Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00392

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/09919 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдох,

 

Автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2023 оны 04 сарын 07-ны өдөр ******* ХХК-тай №2023/04/07/03 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулан Улаанбаатар хот, ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* тоот дулаан зогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон.

1.2. Дээрх гэрээний дагуу 2023 оны 04 сарын 10-ны өдөр 24,400,000 төгрөгийг дансаар, 5,600,000 төгрөгийг бэлнээр төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

1.3. Гэрээ байгуулснаас хойш буюу 2023 оны 12 сарын 28-ны өдрийн №074/23 тоот албан бичгээр дулаан зогсоолын №10 тоотыг №9 тоот болгосон талаар ******* ХХК-аас нэхэмжлэгчид мэдэгдсэн.

1.4. ******* ХХК нь Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2023 оны 4 дүгээр улиралд багтаан дулаан зогсоолыг хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх байсан боловч гэрээний үүргээ зөрчиж одоог хүртэл миний нэр дээр дулаан зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна.

1.5. Тус дулаан зогсоолыг одоогоор нэхэмжлэгч ашиглаж байгаа бөгөөд ******* ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулахаар удаа дараа хандахад тус компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК гэрчилгээг гаргаж өгөх ёстой гэсэн ба ******* ХХК-ийн захиралтай уулзахад барилгын захиалагч ******* ХХК гэрчилгээг гаргана гэсэн тайлбарыг өгдөг.

1.6. Иймд ******* хотхон төслийн захиалагч ******* ХХК, ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК, туслан гүйцэтгэгч ******* ХХК нарыг хариуцагчаар татаж, Улаанбаатар хот, *******хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* тоот дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК ийн хариу тайлбарын агуулга:

2.1. Манай компани 2020 оны 04 сарын 20-ны өдөр ******* ХХК-ийн орон сууцны барилгын А блок угсралт заслын ажлыг түлхүүр хүлээлгэж өгөхөөр тохиролцон ******* ХХК-тай №05 ХУД дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан ажилласан. Гэрээний төлбөрийн 90 хувь нь бартераар хийх байсан бөгөөд бартерт уг төслөөс 35 байр, 5 граш манай компанид олгогдсон.

2.2. Уг бартераар олгогдсон автозогсоол, байруудыг бараа материал, ажлын хөлсөнд бартер болон бэлэн мөнгөөр борлуулан уг төслийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан. 2023 оны 11 сарын 29-ний өдөр ******* ХХК-ийн үйлчилгээтэй 260 айлын 2 блок төсөлд улсын комисс ажиллаж орон сууцуудыг захиалагч нарт хүлээлгэж өгч эхэлсэн. ******* ХХК-аас 2023 оны 12 сарын 02-ны өдөр манай захиалагч нарыг дуудан захиалгын гэрээ бичиг баримтыг хувилан авсан байсан.

2.3. Гэвч манай захиалагч нарт байрны түлхүүр өгөхгүй хүлээлгэж, 2023 оны 12 сарын сард ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн захирал удирдлагууд захиалагч нартай барилгын талбайд манай компанид бартерт олгосон байруудыг компани хоорондох тооцооны улмаас ******* ХХК болон ******* ХХК гэрчилгээ гаргахгүй, тооцоо дууссаны дараа гаргахаар болсон.

2.4. Манай компанид гэрээний дагуу бартерт олгогдсон ******* хороо ******* ХХК-ийн 260 айлын орон сууцны ******* тоот автозогсоолыг иргэн *******/РД: *******/-т үл хөдлөх гэрчилгээ гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй тооцоо дууссан болно.

2.5. Ажил гүйцэтгэх гэрээний хариуцлага тооцоог компани хооронд тохиролцон шийдвэрлэнэ. ******* ХХК болон ******* ХХК захиалагч иргэнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган асуудлыг шийдэж захиалагчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК ийн хариу тайлбарын агуулга:

3.1. Манай компани нь захиалагч ******* ХХК-тай 2020 оны 03 сарын 30-ны өдрийн ******* хороо, ******* ХХК-ийн 260 айлын орон сууц ба үйлчилгээний барилгын угсралт ба гадна тохижилтын ажлын гэрээг байгуулсан.

