| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00620/И |
| Дугаар | 649 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 649
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар баг, 18-06 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ66072804, Барга овогт Бадаагийн Оюунчимэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1983 оноос 1997 он хүртэлх хугацаанд Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт одоогийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгт асрагч багшаар ажиллаж байсан юм. Одоо тэтгэврээ тогтоолгох болоод бичиг баримтаа бүрдүүлэхэд 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт 1983 оны 8 дугаар сарын 26-наас 1997 оны 6 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан С.Буяндэлгэр, Б.Эрдэнэчимэг нарыг гэрчээр тогтоож асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь 1983 оны 8 дугаар сарын 26-наас 1997 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагч багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн архивын лавлагаанд: “Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгийн 1983 оноос 1997 оны тушаалын баримт манай архивт шилжиж ирээгүй тул Бадаа овогтой Оюунчимэгийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгийн захиргаанаас 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б.Оюунчимэгт олгосон 422924 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1983 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар авч ажиллуулав” гэжээ.
Б.Оюунчимэгийн 309328 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: “Нэхэмжлэгчийн 1995 оноос 1997 оныг 6 дугаар сарыг дуустал хугацанд ажиллаж байхдаа авч байсан сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон төлсөн шимтгэл бичигджээ.”
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Буяндэлгэр, Б.Эрдэнэчимэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Буяндэлгэрийн “Би 1985 оноос 1995 он хүртэл Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан. Намайг анх ажилд ороход Б.Оюунчимэг нь Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан ба намайг 1996 онд Улаанбаатар хотын Багшийн их сургуульд суралцахаар явахад Б.Оюунчимэг нь тус цэцэрлэгтээ ажиллаад үлдсэн. Б.Оюунчимэг нь хүүхдүүдийг асарч хамгаалж, ангийн ариун цэвэр, үйлчилгээг хангадаг байсан. Тухайн үед Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Цэвээн гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Б.Эрдэнэчимэгийн “Би 1991 оноос эхлэн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт тогооч, үйлчлэгч, туслах багш, бүлгийн багшаар ажиллаж байсан. Би одоо ч тус цэцэрлэгтээ багшаар ажиллаж байна. Намайг анх ажилд ороход Б.Оюунчимэг нь Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан ба 1997 онд орон тооны цомхотголоор ажлаас халагдаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Хэдийгээр Б.Оюунчимэгийн 1983 оноос 1997 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалин Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь 1983 оны 8 дугаар сарын 26-наас 1997 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгийн захиргаанаас 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгосон 422924 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 309328 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч С.Буяндэлгэр, Б.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 8 дугаар сарын 26-наас 1997 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар 13 жил 10 сар 4 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Барга овогт Бадаагийн Оюунчимэгийн 1983 оны 8 дугаар сарын 26-наас 1997 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар 13 /арван гурав/ жил 10 /арав/ сар 4 /дөрөв/ ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