Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 17

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч З.Алтансолонго

Хохирогч Д.М 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Х.Д   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г   овогт Х  гийн Д  ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1937000000011 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, РД:  , Г   овогт Х  гийн Д   

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Х.Д   нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Хөндийн хөх дугуйн ам” гэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар жижиг оврын трактор, шигшүүр, мотор зэрэг техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын буюу алтны эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М   мэдүүлэхдээ: “Учруулсан хохирол 91313 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан учраас цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

    Шүүгдэгч Х.Д  ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Алтай сумаас дүү Даваахүүгийн ачааны машинаар унагалдай трактор, шигшүүр, жижиг оврын 220 вт гаргадаг мотор зэргийг ачаад Алтай сумын Бодонч багийн Хөх дугуйн ам гэх нэртэй газар очоод буусан. 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ бариад, тоног төхөөрөмжеө суурилуулаад ажиллуулах гэтэл тракторын гидрийн нассос эвдэрээд байж байтал цагдаа нар очсон. Цагдаа нарыг очих үед ажиллаагүй, гэртээ байсан. Алт олох гэж л очсон юм. Ачиж очсон ачааны машин, трактор 2 миний дүү X. Даваахүүгийн нэр дээр байдаг. Шигшүүр, мотор 2 минийх байгаа юм...” гэх мэдүүлэг,

   Хохирогч Д.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад болсон явдлын талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Алтай сумын Бодонч багийн Хөх дугүйн ам гэх газраас хууль бусаар ашигт малтмал эрж хайсан хэрэгт хохирогчоор оролцож байна. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирол төлүүлж авах саналтай байна. Өөр надад ямар нэгэн санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

   Гэрч Х.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эксковатор трактор нь минийх, ах Алтай сум руу бохир цэвэрийн шуудуу малтах гээд авч явсан юм. Би түүнийг Улаанбаатар хотоос 3 сая төгрөгөөр худалдаж авсан, хэрэглэхгүй болохоор зардаг юм билүү гэж байсан юм. X. Д   надаас авна гэж ярьж байсан юм. Тэгэхээр нь би 5 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Надад урьдчилж мөнгө өгнө энэ тэр гэсэн юм байхгүй. Миний машин Алтай суманд намар өвс хадаж зөөж байгаад тэнд үлдээсэн байсан юм. Алтай сумын бараг бүх өвсийг би татаж өгсөн. Түүгээр зөөж хүргэсэн юм шиг байна лээ би байгаагүй... гэх мэдүүлэг,

            Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...

                 1. Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дахь тухайн эвдэгдсэн талбай нь иргэн Х.Д  ийн үйл ажиллагаанаас өмнө эвдэгдсэн, хөрсөн бүрхэвчгүй талбай байсан учраас шинээр хөрс эвдэгдээгүй гэж үзэж байна.

                 2.Эвдэгдсэн талбай нь 12.2м х 8м харьцаатай 97.6м2 талбай байна.

                 3.Тус эвдэгдсэн газар нь хуучин эвдэгдсэн газар бөгөөд урьд өмнө ямар хэмжээтэй эвдэгдсэн талбай байсныг тогтоох боломжгүй байна.

                 4.Тухайн газар нь урьд өмнө 2010-2017 оны үед эвдэгдсэн байна.

                 5. Иргэн Х.Д  ийн эвдсэн талбайн Байгаль орчны хохирлын нийт үнэлгээ нь 91 313 төгрөг болж байна.” гэх дүгнэлт,

              - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

              -эд мөрийн баримтыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл,

              - гэрэл зургийн үзүүлэлтүүд

              - эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол

              - эд зүйлийн үнэлгээ

 -ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Х.Д   нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Хөндийн хөх дугуйн ам” гэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

  Иймд шүүгдэгч Х.Д  ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

  Шүүгдэгч Х.Д   нь хууль бус үйлдэлдээ жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр, 220 вт мотор зэргийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба DOOSAN маркийн 55V моторын хүчин чадалтай урд талын раманд EXCASL-3VC, 21199 гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн жижиг оврын трактор нь Х.Даваахүүгийн эзэмшлийнх болох нь Х.Даваахүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгийн явцад тогтоогдож байна. Иймд хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, битүүмжлэн ирүүлсэн жижиг оврын тракторыг  битүүмжилсэн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгчээс гаргуулж, гар хийцийн шигшүүр, 220 вт мотор зэргийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

“Вендо”ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №ХВ19-02/19 дугаартай дүгнэлтэд жижиг оврын тракторыг 18200000 /арван найман сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээний тайланд уг эксковатор трактор нь Монгол улсад орж ирэхдээ 99,75 %-ийн элэгдэлтэй байсан, цаашид /капитал/ засвар үйлчилгээ хийсэний дараа ашиглах боломжтой гэж дүгнэсэн, мөн тракторыг биечлэн үзлэг хийгээгүй, зах зээлийн жишиг хандлага ажиглалтын аргаар тооцон дүгнэлтээ гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй...” гэж заасан байх ба “Вендо”ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №ХВ19-04/19 дугаартай дүгнэлтийг шүүх баримтлах боломжгүй гэж үзлээ. Харин гэрч Х.Даваахүүгийн “Эксковатор нь минийх, ах Алтай сумруу бохир цэвэрийн шуудуу малтах гээд авч явсан юм. Би түүнийг Улаанбаатар хотоос 3 сая төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг, “Вендо”ХХК-ний үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг үндэслэн жижиг оврын тракторыг 3000000 /гурван сая/ төгрөгөөр үнэлж, түүний үнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Д   нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 91313 төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 3000000 төгрөгийн үнэлгээ бүхий Х.Маяти маркийн автомашин, 400000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоцикль битүүмжилсэн 21 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Г   овогт Х  гийн Д  ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

               2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Д  ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Х.Д  ид тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж, хайхтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай. 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.Д  ид мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              5. Шүүгдэгч Х.Д   нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 91313 /ерэн нэгэн мянга гурван зуун арван гурав/ төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар гэмт хэргийн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, битүүмжлэн ирүүлсэн 3000000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий жижиг оврын трактор, 3000000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Х.Маяти маркийн автомашин, 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 12, 21 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, Мустанг-5 маркийн мотоциклийг шүүгдэгч Х.Д  ид,  жижиг оврын трактор, Х.Маяти маркийн 43-21УНЯ улсын дугаартай автомашиныг хууль ёсны эзэмшигч Х.Даваахүүд тус тус олгосугай.

                7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д  оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох жижиг оврын тракторын үнэ 3000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий гар  хийцийн шигшүүр, 380000 /гурван зуун наян мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий 220 вт моторыг хурааж тус тус улсын орлогод оруулсугай.

              8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.Д  ийн    регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д  ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.