| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00642/И |
| Дугаар | 648 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 648
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, 127-72 тоотод оршин суух, 1961 онд төрсөн 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОС61012106, Бургуйд овогт Цэндээгийн Пүрэвхүүгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1961 онд Ховд аймагт төрсөн. Би 1982 онд Ховд аймгийн техникумд элсэн орж 1985 онд төгсөөд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр нөхрийн хамт 1985 оноос 1995 он хүртэл хугацаанд ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтрээ Увс аймгийн Архиваас 1985 оны тушаалаа шүүлгэхээр хүнд дайж Увс аймаг руу явуулахад дайж явуулсан хүн маань миний хөдөлмөрийн дэвтрийг автобусанд мартаж буусан учир хотод 1 сар зар өгөөд олдоогүй. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэхээр Цагаанхайрхан суманд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 он хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан С.Оюун, Т.Нансал нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Пүрэвхүү нь 1985 оны 6 дугаар сарын 29-нөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Цэндийн Пүрэвхүүгийн 1986 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 228 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлгийн 1986-1990 оноос бусад оны баримт манай архивт шилжиж ирээгүй тул Цэнд овогтой Пүрэвхүүгийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Увс аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тушаалд: “1985 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль, техникум, гадаад дотоодын техник мэргэжлийн сургууль төгсөгчдийг Хөдөө аж ахуйн нэгдэл, Нэгдэл дундын үйлдвэр, Сангийн аж ахуй, Тэжээлийн аж ахуйнуудад хэрэгцээ хангамж шаардлагыг харгалзан хуваарилан ажиллуулсугай. Хавсралтын 22-т Ц.Пүрэвхүү-Цагаанхайрханд бага эмч” гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Цагаанхайрхан сумын малын бага эмч Цэндээ овогтой Пүрэвхүүг 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2501 дугаар архивын лавлагаанд: “Ц.Пүрэвхүүгийн 1995 оноос 1999 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Хөдөө аж ахуйн газарт шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийг түүвэрлэн ирүүлжээ”.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Оюун, Т.Нансал нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Оюуны “Миний бие нь 1985 оноос эхлэн 2014 он хүртэл Увс аймгийн Мал эмнэлгийн лабораторид бактерлогич бага эмч, их эмчээр ажиллаж байсан. Ц.Пүрэвхүү нь 1985 оноос 1994 оныг дуустал Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр ажиллаж байсан. Манай байгууллага нь малын халдварт өвчний талаар хөдөө сумуудын малын эмч нарт аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажилладаг байсан учраас Ц.Пүрэвхүүгийн ажиллаж байсан байдлын талаар би сайн мэдэж байна” гэж, гэрч Т.Нансалын “Миний бие нь 1985 оноос эхлэн 2009 он хүртэл Мал эмнэлгийн ариун цэврийн станц буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газарт лаборант, шинжээч бага эмчээр ажиллаж байсан. Ц.Пүрэвхүү нь 1985 оноос 1995 он хүртэл Цагаанхайрхан сумын мал эмнэлэгт малын бага эмчээр ажиллаж байсан. Манай байгууллага нь хөдөө сумуудын Мал эмнэлгийн тасгууд болон малын эмч нартай хамтран ажилладаг байсан учраас Ц.Пүрэвхүүгийн ажиллаж байсан байдлын талаар би сайн мэдэж байна” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд болон ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ц.Пүрэвхүү нь 1985 оны 6 дугаар сарын 29-нөөс 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тушаал, Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч С.Оюун, Т.Нансал нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Пүрэвхүүгийн хүсэлтийг хангаж, түүний 1985 оны 6 дугаар сарын 29-нөөс 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр 9 жил 4 сар 23 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Бургуйд овогт Цэндээгийн Пүрэвхүүгийн 1985 оны 6 дугаар сарын 29-нөөс 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр 9 /ес/ жил 4 /дөрөв/ сар 23 /хорин гурав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Пүрэвхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