| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/07060/И |
| Дугаар | 210/МА2026/00459 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00459
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ы нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Сонгинохайрхан дүүрэг,*******дүгээр хороо,*******дүгээр хороолол, ******* ******* байрны 2 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлсөлсний төлбөрт 4,800,000 төгрөг, алданги 45,720,000 төгрөг, нийт 50,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ш.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие нь Сонгинохайрхан дүүргийн*******дүгээр хороо,*******дүгээр хороолол, ******* гудамж, ******* ******* байр, 02 тоот 2 өрөө орон сууцанд 1997 оноос эхлэн өнөөг хүртэл амьдарч байна. Хүүгээ бараадан хотын төв рүү нүүх зорилгоор Ремакс ХХК-д хандахад танай байрыг авах хүн гэж *******тай уулзуулж 2024 оны 10 дугаар сарын 07-нд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 100,000,000 төгрөгөөр зарах, мөнгийг нь 2025 оны 04 дүгээр сарын 01-нд бүрэн өгч дуусгахаар тохирсон. Мөн байрыг 2024 оны 10 дугаар сарын 01-нд хүлээн авч амьдарсан бөгөөд байрны түрээс сар бүр 800,000 төгрөг байрны үнийг бүрэн төлөх хүртэл төлөхөөр болсон. Иймд байр худалдан авах гэрээг болон түрээсийн төлбөрийг 5, 6, 7 дугаар сард огт төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул байр авах 100,000,000 төгрөгийн 0,5 хувь 500,000 төгрөгийг 90 хоногт тооцон алдангид 45,000,000 төгрөг, түрээсийн 800,000 төгрөгийн 0,5 хувь 4,000 төгрөгийг 90 хоногт тооцож алданги 360,000 төгрөг, нийт алданги 45,360,000 төгрөгийг *******гаас гаргуулан, миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн*******дүгээр хороо,*******дүгээр хороолол, ******* гудамж,************** байр, 02 тоот хаягт байрлалтай орон сууцнаас *******г албадан гаргаж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Түрээсийн 800,000 төгрөгийг 2025 оны 5, 6, 7, 8, 9, 10 сарын төлбөрт 4,800,000 төгрөг, 0,5 хувийн алдангид 8, 9, 10 сарын 90 хоногт 360,000 төгрөг нэмж нийт 5,160,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Иймд нийт 50,520,000 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбар гаргаж байна. ******* нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг зөрчин орон сууцны чанар доголдлыг нуун шалны хэсэг бүрэн өмхөрсөн, хулгана, жоом хөндий хэсэгт дүүрсэн, ашиглалтын эрүүл ахуйн шаардлага хангахгүй орон сууц худалдсан тул гэрээг цуцалж урьдчилгаа төлбөр уг орон сууцанд засвар хийсэн төлбөр, нүүн орсон зардал шаардахад... мөнгийг чинь буцааж өгөх боломжгүй... гэсэн тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6 дахь заалтыг баримтлан түр хугацаагаар орон сууцыг эзэмдэн авсан байдалтай байна. Энэ орон сууцанд хөгшин настай хүн хүүхэд амьдрах боломжгүй тул бид учирсан хохирлоо сөрөг нэхэмжлэл гарган нэхэх болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо,*******дүгээр хороолол, ******* ******* байр, 2 тоот 29 м2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн эзэмшлээс албадан чөлөөлж, 4,800,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгон, нэхэмжлэлийг шаардлагаас үлдэх 45,720,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 91,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
... Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн зургаад хариуцагч ******* нь 5,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэсэн нь буруу бөгөөд хариуцагч ******* дээрх мөнгийг шилжүүлсэн, Ремакс ХХК болон нэхэмжлэгч ******* гэрээний үүргийн гол заалтын нэг болох орон сууцанд хэвийн нөхцөлөөр амьдрах бололцоогүй доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн. Эд хөрөнгийн доголдлыг орон сууц шилжүүлж өгөхдөө зориуд нуусан, доголдлыг мэдсэн дариудаа гэрээний үүргээс татгалзан урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөгөө буцаан шаардахад... хэрэглэчихсэн... гэх шалтаг хэлээд өгөөгүй.
Нэгэнт гэрээнээс татгалзсан урьдчилгаа төлбөрөө авч чадаагүй тул орон сууцыг эзэмдэн авч арга буюу өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах үүднээс ялзарсан шалыг ховхлон, бясаа, жоомыг мэргэжлийн байгууллагаар устгуулж, шинэ материалаар солин түр амьдарч байна.
Нэгэнт ******* гэрээний заалтаа зөрчин орон сууцны доголдлоо нуун урьдчилгаа төлбөр авсан тул урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх ёстой, анх түлхүүр аваад л орон сууцыг сольж гэрээнээс татгалзсан урьдчилж өгсөн мөнгөө шаардсан юм.
