгаа уг мөнгийг авч байсан. Сүүлдээ нөгөө байр ч байхгүй. Би унаж байсан машинаа ажлынхаа хүнд 6.500.000 төгрөгөөр зарж ахаас авсан 1.200.000 төгрөгийг буцааж өгч байсан. Машины мөнгөнөөс Отгоо бас 2.000.000 төгрөг аваад хааш нь хийсэн юм мэдэхгүй алга болгосон. Тэр үед аймгаас хот руу аав нь явахад 200.000 төгрөг өгөөд явуулсан. Отгоо надад таньдаг хүнтэйгээ ярьчихсан чамайг цагдаагийн ахмадын курст оруулахаар боллоо гээд ажилдаа сурч байна гэж өргөдөл өгчих, Отгоогийн аав хотод байранд орчихсон гэж ярьсан. Ирж сургуульдаа ор гэхэд нь би машиныхаа мөнгөнөөс 1.100.000 төгрөг зээлэндээ байршуулаад очиход Отгоо Эрдэнэтээс хот руу орж ирээд бид хоёр ахынд очиж хоносон. Тэнд бид 2 хэд хоноод Эрдэнэтээс хүүгээ очиж авчирсан. Тэгээд сургуульд оруулна гэсэн хүн яасан гэхэд оруулж өгнө гэж хэлсэн ба би он гартал хүүгээ хараад ахынд байсан. Отгоо аавтайгаа өглөө гараад орой орж ирдэг байсан. Тэр үеэс Отгоог худал хэлдэг юм байна гэж ойлгож эхэлсэн. Удалгүй нэг цагдаатай хамт ирээд Отгоог Увс руу авч явж байна гээд аваад явахад ямар учиртай юм гэхэд цагдаа би сайн мэдэхгүй байна гээд аваад явсан. Тэр үед би хүүтэйгээ үлдээд цагаан сарын дараа Увсад ирээд цагдаа дээрээс Отгоо залилан хийснийг мэдсэн. Надаас хүртэл байцаалт авч шалгасан. Манай аавын дүүгийн нэгдүгээр курсын анагаахад сурч байсан охиныг диплом гаргаж өгнө гээд 3.200.000 төгрөг авсан, манай ангийн охиныг ажилд оруулж өгнө гээд мөнгө авсан, Отгоо нагац эгчийнхээ охиныг хүртэл цагдаагийн академид оруулж өгнө гээд 7.000.000 төгрөг гэх мэтчилэн мөнгөний хэрэгтэй байсан. Би хохирогч нартай уулзаад надтай уулзаад яагаад хэлж болдоггүй юм бэ гэхэд Төмөрхүүд хэлж яах юм, та нарт тусалж байна гэвэл атаархуу, хаяхгүй юу гэж хэлнэ, уурлана гэж хэлсэн байдаг. Үнэндээ мөрдөн байцаалтын үед надаас бас мөнгө аваад сургуульд оруулна гээд байхгүй болчихсон гэж хэлэлтэй биш. Тэр үед би сэтгэл санаагаар унаад надад маш хэцүү байсан. Хэрүүл болоход Отгоо үхнэ гээд гараад явчихдаг. Аав нь Эрдэнэтээс залгаад чамд би амьд хүн өгсөн буцаагаад амьд хүн авна бараг иймээ тиймээ юм болбол шүүх цагдаагаар явна гэж дарамталдаг байсан. Үнэндээ энэ мөнгийг Отгоо аваад юу хийснийг нь мэдэхгүй. Нэг бол цаанаа өртэй хүн болоод тэрэндээ өгдөг юмуу, нэг бол байр аваад нуучихсан байгаа юмуу учрыг одоо хүртэл мэдэхгүй байна. Отгоог баригдаад орсны дараа аав нь та хоёр хотод байхад өглөө гараад орой орж ирдэг байсан юу хийгээд явдаг байсан гэхэд намайг дагуулж гараад хүнтэй уулзана гээд нэг байшингийн гадна суулгаад байсан гэж хэлсэн. Аав нь төрсөн биеийн төрүүлсэн болохоос оюун ухааныг нь төрүүлээгүй би чамаас ичиж байна том хүүхдийг би аваад харж байя, бага охиныг чинь төрсөн ахынд нь байлгаж байя, миний тусалж чадах юм энэ байна гээд тохиролцсон. Бага охин руугаа би цалин буухаар боломжийн хэрээр мөнгө явуулдаг байсан. Сүүлдээ Отгоогийн эгч залгаад хэдэн төгрөг хэрэгтэй байна нөхөрт битгий хэл гээд байсан. Тэр үед надад мөнгө байхгүй өгч чадаагүй. Сүүлдээ би цалингийн зээл авч Отгоогийн дээд шүүхийн хуралд өмгөөлөгч авч оруулж байсан. Энд байгаа 2 өмгөөлөгчид бага зэрэг мөнгө өгч бас охин руугаа 200.000 төгрөг өгөөд хот руу явж гэрээ байгуулж ирсэн. Отгоог ийм их мөнгө аваад юу хийснийг үнэхээр олж мэдэхийг хүсэж байна. Аав нь үнэхээр найраар 5.000.000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр өгсөн гэдгийг би сайн мэдэхгүй, нэг бол урд нь ийм их өр зээлтэй байсан уу үнэндээ мэдэх юм алга. Найраар ах дүү нараас нийт 1.600.000 төгрөг цугларч байсан, тэндээс бас 100.000, 200.000 төгрөгийг хааш нь мэдэгдэхгүй алга болгочихсон. Ах дүү нартаа өгдөг юм уу, өөр хүнд өгдөг юм уу мэдэхгүй. Миний сайн найзаас бас худал үнэн хэлээд бага хэмжээний мөнгө төгрөг авсан байсан. Үүнийг сүүлд Отгоог баригдаж орсны дараа манай найз нар надад хэлж байсан тухайн үед нь хэлье гэж бодоход хэрүүл болох болов уу гэж бодоод хэлээгүй гэж байсан. Надад сэтгэл санааны дарамтад орчихсон маш хэцүү байсан, цаашид 2 хүүхдээ өөр дээрээ авч амьдрах хүсэлтэй байна, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч И.Отгоо нь хариуцагч Н.Төмөрхүүгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асран хамгаалагч өөрчлөн тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

