| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/05421/И |
| Дугаар | 210/МА2026/00568 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00568
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00390 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******-д тус тус холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 281,891,975.2 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Зээлдэгч ******* болон ******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууц зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 246,000,000 төгрөгийг 14.4 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн ба хуваарийн дагуу үндсэн зээл 23,467,684.86 төгрөг, хүү 66,376,125.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,644.79 төгрөг, нийт 89,866,455.60 төгрөгийг төлсөн.
Зээлийн барьцаанд *******ий өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №000939161 дугаартай, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил, Их Монгол улс гудамж, ******* байр, 164 тоот хаягт байршилтай, 103.63 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт дахь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан ч өнөөдрийг хүртэл зээл төлөөгүй.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 222,532,315.1 төгрөг, хүү 57,255,685.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,007,774.4 төгрөг, нотариатын зардал 26,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг, нийт 281,891,975.2 төгрөг гаргуулж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
Зээлийн үндсэн төлбөрт 48,141,898.71 төгрөг, хүүд 40,750,494.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 974,062.43 төгрөг төлсөн.
Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 222,532,315.14 төгрөг, мөн сүүлд нэмэгдүүлсэн дүн болох 17,538,903.2 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэх 41,724,556.88 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 281,891,975.2 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч *******ий өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж ******* байр,164 тоот хаягт байршилтай, 103.63 м.кв талбайтай, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,822,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,637,610 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэмэгдүүлсэн хүүг 2,007,774.4 төгрөг гэж тооцсон байх ба энэхүү нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй, буруу тооцоолол хийсэн, мөн нэмэгдүүлсэн хүүгийн талаар хуульд заасан журмын дагуу гэрээнд тусгайлан заагаагүй байхад нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 2,007,774.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэмэгдүүлсэн хүүгийн талаар гэрээ болон хуульд тодорхой заасан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. ******* нь хариуцагч ******* болон *******-д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн зээл 222,532,315.1 төгрөг, хүү 57,255,685.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,007,774.4 төгрөг, нотариатын зардал 26,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70,200 төгрөг, нийт 281,891,975.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч талын зүгээс хүү 40,750,494.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 974,062.43 төгрөг, нийт 41,724,556.88 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад хэсгийн талаар маргаагүй.
3. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь ******* болон *******-д 246,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй олгожээ.
Уг зээлийн барьцаанд зээлдэгч *******ий өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж ******* байр,164 тоот хаягт байршилтай, 103.63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан ба барьцаа улсын бүртгэлд бүртгэгдсэн.
3.1. Гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нар нь үндсэн зээл 23,467,684.86 төгрөг, хүү 66,376,125.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,644.79 төгрөг, нийт 89,866,455.60 төгрөгийг төлсөн.
Харин 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу аливаа эргэн төлөлт хийгээгүй.
Мөнгөн төлбөрийн үүргийн зөрчлийг арилгуулах шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 08 дугаар сарын 30, 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч талд хүргүүлж байжээ.
3.2. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдов.
Хариуцагч талын төлсөн зээлийн төлбөрийн хэмжээ, үүргийн зөрчил гарсан хугацаа, үүнд холбогдох шаардлагын талаарх үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэлгүй орхигдуулсныг дээрх байдлаар залруулав.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
4.1. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нар нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу аливаа эргэн төлөлт хийлгүй үүргийн зөрчил гаргасан.
Нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт хугацаа тогтоосон, урьдчилан сануулсан боловч үр дүнд хүрээгүй учир 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцэж байна.
Гэрээ цуцлагдсан эсэх үйл баримтад анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй байгааг энэ хэсэгт өгсөн дүгнэлтээр залруулав.
4.2. Иймээс гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үндсэн зээл 222,532,315.1 төгрөг, хүү 57,255,685.7 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Харин хэтэрсэн хугацааны хүү шаардаагүй байхад шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалт баримталсан нь оновчтой биш болсон боловч энэ нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүйг тэмдэглэв.
6. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт зааснаар банк нь зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5, 7.1-д нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн хугацаанд нэмэгдүүлсэн хүүг тооцсон байна.
Иймд анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү 2,007,774.4 төгрөг гаргуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Мөн хариуцагчийн гаргасан үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч нь нотариатын зардалд 26,000 төгрөг, эрэн сурвалжлуулах зардал болох тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус төлж, нийт 96,200 төгрөгийн зардал гаргасан байна гэж шүүхээс дүгнэхдээ Иргэний хулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
8. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор хариуцагч *******ий өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, ******* байр, 164 тоот хаягт байршилтай, 103.63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.
Иймд хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00390 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Т.БАДРАХ