Иймд нэхэмжлэгч *******д урьдчилан төлсөн 5,000,000 төгрөгийг буцаан олгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Бид 100,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгавар болгон гэх нөхцөлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Хариуцагч нь одоогоор орон гэргүй учраас бид нэгэнт энэ байрыг авахаар болсон болохоор 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байрандаа оръё. Мөн байрыг түрээсэлсэн гэх утгаар сард 800,000 төгрөгийг төлнө, 6 сарын төлбөрт тооцож байрны урьдчилгаа 5,600,000 төгрөгийг өгье гэж хэлээд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр банкаар 5,600,000 төгрөгийг түрээсэнд гэсэн утгатай шилжүүлсэн. 2025 оны 04 дүгээр сард *******ыг очиход байрны ханыг буулгаж шалыг нь хуулсан байдалтай байдаг. Нэхэмжлэгч нь манай ханыг яагаад буулгаж байгаа юм бэ гэж асуухад хариуцагч тал манайх энэ байрыг авна гэсэн болохоор засаж янзлах нь бидний хэрэг гэж хэлсэн байдаг. Хариуцагч тал байр жоомтой байсан учраас тэдэн удаа шавж устгал, засвар хийсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй. Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаагүй. ...Бид хариуцагчаас хохиролд мөнгө шаардаагүй, хариуцагч дулаахан, тухтай 2 өрөө байрыг сарын 800,000 төгрөгөөр түрээсэлж байгаа нь зах зээлийн дундаж ханш. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг,*******дүгээр хороо,*******дүгээр хороолол, ******* ******* байр, 2 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлсөлсний төлбөрт 4,800,000 төгрөг, алданги 45,720,000 төгрөг, нийт 50,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын байгуулсан гэрээний тохиролцоо болон тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Талууд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч *******д 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч нь 50,000,000 төгрөгийг өөрийн эх үүсвэрээс, 50,000,000 төгрөгийг банкны зээлээр санхүүжүүлж, нийт 100,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөх, /х.х-ийн 7-9/
3.2. Мөн хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцны үнэ 100,000,000 төгрөгийг төлөх 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 800,000 төгрөгөөр тооцож орон сууцыг хөлслөхөөр тохиролцож, улмаар 6 сарын төлбөр 4,800,000 төгрөгийг 1 сарын барьцаа 800,000 төгрөгийн хамт нийт 5,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. /х.х-ийн 10/
4. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж, 198.5-д Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна. гэж тус тус заасан.
Зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэх тохиролцооноос үзвэл талуудын хооронд дээр дурдсан хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч нь орон сууцны үнэ болох 100,000,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаар зохигч маргаангүй.
5. Мөн Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д Орон сууц хөлслөх хугацааны зохицуулалт: 2024.10.01-ний өдрөөс 2025.04.01-ний өдөр хүртэл сарын 800,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, нэг сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцааны хамт нийт 5,600,000 төгрөгийг 2024.10.01-ний өдөр гэрээний 3.2-д заасан дансанд шилжүүлж төлсөн гэж тохиролцжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******г орон сууцны үнэ 100,000,000 төгрөгийг төлөх 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд түүнд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүрэг,*******дүгээр хороо,*******дүгээр хороолол, ******* ******* байр, 2 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай орон сууцыг хөлслүүлэхээр тохирч, орон сууцыг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь энэ хугацаанд хариу төлбөрт 5,600,000 төгрөг төлсөн байх тул зохигчийн хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаанаас гадна орон сууц хөлслөх гэрээний харилцаа мөн адил үүссэн байна.
6. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан.
Хэргийн баримтаар талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц хөлслөх гэрээний харилцаа тус тус үүссэн бөгөөд хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид 4,800,000 төгрөг, 1 сарын барьцаа 800,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөг төлснийг орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн хөлсөнд тооцох тул тэрээр буцаан шаардах эрхгүй.
Хэдийгээр талууд орон сууц хөлслөх гэрээгээр 6 сарын хөлс төлөхөөр тохиролцсон байх боловч хариуцагчийн барьцаа төлбөрт төлсөн 800,000 төгрөгийг түүний амьдран суусан хугацааны хөлсөнд тооцож буцаан өгөхөөс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй.
Иймд, хариуцагчийн ...нэхэмжлэгч *******д урьдчилан төлсөн 5,000,000 төгрөгийг буцаан олгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх гомдлыг хүлээн авахгүй.
7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт доорх өөрчлөлтийг оруулна.
7.1. Зохигчийн байгуулсан гэрээг үзвэл хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний төлбөр 100,000,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөх хүртэлх хугацаагаар тухайн орон сууцыг хөлслөх, тийнхүү төлсөн тохиолдолд өмчлөгч нь болох тул төлсөн хугацаанаас хойш орон сууц хөлслөх гэрээний харилцаа үйлчлэхгүй.
Анхан шатны шүүх хариуцагч нь анхнаасаа тухайн орон сууцыг худалдан авах хүсэл зоригтой, мөн худалдан авах төлбөрийг төлөх өдөр хүртэл орон сууцыг хөлслөхөөр тохирсон, түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөөгүйтэй холбогдуулан гэрээний зөрчил үүссэн гэдэг үндэслэлээр гэрээнээс татгалзсан байхад хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөөгүйтэй холбогдуулан нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсэж, улмаар талууд худалдах, худалдан авах гэрээний дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг үүссэн байхад хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм.
Гэвч хариуцагч нь түүнээс орон сууц хөлслөх гэрээний нэг сарын төлбөрийн хэмжээг үндэслэн 4,800,000 төгрөг гаргуулсан шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн энэхүү шийдлийг өөрчлөхгүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хойш адилтган нэхэмжилсэн байхад уг шаардах эрхэнд хамааралтай зохицуулалтыг баримтлаагүй байгааг үүгээр дурдана.
7.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, орон сууцны үнийг төлөөгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзах эрхтэй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу тухайн орон сууцанд амьдран сууж байгаа учир түүнийг бусдын өмчийн зүйлийг хууль бусаар эзэмшсэн гэж үзэхгүй.
7.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алданги 45,720,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ дуусгавар болох тул энэ тохиолдолд гэрээний үүргийг шаардах эрх мөн адил дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, алданги нь үүргээ огт гүйцэтгээгүй, аль эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгыг агуулах учир бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг шинжтэй тул үндсэн үүрэг хүчингүй болсон, эсхүл дуусгавар болсон бол алдангийн талаарх тохиролцоо хэрэгжих боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/08623 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.МАНДАЛБАЯР