       И.Отгоо, Н.Төмөрхүү нар 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүү О.Батцоож, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Т.Хувьзаяа нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаанууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

       Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас болон нэхэмжлэгч И.Отгоо нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор 10 жил 1 сарын хорих ял авч,  Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдсоноос хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул И.Отгоо, Н.Төмөрхүү нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

      И.Отгоо, Н.Төмөрхүү нарын хүү О.Батцоож, охин Т.Хувьзаяа нарыг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор эцэг Н.Төмөрхүүгээр асрамжид үлдээж шийдвэрлэжээ.

      Нэхэмжлэгч И.Отгоо нь асран хамгаалагч өөрчлөн тогтоолгох тухай шаардлага гаргасан ба хэдийгээр хүү О.Батцоож нь Орхон аймгийн Жаргалант суманд нэхэмжлэгчийн эгч И.Норжмаагийнд, охин Т.Хувьзаяа нь Увс аймгийн Тариалан суманд нэхэмжлэгчийн ах И.Хөхөөсүрэнгийн гэрт өсөж, хүмүүжиж байгаа болох нь Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Увс аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч нарын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн нөхцөл байдлын үнэлгээ, Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Орхон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Орхон аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч нарын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт, гэрч И.Хөхөөсүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байгаа боловч шүүхээс хүүхдүүдийн эцэг Н.Төмөрхүүгийн эцэг байх эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй, хасаагүй байх тул хүүхдүүдийн асран хамгаалагчийг өөрчлөн тогтоох боломжгүй байна.

      Иймд 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүү О.Батцоож, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Т.Хувьзаяа нарыг эцэг Н.Төмөрхүүгийн асрамжид үлдээж, хүүхдийн асран хамгаалагч өөрчлөн тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

     Шүүх хүүхдийг эцэг Н.Төмөрхүүгийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

        Мөн нэхэмжлэгч И.Отгоо нь 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ нь гэрлэгчид гэр бүл болсноос хойш бий болсон хамтран өмчлөх дундын өмч байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Н.Төмөрхүүгээс гэрлэлт цуцлуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:             

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хаснууд овогт Ишийн Отгоо, Хар таргад овогт Нямдаваагийн Төмөрхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү О.Батцоож, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Т.Хувьзаяа нарыг эцэг Н.Төмөрхүүгийн асрамжид үлдээсүгэй.

    3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэгч И.Отгоогийн  хамтран өмчлөх дундын өмч буюу 50.000.000 төгрөг гаргуулах, хүүхдийн асран хамгаалагч өөрчлөн тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

   4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

   5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.  

     6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч И.Отгоо нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Н.Төмөрхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