3.2. Улмаар туслан гүйцэтгэгч болох хариуцагч ******* ХХК 2020 оны 04 сарын 20-ны өдөр ******* хороонд байрлах ******* ХХК-ийн 130 айлын орон сууцны барилгын угсралт ба гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Туслан гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй.

3.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.8-д санхүүжилт олгохгүй байхаар заасан тул хариуцагч ******* ХХК нь тухайн автозогсоолыг худалдан борлуулах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

3.4. ******* ХХК-аас ажлын хөлсөнд авсан гэх автозогсоолыг худалдан борлуулж байгаа бол ******* ХХК-д мэдэгдээд, ******* ХХК-аас ******* ХХК-д мэдэгдэж, ******* ХХК-аас олгохыг зөвшөөрвөл олгодог харилцаа байсан, энэ тохиолдолд ийм харилцаа байгаагүй. Мөн манай компани нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учраас тэр хэргийг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх нь зөв гэжээ.

 

4. Хариуцагч ******* ХХК нь хариу тайлбар гаргаагүй болно.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* дугаар хороо, ******* тоот хаягт байршилтай, 17,6 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, нэхэмжлэгчийг бүртгүүлэхийг хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт тус тус даалгаж, хариуцагч ******* ХХК-д холбогдох автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, ******* ХХК нараас 378,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч ******* ХХК ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. ******* ХХК нь ******* ХХК-тай харилцан тохиролцож 2020 оны 04 сарын 20-ны өдөр №06-ХУД дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-ийн захиалгаар ******* хороонд 13 давхар, 130 айлын орон сууцны барилгын ажлыг болон гадна тохижилтын ажлыг 2021 оны 01 сарын 30-ны өдрийн дотор, 12,835,447,000 төгрөгөөр бүрэн дуусгахаар харилцан тохиролцсон.

6.2. Гэтэл гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны барилгыг бүрэн дуусгаагүй, гадна тохижилтын ажлыг гүйцэтгээгүй орхисон тул гүйцэтгэгчийн хийгээгүй ажлуудыг ******* ХХК болон ******* ХХК-ууд гүйцээн дуусгасан.

6.3. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 4.1.8-д Гүйцэтгэгч нь ажлыг чанаргүй, буруу, дутуу, хийж гүйцэтгэсэн тохиолдолд зөрчлийг арилгуулах хүртэл Захиалагч санхүүжилтийг хойшлуулах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч ******* ХХК нь ажлаа дутуу гүйцэтгэсэн тохиолдолд ******* ХХК нь санхүүжилтийг хойшлуулах олгохгүй байх эрхтэй болно.

6.4. ******* ХХК нь ******* хотхоноос аливаа үл хөдлөх эд хөрөнгийг борлуулах тохиолдолд ******* ХХК-д албан бичгээр мэдэгдэж, ******* ХХК нь худалдан борлуулахыг зөвшөөрсөн буюу санхүүжилтийг олгох үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд ******* ХХК-д мэдэгдэж гэрээ байгуулах зөвшөөрөл хүсдэг байсан. Гэтэл ******* хотхоны ******* тоот хаягт байрлах авто зогсоолыг иргэн *******т худалдсан байсан. Худалдсан гэдгийг ******* ХХК нь 2023 оны 12 сард олж мэдсэн.

6.5. Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан. ******* ХХК ажлаа бүрэн дуусгаагүй буюу үр дүн гаргаагүй болно. Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн-нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан тул ******* ХХК-ийн зүгээс тус автозогсоолыг эрхийн доголдолтой буюу ******* ХХК худалдах эрхгүй байсан гэж мөн маргасан.

6.6. Тодруулбал ******* ХХК нь ажлаа бүрэн дуусгаж үр дүн гаргаагүй тул тухайн автозогсоолыг ажлын хөлсөнд авах эрхгүй, эрхгүй тул түүнийг худалдан борлуулах эрхгүй болно.

6.7. Гэтэл анхан шатны шүүхээс иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг дурдаад ******* ХХК болон иргэн ******* нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан ******* ХХК-ийн тайлбарын агуулга:

7.1. Манай компани ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэвч гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусгаагүйгээс захиалагч нарт байр, автозогсоолын гэрчилгээг гаргаж өгөөгүй. Уг гэрчилгээг ******* ХХК өөрийн нэр дээр гаргасан гэж тайлбарладаг.

