| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00555/И |
| Дугаар | 647 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 647
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОР66031807, Булгадар овогт Чулууны Наранцэцэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд мал маллаж байсан. Манай сумын архив шатахад миний хөдөлмөрийн дэвтэр бас шатаж би нэгдэлд ажиллаж байснаа нотлох хөдөлмөрийн дэвтэргүй болсон. Одоо миний бие нь тэтгэвэрт гарах хугацаа болсон ба ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан А.Ганбаатар, Х.Тунгалаг нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Чулууны Наранцэцэгийн 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч А.Ганбаатар, Х.Тунгалаг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч А.Ганбаатарын “Би Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1971 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Ч.Наранцэцэг нь 1982 оноос эхлэн Хяргас нуур нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ч.Наранцэцэг нь бага наснаасаа эхлэн мал малласан бөгөөд нэгдэлд ажиллаж байх хугацаандаа ихэвчлэн эх мал малладаг байсан ба 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан. Тухайн үед Хяргас нуур нэгдлийн даргаар Цэдэв, Дамдинсүрэн гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Х.Тунгалагийн “Би Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1978 оноос 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Ч.Наранцэцэг нь бага наснаасаа мал малласан бөгөөд 1982 оноос эхлэн Хяргас нуур нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан. Бид нар нэгдэлд айл саахалт байж мал маллаж байсан учраас түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 860 дугаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч А.Ганбаатар, Х.Тунгалаг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ч.Наранцэцэгийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар 7 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Булгадар овогт Чулууны Наранцэцэгийн 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар 7 /долоо/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