| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/08848/И |
| Дугаар | 210/МА2026/00502 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00502
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
17,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Түвшинжаргал, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие барилгын компанид туслан гүйцэтгэгчээр ажил хийдэг бөгөөд мөн надтай ижил барилгын туслан гүйцэтгэгчээр ажилладаг ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн н.*******ий цалин өгөх гэсэн юм гээд түүний ******* дансаар 450,000 төгрөг, нийт 220,450,000 төгрөгийг ажилчдын цалинг өгөх гээд байна гүйцэтгэл орж ирэхээр өгнө гэж хэлээд зээлж авсан. *******ээс зээлсэн мөнгөө нэхэмжлэхээр өгнө гэж хэлснээр өнөөдрийг хүрсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд бараа материал авахаар 3,700,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, үлдэгдэл 17,750,000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас 17,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Бид хоёр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс ******* аймгийн төвд ******* ХХК-ийн барьж буй 12 давхар барилгын каркас угсралтын ажил дээр хамтран ажиллахаар аман тохиролцоо хийсэн. Нэхэмжлэгч нь тус компантай хамтран ажиллах гэрээ байгуулаад урьдчилгаа 100,000,000 төгрөг авсан. Бид хоёр энэхүү ажлыг хийж дуусгаад ашгийг 50:50 хувиар хувааж авахаар тохиролцсон. Миний бие үүний дагуу дээрх ажилд ашиглагдах материалын тооцоог хийж, ажиллах хүчээр хангаж өгсөн. ******* дээрх ажлыг хийхийн тулд 43,000,000 орчим төгрөгийн барилгын материалыг авсан. Гэсэн ч энэ барилгын материалаас 30,000,000 төгрөг үлдэх юм /зөөврийн сууц 2-ш, хар панер 500 ширхэг, приус мод 4*6-350 ширхэг гэх мэт/. Нэхэмжлэгч нь уг төслийг хийхээр болоод би удирдахаар болсон. Тэгээд тэр мөнгөнөөсөө миний данс руу нийт 22,450,000 төгрөгийг шилжүүлсэн. Бид энэхүү төсөлтэй холбоотойгоор 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд материал авахад 5,721,650 төгрөг, ажилчдын хоолонд Архангай аймгийн Эрдэнэмандал сумнаас үхэр авахад 2,800,000 төгрөг, мужааны ком багаж авахад 600,000 төгрөг тус тус зарцуулж, 12,320,000 төгрөг үлдсэн. Дээр дурдсан каркас угсралтын ажил гүйцэтгээд буцааж зарж борлуулж, ашиглаж болох зөөврийн сууц 2, хар панер 500 ширхэг, приус мод 4*6-350 ширхэг гэх мэт бараанд энэхүү тооцоог бодож ямар нэгэн төлбөр төлөхгүй талаар ярилцсан. Миний хувьд энэ хүнтэй төлбөр тооцоо дууссан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 17,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 246,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох гэж зааснаар хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх боломжоор хангаагүй.
2. ...Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцож хамтарч ажилласан. Гэтэл шүүхээс уг үйл баримтыг харгалзаж үзэлгүй маргааныг шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг буруу тогтоосон, маргаан бүхий үнийн дүнгийн ач холбогдолтой нөхцөл байдлыг анхаараагүй, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг дагуу хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн, өмгөөлөгч авах эрхээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хангасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбарыг шүүхэд гаргасан боловч өөрийн тайлбарлаж буй тайлбарт холбогдох нотлох баримтуудыг огт хавсаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хариуцагч талыг хэргийн материалтай танилцах болон мэтгэлцэх боломжоор нь хангасан. Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдээгүй биш мэдсэн, гэхдээ шүүх хуралдаанд хоцорч ирсэн учир хэргийг хянан шийдвэрлэж байсан шүүх хуралдаан үргэлжилсэн. Иймд, хариуцагч талын анхан шатны шүүх хэргийн материалтай танилцах болон мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн хариуцагч нь би нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан учир энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг. Хэрэв талууд үнэхээр хамтран ажиллаж байсан бол хаана, ямар барилга байгууламж дээр хамтран ажиллаж байсан гэх баримтыг хэрэгт гаргаж өгөх ёстой. Гэтэл хариуцагч нь ийм нотлох баримтыг огт хэрэгт гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан тайлбар, татгалзлаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн хариуцагч нь гэрч байгаа гэж тайлбарладаг боловч гэрч асуулгах тухай хүсэлтийг огт шүүхэд гаргаж байгаагүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 17,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтаас үзвэл:
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, /х.х-ийн 1, 9/
3.2. Улмаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардуулж, хариуцагчаас 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...зээл биш харин хамтын үйл ажилагаатай холбоотой гарсан зардал... гэж маргажээ. /х.х-ийн 23/
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох гэж заасан.
Анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/51148 дугаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт товложээ. /х.х-ийн 27/
5. Гэтэл хариуцагч ******* нь товлогдсон шүүх хуралдааныг хууль зүйн туслалцаа авч хэргийг хянан шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа гэсэн үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүй нь буруу байна. Учир нь,
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 14-т ...хууль зүйн туслалцаа авах... гэж зааснаар хууль зүйн туслалцаа авах эрх нь зөвшөөрөл авах шаардлагагүй эрх болохын хувьд тийнхүү илэрхийлснээр хэрэгжих учиртай.
6. Хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараас үзвэл тэрээр энэхүү маргаан бүхий хэрэгт хууль зүйн туслалцаа авах шаардлагатай байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэдгээ хүсэлтдээ тодорхой илэрхийлсэн байхад анхан шатны шүүх түүнийг тус хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хариуцагчийн гаргасан гомдол болон маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.МАНДАЛБАЯР