7.2. Одоогийн байдлаар барилга бүрэн дуусаж ашиглалтад орсон бөгөөд иргэд болон нэхэмжлэгч автозогсоолыг ашигладаг.

7.3. ******* ХХК нь манай компанитай тооцоо нийлэхэд НӨАТ, барьцааны 5 хувь болон өөр компанийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг манай компаниас нэхэмжилсэн. Энэ асуудлаар иргэний хэргийн шүүхэд маргаан үүсэн шалгагдаж байна. ******* уг байрыг баригдаж байх үед худалдаж авсан бөгөөд байрны мөнгө нь барилгын ажилд зарцуулагдсан.

7.4. Гэрчилгээ гаргах эрх захиалагч компанид байдаг учраас манай компани ******* ХХК, ******* ХХК-уудад гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан боловч гэрчилгээг гаргаж өгөхгүй, өөрсдийн компанийн нэр дээр гаргуулсан байдаг. ******* тус автозогсоолыг шударгаар худалдаж авсан тул гэрчилгээ гаргаж өгөхөд асуудалгүй. Компаниудын хоорондох маргаан шүүхэд хэлэлцүүлэгдэж эхэлж байгаа учраас шүүх маргааныг үнэн бодитоор шийдвэрлэх байх гэжээ.

 

8. Давж заалдах гомдол нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХХК нь тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдуулан автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК зөвшөөрч, хариуцагч ******* ХХК эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хариу тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2020 оны 04 сарын 20-ны өдөр №05-ХУД дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******хороо, ******* ХХК-ийн үйлчилгээний төвтэй 260 айлын орон сууцны барилгын 2-р барилгын 130 айлын 13 давхар орон сууцны барилгыг барих, гэрээний төлбөрт 1,283,544,700 төгрөгийг бэлнээр, 11,551,902,300 төгрөгийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон.

 

3.2. ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 04 сарын 07-ны өдөр 2023/04/07/03 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* тоот дулаан зогсоолыг ашиглалтад өгөхөөр, ******* нь гэрээний үнэ 30,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон.

 

3.3. ******* нь 2023 оны 04 сарын 10-ны өдөр дансаар 24,400,000 төгрөгийг, бэлнээр 5,600,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д төлсөн.

 

3.4. ******* ХХК-аас ******* ХХК-д 2023 оны 12 сарын 28-ны өдөр хүргүүлсэн албан бичигт ... Уг ******* ,******* тоот автозогсоол нь цахилгааны өрөөний байршил өөрчлөгдсөнөөс шалтгаалан 9 тоот болж өөрчлөгдсөн ... гэж дурдсан.

 

3.5. ******* тоот хаягт байршилтай 17,6 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2024 оны 12 сарын 04-ний өдөр ******* ХХК бүртгэгдсэн байна.

 

4. Анхан шатны шүүх ******* болон ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

5. ******* тоот хаягт байршилтай 17,6 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******ийн эзэмшил, ашиглалтад байгаа үйл баримтад талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно.

Нэхэмжлэгч нь автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн үндэслэлээр анхан шатны шүүх өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6. ******* ХХК-аас ******* ХХК-д 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 065/23 дугаар албан бичгээр ... автозогсоолыг *******т борлуулсан. Нийт үнэ 30,000,000 төгрөг болно. Төлбөр тооцоог 100 хувь дууссан болно. Уг байрыг захиалагчид хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. Гарах үр дагавар, үүрэг хариуцлагыг ******* ХХК бүрэн хариуцна. гэж дурджээ.

******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2020 оны 04 сарын 20-ны өдөр байгуулагдсан №05-ХУД дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний маргаан энэ хэрэгт хамааралгүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх ******* дугаар хороо, ******* тоот хаягт байршилтай, 17,6 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь хариуцагч нарт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэх эрх хэмжээ байхгүй тул ******* дугаар хороо, ******* тоот хаягт байршилтай, 17,6 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан өөрчлөлт оруулна.

Мөн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтыг баримталсныг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/09919 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* дугаар хороо, ******* тоот хаягт байршилтай, 17,6 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг *******ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД  Г.НЯМСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР